Хайх зүйлээ бичнэ үү


Урт урт хэцээр хүрээлүүлсэн их хөндий, хүн зонтойгоо нийлээд одоогийнхоор Дундговь аймгийн Өлзийт сум болно. Хөндий дүүрэн зэрэглээ наадаж, тэр зэрэглээ заримдаа хот тосгод сүндэрлүүлж, заримдаа нуур далай цэлэлзүүлж, тэр их ус хэзээ мөдхөн үерт автуулах нь уу гэмээр үзэгдэнэ. Гандирсын хот тосгод дундуур, эс бол нуур далайн дээгүүр хар сүүлтийн сүрэг давхина. Ардаа их тоос үлдээн пижигнэлдэх агаад хэрэв зээ тоос дэгдээгүй сэн бол хөл нь газарт хүрэлгүй  дэгддэг үлгэр домгийн хүлэг гээч үү гэж итгэмээр л. 

Энэ л хөндийд хэдэн гэр байхын нэг тэднийх. Олон хүүхдийн хөлд элэгдсэн эсгий тойруулгаа ижий нөхөж тойлдон гэрийн гадаа суух ажээ. Эрхэлж байгаа нь ч тэр үү, аргаа барсандаа ч юм уу, арав гаруй насны хүү ижийгээ бараадан хэвтэнэ. Зуны сар тул өнгө нь мэдэгдэхээ больтол гандсан жигүүнэ тэрлэг хэдэрч,  70 төгрөгийн дотоодын бакал жийгээ болов уу. Тэнгэрт ТУ-154 онгоц суналзсан урт утаа хаян, үнэндээ уур савсуулан ниснэ. Тэр л онгоцыг харан хэвтээ хүү “Ээж ээ, би нэг ийм онгоцонд сууж үзэх юм сан” гэж хэлбэл ижий “Миний хүү суулгүй дээ. Зөндөө сууна даа” гэж хариулна. Онгоц байтугай машинд ч ховор суусан тул хүү итгэсэнгүй л. Хожим 25 настайдаа Улаанбаатар-Москва чиглэлийн онгоцонд суучхаад цонхоор нь ургахын улаан нарыг харахдаа ижийнхээ үгийг санасан гэнэм. “Ишш, нээрэн суудаг л юм байна. Ижий яаж мэдээ юм бол” гэж бодох нь тэр. 

Энэ залуу бол Болгарын Софи хотын хөгжмийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Адилбишийн Дашпэлжээ юм. Тэр “Намрын халуун өдрүүд”, “Сүүдэрт жилийн зурвас”-ын маршал Х.Чойбалсан, “Мандухай сэцэн хатан”-ы Өнөболд ван, “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Төрийн сүлд өршөө”-ийн Соном-Очир болохоо төсөөлөө нь үгүй яваа. Цаашилбал олон олон дуурийн гол дүрд дуулж, Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, Соёл урлагийн их сургуулийн багш, тэнхимийн эрхлэгч, Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч зэргээр хувь уран бүтээлчээс гадна хувьсгалын их ажил хийхээ ч мэдээ нь үгүй ээ.

Хүний заяаг хүргэх миний заяа

Говийн нар гэнэт л мэлтэсхийгээд гойд мандана. Нарнаас урьтаж басхүү нэгдлийн адуунаас өрсөн амины цөөвтөр хэдэн адуугаа усалж амжсан хөвүүн маадгар гэгч нь исгэрч яваа зураглал нүднээ тодорно. Энэ зураглалын эзэн А.Дашпэлжээ хожмоо “Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууны хэрээр исгэрдэг бол би ч адууныхаа хэрээс давуулж чанга исгэрнэ дээ” хэмээн инээх аж. Мөнөөх хөвүүн эрийн цээнд хүрч цэргийн албаа хаав, улсын нийслэл Улаанбаатарт. Тэр үеийн нам, засгийн бодлого тийм байлаа л даа, албан байгууллагууд ажилчдаа, сургуулиуд сурагчдаа, цэргийн анги бол цэргүүдээ тогтсон хуваариар эх орондоо шинэ тутам хөгжиж буй сонгодог урлагтай танилцуулдаг асан. Тэгж л хөвгүүн, биш ээ залуу анх удаа Дуурийн театрт орж үзсэн гэдэг. Хачин гоё хувцастай, ханхар гэгчийн эрэгтэй дуучид нэг их бүдүүн хоолойгоор дуулахад танхим тэр чигтээ “нүрхх” гэж нүргэлээд л. Гайхахдаа гайхаж, бишрэхдээ биширч, зарим хэсэгт зүүрмэглэхдээ зүүрмэглэсээр өнөөх тоглолтыг дуусгав. “Ай, миний ч ойлгох эд биш шиг ээ” гэж бодогдов шүү. Хожим санахад “Тэмцэл” дуурь л үзсэн байж магад гэнэ. Цэргээс халагдангуут нутгаадаа зорьж Хувьсгалт залуучуудын эвлэлийн даргаар хэдэн жил ажиллалаа. Тэр үеийн эвлэлийн даргад хашаа хороо барих, хонь мал ноослох, худаг гаргах, яриа таниулга хийх гээд оролцохгүй ажил гэж үгүй. Тэгтэл харин 24 нас хүрдэг жилээ нийслэлд дууны уралдаанд оролцон түрүүлэв ээ. Угаас эцэг эхээс заяасан унаган авьяастай байсан хэрэг. Анх уралдахаар явахдаа ер тоосонгүй. Аймаг, цаашилбал улсын нийслэлд хэд хоног сайхан байхаа л бодож, үе тэнгийн залуустай үймж бужигнан зугаатай сайхан ч байж. Гэтэл л түүний тавилан тэр чигтээ өөрчлөгдчихлөө, хаа холын Болгар гэх улсад хөгжмийн сургуульд явах болчихлоо. Нэг бодохоор баярлаж бахархаж нөгөө бодохоор айж эмээнэ. Усыг нь ууж, ёсыг нь дагаж үзээгүй улс байдаг, хэлийг нь гадарлахгүйг хэлэх үү, ядахад нот гэгчийг ч үзээгүй нөхөрт мэргэжлийн сургуульд сурах гэдэг малын бэлчээртээ дуулж явахаас анхи өөр байв. Хүнд хэцүү ч байв, болимоор, буцмаар ч байв гэнэ. Гэхдээ л “Хүний сурдаг юмыг би суралгүй яадаг юм” гэхээс шазуур зуун ёстой л бөгсөө банз болтол суулаа даа. Өөрт байх хамаг л хүчээ шавхасны дүнд хоёрдугаар дамжаанаас л бусдынхаа хараа бараанд ойртож байгаа юм. Бусад гэдэг нь харин сонгодог хөгжмийн өвтэй улсад төрж өсөж, хамгийн багадаа л  хөгжмийн дунд сургууль төгссөн улс байлаа. Сургуулиа 29 настай төгсөж ирснээс хойш тайзны урлагт “Тоска” дуурийн Скарпьяа, “Отелло” дуурийн Яго, “Увидаст лимбэ” дуурийн Папагено, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Чингис хаан” дуурийн Тэмүүжин, дэлгэцийн урлагт “Намрын халуун өдрүүд” киноны маршал Х.Чойбалсан, “Мандухай сэцэн хатан” киноны ван Өнөболд, дууны урлагт “Хүний заяа”, “Нутгийн чулуу” дуу зэргээр бидний эчнээ мэдэх түүх эхэлж буй юм. Тиймийн учир алгасъя, ярилцлагадаа оръё.

