Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Тохуурхлын эсрэг тохуурхал


“Сэрэлт” кинонд ийм нэг “хөөрхөн” үзэгдэл байдаг даа, орос эмч нүд нь боолттой эмэгтэйд тусламж үзүүлэх санаатай, “Таны нэр хэн бэ” гэж боловсон ёсоор асуухад өвчтөн цуг явсан найз бүсгүйгээ нударч ирээд л “элэг нь хатцарчихдаг”. Юм үзээгүй, нүд тайлаагүй 1920-иод оныг үзүүлсэн яг тэр дүр зураг 100 жилийн дараа ч бидний монголчуудад давтагдан лавширч байх аж. 

Монголд улс төрийн сэдэв “явахаа” нэгэнт больжээ. Энэ салбарт ямар нэгэн үйл явдал болох, хэн нэгэн мэдэгдэл хийх, бүр нэгээхэн агшны гэрэл зураг тархахад л улс даяараа “татаж унацгаадаг” нь гэм биш зан болов. Хэт улстөржихгүй нь сайхан ч юм шиг. Уур унтуугүй нь цовоо маягтай аятайхан ч юм шиг. Үргэлж сэтгэл хөөрлийн байдалтай аяглацгаах нь галзуу ч юм шиг. Хамгийн сүүлд, Төрийн гурван өндөрлөг зэрэгцэж суугаад хувийн хэвшлийнхэнтэй уулзахдаа ярианы тэмдэглэл хөтөлсөн биш бид далимд нь сэтгэлээ сэргэтэл наргилаа. “Бичиж байна, хар даа, яана аа бүр гурвуулаа бичээд авчихлаа шүү дээ” гээд л аальгүйтэн хөхрөлдөцгөөв.

Бид яагаад ийм болов? Биднийг хэн ийм шооч, өөнтөгч, үл итгэгч, галзуу солиотой татаж унасан амьтад болгов? Улстөрчид одоо ийм ард түмнээс талархал, хүндэтгэл хүлээх хэрэггүй. Ямар ч сайхан зүйл ярьсан хэн ч тэдэнд итгэхгүй, егөөдлөөр бөмбөгдсөн маазраан болж байна. Одоо ямар ч бэрх лидер өмнө зогссон түүнийг хэдэн саяулаа элбэж байгаад сагсуу салбадай, өрөвдөлтэй мангуу болгож дөнгөнө. Дараа дараагийн сонгуулиар энэ байдал улам хурц болно. Таарсан юмнууд нэр дэвшвэл бүгдийнх нь нүүрэн дээр цэрдээр гахайн хоншоор зураад хөөдөг болох вий. Ямар ч дүнгүй тохууны сонгуулиудтай нүүр тулж л таарах болов уу. 

Монголын улс төрийн хүрээнд амь зуугсад элэг доогийн хавхыг өөрсдөдөө зэхсэн билээ. Одоо ямар ч цэцэн амбийц дэлгэцэнд элэглэгдэж, долоовор хурууны доог тайлахаас өөрцгүй. Хүмүүс ийм байгаагүй юм шүү. Ард түмэнд итгэл, хүндэтгэл байсан юм аа. Бүтэлгүй мөртлөө зальжин, чадваргүй байтлаа дээрэнгүй харанхуй бүдүүлгийн туйлд эхэндээ уурсан бухимддаг байсан бол, аандаа шүүмжилдэг, сүүлдээ үл тоомсорлон элэглэн шоолдог болсон юм. Иргэд улстөрчдөөс мэргэн бодлогыг, хуульт ёс, шударга ариуны үлгэр дуурайлыг хүлээсний хариуд мэдлэг боловсрол тааруу мөнгөний гахайнууд, булчин шөрмөсөөс өөр эрдэмгүй бухнууд өөрсдөөсөө зиндаа хавьгүй дээгүүр олон түмнийг удирдахыг санаархсан нь одоогийн лидерүүдийг алиалагч болгон хувиргаж байна. Улстөрчдөд жирийн иргэдээс талархал, хүндлэл хүлээх шалтгаан, төд дайны үнэ цэн байсангүйн горыг одоо бүхэл бүтэн орны бодлого боловсруулагчид 30 жилийн хойно ид амсаж байгаа хэрэг. 

УИХ-ын хоёр тойрогт ирэх сард нөхөн сонгуулийн санал хураалт болно. Томоохон үйл явдал мөн үү гэвэл мөн. Хоёр тойргийн сонгуульд бүртгүүлсэн нэр дэвшигчдийн дотор хаан болох хүслээ гүйцээх гэж яваа хүн байна, олон авлигачийн толгойг овоолж байгаад тойрон бүжиглэх хэрэгтэй гэдэг хүн ч явна. Үнэлэмж иймдээ тулсан. Улс төрийн томоохон намуудаас иргэдэд санал болгосон нэрс ч нэг л явахааргүй, сонгогчдын эрэлт шаардлагыг манлайлах бүү хэл элэг доогоос хэтрэхээргүй сонголт харагдана. Соошлоор дүүрэн шоололт. Тэд өөрсдөө л буруутай. Биднээр тохуурхаж ханаагүй аж.

Боксчдын хамгийн том дарга болсон шавилхан эр уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд юм. Түүний нэг хүүхдээрээ шахам согтуу мастерыг архи их уудаг, ёс төргүй булай амьтан гэж ахмад мастерууд нь бүлэглэн зодож амь насыг нь хөнөөхдөө тулсан гэмт явдал болоод удаагүй тул Монголоор нэг яриа хөөрөө болж буй өдрүүд үргэлжлэн байна. Сайд тэр том суудлыг авсан баяр цэнгэлт шөнө эл хэрэг гарсан тул хүмүүс түүнийг баалж л таарна. Сайд их уурлаж “Тэгвэл энэ боксчдынхоо даргыг надаас ав” хэмээн тунин архирсан. Алба эрхэлсэн хүний хувьд олон нийтээс уучлал эрэх, ёс зүйн хариуцлага хүлээхийн оронд нэг их хэрэгтэй юм чулуудаж байгаа аятай аяглах төрийн түшээдтэй байхаар бид элэглэн шоолж, тохуурхан шившиглэхээс өөр яах билээ. Өөрсдөө л буруутай. Бид тохуурхагсдаар тохуурхаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.