Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Миллениалуудын ажлын орчин: Elf School ирээдүйд үл хуучрах чадвартай иргэдийг бэлтгэнэ


Ямар нийгмийг цогцлоохыг хүснэ яг тийм л хүнийг бүтээх хэрэгтэй билээ. Нийгмийн бүхий л асуудлыг боловсролын шинэчлэлээр шийдэх зорилготой "Elf School" сургуулиудын нэгдэл боловсролоор дамжуулж амжилттай, хүчирхэг амьдралын хэв маягийг цогцлоохоор ажиллаж байна. Бие бялдар, сэтгэл зүй, оюун санаа гээд бүх талаараа өв тэгш, хүчирхэг иргэнийг бүтээх үйлсэд боловсролын байгууллагуудыг тэргүүлж буй хүчирхэг эмэгтэйчүүдтэй уулзаж, тэдний ажлын байртай танилцлаа. Ажлын туршлагаас илүүтэй үр бүтээмж, хөгжих эрмэлзлийг үнэлэн залуу боловсон хүчнээр байгууллагаа удирдуулж буй “Elf School”-ийн дотоод соёлыг сонирхоцгооё.

"Elf School" нь Сургуулийн өмнөх боловсролын "ЭкоГэр" цэцэрлэг, "Хүмүүн" олон улсын бага, дунд сургууль, "Томүжин" альтернатив сургуулиас тус тус бүрддэг аж.


“Elf School”-ийн хамтран үүсгэн байгуулагч, дэд ерөнхийлөгч О.Анар-Од: Сургууль бол мэдлэгээр толгойгоо дүүргэх бус хуучиршгүй чадварыг хөгжүүлдэг газар

Би боловсролын салбарт ажиллаад 5 жил болж байна. Elf School-ийг хамтран үүсгэн байгуулалцаж, одоогоор “Хүмүүн” бага сургууль, “Эко-Гэр” цэцэрлэгийн ерөнхий захирлаар ажиллаж байна.

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Олон хүнийг удирдан зохион байгуулдаг учраас зөв ойлголцохыг л хамгаас чухалчилдаг. Хамтран ажиллагсаддаа тодорхой бус чиглүүлэг өгөхөөс үргэлж зайлсхийдэг. Тухайн хүнээс юу хүсэж байна, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ ойлгуулж, хоёр тал нэгдсэн ойлголтод хүрэх нь ажил амжилттай урагшлах үндэс болов уу.

ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Хүрэх ёстой үр дүн буюу тухайн өдрийн төгсгөлд юунд хүрсэн байх вэ гэдгээ байнга төлөвлөдөг нь миний бүтээмжтэй ажиллах гол зарчим.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Манай байгууллага гурван үнэт зүйлийг өдөр тутмын үйл ажиллагаа төдийгүй урт хугацааны зорилгоо биелүүлэхэд тууштай баримталдаг. Нэгд, багийнхнаа бүх талаар нь дэмжиж эрх мэдэл, хариуцлага бүгдийг нь олгодог. Ингэж байж л тэд хөгжиж, өндөр бүтээмжтэй ажиллаж чадна шүү дээ. Хоёрт, хүн бүрд боломж нээлттэй байдаг. Манайд ажиллаж байгаа эрч хүчтэй, ур чадвартай залуучуудад боломж олгож, хөгжих боломжоор хангахыг үргэлж хичээдэг. Саяхан Elf School-ийн үйл ажиллагаа хариуцсан дөрвөн захирал (COO) сонгох шалгаруулалт явагдсан. Мэдээж бидэнд гаднаас ур чадвартай мэргэжилтэн хөлслөх боломж нээлттэй байсан л даа. Гэсэн ч бид энэ шалгаруулалтыг дотооддоо зарлаж, хүссэн хэн бүхэн өргөдлөө илгээх боломжийг олгосон. Өргөдөл илгээсэн хүмүүсээ хоёр сарын турш сургалтанд хамруулж, ажиллуулж, сорьж үзсэний үндсэн дээр шалгаруулж авсан. “Миллениалуудын ажлын орчин”-д оролцож буй эмэгтэй захирлууд бол уг шалгаруулалтаас тодорсон чадварлаг боловсон хүчнүүд. Гуравт, бид зөвхөн ажил дээрээ л мундаг хүнийг хайдаггүй. Ерөөсөө манайд тийм хүн ажиллах ч боломжгүй. Мэдлэг, хандлага, ур чадвараа ажил, эрүүл мэнд, гэр бүл гээд бүхий л амьдралдаа хэрэгжүүлж чаддаг байгаасай гэж хүсдэг учраас багийнхнаа хувь хүн талаас нь тасралтгүй хөгжихийг дэмжиж бас шаарддаг. Манай байгууллагын 80 хувийг залуу эмэгтэйчүүд бүрдүүлдэг учраас үйл ажиллагаагаараа дамжуулж бүсгүйчүүд, ээжүүдийг хүчирхэгжүүлэхийг зорьж байна.

