Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Ш.Батсүх: Хүүхдийн итгэлийг дааж, зовлон жаргалыг нь хуваалцаж чадах хүн бол сургуулийн сэтгэл зүйч


Энэ хичээлийн жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллаж, сургуулийн орчинд хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх үйлчилгээ нэвтэрч буй билээ. БШУЯ мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, эхний ээлжинд 72 сургуульд боловсролын сэтгэл зүйч ажиллуулахаар болоод байна. Энэ тухай тус ажлын хэсгийн ахлагч, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Батсүхтэй уулзаж ярилцлаа.


- Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах боллоо. Энэ ажлыг зохион байгуулах үндсэн шаардлага нь юу байв?

- Энэ оны гуравдугаар сарын 20-нд Л.Энх-Амгалан сайд сэтгэл зүйчидтэй уулзаж, сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах хүсэлтэй байна хамтарч ажиллаач гэснээр ажлын хэсэг байгуулан, түүнээс хойш нэлээд олон ажил хийгээд байна.

Бид ажлаа эхлээд удалгүй ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлж, зөвлөгөө өгөх онлайн үйлчилгээ нээсэн юм. БШУЯ-аас ийм чатбот үйлчилгээ үзүүлээч гэж хүссэний дагуу. Энэ хугацаанд 1300 хүүхэд шууд холбогдож, зөвлөгөө авсан бөгөөд тэдний хандаж буй шалтгаан нь голчлон ганцаардал, сурлагын хоцрогдол, айдас, шалгалтын стресс зэрэг асуудлууд байсан. Мөн гэр бүлийн зөрчил, найз нөхдийн хоорондын асуудал, хайр дурлал зэрэг асуудлаар тусламж, зөвлөгөө хүсэх нь их байлаа. 10 сэтгэл зүйч өдөрт 12 цагаар сууж зөвлөгөө өгсөн. Үр дүнтэй ч болсон. Эндээс бид ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах зайлшгүй шаардлагатай, хүүхдүүдэд ийм хэрэгцээ байна гэдэг дүгнэлтэнд хүрч ажлаа эхлээд явж байна. 

Өнөөдөр Монголд 11 настай хүүхэд үе тэнгийн хүүхдээ олон удаа хутгалж амийг нь бүрэлгэсэн хэрэг гарлаа. Энэ бол хоромхон зуурын зөрчил, үл ойлголцлоос болоод хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаж чадалгүй өөрийгөө болон бусдыг хохироож буй хэрэг. Хүүхдэд сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй байгаагийн дохио гэж үүнийг хэлэхгүй бол өөр юуг хэлэх вэ. Өсвөр насныхан мансууруулах бодис хэрэглэж, дэлгэцийн хамааралтай болох эрсдэлтэй байна. Эцэг эхтэйгээ ярилцахыг, сонсохыг хүсэхгүй хүүхдүүд бий болж байна. Энд сэтгэл зүйч ажиллах шаардлагатай том орон зай хоосон байна. 

- Таны ахалж буй ажлын хэсэг ямар ямар ажил хийж гүйцэтгээд байна?

- Гуравдугаар сараас хойш бид олон ажил хийлээ. ЕБС-д багш, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээний ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, тайлан, зөвлөмжүүд боловсрууллаа. Сургуулийн сэтгэл зүйчийн тогтолцоог Монголд бүрдүүлэх томхон бөгөөд амаргүй ажлыг хийх гэж буй учир сургалтын хөтөлбөрөөс авахуулаад маш олон бичиг баримт боловсруулах, судалгаа хийх ажлууд байлаа. Дараа нь сэтгэл зүйчдээ хоёр шатны шалгаруулалтаар шалгаруулж, 70 гаруй хүнийг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа. 45 хоногийн сургалтыг төгсөөд шууд сургууль дээр очиж ажиллах хэмжээний мэдлэг чадварыг олгохоор хаа хаанаа хичээж байна. Зайн болон танхимын сургалт, хамгийн сүүлд нь 14 хоногийн практик сургалт явууллаа. Олон туршлагатай сэтгэл зүйчид, сэтгэл судлаачид, багш нар хичээл зааж байна. Аутизмтай эсвэл хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхэдтэй яаж ажиллах, гоц авьяастай хүүхэд, тэдний эцэг эхтэй хэрхэн ажиллах, оюун ухааны түвшин тогтоох тест хэрхэн боловсруулах, яаж ашиглах гээд маш шахуу хөтөлбөртэй сургалт болсон. 