1990-ээд онд Дуурийн театрт баритоноос ганцхан та л дуулж байв. Өөр хүн байсангүй юу?

Тэр үеийг эхнээс нь зураглая л даа. Би 1982 онд сургуулиа төгсөж ирэхдээ театрт зургаа дахь баритон нь болж буй юм. Ц.Дагванамдал, Б.Готов, А.Хавлааш, О.Лувсандамдин, Ж.Гантөмөр, тэгээд би. Тэд маань ид хав нь жагсаад, мөн ч чамбай. Тийм байхад надад юу гэж том дүр олдох вэ дээ. Жижиг, туслах дүрүүдэд дуулж жил хэртэй болов. Ямар дүрд дуул гэнэ, тэр бүгдэд "за" л гэнэ. Өнөөдөр дуулах байсан ч, маргааш эсвэл долоо хоногийн дараа дуулах байсан чиг л гарна. Хамгийн анхны том дүр бол "Хөхөө намжил" дуурийн Галдан  ноёны дүр. Бас ч гайгүй сайшаал хүртсэн. Араас нь "Учиртай гурван толгой" дуурь гээд л. Тэгж явтал 1990 он гарлаа. Ер нь цаг хугацаа гэдэг чинь цаг хугацаа л юм билээ. Манай хэд өвгөрөх нь өвгөрч, тэтгэвэрт гарах нь гарч, гадагшаа сургуульд сурах нь сурч, ажлаас гарах нь гарч, эцэст нь баритоноос ганцаархнаа  үлдлээ. Хүссэн ч, эс хүссэн ч ачаа миний нуруунд ирлээ. Үүрэхээс, чадахаас өөр арга үгүй. Ингээд л бүтэн жил ганцаархнаа нөгөө сонгодгуудыг бүгдийг дууллаа.

Гэхдээ та чадаад буй учир гол, туслах гэлтгүй л дүр өгөөд байгаа биз дээ? Таны хүсэх, эс хүсэхтэй яг ч хамаагүй?

Би чинь хэрэндээ ухамсартай сэхээтэн. Гол дүр олдохгүй байсан ч хамаагүй тувт бэлдээд л байдаг байв. Сайнаар ярьвал би үүргээ биелүүлэх, муугаар ярьвал өрөө төлөх ёстой байлаа. Ямар үүрэг, өр вэ гэхээр би улсын зардлаар таван жил сургуульд сураад ирсэн хүн шүү дээ. Үзээгүйгээ үзэж, мэдээгүйгээ мэдэж, сураагүйгээ сурч, Европын соёлтой танилцаа биз дээ!? Хэр баргийн аавын хүүд олддог тохиол ч биш. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажиллаж, хөдөлмөрлөж байж өрөө төлж дуусгаж таарна аа даа. Үүнийг ухамсарлахгүй бол аав, ээжээс олгосон хүмүүжил, багш нарын сургасан эрдэм, улсынхаа итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болно. Гэхдээ тэр үед хэдий ганцаархнаа баритоны ачааг бүтэн жил шахам үүрсэн ч хамаг л хүч чадлаа шавхсан, харуулсан дүрүүддээ тоглосон юм. Ачаа үүрэх, ачаалал даахын сайн тал энэ.

Бэлдээд л байв гэлээ. Дуурийн дуучин хүн яаж бэлддэг юм бол? 

Дуурийн клавер гэдэг чинь 300-400 хуудастай. Түүнийг цөмийг ба, бэгүй цээжилнэ. Яг номоор нь л цээжлэх, сурах ёстой. Инчдэх төдий паузыг ч алдаж болохгүй. Миний хоолой ийм юм чинь энийг ингээд засчихъя, тэр хэсэгт хоолойн чадал хүрэхгүй юм чинь тэгээд дуулчихъя гэх эрх дэлхийн хаана ч үгүй. Цээжлээд зогсохгүй дуулж бэлдэнэ. Нэг дуулаад болчихгүй, тоглолтоос тоглолтод, өдрөөс өдөрт сайжруулна. Ингэхгүй бол формоо алдана. Сонгодог гэдгийн мөн чанар нь байнгын формтой байхдаа юм. Бараг унтаж байхад нь босгоод ирэхэд ч дуулж чадах ёстой. 

Формтой байх гэхээр?

Зүйрлэбэл тамирчинтай ижил. Дуурийн театрын тайзанд гарна гэдэг нь байнгын бэлтгэл, байнгын шалгуур, байнгын Олимпийн дэвжээ. Дасгал хийх бүртээ, тайзан дээр гарах бүртээ дэлхийн түвшний стандартаар шалгуулахыг хэлж буй юм. Өдөр бүр тайзан дээр дуулсан ч, долоо хоног бүр дуулсан ч тэр бүрийд яг таг стандартаараа л байхыг хэлнэ. Үүнийг мэддэг үзэгч ч бий, тэр болгон анзаарахгүй үзэгч ч бий. Харин ард чинь буй 60 хөгжимчин, 50 дуучин цөм мэднэ. Ийм ч учраас Дуурийн театрын гоцлол дуучин асар том нэр төр, хариуцлага, ачаа үүрдэг юм. Дуурь нь монгол ч бай, тангад ч бай, үзэгч нь гадных ч бай, дотоодынх ч бай түүнээс үл хамаарч академик түвшинд дуулж, тэр бүртээ дэлхийн түвшний шалгалтдаа тэнцэх ёстой. Тэгж чадахгүй бол тэгсхийгээд нэр хүнд сэвтэнэ, дуучин өөрөө ч үүнийгээ анзаараад эмзэглэнэ. Өөртэйгээ тулж ажилласан нь цаашаа явна, чадахгүй нь доошоо унана. Тийм ч учраас аливаа дуурийн театрт гоцлол дуучид цөөн байдаг. 