ЗурагТайлбар



БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Бид хүүхдүүдийг таамаглашгүй ирээдүйд бэлддэг нь хамгийн том хариуцлага бас боловсролын салбарт ажиллахын онцлог гэж хэлж болно. Хүүхдүүдийн амьдралд ийм л чухал нөлөөтэй хүмүүс учраас ажил дээрээ нэг өөр, ажлаас гадуур нэг өөр байдаг хүн тэдэнд үлгэрлэх нь зохимжгүй юм.

ELF SCHOOL САЛБАРТАА ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХЫГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ: Сургууль бол академик мэдлэгээр толгойгоо дүүргэдэг газар биш ээ. Харин хүүхдүүдийг ирээдүйн 20,30 жилийн амьдралд бэлддэг газар. Хүүхэд сургууль гэдэг институтээр дамжиж гарсан л бол ажилд орсон ч бай, их сургуульд элссэн ч, ер нь юу ч хийсэн бэлэн байх ур чадварууд хэрэгтэй. Асуудал гарахад зугтах бус нүүр тулаад шийдвэрлэж чаддаг, шантардаггүй, цуцашгүй бие, сэтгэлийн хаттай хүн төлөвшүүлэх нь бидний хийхийг хүсэж буй хамгийн том өөрчлөлт юм. Таамаглашгүй ирээдүйд хуучиршгүй ур чадвартай хүмүүс л хөлөө олно шүү дээ.

Олон сургууль хүүхэд элсүүлэхдээ шалгалтын оноог чухалчилдаг. Харин манай сургууль академик мэдлэгээс илүү тухайн хүүхдийн өөрийгөө илэрхийлж буй байдал, манай сургуульд элсэхийг хүссэн шалтгаан, энд эзэмшсэн боловсролоо юунд, яаж ашиглах вэ гэдгээ тодорхойлсон эсээг илүү чухалчилдаг. Дотроосоо чин хүсэл эрмэлзэлтэй хүүхэд академик мэдлэг нь сайн биш байсан ч орж ирээд сайжирдаг, хүрээлэлдээ эерэгээр нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр, манай сургуульд суралцаж буй хүүхдүүдийн 40-50 хувь нь санхүүгийн дэмжлэг авдаг. Санхүүгийн боломжтой хүүхдүүд нь боломжгүй хүүхдүүддээ туслах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийг хичээж байна. Тиймээс манай өргөдлийн процессийг даваад ороод ирсэн л бол санхүүгийн боломжоос нь хамаараад зарим нь бүтэн төлбөрөө төлөх ч зарим нь санхүүгийн дэмжлэг аваад суралцах боломжтой гэсэн үг.

АЖЛЫН ОРЧНООСОО ТАНЫ ХУВЬД ХАМГИЙН УТГА УЧИРТАЙ НЭГ ЗҮЙЛИЙГ ДУРДАНА УУ: Нэг газар тогтож суудаггүй, байнга ийш тийшээ явж, хүмүүстэй уулзаж явдаг нь миний ажлын бас нэг онцлог болов уу. Тийм болохоор хамгийн чухал ажлын хэрэгсэл маань миний гар утас. Утсан дээр ажиллахад шаардлагатай бүх аппликэйшн, платформууд байдаг. Утсаар олон ажлаа амжуулдаг даа.

