Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Digital Nation - 2021 | Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарын хэлэлцүүлгээс онцлох нь


"Digital Nation 2021" үндэсний арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр нийгмийн салбар бүрийн төлөөллүүд цахим шилжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг бусад салбарууд хэрхэн технологийг хурдасгуур болгон ашиглаж, үр ашиг, хүртээмжээ дээшлүүлэх тухай хамтдаа хэлэлцэн, гарц шийдлийг эрэлхийлэх нь "Digital Nation 2021"-ийн бас нэгэн онцлог гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж буй. Ингээд салбар хэлэлцүүлгүүдийн онцлох санаа, эшлэлүүдээс хүргэж байна.

Эрүүл мэнд: #Хүний нөөц #Эмзэг мэдээлэл #Даатгалын тогтолцоо

"Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлгээр салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал, даатгалын тогтолцоо, хувь хүний мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлуудыг хөндсөн юм. Дэлхий нийтээрээ эрүүл мэндийн салбар дахь хүний нөөц хомсдол байгаа ба нэн ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлдэх шаардлагатайг Интермед эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох онцолсон юм. 

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийн хоёр том чиглэл байна. Нэг нь, эмнэлгийн програм хангамж, нөгөө нь эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, тохиргоог хийх мэргэжилтнүүд. Манай улсад энэ чиглэлийн мэргэжилтнүүд хомсдолтой байгаагийн улмаас эмнэлгүүдийн том хөрөнгө оруулалт хийж авсан тоног төхөөрөмжүүд сул зогсож, хохирол амсаж байна. Иймд сургуулиудын сургалтын баазыг сайн хангаж өгөх хэрэгтэй. Өөрсдөө програм бичиж үзээгүй, төхөөрөмж дээр ажиллаж үзээгүй цэвэр онолын мэдлэгтэй боловсон хүчнүүд төгсөж гараад том системтэй нүүр тулж байна. Тэднийг сургахад бид багадаа хоёр жилийг зарцуулдаг" гэлээ. 

Иргэний эрүүл мэнд, өвчний түүх нь хувь хүний эмзэг мэдээлэлд зүй ёсоор багтдаг тул тэдгээрийг цуглуулах, хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль эрхзүйн зохицуулалт шаардлагатайг оролцогчид хэлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Нийтийн мэдээллийн хууль, Хувь хүний өгөгдөл хамгаалах хууль, Кибер аюулгүй байдлын хууль, Цахим гарын үсгийн шинэчилсэн найруулга гэсэн дөрвөн багц хуулийн төсөл яригдаж байгаа аж.

Түүнчлэн "Эрүүл мэндийн салбарт өвдсөний дараа оношлох, эмчлэх, өвдөхөөс урьдчилан сэргийлэх гэсэн хоёр төрлийн тогтолцоо байх ёстой боловч одоогоор эрүүл амьдралын хэв маяг буюу урьдчилан сэргийлэх тогтолцоо хараахан бүрдээгүй байна. Иймээс хувийн хэвшлийг энэ чиглэлд ажиллах боломжоор хангаж тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол өвдсөний дараа эмчилдэг, мөнгө зарцуулдаг байдал өөрчлөгдөхгүй" гэдгийг Insur компанийн гүйцэтгэх захирал Б.Чулуунпүрэв хэлэв. 

Иргэний эрүүл мэнд, өвчний түүх нь хувь хүний эмзэг мэдээлэлд зүй ёсоор багтдаг тул тэдгээрийг цуглуулах, хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль эрхзүйн зохицуулалт шаардлагатайг оролцогчид хэлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор Нийтийн мэдээллийн хууль, Хувь хүний өгөгдөл хамгаалах хууль, Кибер аюулгүй байдлын хууль, Цахим гарын үсгийн шинэчилсэн найруулга гэсэн дөрвөн багц хуулийн төсөл яригдаж байгаа аж. Эрүүл мэндэд ч бус нийгмийн бүхий л салбарт иргэдийн эмзэг мэдээллийг яаж ашиглах, хэнд, ямар зөвшөөрөлтэйгөөр өгөх, хаана хадгалах вэ гэдгийг энэ багц хуулиар дамжуулан хийхээр зорьж буй гэлээ. 

Боловсрол: #Тэгш #Хүртээмжтэй #Чанартай

Чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй олгохоор буй хувийн хэвшлийн төлөөлөл энэ салбар хэлэлцүүлэгт оролцсон юм. 

Infinite Solution компанийн үүсгэн байгуулагч Nest Education IT School-ийн инноваци эрхэлсэн захирал Б.Габит "Бид Nest сургуулийг 2017 онд үүсгэн байгуулсан. 1990-ээд онд монголчууд гадаад хэл зайлшгүй шаардлагатай гэж үзээд орос хэлж сурч эхэлсэн. Дараа нь англи хэл илүү чухал гээд англи хэл сурах болсон. Өнөөдөр дахиад нэг цоо шинэ хэл гарч ирсэн нь IT юм. Хиймэл оюун ухаан, мэдээллийн эрин зуун хэрхэн зохицож амьдрах вэ гэдэг чухал болоод байна. Тийм учраа бид мэдээллийн технологийн боловсролыг хүүхдүүдэд арван жилээс  нь эхлэн олгох зорилгоор сургуулиа байгуулсан. Арван жилээ төгсөхдөө ийм чадвартай төгсчихвөл дараа нь туршилт хийж өөрийгөө олоод энэ дэлхийд амьдарч буй утга учраа ойлгоход бас нэг алхмаар дөхөм болох юм" гэлээ. 