Дуурийн гоцлол дуучин хүн ямар байх ёстой вэ? 

Нэгдэж ирэхэд байгалийн өгөгдөл, хоёрдож ирэхэд олсон академик боловсрол, гуравдаж ирэхэд форм барих, удаах нь хар яриагаар бол ачаа үүрэх чадвартай байх. Хоолойд буй бүх чадвараа гаргаж, "яая даа" гэтэл нь, "ёстой нохой юм даа" гэтэл нь дуугарч дуулж чадвал ачаагаа үүрч буй хэрэг. Нарийндаа өнөө цөөхөн гоцлол дуучид дотроо ч ачаа үүрч чадах нь цөөн. 

Энэ бүхний ард сонгодог урлагийн дэлхийн стандартад "монголын" гэх ялгамж үүссэн үү?

Би баритон учраас баритоноо л ярья. Жишээ татвал Д.Жаргалсайхан, Д.Жамьянжав багш, тэгээд би Болгарт, Ц.Пүрэвдорж багш Свердловскт, Г.Хайдав, А.Загдсүрэн багш Москвад төгсөж, цөм энд 30-40 жил дууллаа. Эхний ээлжинд онолоор цэнэглүүлж, дараагаар Монголдоо бие махбодь, сэтгэл зүрх, тархи цусаараа бүгдийг тууллаа. Бидэнд ямар зовлон жаргал, давуу сул тал байна, тэр бүгдийг мэдэрсэн, мэддэг хүмүүс өөрт хурааж чадсан хамаг сайнаа шавь нартаа заалаа. Ингээд хоёр, гурав, дөрөв, тав дахь үеэс дэлхийн түвшний мөртлөө монгол школ үүсч буй юм. Энэ цагт монгол баритонууд дэлхийн чихийг дэлдийлгээд, олон улсын үзэгчдэд, шүүгчдэд үнэлэгдэж байна аа гэдэг чинь үүний илрэл төдийгүй нотолгоо. Үе үеийн багш нарын гавьяа. Миний л ам бардам хэлдэг хар таамаг юм шүү. Тэрнээс онолын түвшинд судлаад, нотлоод биччихсэн юм надад алгын чинээ ч алга.

За, ажлын яриа руугаа оръё. Та 1996-2000 онд ДБЭТ-ын захирлаар ажилласан. Онцлох ажил тань юу вэ? 

Одоо бодоход би азгүй хүн. Юу гэхээр дандаа хүндрэлтэй зүйлтэй тулгардаг. Гэвч бас азтай. Учир нь хүндрэлийг яаж ийгээд аятайхан даваад иржээ. Би ганцаараа биш л дээ, бусдын дэмээр. Үүний нэг жишээ нь гэвэл Дуурийн театрын захирал хийсэн минь юм. 1996 оны зун надад Монгол Улсын гавьяат жүжигчин цол олголоо. Бахархалтай л байлаа. Гэвчиг “Одоо би энэ цолыг яаж даах билээ? Юу хийх билээ?” гэх асуултыг өөртөө тавьж эхэллээ. Гэтэл л тэр оны намар, өвлийн заагаар Соёлын яамнаас намайг дуудлаа л даа. Очтол “Дуурийн театр архины орон болж гүйцлээ. Театрын удирдлагыг дотоодоос нь буюу энэ амьдралыг мэддэг хүнээр томилох саналтай байна. Таныг нэлээн судаллаа. Та дарга хийнэ үү дээ” гэлээ. 1996 он гэдэг чинь манай улсын ч хувьд, театрын ч хувьд хэцүү үе байлаа. Театрын баруун талд баар байгуулчихсан, урд талд нь биеэ үнэлэгч, нэхийн ченж, архичид цуглачихсан, дотогшоо нь орвол ажилчид архинд орчихсон, удирдаач нь хүртэл согтуу тоглолтод гарч байлаа, тэр бүү хэл үзэгчид ч согтуу ирж үздэг үе шүү дээ. “Энэ чинь театр шүү дээ” гэж бодохоос л гутардаг байв. Өнөө саналыг зөвшөөрлөө, ажлаа ч эхэллээ.  “За” гээд зөвшөөрсөн шалтгаанаа яг таг мэддэг юм, театрыг л архинаас салгах ёстой байв. Ёо ёо ёо, миний амьдралын хамгийн хүнд үе тэр. (Ч.Б: Шогшров). Най алга аа, ёстой най алга. (Ч Б: Ахиад шогшров.) Архитай дайн зарлалаа даа. “Архитай л холбогдсон бол би бурхан байсан ч хөөнө, архигүй л бол би буг байсан ч ажиллана” гэж нэг их лут том үг хэлээд пижигнүүлсэн. Хөөхийг нь хөөж, сануулахыг нь сануулж, баруун талын баар ажиллуулдаг хүнтэй тангараг, тонгорог, хонь, чоно боллоо. Уран бүтээлчдэдээ “Би та нарыг цалингаар таслахгүй, гэхдээ театр руу дусал ч архи оруулахгүй. Архи уувал битгий ирээрэй. Хэдүүлээ энэ хүнд хүчрийг нэг ч тоглолт таслахгүй давна шүү” гэж хэлж буй юм.  Үндсэндээ театрын даргыг дөрвөн жил хийлээ. Энэ хугацаанд нэгдүгээрт, театрыг архинаас жүд ч үгүй цэвэрлэсэн дээ. Хоёрдугаарт, театр тэр үед гэрэл техник хэрэгсэлгүй, барилга нь нооройчихсон, цалингаа тавьж чадахгүй, осолдохгүй л тоглолтоо таслахгүй амь торгоож байв. Ингээд театрт төсөв олох гэж Сангийн яамныхны араас хөөцөлдөж, мөн ч их архи уусан даа. Өдөр нь театрт архитай дайн зарлаж, орой нь хүнээс мөнгө гуйж архи уугаад хөгийн юм ч боллоо шүү (Ч.Б: Инээв). Хөөцөлдсөн хүн ажлыг бүтээдэг л юм билээ. Гадна, дотно засвар, сантехникийг засууллаа. 2000 он гэхэд театр дотно, гаднагүй гэрэл гэгээ цацруулаад сайхан боллоо. Ингээд театрын даргаа саналаараа өглөө дөө. Чадах юмаа цөмийг хийсэн учраас тэр. Нөгөөтээгүүр би уран бүтээлч хүн. Театрын дарга хийгээд, тоглолтдоо оролцоод явах маш хүнд. Дуучнаа больё гэхээр түрүүн хэлснээр хүн байхгүй шүү дээ.