"ЭкоГэр" цэцэрлэгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Баттуяа: Хөлд орохоос нь л хүүхдийг амьдралд бэлдэж, хэрэгтэй чадваруудыг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэйБи англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй. Боловсролын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд цэцэрлэг, сургууль, их сургууль гээд олон түвшний байгууллагад төрөл бүрийн хүүхдүүдтэй ажиллаж үзсэн. Эргээд харахад, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн ертөнц их сонирхолтой, цангинасан чимээ нь хүртэл хайр татдаг учраас одоо энэ салбартаа ажиллаж байна.

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Хүүхэд хорвоод мэндэлсний дараах эхний 1000 өдөр хамгийн чухал. Энэ л үед бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны хувьд эрүүл суурийг тавьж өгөх хэрэгтэй. “ЭкоГэр” цэцэрлэгт хүүхдийн урлагийн мэдрэмж, шинжлэх ухаанч сэтгэлгээ, багаар ажиллах, бие дааж асуудал шийдвэрлэх зэрэг олон чадваруудыг яг тэдний тархины хөгжилд тохирсон аргаар таниулж суурийг нь тавихад анхаардаг. Жишээ нь бид Play-Based-Learning, Project-Based-Learning аргачлалаар олж авсан академик мэдлэгээ оролдож алдаж байж сурдаг болохыг хүүхдүүддээ ойлгуулдаг. Оролдлого хийх болгонд нь тэднийг урамшуулж, өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн зоригтой амьдрахад нь чиглүүлдэг.

ЗурагТайлбар






БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Бид өглөө бүрийг нэгэн ижил сэтгэлзүйгээр эхлүүлэхийн тулд бясалгал хийж, талархал илэрхийлдэг. Багийнхан маань хангалттай сайн нойр авч, сэтгэл санаа нь тогтвортой байгаа эсэхийг ч анхаарч ажилладаг. Өнөөгийн нийгмийн аливаа асуудалд хөрвөх чадвартай, сэтгэл зүйн хадтай, хүчирхэг хүмүүсийг бэлтгэхийн тулд бид ч өөрсдөө хүчтэй байх хэрэгтэй.

ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: 7 хоногийн төгсгөлд алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэн ярилцдаг. Бид хөтөлбөрөө улирлаар нь бус богино мөчлөгүүдэд хувааж байнгын анализ хийснээр хүүхдэд гарч буй ахиц дэвшлийг ажиглан үр дүнг нэмэгдүүлэх боломж бүрддэг. Багийнхантайгаа ойр ойрхон уулзаж ярилцах нь оновцтой шийдвэр гаргаж, хэрэгтэй өөрчлөлтийг хийхэд тусалдаг.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Хүүхдийн дулаан энерги, цагаахан мэдрэмжүүд их сайхан. Чангаар инээгээд гүйж байгаа нь хүртэл тэр хүүхдийг хөгжүүлж байгаа гэж бодохоор сэтгэлд таатай байдаг. Уйлж буй шалтгааныг нь ухаж ойлгоод, харцаараа юу хэлэх гэснийг нь мэдэхийг хүсдэг. Хүүхэд бүр дахин давтагдашгүй зан төлөв, онцлогтой. Дуу цөөтэй, дотогшоо хүүхдийн дутуу чадварыг хөгжүүлж, нээлттэй болгох гээд цагаан цаас шиг ертөнцийг залж чиглүүлж буйдаа их баяртай байдаг. Тэднийг ирээдүйн амьдралд нь бэлтгэж, хөгжиж буйг нь нүдээрээ харахад л сэтгэл дүүрээд ирдэг.  