Эдгээр сэтгэл зүйчид ментор багшийн удирдлага дор 21 хоногийн турш сэтгэл судлалын байгууллагууд болон сэтгэл зүйч ажилладаг дунд сургуулиуд дээр дадлага хийж, түүний дараа шалгалт өгч, тайлангаа хамгаалаад сонгосон сургуулиуд дээрээ албан ёсоор ажиллаж эхэлнэ. 

- Эхний ээлжинд энэ жилдээ 70-аад сургуульд сэтгэл зүйч ажиллах нь байна. Сургуулиудаа хэрхэн сонгож байгаа вэ?

- Сэтгэл зүйчтэй болгох ажлыг энэ жилдээ хоёр бүлэг сургууль дээр хэрэгжүүлж байгааг хэлэх нь зөв байх. Эхнийх нь Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөрийн түшиц сургуулиуд болох 30 сургууль бий. Тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг сумдын 26 сургууль болон нийслэлийн 4 сургууль багтаж буй юм. Эдгээрт сэтгэл зүйч бэлтгэх ажил болон сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлж байгаа.

Хоёр дахь нь БШУЯ-ы харьяа лаборатори болон олон улсын хөтөлбөртэй 48 сургууль байдаг. Яам өөрөө төсвийг нь мэддэг учир төсвийн зохицуулалт хийж, орон тоо гаргаад, цалинг нь шийдэж явах бололцоотой гэсэн үг л дээ. Энэ ажил нэлээд өртөг өндөртэй тул хөрөнгө төсөвтөө захирагдахын эрхэнд эхний ээлжинд ШХА, БШУЯ хоёрын дэмжлэгтэй сургуулиудад ажлаа эхлүүлж байна. 

Улсын хэмжээнд 839 сургууль байхад яагаад цөөн сургууль дээр сэтгэл зүйч ажиллуулж байна вэ, бид ч бас сэтгэл зүйчтэй болмоор байна гэсэн санал хүсэлт ирж байна. Энэ бол цэвэр төсөв мөнгөтэй холбоотой асуудал. Хүнээ сургах, орон тоо бий болгох, цалин хөлсийг нь шийдэх гээд асуудлууд байна. 2022 оноос жилд 200 хүн бэлдэх төлөвлөгөө гарсан. УИХ төсвийг нь бүрэн баталж өгвөл хэрэгжинэ гэсэн үг. 

- За бид сургууль дээрээ сэтгэл зүйчтэй болж эхэллээ. Одоо бидний хүлээлт юу байх вэ? Сэтгэл зүйч очсоноор ямар өөрчлөлт гарч эхлэх бол?

- Сэтгэл зүйчид сургуулийн удирдлагуудтай хамтарч сургууль гэдэг газрыг хүүхэд, багш, эцэг эхийн сэтгэл зүйн таатай байдлыг хангах, хөгжих боломж олгодог газар болгоход анхаарч ажиллана.  Хүүхэд гэр орноос гадна сургууль дээр амьдралынх нь нэлээд хэсэг өнгөрч байгаа. Тэд сургуульдаа дуртай явдаг, тараад гэр рүүгээ дуртай явдаг нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллах ёстой.

