Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дасан зохицох чадвартай хүүхэд өсгөх НУУЦ

Хөрвөх, дасан зохицох чадвар хэзээ хэзээнээс илүү чухал болжээ. Тэгвэл хүүхдэдээ хэрхэн энэ чадварыг эзэмшүүлэх вэ?


Англи хэлэнд Resilient хэмээх үг бий. Амьдралд тохиолдож болох хүнд хэцүү сорилтуудыг даван туулах, ямар ч үед хөрвөх, дасан зохицох, уналт доройтлын дараа ч буцаад шинээр эхлэх сэтгэлийн хатыг ийн тодорхойлдог. Цар тахал дэгдэж, хүн төрөлхтний амьдрал төсөөлшгүйгээр эргэсэн өнгөрсөн жил хагасын хугацаанд бие бялдар, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд хаттай байх нь хэчнээн чухал болохыг бид бүхэн ойлгосон билээ. Тэгвэл энэ чухал чадварыг хүүхдэдээ хэрхэн зааж, өвлүүлэх вэ? 

Аз болоход, дасан зохицох чадварыг хөгжүүлж болдог аж. Эцэг эхчүүд харин аюулгүй суурийг бэлдэж, хүүхдээ бага багаар сорьж, чадвараа хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй гэжээ. 

Тогтвортой, найдвартай суурийг бий болго

Хүүхдийн аливаад уян хатан хандаж дасан зохицох чадвар нь эцэг эхийн тогтмол дэмжлэгээс эхтэй. Хүүхэд эрсдэл гаргаж, бүтэлгүйтэхээс үл хамааран дахин шинээр эхлэх сэтгэлийн хаттай болохын тулд тогтвортой, найдвартай гэр бүл ард нь байгаа гэдгийг мэдрэх нь чухал гэжээ. Хүүхэд тань дугуйнаас унаад тохойгоо шалбалчихжээ гэж бодъё. Ийм үед түүнд туслах хамгийн сайн арга бол юу ч болсон бид чамайг хайрласаар байх болно гэдгийг хүүхдэдээ ойлгуулах юм. Шуургыг давахын тулд найдвартай хоргодох байр хэрэгтэй байдаг шиг хүүхэд тань ямар ч үед аюулгүй байдал, дэмжлэгийг мэдрэх нь хамгийн чухал.

Зан төлөвийн хувьд хүүхдэдээ үлгэр жишээ бай

Хүүхдээ дасан зохицох чадвартай, сэтгэлийн хаттай хүн болгоё гэвэл та өөрөө л тийм байх хэрэгтэй. "Таны сууж явсан онгоц гэнэт хүчтэй чичирхийллээ гэж бодъё. Энэ үед та лав хажуудаа суугаа сандарсан залууг харахыг хүсэхгүй. Харин онгоцны үйлчлэгчид юу ч болоогүй мэт хөнгөн зуушаар үйлчилсээр байгаа эсэхийг л нягтална шүү дээ" хэмээн Building Resilience in Children and Teens номын зохиогч, доктор Кеннет Гинсбург ярьсан юм. 

Хүүхэд томчуудын тэвчээрийг барах үед эцэг эхчүүд ихэвчлэн тэсэрч орхидог. Тэгвэл энэ нь ямар нэгэн зүйл буруутвал аясаар нь байж, хүлээн зөвшөөрөх нь л зөв юм байна гэх мессежийг хүүхдэд өгч буй хэрэг юм. Хүүхэд тань зохисгүй аашлах үед сэтгэл хөдлөлөө хянана гэдэг мэдээж амаргүй. Гэвч уур бухимдлаа хянаснаар урт хугацаандаа хүүхдийнхээ төлөвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна гэдгээ ухамсарлаарай. "Томчууд аливааг хэрхэн зохицуулж, учрыг нь олж байна вэ гэдгээрээ өөрөө ч мэдэлгүй хүүхдэдээ үлгэрлэж байдаг. Сэтгэлээр унасан, бухимдсан үедээ юу хийнэ хүүхэд тань яг л түүнийг дуурайх болно" гэж Гинсбург ярьжээ.

Жижиг сорилтуудыг ашигла

Дасан зохицох чадвар, сэтгэлийн хат гэх үгсийг сонсоход магадгүй өндөр ууланд авирч буй уулчин, ковид өвчинтэй тэмцэж буй хүн санаанд бууж мэдэх юм. Яг үнэндээ багахан урам хугаралт, сэтгэл дундуур мөчүүд л биднийг сэтгэлийн хаттай болгож байдаг.  

Хүүхэд тань математикийн хичээлдээ муу авчихаад ирж л дээ. Мэдээж та хүүхдээ даалгавраа сайн хийгээгүй гэдгийг нь мэдэж байсан. Хүүхдэдээ "Чи залхуу байна" гэж хэлэхийн оронд шалтгаан, үр дагаварт анхаарлаа хандуулаарай. Муу авсан шалтгаан нь тэр хичээлээ сайн хийгээгүй, шалгалтандаа бэлдээгүй байснаас үүдэлтэй гэдгийг тайлбарлаад сайжрахын тулд дараагийн удаа юу хийх хэрэгтэйг хамтдаа ярилц.

Хүүхдэдээ боломж олго

Хүүхэд хангалттай дэмжлэг авдаг, үлгэр жишээ болохуйц гэр бүлтэй, аюулгүй байдлыг мэдэрсэн бол одоо өөрийгөө сорих цаг нь болсон гэсэн үг. 

Outward Bound боловсролын байгууллагын ажилтан Тайлер Фишийн хэлж буйгаар ямар ч нөхцөлд уян хатан байж дасан зохицоно гэдэг нь амжилт, бүтэлгүйтлийн хоорондох тэнцвэрийг хадгалах тухай ойлголт гэжээ. Жишээ нь, тэр завиар сэлэхийг заахдаа эхлээд тухайн хүүхдийг завинд суулгаж, өөрөө учрыг нь олж чадах эсэхийг хардаг аж. Амаргүй учраас хүүхдүүд эхэндээ бага зэрэг сэтгэлээр унадаг. Энэ үед Фиш зааварчилгаа өгч, дахин оролдож үзэхийг хүсдэг гэнэ. Ингээд сэлж сурах хүртэл энэ процессыг дахин давтдаг байна. Шинэ найзтай болох, багаар ажиллах, манлайлахыг ч ялгаагүй хүүхэд ийм л зарчмаар олж авдаг гэжээ. 

"Эцэг эхчүүдэд байх ёстой нэг чухал чадвар бол хүүхдээ хэзээ, яаж, хэр ихээр сорихоо мэддэг байх явдал юм. Гэхдээ хүүхэд өсгөх цорын ганц зөв гэж байдаггүй шиг тэдэнд дасан зохицох чадварыг олгох ганц зөв зам гэж байхгүй" хэмээн Миннесотагийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Анн Мастен зөвлөсөн байна. 

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.