АЖЛЫН ОРЧИН / ШИРЭЭН ДЭЭРЭЭСЭЭ ОНЦЛОХ НЭГ ЗҮЙЛ: Манай хамт олны уур амьсгал. Намайг хүрээлж байгаа хүчирхэг эмэгтэйчүүд. Бүгдээрээ хөдөлмөрч, зөв хандлагатай, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг.

"Хүмүүн" Олон Улсын бага сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Халиун:  Бид өөрийнхөөрөө, сэтгэл дүүрэн амьдардаг мөрөөдөлдөө үнэнч иргэдийг бүтээхийг эрмэлздэгБи улс төр, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн. Өнгөрсөн хугацаанд сайхан нийгмийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулах чин хүсэлдээ хөтлөгдсөөр боловсролын салбарт хөл тавьсан. Хүмүүн сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаад энэ жилээс Хүмүүн Олон Улсын бага сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байна.

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Үргэлж шинийг эрэлхийлж, уламжлалт замыг дагах ёстой юу гэж өөрөөсөө асуудаг. Ингэснээр аливаа асуудалд цоо шинэ гаргалгаа, шийдлийг олж харах нь бий. Тийм ч учраас манай байгууллага байнга өсч хөгждөг, багийн гишүүн бүрээ өсч дэвших боломжоор нь хангадаг болов уу.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Манай байгууллагын хамгийн онцлог соёл нь эргэх холбоо. Бүхий л асуудлыг сурагчидтайгаа ярилцаж, асуудлыг оношлож, хамтдаа шийдвэрлэдэг. Бид хүүхдүүдийн зан төлөв, амьдралын хэв маягт нөлөөлөхийн тулд өөрсдөө ч бас тэр өөрчлөлтийг хэрэгжүүлэгчид байх хэрэгтэй. Багш, сурагчид, эцэг эхчүүд бид нэг л баг учраас сурагчдын хүссэн үр дүнд хүрэхийн тулд хамтдаа зүтгэдэг.

ЗурагТайлбар




ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ:  Бид нэгнээ “Elf Hearts” системээр үр дүн, хичээл зүтгэлийг нь үнэлж дэмжиж ажилладаг. Хийсэн ажлынхаа гүйцэтгэлээс хамаарч оноо цуглуулан эргэн тойрны хүрээлэлдээ эерэг өөрчлөлт авчирснаар олон төрлийн урамшуулал авдаг. Энэ нь ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг.

"ХҮМҮҮН" СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Хүүхэд өөрийгөө таньж, хүсэл эрмэлзлээ илэрхийлж, хамгийн гол нь аз жаргалтай, сэтгэл хангалуун бие хүн болж төлөвших явцад илүүтэй анхаардаг. Аль болох хүүхдийг академик хайрцаг дотор уяхгүйг хичээдэг. Хүүхэд бүр математикийн "гавал" байж, спортоор амжилт гаргах албагүй ч өөрийнхөөрөө аз жаргалтай, амжилттай амьдрах эрхтэй. Иймээс бид сурагчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэнд, бие бялдар, хооллолт, бие даасан байдал, багаар ажиллах чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар болон бүтээлч сэтгэлгээ гээд хүүхдийн хөгжилд нэгэн жигд анхаарч, нөөц бололцоогоо танихад нь тусалдаг.

ХҮМҮҮН СУРГУУЛЬ САЛБАРТАА ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХЫГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ: Өнөө үед хүн бүр дээд боловсрол эзэмшиж, дипломтой төгсдөг болсон. Яг амьдрал дээр гараад өөрийнхөө сурсан мэдсэнийг чөлөөтэй илэрхийлж, хэрэгжүүлж тэр бүр чаддаггүй. Бид суралцсанаа бодитоор хэрэгжүүлдэг, амьдралд бэлэн, аз жаргалтай иргэдийг бэлтгэх алсын хараатай ажиллаж байна.

АЖЛЫН ОРЧИН / ШИРЭЭН ДЭЭРЭЭСЭЭ ОНЦЛОХ НЭГ ЗҮЙЛ: Жижиг тэмдэглэлийн дэвтэр. Тархиндаа бодож төсөөлсөн зүйлээ гялс буулгаж аваад үдэш бүр дэлгэж хардаг. Түүнийг яаж шийдэх вэ гэдгээ төсөөлөн боддог. Сайн төсөөлчихсөн зүйл маргааш нь дэс дараатай бүтээд явдаг.