MEXIM Consulting компанийн захирал, ubt.mn-ийн үүсгэн байгуулагч Ц.Баяр "Боловсролыг тэгш, хүртээмжтэй, орон зайнаас үл хамаарах байлгахын тулд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Уламжлалт цаасан суурьтай үнэлгээний арга зүй одоог хүртэл ашиглаж байна. Гэтэл олон улсад CBT, IBT зэрэг төрөл бүрийн үнэлгээний системүүд хөгжиж байна. Үнэлгээний системийг технологитой хослуулснаар мэдлэгийг илүү бодитой үнэлж, боловсролыг хэр чанартай олгож байна вэ гэдгийг үнэлэх, хэмжих боломжтой болно. Өнгөрсөн нэг жилд манай системийг давхардсан тоогоор 385 мянган сурагч ашиглан хичээлээ хийж, шалгалтаа өгсөн бөгөөд үүний 70 орчим хувь нь орон нутгийн сурагчид байсан."

TomYo EdTech-ийн үүсгэн байгуулагч В.Баярсайхан "TomYo платформыг хөгжүүлж эхлэхээс өмнө бид 12-25 насны 10 мянган залуугаас судалгаа авахад 99,7 хувь нь гадаадад сурах хүсэлтэй, 80-аас дээш хувь нь одоо сурч буй сургуульдаа сэтгэл хангалуун биш гэж хариулсан. Энэ бол гамшгийн тоо. Үүнийг өөрчлөхийн тулд бид технологи ашиглахаар шийдсэн. Учир нь, технологийн хамгийн хийдэг гурван зүйл байдаг. Тодруулбал, ямар ч үйлчилгээг хүртээмжтэй, хямд болгодог. Гуравт, цаг хугацаа, орон зай, санхүү, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран хүн бүрийн хамруулж чаддагаараа онцлог. TomYo үүнийг ашиглан бүх шатны боловсролыг нээлттэй болгож, залуучуудыг дэлхийн иргэн болоход нь тусалъя гэж зорилготойгоор эхэлсэн."

Нийгмийн хамгаалал: #Оролцоо #Хүртээмж #Энгийн мөрөөдөл

"Оролцоог цахим технологи хэрхэн дэмжих вэ" сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр, Ай Си Ти Группын үүсгэн байгуулагч, дэд захирал А.Баттамир, Нитотек компанийн гүйцэтгэх захирал А.Энхжин нар оролцсон юм. 

Мөн энэ үеэр Сим Биониокс компани дэлхийн өртгөөс хэд дахин бага үнээр бүтээсэн бионик гарыг Т.Ариунхишиг охинд гардуулж өглөө. Энэ гар нь хүний өдөр тутамд хийдэг 8 төрлийн үйлдлийг 90-95 хувийн гүйцэтгэлтэй хийдэг юм байна. Тэд Хүүхдийн энгийн мөрөөдөл ТББ хамтран зорилтот бүлгийн 500 гаруй хүүхдэд бионик гар хийж өгөхөд олон нийтийн санхүүжилт, хандив босгохоор зорьж байгаа аж. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Одоо Саадгүй байдал болон хүртээмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байна. Би ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй охинтой. Охин маань өнөөдөр маскаа авахгүйгээр хичээлдээ явж байна. Ангийн хүүхдүүд нь ийм тийм гэж хэлэхээс айдаг. Тэгвэл нийгэм даяараа ялгаварлан гадуурхахгүй байх тэр сэтгэлзүйг авчрах ёстой. 

Хөдөлмөрийн тухай хууль саяхан батлагдахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд надад нийт 25 санал хүргүүлснээс би 23-ийг тусгуулж чадсан. Энэ хуульд тухайлбал, 25-аас дээш ажилтантай албан байгууллага 25 хүн тутамдаа нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах тухай тусгасан. Засгийн газар, УИХ, Тамгын газраас эхлээд хуулиа биелүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах шаардлагыг тавьсан. Энэ мэтчилэн бүгдээрээ хуулиа биелүүлээд явъя." 

Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр "Төрөөс гаргаж буй бодлого, үйл ажиллагаа, аж ахуй нэгжээс гарч буй үйлчилгээ, бүтээгдэхүүн, барилга байгууламжийг эхнээсээ л нийгэмд буй янз бүрийн хэрэгцээтэй хүмүүст зориулж бүтээх нь хүний хөгжил төдийгүй улс орны хөгжилд чухал ач холбогдолтой юм. Тухайн нийгэм хэр аюулгүй, иргэддээ ээлтэй байна вэ гэдгийг эдгээрээс харж болно. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол нийгмийн хөгжлийг илтгэгч индикаторууд юм."

Ай Си Ти Группын үүсгэн байгуулагч, дэд захирал А.Баттамир "Манайд оролцоог дэмжих чиглэлээр хууль тогтоомжууд батлагддаг боловч технологи ашиглан хүртээмжтэй болгох ажлууд хангалттай хийгдэхгүй байна. Гарын арван хуруунд багтах цөөн хэдэн төрийн байгууллагууд л вэб сайт, аппаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж шинэчилсэн.

Жишээ нь, манай компанид сонсголын бэрхшээлтэй гурав, харааны бэрхшээлтэй хоёр, нийт таван хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг. Тэдний дунд 100 хувь хараагүй хэрнээ сонсголоороо код бичдэг инженер бий" гэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.