Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Шинэ оюутнуудад өгөх 10 хэрэгтэй зөвлөгөө


Оюутан нас хүний амьдралын хамгийн сонирхолтой, хөгжилтэй бас гунигтай, адал явдалтай, эргээд санахад нүд ирмэх төдий мэт хугацаанд урссан дурсамжтай сайхан 4 жил байдаг. Гэтэл бидний зарим нь амьдралдаа олдох тэрхүү нандин бас богинохон цаг мөчийнхөө анхны жилийг нь алдаж оносоор, төөрч будилсаар өнгөрөөсөн тохиолдол бий. Тэгвэл бид оюутан болж их, дээд сургуульд орж буй залуусдаа зориулан энэхүү зөвлөмжүүдийг хүргэж байна.


#1 Их сургууль бол арван жилийн сургууль биш.

Арван жилд байхад ангийн багш нар хичээлээ хий, даалгавраа хий, хичээлээ битгий тасал, яагаад хичээлдээ ирэхгүй байгаа юм гэх зэргээр "үгэлдэг" байсан шиг үглэх хүн их сургуульд нэг ч байхгүй. Таныг хичээлээ таслахад чи хичээлдээ суу гэж хэн ч араас чинь гүйхгүй, их сургуулийн багш нарт таны хичээлээ хийх, хийхгүй байх, эсвэл даалгавараа гэртээ мартах ямар ч хамаагүй. Харин та хийснийхээ хэрээр л дүгнэгдэж үнэлгээгээ авна гэсэн үг. Тэгэхээр та хийгээд сайн дүнгээ авна, эсвэл өөрөө мэдээд хийхгүй явсаар унана. Таны л сонголт. Гол нь хэн ч таныг хий гэж хүчлэхгүй, их сургууль хэзээ ч арван жилийн сургууль шиг байхгүй гэдгийг анхаараарай.

#2 Шинэ хүмүүстэй танилцахаас бүү зайлсхий.

Найзууд, танил тал болоод олон хүнтэй холбоотой байна гэдэг их сургуульд тун хэрэгтэй зүйлсийн нэг. Шинэ хүмүүстэй танилцаж, найзалж нөхөрлөхөөс хэзээ ч бүү ай, битгий санаа зов. Танил тал хаана ч хэрэг болдог шүү дээ. Эсвэл сайн найзаа тэдний дундаас олох ч юм билүү. Хүн амьдралынхаа жинхэнэ анд нөхрийг оюутан байх үедээ олдог гэх яриа ч бий шүү дээ. 

#3 Эрүүл мэнддээ анхаар.

Оюутны амьдралын ачаалал арван жилийн сургуулийнхтай харьцуулах ч юм биш. Нэг өдөрт 5, 6 паар дарааллан суух өдрүүд цөөнгүй. Гадуур дотуур зөндөө ажил амжуулна, бие даалтуудаа хийнэ, номын санд сууна, найзуудтайгаа уулзана, хааяа нэг зав гаргаад өөрийгөө зугаацуулна. Энэ бүхнийг бүгдийг нь даван туулж чаддаг байхын тулд та эрүүл мэнддээ чухам сайн анхаардаг байх хэрэгтэй. Мөн муу зуршлуудаа багасга. Хэрвээ нэг л өдөр ядраад унаад өгөхийг хүсэхгүй байгаа л бол шүү дээ.

#4 Өнгийн тодруулагч болон наадаг цаас.

Өнгийн тодруулагч болон наалддаг цаасыг байнга цүнхэлж яв. Энэ хоёрын хэрэг хэзээд гарах болно. Дараа нь санах ёстой, мартаж болохгүй гэсэн зүйлээ номон дээрээ эсвэл дэвтэр дээрээ тодруулагчаараа тэмдэглээд авчих. Мартах гээд байгаа зүйлээ наадаг цаасан дээрээ бичээд нүдэнд байнга тусах газраа наачих. Хэрэг нь гарна даа.