"Хүмүүн" Олон Улсын дунд сургуулийн гүйцэтгэх захирал Э.Амарзаяа: Илүү олон хүүхдэд боловсролыг тэгш хүртээмжтэй болгохыг зорьж байнаБи СЭЗИС-ийг Бизнесийн удирдлага чиглэлээр 2020 онд төгссөн. Одоо "Хүмүүн" дунд сургуулийн үйл ажиллагаа хариуцсан  захирлаар ажиллаж байна.

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Бид академик хичээлийг дижитал хичээл болгон сонирхолтой байдлаар хүргэдэг. Багш самбарын урд нэг ухагдахуунаа олон дахин заах шаардлагагүй, сурагч TASS системээрээ дуртай агуулгаа хүссэн хурдаараа, хэдэн ч удаа авч болдог. Сурагчид олж авсан онолын мэдлэгээ төсөл болгон хэрэгжүүлж бататгадаг. Физикийн хичээл дээр пуужин хөөргөх тухай үзлээ гэхэд түүний математик холбогдлыг судлан мат-физикийн хамтарсан төсөл хэрэгжүүлж, онолын мэдлэгээ амьдралд бодитоор хэрэгжүүлдэг. Ингэснээр хүүхэд хичээлдээ илүү дурлаж, илүү сайн ойлгож хүлээж авдаг. Багаар ажиллах үед асуудал үүсэхэд багшийн тусламжтайгаар даван гарч, төслөө хамгаалан тайлан гаргана. Энэ бүхэн нь амьдралд хэрэг болох ур чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Олон жилийн ажлын туршлагаас илүү сэтгэл гарган үр дүнтэй ажиллаж буй цаашдаа хөгжих боломжтой нэгнийг тултал нь дэмждэг. Боловсролын салбарт шинэчлэл хийхээр зорьж байгаа тул залуучууд ихтэй. Хурдтай, эрч хүчтэй,  багаар ажиллах чадвартай, хөрвөх чадвартай хамт олноос бүрддэг.

ЗурагТайлбар



ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Манай сургууль техник технологийг өргөнөөр ашигладаг. Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа Slack, Clickup платформуудыг ашиглаж дотоод сүлжээгээрээ холбогддог. Мөн “ElfHearts” аппликэйшн, “TASS” платформыг ашиглан сурагчдын мэдээлэл, сурлагын үйл явцыг хянаж, хөгжүүлж ажилладаг.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Би боловсролын салбараас тэс өөр мэргэжилтэй боловч хувь хүний зорилго минь байгууллагын алсын хараатай нийцэж байгаа нь олзуурхууштай. Сурагч байхаасаа хүнд тусархуу байсан нь өдгөө байгууллагын хүрээлэлдээ нөлөөллөө тогтоож, нийгмийн тэгш байдлыг хангах зорилготой минь нийцдэг. Мөн хүүхдүүддээ маш их хайртай. Нүдэн дээр өөрчлөгдөн зорилгоо тодорхойлж өөрийгөө олж байгааг нь харахаар би өөрөө ч бас илүү их хичээх хэрэгтэйгээ мэдэрдэг.

САЛБАРТАА ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХЫГ ЗОРЬЖ БАЙНА ВЭ: “Elf School” нь нийгэмд ээлтэй байгууллага буюу “Social Enterprise” юм. Сурагчдаа өргөдлийн журмаар элсүүлдэг ба төлбөрийн боломжгүй хүүхдүүдэд 100% хүртэлх санхүүгийн дэмжлэг олгодог.  Ингэснээр илүү олон хүүхэд эрх тэгш боловсрол эзэмшинэ.