Хүүхэд ер нь сэтгэл судлаачид итгэж юмаа ярьдаг шүү. Тэрнээс биш эцэг эх, багштай ярихаас эмээнэ, найз нөхөдтэйгээ ярьвал нууц нь цааш задрах болов уу гэж айна. Тиймээс тэдний итгэлийг дааж, нууцыг нь сонсож, гуниг баярыг нь хуваалцдаг хүн сургууль дээр байх ёстой. Тэр бол сэтгэл зүйч.

Тиймээс бид сургуулийн сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэм боловсруулж байна. Тэд бол дээд зэргийн ёс суртахуунтай, ёс зүйг чанд баримталдаг хүмүүс байх ёстой. Энэ мэт үйл ажиллагааны журам стандартыг хүртэл баталж байгаа шүү гэдгийг хэлье.

- Дэлхийн практикт сургуулийн сэтгэл зүйч бол хэвийн үзэгдэл болсон. Монголд одоо л бий болох гэж байна. Жаахан оройтож, хоцорч явна уу?

- Оройтсон ч гэсэн эхэлж байгаа нь сайн хэрэг. Үеийн үед энэ ажлыг эхлүүлэх гэж барьж аваад орхиж байсан. 1989 онд анх тухайн үеийн Ардын гэгээрлийн сайдын тушаалаар сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх гурван сарын курс зохион байгуулж, мэргэжилтэн бэлтгэсэн. Ингэснээр тэр жил анх удаа Монголын бүх аймаг, нийслэлийн 4 районы Сургалт, заах аргын кабинет сэтгэл зүйчтэй болж байсан юм. Одоо 32 жилийн дараа энэ ажлыг төр засаг эргэн сэргээж байна. 2002 онд Бага дунд боловсролын хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд сэтгэл зүйч ажиллуулна гэсэн заалтууд байсан ч хэрэгжиж байгаагүй. Сэтгэцийн эрүүл мэндийн хуулинд ч ийм заалт байсан. Гэвч зорьж зохион байгуулж, тогтолцоог нь бүрдүүлж, хүмүүсийг бэлдэж, сургаж, орон тоог нь бий болгож, цалин хөлсийг нь анхаарч шийдэж байгаагүй учраас бүтэлтэй болж байгаагүй. Энэ удаа бол зоригтой оролдлого бөгөөд бодитой ажил болж байна. 

Л.Энх-Амгалан сайдын хэлснээр энэ хичээлийн жилийн гурван онцлог байна. Нэгт, цэцэрлэгүүд ээлжийн багштай боллоо. Ингэснээр түгжрэлийг сааруулахаас гадна эцэг эх тайван амгалан ажлаа хийж, орой хүүхдээ авахаар зэрэг зэрэг яаран явах шаардлагагүй боллоо. Хоёрт, үдийн цайг үдийн хоол болгож байна. Үүнтэй холбоотой бүх аймгийн боловсролын газруудад хоол зүйч ажиллуулж, 60 орчим сургууль дээр туршиж байна. Гуравт, мэргэшсэн боловсролын сэтгэл зүйч ажиллуулж эхэллээ. Энэ бол яах аргагүй томоохон өөрчлөлтүүд.

- Боловсролын сэтгэл зүйчтэй болсноор бид урт хугацаандаа ямар үр дүн, өөрчлөлт мэдрэх вэ? Монгол хүүхдүүдийн хөгжилд ямар өөрчлөлт гарах вэ?

- Сэтгэл судлаач, психоаналист Эрих Фроммын нэг лекцээс эш татъя. Аливаа нийгэм яаж хөгжих зорилго тавина, тэр зорилгодоо нийцсэн хүнийг бэлдэхгүй бол дампуурдаг. Манайх хүмүүнлэг ардчилсан, иргэний нийгмийг цогцлооно гэдэг. Харин тийм иргэн бэлтгэж чадаж байгаа юу? Хүний хөгжлийн асуудал бол нийгмийн тогтвортой хөгжлийн суурь шүү дээ. Хүүхдийг зөв төлөвшилтэй, айдас хүйдэсгүй, өөрөө өөрийгөө таньж мэдэж, авьяас чадвараа нээн хөгжүүлэх чадвартай бие хүн болоход туслах тийм л боломж, орчинг бүрдүүлэх гэж ажиллана. 