Дараа нь СУИС-т очсон доо?

Театрын даргаа 2001 оны нэгдүгээр сард өгчхөөд сууж байлаа. Пүүжгээ (Ц.Пүрэвдорж), Г.Хайдав багш гээд томчууд дуудлаа. “Миний хүү ажлаа өгчихөв үү? Болж болж” л гэнэ. Нэмээд “Одоо чи нааш ир. Бид хөгширчихлөө. Нэгдүгээрт, багшил, хоёрдугаарт, тэнхимийн эрхлэгч хий. Хажуугаар нь театртаа дуулдаг л юм байгаа биз” гэнэ. Базарваань, би өөрөө сурч байснаас хүнд сургахыг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ тэр томчууд “хий” гэхээр яаж үгүй гэх вэ, “за” л гэлээ. Ингээд ажлаа өгснөөс 14 хоногийн дараа шинэ ажилтай болсон хэрэг. Үүнээс хойш 20 жил багшилсны 10 жил нь тэнхимийн эрхлэгч хийлээ. Тэр үед элсэлтэд 300-400 хүүхэд бүртгүүлж, жил бүр 15-20 хүүхэд авдаг байв, нөр их ажил болно оо. Дараа нь Э.Сонинтогос маань СУИС-ийн захирлаар ирээд “Танаас өөр хүн алга. Хөгжмийн урлагийн тэнхимийг салбар сургууль болгоно оо, та захирлыг нь хий” гэв ээ. Сайхан хамт олон гар нийлж, сургуулийг орчин үеийн системд оруулсан даа. 

Хажуугаар нь Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгчөөр найман жил ажиллажээ. Онцлох ажил нь?

Гол гол мэргэжлийн уралдаануудыг хариуцах эзэнтэй болгосон нь юм уу. "Учиртай гурван толгой" улсын уралдааныг Төв аймгийн нэрэмжит, үндэсний хөгжимчдийн улсын уралдааныг Эрдэнэтэд, бүжгийг гэхэд Дарханд зэргээр хариуцуулж ивээн тэтгэгчтэй болгосон. Хариуд нь аймгуудад мэргэжлийн урлагийн байгууллагын тоглолтыг аваачиж тоглуулаад л. Тэрнээс иймэрхүү мэргэжлийн наадмуудад мөнгө олддоггүй юм. 

2015 оны наадмыг тод санаж байна л даа. Төв талбай дээр “Учиртай гурван толгой”, “Best of class” үзсэн жил учраас. Задгай талбайд “Учиртай гурван толгой” тоглоно гэхээр ёстой солиотой санаа биз дээ?

Тэр үеийн БСШУЯ-ны сайд Ц.Оюунгэрэл дуудлаа. “За, театрын даргаар Ч.Мөнхзул гэж сэтгүүлч эмэгтэйг тавьж байна аа. Сайн менежер, хэл ус ч сайтай юм. Харин та уран сайхны дарга хийгээч” гэнэ ээ. Театраасаа салаад хэдэн жил болчихсон хүн санагалзах маягтай байлаа. Бас л “за” гэлээ. Мэдэхгүй гэх биш, танихгүй гэх биш. Хамт олон минь сайхан л хүлээж авлаа, таван жил хийлээ. Энэ зуурт миний мөрөөдөл яваад л байгаа юм. Хүний мөрөөдөл дуусах ч биш. Юу гэхээр “Учиртай гурван толгой”-г ахуйтай нь холбоод стадионд тоглох юмсан гэж эртнээс мөрөөдөж явлаа. Уран сайхны удирдаачаар ажиллатал нөгөө мөрөөдөл дотроос загатнуулахгүй юү. Наадмын урд өдөр буюу долдугаар сарын 10-ны үдэш талбайд хоёр жил тоглолоо. Хүмүүс их л сайхан хүлээж авсан. Би ганцаараа хийгээгүй л дээ. Ч.Мөнхзул маш сайн менежер, театрт үнэхээр хэрэгтэй хүн, манай баг ч сайн ажилласан. Дараа нь бид гоцлол дуучдаа анх удаа Орост, Солонгост, Америкт аваачиж дуулууллаа. Надад бол уйлмаар сайхан байлаа. Хэрэндээ би мөрөөдлөө биелүүлж, дотроо кайф мэдрээд байгаа юм. Ингэж явтал 65 нас хүрч, тэтгэврийн нас ч хэтэрлээ. Үндсэндээ нөгөө төлөх өр дууссан байлгүй дээ, ажлаа өгсөн дөө. 

Чадах, чадахгүйн хэр хэмжээгээ ер нь яаж мэддэг юм? Албан тушаал, эрх мэдлээ өөрөө өгч чадаад байх?

Чадаж цөхөөд байх юу билээ. Чадах үедээ өөрөө хийж, чадахгүй үедээ хүнээр хийлгэлээ. Ер нь санасан, зорьсон төдийгүй чадах зүйлээ хийгээд дууссан бол болих л хэрэгтэй. Тэгээд ч хүнд нас гэж байна. Өдий насалчихаад, чадах юм дуусчихаад байхад "даль даль" гээд сууж болохгүй. Тэгэхгүй бол надаас 100, 1000 дахин илүүг бүтээчих хүмүүст "шавар" болно. Нөгөөтээгүүр сүүлийн 30 жилээс ажиглахад ажлаа сайн хийгээд, удирдсан байгууллага тань гэрэл гэгээ цацруулаад ирэхээр хүмүүс "Энэ ер нь аятайхан ажил байна шүү. Энэ нөхөр хийж чадаж байхад би ч чадалгүй дээ" гэж албан тушаалыг чинь сонирхоод эхэлнэ. Ажлаа муу хийгээд, нооройж навсайгаад байвал хэн ч тоохгүй. За, сонирхохоор зэрэг хөндлөнгийн зүйл улс төрөөр дамжиж ороод эхэлнэ дээ. 