АЖЛЫН ОРЧИН / ШИРЭЭН ДЭЭРЭЭСЭЭ ОНЦЛОХ НЭГ ЗҮЙЛ: Манай сургуулийн хоёр давхарт сэтгэл зүйчийн өрөө бий. Тэнд байдаг дүүжлүүртэй сандал дээр суун тархиа амрааж, ажлынхантайгаа ярилцах дуртай.

Томүжин Альтернатив Сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал С.Аянахан: Бид тасралтгүй хөгжихийг эрхэмлэдэг, хөгжих боломжийг нь олгодог хамт олонБоловсролын салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна. Багаасаа хүнд хичээл заах, багш болох хүсэлтэй байсан. Ялангуяа спортод илүү хорхойтой байсан нь биеийн тамирын багш мэргэжлийг сонгоход түлхэц болсон болов уу.

АЖЛЫН ХЭВ МАЯГ: Яг амьдралд хөл тавих гэж байгаа ахлах ангийн сурагчдад олон талын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Багш нараас гадна амьдралын туршлагатай арын албаныхан маань ч бас сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. Тухайн сурагчийн ирээдүйнх нь талаар ярилцан хүсэл сонирхлоо нээж олоход нь тусалдаг. Мөн сонирхсон чиглэлээрээ дадлага, сайн дурын ажил хийх боломжийг олгодог. Манай Томүжин Академийг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад бэлддэг хөтөлбөрөөр нь олон хүн мэдэх байх. Бид ахлах ангийн сурагчдаа энэ хөтөлбөрөөр бэлдэхийн сацуу хувь хүн талаас нь яг амьдралд хэрэгтэй чадваруудыг олгохыг эрмэлздэг. Мөн багш, сурагч гэхээс илүүтэй хажууд нь байнга тусалж дэмждэг найз нь байхыг чухалчилдаг.

ЗурагТайлбар




ХЭРХЭН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛДЭГ ВЭ: Ойлголцол хамгаас чухал. Бие биенийхээ тухай зөв ойлголттой болж, хийхээр төлөвлөж буй зүйлийнхээ талаар нэгдсэн зураглалтай болох хэрэгтэй. Тэгэж чадваас хүссэн үр дүндээ хурдан хүрнэ.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ: Нэг байрандаа л байгаад байх нь манай байгууллагын соёл биш. Хэн, хаана, юу хийж чадахаа харуулж, хөрвөх чадвартай байж, тасралтгүй хөгжихийг эрхэмлэдэг хамт олон юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖИЛЛАХЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Би олон жилийн турш улсын болон хувийн сургуулиудад багшилсан. Ер нь хүүхдийг хүсээгүй зүйлд нь хүчлэх бус хүссэн зүйлд нь чиглүүлж, дэмжих нь хамгийн чухал. Хүсэл мөрөөдлийг нь дэмжээд, түүнийхээ төлөө зоригтой урагшлах очийг нь бадраачихвал хүүхэд аяндаа хөгжөөд ирдэг. Энэ бүх өөрчлөлтийг биеэр мэдрээд, үйл хэрэгт нь гар бие оролцоод явах сайхан байдаг.

ТОМҮЖИН АЛЬТЕРНАТИВ СУРГУУЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ: Ахлах ангидаа хүссэн мэргэжлээрээ дадлага хийх боломжийг олгодог нь манай сургуулийн бас нэгэн онцлог. Хүүхэд бие дааж сурахын зэрэгцээ бодит туршлага олж авдаг.

АЖЛЫН ОРЧИН / ШИРЭЭН ДЭЭРЭЭСЭЭ ОНЦЛОХ НЭГ ЗҮЙЛ: Манай ажил, сургуулийн орчин их нээлттэй. Тус тусдаа өрөөнд ороод суучихдаггүй, нэгдсэн талбайд хамтарч ажилладаг. Анги танхимын зохион байгуулалт ч бусад сургуулиас ондоо. Миний хамгийн дуртай хэсэг бол сурагчдын төсөл хэрэгжүүлдэг өрөө. Тэнд хамтдаа суралцаж, алдаж онож, хөгжиж байгаа хүүхдүүдээ харах сайхан байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
8
2
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.