Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Жазз хөгжмийн ертөнцөөс заавал сонсох 10 уран бүтээлч


Хүний сэтгэлийн илэрхийлэл болсон хөгжмийн урлаг бидний мэдэж, төсөөлөх хязгаарыг нэгэнт давжээ. Энгийн хэмнэлтэй, уянгын ая хүн бүхэнд таатай санагддаг. Тийм хөгжмийг сонсох амархан. Харин ойлгомжгүй, эмх замбараагүй, тааварлашгүй, тэгш хэмгүй жазз урсгал бидний чихэнд яаж дуулдах бол? Магад тийм хөгжим л учир нь олдохгүй энэ хорвоогийн уйтгар гуниг, баяр баясал, амьтай бүхнийг илэрхийлж чадах болов уу. Хүн төрөлхтний хөгжмийн түүхэнд үзэгдэл болон мэндэлсэн, уран бүтээлчдэд хамгийн их эрх чөлөөг олгодог гэх жазз хөгжимтэй танилцацгаая.

XX зууны эхэн үед африк-америкчуудаас үүссэн жазз хөгжим нь блюз, рагтайм, савласан нарийн төвөгтэй аккорд, олон давхар хэмнэл, гоцлол дуулаачийн уран мэдрэмж гээд олон зүйлээс бүрэлддэг аж. Хэрэв та жазз хөгжим сонирхдог ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол дараах 10 уран бүтээлчийг сонсоод үзээрэй. Хөгжмийн тухай уншихаас илүүтэй хөгжим сонсох нь хүний сэтгэлд илүү ойр тусах биз ээ. 

Louis Armstrong - Hotter Than That

Нью Орлеан хотод төрсөн агуу гоцлол дуулаач, бүрээчин Луис Армстронг жазз хөгжмийн ертөнцөд “хэмнэлт” эрх чөлөөг авчран, уянгалаг аялгууг дууджээ. Түүний 1920 онд гаргасан “Hot Five”, “Hot Seven” гэх бичлэгүүдээс үггүй бувтнах “Scat” дуу болон гитарчин Лонни Жонсонтой хамтарч газар дээр нь зохиомжлон найруулах гайхалтай тоглолтыг үзэх боломжтой. Армстронг бүрээгээ үлээхдээ “өндөр Cи” нотыг их хүчээр үлээх дуртай байснаас уруул нь байнгын гэмтэлтэй явдаг байжээ.

Bechet–Spanier Big Four - China Boy

Гоцлол дуулаач, сопрано саксафонч, кларнет хөгжимчин Сидней Бэхет нь Луисаас тэс ондоо нэгэн юм. Түүний эмх замбараагүй хэрнээ уламжлалт хэв маяг сонсогчдыг алмайруулдаг байжээ. Аялгуу нь үргэлжилсэн бус, уялдаа холбоогүй, урагш төлөвлөөгүй гэнэтийн ч гэлээ сонсогчдын дотор нэгэн зүйлийг гэгэлзүүлэх аж.

Ella Fitzgerald and Louis Jordan - Baby It’s Cold Outside

Эллаг дуу хөгжмийн тэргүүн хатагтай хэмээн өргөмжилдөг. Тэрбээр уянгалаг атлаа хүчирхэг хоолойгоороо бүхий л аялгууг төгс илэрхийлдэг байв. Эллатай хамтарч байсан уран бүтээлчид түүнийг их ичимхий, ганцаардмал нэгэн бөгөөд уран бүтээлдээ өөрийгөө бүхлээр нь зориулдаг байсан гэлцдэг.

Billie Holiday - Fine and Mellow

Элла дууны үгийг дүрслэн гаргахдаа гарамгай нэгэн байсан бол Билли Холидэй дуу хөгжимд сэтгэл хөдлөлөө гүн гүнзгий шингээдэг уран бүтээлч байжээ. Тэрбээр цаг үеийнхээ шилдэг гоцлол дуулаач, гайхалтай импровац хийдгээрээ алдартай юм.

Dizzy Gillespie - Groovin’ High

1940-өөд онд Чарли Паркер, Диззи Гиллеспи тэргүүтэй уран бүтээлчид “орчин үеийн жазз” урсгалыг эхлүүлжээ. Илүү хурдтай, өндөр ноттой, бүхэллэг аялгуу нь дайны дараа залуусын сэтгэлийг хөгжмөөр сэргээв. Энэ үеийн гоцлол дуулаачид аялгуунаас авсан мэдрэмжээрээ шууд л дуулдаг байв.

Gerry Mulligan - My Funny Valentine

Баритон саксофонч Герри Муллиган хамгийн “cool” жазз уран бүтээлч гэдгээрээ алдартай. Түүний хамтлагт гитар, төгөлдөр хуур гэсэн нийлмэл ноттой хөгжмийн зэмсэг ашигладаггүй байжээ. Хамтлагын гоцлол дуулаач, бүрээчин Чет Бейкер болон Муллиганы эсрэг тэсрэг байдал нь хоорондоо төгс зохицдог байжээ.

Duke Ellington - Diminuendo and Crescendo in Blue

Олон гишүүдтэй жазз хамтлагийн хөгжилд Бенни Гудман, Томми Дорси, Флетчер Хендерсон, Граф Бэси зэрэг уран бүтээлчид томоохон үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн ч Дьюк Эллингтоны хамтлаг олон жилийн турш нэг ч завсарлалгүй, тарж бутралгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн гэдгээрээ алдартай юм. Тэрбээр хамтлагийнхаа гоцлол дуулаачид зориулан хөгжмийн нарийн төвөгтэй хэсэгт дуулах үгийг нь бичиж өгдөг байжээ. Үүний дүнд үзэгчдийг сандлаасаа бостол догдлуулсан 27 мөрт жазз дуу үүсч байв.

Miles Davis - So What

Түүнийг зүгээр л төрмөл уран бүтээлч гэхэд болно. Дуу хөгжим түүний арьс гэвэл тэр могойноос ч олон удаа арьсаа сольсон нэгэн. Тиймээс Майлз Дэвисийн хөгжмийг яг аль урсгал, аль цаг үед хамаарахыг хэлэхэд хэцүү. Гэсэн ч бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай, нэрийн хуудас болсон хөгжим нь “Kind of Blue” билээ.

John Coltrane - Giant Steps

Хөгжмийн зохиолч, саксофонч Жон Колтрейн Майлз Дэвистэй хамтран “Kind of Blue”-г бичиж дуусаад, дараагийн үеийн саксофончдын сурах бичиг болсон “Giant Steps” цомгоо бичүүлжээ. Энэхүү зохиолыг хожим үеийнхэн “Колтрейн өөрчлөлтүүд” гэж нэрлэсэн ба тэдний хувьд сорилт болохуйц, анхны нэгдмэл бүтээл нь бүх хөгжимчдийн босгыг нэг шатаар ахиулсан юм.

Keith Jarrett - My Song

Жазз хөгжмийг Америкт үүссэн гэдэг ч 1920-оод оны эхэн үед Европ тивийн Атлантын далайн бүс нутагт тус хөгжмийн элементүүд хэдийн нэвтрээд байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкаас тэс ондоо, Скандинаваас өөр хаана ч байхгүй жигтэй, өвөрмөц дуу хоолой дэлгэрч эхлэв. Тусхамтлаг нь Америкийн гоцлол төгөлдөр хуурч Кейт Жарретт тэргүүтэй, Норвегийн тенор саксафонч Ян Гарбаректай хамтарсан дөрвөл юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
3 өдрийн өмнө
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.