Та нэг биед арай л ахдам ачаалалтай, ихээхэн өрнүүн амьдарчээ. Энэ бүхний ард юу бодогдох юм? 

Нэг их зүйл бодогдоод байдаггүй юм. Уран бүтээлчийн амьдралаа товчхон дүгнэхэд, миний заяагаар дамжиж хүний заяа л олон түмэнд хүрч дээ. Би хүссэн ч, эс хүссэн ч ногдсон тавилангаа туулах, туулах туулахдаа нуруутайхан шиг дааж гарах л ёстой. Ачааллын тухайд бол…, тийм ээ, ер нь ачаалал дааж амьдарчээ. Хүн надад итгээд ажил хариуцуулахаар яаж би “үгүй” гэх юм? Тэгээд “за” гэчихсэн юм бол яаж би муу ажиллах юм? Би чинь бас ч усан тэнэг хүн биш, тэгээд ч санаанд омогтой муурын зулзага орно биз дээ? Шазуур зуугаад, чадлаараа даваад л гарч таарна аа даа. Миний амьдралаас залууст хэрэгтэй нь гэвэл цагийг ягштал баримтлах, илүү юманд цаг зарахгүй байх л чухал гэдэг нь байх. Тэрнээс ажлын найман цагт хоёр гурван ажил хийх төвөгтэй. Тухайн үедээ найз нөхөд амарч, зугаалж, ан ав хөөхөд би торойгоод хоцордог байлаа. Ажил зуун задгай, жаран хагархай байхад өөр арга үгүй. Заримдаа дотроо "Амарч ч чадахгүй би яасан үйлтэй хүн бэ?" гэж бодно. Гэвч эргээд харахад хүн хэдий завгүй байх тусмаа төдий ихийг хийж бүтээнэ. Хэдий чинээ сул цагтай байх тутам базаахгүй зүйл рүү халтирч орж мэднэ. Хэрэв зээ, би олон хариуцлага давхар хүлээж амьдраагүй бол магадгүй архичин болох байсан биз. Тэрнээс хүнээс илүү гоц гойд юм надад юу л байв гэж дээ. 

Би хэзээ танилцлаа?

1990-ээд оны дунд үеийн өвлийн сүүл сар. Хот, хөдөөгүй цагаан сарын бэлтгэл ажил ундарна. Айл хотлоороо цугларч сар шинийн бууз, идээ будаагаа зэхэх үеийн сайхныг ээ. Сар хуучиртал хүний хөл тасрахгүйн хөгжөөнийг яана. Ёс мэт л сар шинэ дөхөхөөр зурагтаар “Төрийн сүлд өршөө” хэмээх кино гарна. Донровын Намдаг гуайн “Цаг төрийн үймээн”-ээс санаандаа ургуулсан Балданцэрэн гүн нүднээ Соном-Очир хэмээх бодит дүрд хувилаад дэлгэцэд амьдрах ажээ. Санаандаа ургуулсан Балданцэрэн, дэлгэцээрх Соном-Очир хоёр насны хувьд ялимгүй зөрөөтэй ч яг л мөн. Дурласан, шаналсан, ганцаардсан, улс орныхоо төлөө шазуур зууж буй Балданцэрэн. Тэр бүрийд илрэх харц, биеийн хэлэмжийг ер яалтай билээ. Төрийн хар хүний төдийгүй эр хүн ямар байх ёстойн биелэл мэт л бодогддог байв. Амьдрал, кино хоёрыг ялгаж салгах насанд очоод харах нь ээ, тэр дүрийн эзэн нь мөнөөх А.Дашпэлжээ гэх эрхэм. Миний Балданцэрэн, миний цагаан сараар  үзэж өссөн хүн. Цаашилбал монгол түмний наадам бүрээр үзэх маршал Х.Чойбалсан, ван Өнөболд. Энэ утгаараа тэр монголчуудын нэгэн үеийнхний ахуйн нэг хэсэг ажээ.

Түүний бүтээсэн олон дүрийн онцлох шинжийг цуглуулбал “эр хүн” гэх нэг л хүн гарна. Анзаарч харвал монгол эр, монгол хүн гэх хоёр ойлголт ихэвчлэн цул байдаг шиг. Монгол хүн гэх ойлголтод нийцэж чадсан эрийгээ “жинхэнэ эр хүн” гэдэг байхаа ч ер магад. Харин А.Дашпэлжээ гэж эр өөрөө амьдралд ямар хүн юм бол оо? Түүний охид нэгтээ "Төрийн сүлд өршөө" киноны Соном-Очир бол яг л миний аав, ер жүжиглэсэн гэж санагддаггүй…" гэж хэлсэн нь бий. Урлагийн салбар дотроо олон талбарт ажиллаж, түүнийгээ нуруутайхан дааж гарсан хүнийх нь хувьд түүнээс цааш ийн асууж буй юм. 

“Энэ ч эр хүн шүү!” гэж бид ярьдаг. Үүний цаад утга нь? 

Хэд хэдэн талтай ойлголт шиг байгаа юм. Сайн талаас нь харвал амьдралын ноён нуруутай, шударга, ажилсаг, ар гэртээ халамжтай хүнийг хэлдэг шиг. Өөр нэг өнцөг нь бас ч гэж шартай, шазууртай, хэрэг хийвэл хийчихдэг, түүнийгээ улайдаггүй, ганц биедээ даагаад гарчихдаг,  санасан санаа нь цаанаа зуулттай яваад байдаг хүнийг хэлдэг. Саар талаас нь харвал архи уувал ч уучихдаг, ярьж хөөрвөл чиг хөөрчихдөг, дургүйгээ хүрэхээр хүний намалдаг нээчихдэг хүнийг хэлээд байх шиг. Энэ бүхнийг олон талаас нь ухаж бодохын оронд сайн талыг нь шингээж чадсан хүнийг л “эр хүн” гэж ойлговол залууст хэрэгтэй биз. 

Та ямаршуухан эр вэ?