#5 Багш нартайгаа тогтмол, сайн харилцаатай байх.

Магадгүй энэ бага зэрэг сонин санагдаж байж болох ч энэ бол их сургуулийн амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг мөн. Хичээлээ тарангууд шууд битгий харь. Сургуульдаа жаахан байгаад, мэргэжлийн ангийн багш, тэнхимийн багш нартаа бага зэрэг цаг зав гарга, уулзаж ярилц, ойлгохгүй байгаа хичээлээ асуу, заавар зөвлөгөө ав. Хэдий хичээлдээ муу байж болох ч хичээл зүтгэлтэй, хийе гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч хүнд хүн бүхэн дуртай байдаг юм. Гэхдээ мэдээж багш нартайгаа ярилцаж, холбогдож бай гээд тэдэнд илт ая тал засаж, долигоно гэсэн үг биш шүү. Тэгвэл байдал тун өөрөөр эргэнэ.

#6 Сайн дурын ажилд оролцох.

Их сургуульд орсноос тань хойш хаана ямар л сайн дурын ажил, үйл ажиллагаа байна түүнд аль чадахаараа оролцож бай. Хүнд туслаад, буйн үйлдээд, ажил хийсэн байсан ч та мөнгө аваагүй байж болно. Гэхдээ танаас юу ч унахгүй. Танд хэрэгтэй зүйлс ирээдүйд хэзээ нэгэн цагт танд эргээд хүрээд л ирнэ. Жишээ нь л гэхэд гадаадын их, дээд сургуулиуд руу тэтгэлэгээр явахаар болоход таны хэдэн медаль, хэдэн шагнал авсан чинь тийм ч чухал биш. Харин хаана, ямар, хэдэн олон нийтийн ажилд хэрхэн оролцсон чинь түлхэц болж өгдөг.

#7 Зарын самбаруудыг тогтмол шалгаж байх.


Сургуулийн зарын самбаруудыг тогтмол шалгаж байх нь их чухал. Тэнд танд хэрэгтэй мэдээллүүд байнга хийгдэж байдаг. Клубууд, тэдний үйл ажиллагаа, сайн дурын ажлууд, ажлын зарууд, олсон гээсэн гээд л хэрэгтэй зүйл тэндээс их олдоно шүү.

#8 Мэдлэг, боловсрол дүнгээс чухал гэдгийг сана.

Өөрийн биеэр мэдрээд, туулаад, ухаарч ойлгсон, сурсан практик ажлууд эсвэл толгойндоо чихэж чихэж цээжилсэн онолын мэдлэг хоёрын аль нь амьдрал дээр гарахад илүү хэрэг болох вэ гэдгийг бодоод нэг үзээрэй. Тааруухан голч дүнгээс болж хэзээ ч битгий сэтгэл санаагаар уна. 

#9 Өөрт эвтэйхэн хувцсаа өмсөж байх.

Магадгүй хичээл эхэлсэн эхний хэдэн долоо хоногт та бусдад сайхан харагдахаар гоё ганган хувцсаа өмсөж болох ч хичээл эхлээд явц дундаа ороод ирэхийн цагт хичээлийн үеэр аль болох биед эвтэйхэн, чөлөөтэй хувцсаа өмсөж байх нь өөрт хэрэгтэй. Олон цаг нэг газраа удаан сууна, агааржуулагч муутай, цонхоо хаасан ангид олон хүнтэй цуг удаан хамт суух үе ч гарна. 

#10 Клубуудад элсэж орох.

Их сургуулийн клубуудад орохоос бүү төвөгшөө. Магадгүй та тэндээс сайн найзуудаа олно, найз охин/залуу чинь ч тэнд байж болох. Мэдээж тэр олон клубууд дунд таны дур сонирхолд нийцсэн, таны сонирхдог зүйлсээр үйл ажиллагаагаа явуулдаг клуб байж л таараа. Нэгийг нь сонгоод л ор. Зөндөө олон найз нөхөдтэй, танилтай болох боломж ч бас бий.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.