Цар тахлын жилүүдэд хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшин, дундаж IQ 27-37 хувиар буурсан судалгаа байна. Нийгмийн харилцаанд орохгүйгээс болоод танин мэдэх, суралцах чадварын үзүүлэлт саарч байна гэсэн үг. Энэ бол маш муу. Хуучин хүүхдийн төлөвшилд гэр бүл хамгийн чухал гэж үздэг байсан бол орчин цагт хүүхдэд найз нөхдийн харилцаа ямар хүн болж төлөвшихөд нь чухал гэж сэтгэл судлаачид үзэж байна.

Энэ орчиндоо тэд таатай, тухтай байж чадвал гэр бүлийн харилцаанд ч өөрчлөлт гарна. Ер нь олон талын үр дүнтэй ажил болох болов уу гэж бодож байна. 

- Багш аа, би процессын тухай асуумаар байна. Сургууль дээрээ сэтгэл зүйчид хандахад ямар нэг бэрхшээл учирвал яах вэ? Ичих, эмээх, айх, сүрдэх гэх мэт мэдрэмж хүүхдэд төрвөл яах вэ?

- За би сурагч байлаа гэхэд сэтгэл зүйч дээр очсныг маань хүүхдүүд мэдчихлээ гэж бодъё. Тэгээд өө энэ Батсүх чинь сэтгэцийн асуудалтай юм байна гэж шоолж, гадуурхвал яах вэ? Энэ бол боломжтой. Зарим эцэг эхчүүд хүүхдээ сэтгэл зүйчид хандаж болохгүй, түүний оронд лам дээр очъё гэх нь ч бий. Тэгэхээр эхэн үедээ мэргэжилтнүүд маань тэр сургууль дээр юу хийх вэ гэдгээ бүх хүнд ойлгуулан таниулах ёстой. Хүүхдүүдээс түвшин тогтоох судалгаа авч өөрсдөд нь танилцуулж, хүсвэл багштайгаа ирж уулзаж болно шүү гэдэг итгэл төрүүлэх ёстой. Тэгээд зөвлөгөө авах шаардлагатай хүүхэд байгаа тохиолдолд эцэг эх, багштай нь ярилцаж, зөвлөлдсөний үндсэн дээр хүүхэдтэй ажиллана. 

- Тэгвэл эцэг эхчүүд ч мөн сэтгэл зүйчтэй хамтран ажиллах хэрэгтэй байх нь? Та тэдэнд хандаж зөвлөгөө өгөөч.

- Тэгэлгүй яах вэ. Та хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлье гэвэл таны хүүхэд бие хүний хувьд ямар онцлогтой, сэтгэл зүйн болон оюун ухаан танин мэдэхүй нь ямар түвшинд хөгжсөн бэ, цаашид ямар чиглэлд илүү хөгжих бололцоотой вэ гэдгийг багш, сэтгэл зүйчтэй ярилцах шаардлагатай. Тэгж байж хүүхэд өөртөө итгэлтэй, бусадтай ойлголцдог, дуртай зүйлээ хийж, мэргэжлээ зөв сонгож чадахуйц эрүүл, тайван хүн болно. Хүүхэд бүр ялгаатай, дахин давтагдашгүй, өвөрмөц. Тэднийг ялгаатай байдлаар нь зөв хөгжүүлэхэд мэргэжлийн хүмүүс тусална. Хүүхдээ аз жаргалтай бие хүн болох боломжийг нь олгож, хамтран ажиллаарай.

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.18
Сэтгэцийн өвчнүүдийн тухай илүү ойлгоход туслах шилдэг 21 кино
2
2021.10.12
Философи | Зэн Буддизм ба гэрэлт цох
3
2021.10.11
Сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд ЯГ ОДООНООС хийх 6 зүйл
санал болгох
1
6 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
7 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
12 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.