За мэдэхгүй ээ. Ямар ч байсан хамаагүй юманд оролцоод байдаггүй л хүн. Дуурийн дуучин ч бай, жүжигчин ч бай, манай мэргэжлийн онцлог нь олон хүний амьдралаар их, бага хугацаагаар амьдарч үздэг. Үзэхийн тулд зайлшгүй судалж таарна аа. Тэр бүхний сайн талууд хүссэн ч, эс хүссэн ч өөрт шингэнэ. Сайн талыг нь шингээж, дааж амьдраад яваа хүнийг муу хүн гэхийн аргагүй. Дуурийн театрын гоцлол дуучин хүн өдөр тутмын амьдралдаа “академический” явж байж л мэргэжлийн цараа нь бүрэлддэг. Би тийм л амьдралаар амьдарсан. 

Таны багаас мэддэг "монгол хүн" гэж хэн байв? 

Миний мэдэх яах вэ, эртнээс ярьдаг нэг зүйл бий. Өнөөдрийн хэллэгээр ёс зүй юм. Бид хүүхдээ эртнээс нэр хугарахаар яс хугар, монголоо алдлаа гэж загнадаг ард түмэн. Монголоо алдах гэдэг чинь ёс зүйгүй байхыг л хэлээд буй. Хуучны судлаачдын бичсэнээр бол тогоо дүүрэн алттай хүн улсын нэг хязгаараас нөгөө хязгаарт хүрэхэд түүнийг хөнддөг, айлгадаг хүн байгаагүй, тийм л төвшин улсыг байгуулсан юм. Монгол хүн гэдэг уул нь бол улсынхаа, монгол хүн гэдэг нэрээ хугалахгүй гэж хичээдэг. Нэр хугарахаар яс хугар гэдгийг Монгол гэдэг нэрийг хугалахаар ясаа хугалъя гэж ойлгож ч болно. Өөр нэг зүйл нь жудаг гэж ойлголт бий. Өндөр настан, эмэгтэй, бага насныхныг дээрэлхэхгүй, агсам согтуу тавихгүй,  монгол өв, соёлын эсрэг биш, за гэчхээд ёо гэхгүй хүнийг хэлдэг үг. Энэ бүхнийг бид гэлтгүй би ч алсуураа жаал жаалхан алдаад байна уу даа. Уул нь хэрэндээ жудагтай монгол эр хүн байхыг хичээдэг. 

Ид магтуулж байх үедээ магтаалыг яаж нуруутай дааж гарав? 

Би магтуулж үзээгүй дээ. 

Шагнал ч өгөөд, албан ажил ч хариуцуулаад байна. Энэ магтаал биш үү? 

Аливаа хүнд төрөөс цол олгохоос наана түмэн олон эхлээд хүлээн зөвшөөрдөг. “Энэ одоо гавьяат авах болчихсон хүн дээ. Яагаад цол олгохгүй байна, цолыг нь өгмөөр юм” гэх зэргээр ярина. Үүний дараа төр засгаас тухайн хүний чадал чансаа, бүтээл болоод олон нийтийн хүндэтгэлийг харгалзан цол олгох зарлиг гаргадаг. Би ингэж л ойлгож шагналаа ихэд хүндэтгэдэг. Ийм итгэлийн үндсэн дээр авсан цол учраас яаж даах билээ гэж үргэлж л бодож, мэрийж, хариуцсан ажил бүрдээ хичээж ирсэн дээ. 

Ид үнэлүүлж, магтуулаад эхлэхээр л урлагийнхан архинд орох юм аа? 

Манайхан магтаалаа архиар илэрхийлдэг. Уухгүй гэвэл “хохилзсон, хогийн амьтан” гэж хэлнэ. Уугаад байвал “Өнөөх чинь архинд орчхож” гээд цөм үргэнэ. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон байх ёстой ч хэмжээгээ тааруулах л ёстой. Жишээ татвал, би маршалын дүрд тоглосон хүн. Нэг удаа согтуу харагдахад л юу болох вэ? “Өө, өнөө маршалд тоглосон А.Дашпэлжээ чинь архинд орж гэнэ. Дүр нь өөрөө ч балгадаг байсан юм гэнэ билээ” гээд ярина. Тэгэхээр надад маршалын дүрээ хамгаалах үүрэг бий биз? Нэр хугарахаар яс хугар гэдэг чинь ийм юм.  Нэр төр хөөцөлдөх гэдэг утгаас шал өөр. Тэгэхээр магтаалыг ч, шүүмжлэлийг ч даана гэдэг чинь наад зах нь архийг яаж давах тухай асуудал юм. Үүнийг сэтгэлийн хатаар давна шүү дээ. Давж чадахгүй бол өгөх ёсгүй шагналыг нь өгсөн байна, магтах ёсгүй хүнийг магтсан байна л гэсэн үг.  

Сэтгэлийн хат гэж юу юм бол оо? Яаж өөртөө суулгах вэ?

Та нарын яриагаар бол зохих ёсны дарамт үзэж байж сууна. Ярих ярихгүй, болох болохгүй юмны заагийг сурч байж үр дүнд нь  аливаа буруу, зөрүү үйлд "ингэж болдоггүй юм" гэж тэвчиж сурна. Болохгүй юмыг хийгээд байх чинь сэтгэлийн хат биш, харин ч болохгүй юмыг хийхгүй тэвчих л сэтгэлийн хат. Хэн чиг байлаа дандаа шулуун дардан замаар амьдрахгүй. Тулгарсан саад тотгорыг би өөрөө л давахаас намайг давуулах гээд байж байдаг хэн ч үгүй. 

 Цаг төр үймэхээ болив уу?

Цаг төрийн үймээн” романд ийм нэгэн хэсэг бий. Балданцэрэн гүн, Сүхбаатар жанжин хоёр хоорондоо ёгт утгаар ярилцаж буй юм. “Энэ тэнгэрийн байдал хүн бүрийн бие махбодыг сүрхий хямруулж байна” гэж. Нээрэн нийгмийн ороо бусгаа, тодорхойгүй маргаашийн төлөв, уур амьсгал хүн нэг бүрийн сэтгэл зүйд ухамсаргүйн түвшинд нөлөөлдөг юм биш байгаа? Ахиад эшлэе. “Бидний хувь заяа яагаад ийм болж орхив” гэдэг бодлыг гүн анх удаа бодов. Цааш бодвол засаг төрийн эрх барьсан хаад, ноён, хутагт хувилгаадад гомдууштай болжээ. Ер нь бүх явдал үнэхээр тэдний муугаас болж орхив уу?”. Харин ээ, өнөөдрийн ороо бусгаа төрх хэний буруугаас юм бол? Ярилцлагадаа эргэн оръё. 

Та эрс өөр хоёр нийгэмд амьдарч үзлээ. Улс орны өөрчлөлт гэдэг зүйл хувь хүнд мэдрэгдэж өөрчлөгддөг юм уу? 

Мэдрэгдэнэ ээ. Их л сонин эд юм билээ. 1990 он гэж үзье л дээ, юун улс орны хөгжил цэцэглэлт, барилга байшинг ажиглах, цалин мөнгөгүй хэцүү үе байв. Жишээ болгон нэг түүх сонирхуулахад 1992 онд бид Ким Ир Сений 80 насны ойн тоглолтоор Ардчилсан Солонгос явлаа. Гэтэл би тэнд очиж гэдэс цадаж буй юм. Бодоод үз дээ? Өлсгөлөнгийн газар очиж цадаж байна гэж. Бид энд ямар байдалтай байсан нь төсөөлөгдөж буй биз дээ. Тийм болтлоо хэцүүдэж байсан үе. Ингэж явсаар 2002-2003 оноос л илт мэдрэгдэхүйц өөрчлөгдөж эхэлсэн санагддаг. Мэдрэхгүй байхын ч арга байхгүй, дэндүү хурдацтай хувирч байна. Манай улсын хөгжлийг яаж бас бусад оронтой харьцуулах вэ дээ. Гэвч саяхан л би Ардчилсан Солонгост очиж цадаж байсан биз дээ!. Түүнтэй харьцуулахад улс орны амьдрал сайжирсан л байна. 

Монголын одоо цагийг юу гэж ажиглаж суух юм? 

Өмнөх нийгмийг нэг хэсэг нь муулж, нөгөө хэсэг нь магтдаг. Би бол муулах дургүй. Тэр нийгэмд л бид улс шиг улс болсон учраас түүнийг хүссэн ч, эс хүссэн ч ярихаас өөр аргагүй. Авууштай зүйл их бий. Хүний ёс зүй, эх оронч сэтгэлгээг сайтар төлөвшүүлж дээ. Нийтийн хүчээр, үнэ төлбөргүйгээр хагас бүтэн сайнгүй субботник хийж, хашаа хороо, байшин барилга барьж, цэцэг ногоо тарьж, улсын “хий” гэсэн бүхнийг хийж байж энэ улсыг, энэ хотыг босголоо. Тэр үед төвлөрсөн төлөвлөгөө гэж зүйл байлаа. Хаана, юунд, хэн, хэдий тоогоор хэрэгтэй юм, бүгдийг нь эртнээс төлөвлөж гүйцэтгэдэг байлаа. Ахиад жишээ татахад одоогийн нутгийн тулхтай хүмүүс, нөгөө аавын оронд аав болсон нутгийн өвгөд гэдэг чинь өмнөх нийгмийн үед намын илгээлтээр очсон улс. Хэдий хувь хүндээ хор хохиролтой тал байж мэдэх ч тийм бодлого яваагүй бол нутаг орон бүүр эзгүйрсэн байх вий. Одоо цагт ийм зүйл алга болжээ. Хаашаа хүрэхээ мэдэж буй дээдэс алга, тэгэхээр ард түмэн нь яаж гүйдлээ олох билээ. Улс гэж байгаа юм бол эзэн нь эзэн шиг баймаар. Хэзээ голдиролдоо орох юм бол доо?

Ирээдүй цагийг харин? 

Нууцгүй хэлэхэд эмзэглэдэг. Хоорондоо авцалдаатай бодлого гэж цөөхөн шиг ээ. Бидний бодлого авцалдахгүй бол лут сүрхий авцалдсан улсын харьяанд орохыг хэн байг гэх вэ? Одоо л барьж авахгүй бол миний цаг үед бус ч хойч үед магад. 

Хааяа ажиглахад “амьдрах” гэж нэг их хэцүү зүйл мэт болчихжээ?

Амь зуух бурхан болохоос хэцүү гэж үг бий. Нарийндаа бол амь зуух гээд л зүтгээд явсан хүн учраас юу хэлэх вэ? Том зургаар яривал нийгэм шилжинэ гэж их хэцүү эд юм байна. Нийгэм шилжихэд төр солигдож буй учраас удирдлагуудын арга барил, залгамж халаа алдагддаг юм байна. Тэрний хор уршиг арилахгүй байх шиг. 1921 онд Ардын хувьсгал гарчээ, бүгд үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй, эсэргүүцэх нь эсэргүүцэж, зарим нь ч дүрвэсэн . Гэсэн хэдий ч одоо шүүмжилдэг боловч тэр үеийн үзэл суртал гээч нь нийгмийн сэтгэл зүйг нэгтгэж чадсан юм. Ном зохиол, кино, жүжиг, дуу хөгжим гээд урлагийн бүх төрлийг ашиглаж ард түмэндээ шинэ нийгмээ ойлгуулж, энэ нийгэмд сурч мэдэх, хөдөлмөрлөх л чухал шүү, хамтдаа зүтгэе гэж хүмүүжүүлжээ. Гэтэл ардчилал гарснаас хойш ардчилсан нийгмийн давуу талыг сурталчилсан, сануулсан, ойлгуулсан юу гарав? Би хоцрогдсон хүн биз, гэхдээ л амьдран буй нийгмээ зарчмын хувьд ойлгуулах, юу нь үнэ цэнтэй юм, яаж амьдарвал зохилтой юм гэдгийг харуулсан зүйл алга. Тэгэхээр залуус зүг чигээ алдахаас өөр аргагүй. Зүг чиггүй улс гутарч, шантарч, няцахаас өөр яах билээ.

Урлагийнханд тийм сөхөө алга шиг? 

Юун түрүүнд мэргэжлийн урлагийн салбарт удирдах боловсон хүчнийг л бэлтгэх ёстой. Уран бүтээлчид чадвартай байгааг цөм харж байна. Харин бодлогоор зангидах, алс хэтээ харж, түүндээ одоо цагаа чиглүүлж чаддаг удирдах мэргэжилтэн хаа, хаанаа дутагдалтай. Өмнөх нийгмийн үед бэлтгэсэн найруулагч, удирдаач, балетмейстэр, хормейстэр бүгд байхгүй боллоо, үүнийг дагаад тайзны, гэрлийн инженер гээд цөм алга боллоо. Өнөө цагийн С.Гончигсумлаа, Л.Намхайцэрэн, Ч.Лодойдамба, Д. Цэвэгмид шиг зангидаж чаддаг удирдах уран бүтээлч нь хэн бэ гэхээр хариулж чадахгүй нь. Саяхан байгуулагдсан Соёлын яамны хийх зүйлийн эхэнд удирдах уран бүтээлчдийг гадаад, дотоодод бэлтгэх орох болов уу. 

Сүүлийн асуулт. Та маршалын дүр хаана хэрэгтэй байна, тэр бүрийд очиж байна. Цаанаа юунд зорих юм? 

Нэгдүгээрт, уран бүтээлч хүнд дүр олдож байна гэдэг сайхан зүйл. Хүн надад итгэж байвал би чадахын төлөө явах ёстой. Хоёрдугаарт, ер нь урлаг, тэр дундаа дэлгэцийн урлаг олон нийтэд маш нөлөөтэй. Маршалын дүрээр залуу үе, хойч үедээ хэлмээр буй зүйл, хэлэх ёстой зүйл бий бол үүргээ ухамсарлаж ажиллах л ёстой. Миний өмнө хэлсэн эмзэглэл ч бас байна, энэ бүгдэд нийцэхгүй саналд тоглодоггүй. Мэдээж надаар дутахгүй л дээ. Би сайн юмны төлөө зүтгэсэн дүрд тоглох дуртай. Жүжигчин хүн туг ч барьж, тугал ч хариулж, ноён байсан ч, нохой байсан ч тоглох ёстой гэдэг ч дэлгэцийн урлагт би санаан зоргоор хандаж болохгүй. Учир нь би Монгол Улсын түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн Х.Чойбалсан, хэдий уран сайхны дүр ч Өнөболдод тоглосон хүн. Тийм учраас өнөө Өнөболдыг өөр кинонд "Наадахаа цааш харуулчих!" гэж хэлүүлээд алж хяддаг, өш хонзон санадаг дүр болгож болохгүй. Хүмүүсийн санаанд миний энэ царай яаж тусдаг нэг жишээ ярья. 1990-ээд л он байх, бид анхалж халтуур хийж эхлэв ээ. Шинэ жилээр манайхны нэгний ээж, аавын ажил дээр дуулав. Тэр өдөр нь бас Б.Бат-Эрдэнэ аваргын ажил дээр дуулах ёстой. Аварга ч биднийг авах гээд ороод иртэл өнөө хэний аав нь "Дашпэлжээ гуай чинь овоо том эр шиг байсан. Б.Бат-Эрдэнэ аваргын дэргэд ч жижигхэн юм аа" гэнэ. Мөн харьцуулах хүнээ олов оо (инээв). Хүмүүсийн санаанд Өнөболд, Х.Чойбалсан бие бялдрын хувьд ч болох нь ээ тэгж томоор тусдаг байж магад. Хэдий сайн талтай ч ноцтой зүйл байгаа биз? Ямар сайндаа Г.Равдан намайг "Гүн ванд л гүйлгээтэй хүн" гэх вэ дээ (инээв). 

Ингэхэд та маршалын хувцсаа өмсөхөөр харц тань жирийн үеэс эрс өөр болчих юм? Дүрдээ орох үедээ юу боддог вэ? 

Би бол мэдээж хэрэг харцаа тэгж, ингэж өөрчилнө гэж бодоогүй байж таарна. Харин анхны долоогийн тухай, 1945 оны бүх ард түмний санал асуулгын үйл явц, үр дүнд улс оронд бий болсон түүхэн нөхцөл юу билээ гэх зэргээр төсөөлнө. Санал асуулгын үр дүнг сонсоод маршалд яасан их баяр хөөр төрөө бол? Эсвэл нэг их том хариуцлага мэдрэгдээ юм болов уу!?

Тэртээ 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголын ард түмэн анх удаа бүх нийтийн санал хураалтад оролцсон юм. “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” хэмээх заавартай асуулгын утга  нь харин “Тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу?” гэж байлаа. Архивт тэмдэглэн үлдээснээр бол “Санал хураалтад 483291  хүн саналаа өгсөн нь сонгуулийн эрхтэй нийт хүмүүсийн 97.8 хувь болсны дээр саналаа өгсөн иргэд 100 хувиар Монгол ард улсынхаа тусгаар тогтнолоо баталж саналаа өгсөн бөгөөд татгалзсан нэг ч хүн гарсангүй” хэмээжээ. 

Энэхүү асуулгаас хойш 76 жил өнгөрчээ. Тусгаар тогтносон Бүгд найрамдах Монгол Улсын иргэд бидний харц харин ямар вэ? Яадаг ч бай, ахиад ийм асуулга явуулбал мөн л 100 хувийн саналаар зөвшөөрөх биз ээ! Бид харин түүний хэлдгээр хүссэн ч, эс хүссэн ч цаг үеийнхээ үүрүүлсэн ачааг даагаад гарах л учиртай болов уу.

Ярилцлага энд хүрээд дуусч байна. Анхандаа ердөө л түүний намтрыг авч үлдэхийг зорьсон ч явцын дунд ийм нэгэн асуулт, тийм нэгэн итгэлтэй хоцров оо. Тэр зөвхөн маршал Х Чойбалсан эс бол миний Балданцэрэн гүнд тоглосон жүжигчин төдий биш ажээ. 


Ярилцлагыг Чимэдцэрэнгийн Бат-Уянга

Гэрэл зургийг Зоригтын Энхмөнх



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.17 66.181.160.34

Нутагт минь ийм сэтгүүлч ирсэнд баяртай байна.

0 Хариулах


Ulziisaikhan.Kh 2021.09.17 124.158.64.190

Сайхан хүн. Сайхан ч бичиж. Баярлалаа! ❤️

0 Хариулах


Зочин 2021.09.16 66.181.161.67

Баярлэлаа

0 Хариулах


Gerelsuren 2021.09.15 202.179.27.17

Gaikhaltai saikhan yriltslaga, ene hunii amidralaar durslel duuren ayalakh shig bolloo

0 Хариулах


Уншигч 2021.09.15 66.181.176.237

Bayarlalaa

0 Хариулах