Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Интернационал болзооны түүх


Болзоо бүр онцгой. Заримдаа баяр жаргалтай, заримдаа сэтгэл гонсойлгом, заримдаа гэгэлгэн, заримдаа бүр утгагүй, дургүй хүрэм, гэхдээ ихэнх нь ой тоонд он удаан хадагдан үлддэг. Энэ удаад бид хөгжилтэй, хөгтэй, хөөрхөн болзооны түүх хүүрнэж байна. Гэхдээ дандаа гаднынхантай болзсон түүх юм шүү.  


Нэг америк залуутай болзох болсон юм. Цөөнгүй жилийн өмнөх явдал л даа. Хоёр дахь болзоо байсан болов уу. Дундын нэг найзындаа оройн хоол идэхээр цуглаад, өөр бас хэдэн найз ирчихсэн байлаа. Хоол ч болж, идэхээр суух гэхэд мань эр суух гэж байсан сандлыг минь татаад, би газар пад гээд л унаж билээ. Миний хувьд болзож байгаа, өөрөөр хэлбэл таалж, таалагдах гэж байгаа охиноо тэгж унагаана гэдэг санаанд оромгүй зүйл байсан. Америкчуудын prank (чадах) соёл гэж сонин эд шүү. Бид хоёр энэ өдрөөс хойш хэдэн удаа болзоод, сайн таарахгүйгээ мэдээд болихоор шийдсэн, гэхдээ одоо ч сайхан нөхөрлөж байгаа. Бас болоогүй, сүүлд найз бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулж, АНУ-д байнгын оршин суух эрх авах болоход (бүсгүй нь буриад юм) нь тэр хоёрын хайр дурлалын түүх, харилцаа үнэн болохыг баталсан захидал найзын хувиар бичиж өгсөн шүү. 

- 29 настай/эмэгтэй 

Оюутан байхдаа нэг америк залуутай болзов оо. Сургуулийн дотуур байранд амьдардаг найз дээрээ зочилж очоод түүнтэй танилцсан юм. Тэгээд хэд хоног зурвас бичилцэж байгаад болзоонд уригдлаа шүү. Хаана уулзах вэ гэсэн чинь дотуур байрандаа урьдаг юм байна. Уг нь болзоо чинь газар, цагаа товлоод хоёр хүн хоёр талаасаа уулздаг эд биш сэн билүү. Жаахан дурамжхан санагдаад өөрөөс нь асуулаа. Юу хийх юм, яах юм, ийх юм гээд л. Тэгсэн чинь зүгээр хүрээд ир, энэ хавиараа байцгаая, метронд суугаад хэлээрэй тосоод авъя гэнэ. Би өвөлжин хичээл хийгээд, хичээл номын араас өндийгөөгүй болохоор олон юм бодолгүй гараад оччихмоор ч юм шиг санагдаад болдоггүй. Гадаа хавар болоод, сакура цэцэглээд юу ч болоод байгаа юм, цаг агаар хүртэл намайг гоё хувцсаа өмсөөд нүүрээ будаад гар гээд ятгаад болдоггүй. Тэгээд бас саяхан нэг туфли авсаныгаа өмсмөөр ч санагдаад, догдлоод. За ерөөсөө л явна гээд бэлдэж гарлаа. Тэгээд л даашинз, өсгийтөө өмсөөд, толины урд эргэлдэж эргэлдэж цаг харсан чинь нэлээн оройтчихсон, метрогоор явбал болзсон цагаасаа хоцорчих гээд, за дүүрсэн хэрэг гээд хотын өмнөд дүүргээс төв рүү таксинд суув. Таксины мөнгө ямар ч их гардаг юм, яршиг энд буугаад алхъя гэж бодон бодон явсаар нэг юм ирлээ. Тэгээд яваад ортол нөгөөх чинь найзуудтайгаа дотуур байрныхаа гал тогоонд пицца идээд сууж байна. Ямар ч болзооны шинж алга. Зүгээр шорт, футболк, углааштайгаа пицца идээд сууж байдаг юм, хөгийн нөхөр. Би жигтэйхэн гангалаад болзоонд очсон нөгөөхийн маань сууж байгаа таарч дээ гээд гайхах ч шиг, бантах ч шиг. “Би харин найзтайгаа уулзаж байгаад ирлээ” гэж худал хэллээ. “Хаана уулзсан юм?” гэхээр нь гадуур хүнтэй уулзаж үзээгүй, газар мэдэхгүй би ээрч мууран “Сургуулийн тэнд” ч гэх шиг. За тэгээд ширээнд суулаа. Гэтэл тэр хүмүүс хөөрхий гэрийн хувцастай л болохоос цагийг үнэхээр хөгжилтэй сайхан өнгөрөөж байгаа болж таарав. Нөгөө залуу маань гитар тоглож, хүмүүс дуулаад л, янз бүрийн тоглоом тоглоод л оройжин гоё байв. Шөнө дунд дөхсөн чинь гарч алхах уу гэнэ. Дагаад гарлаа, газар сайгүй явлаа. Бүр ямар ч зорилгогүй метронд сууж ийш тийшээ хэдэн буудал давхиж балайрч, хоёул гудамжинд, дэлгүүрийн үүдэнд бор цаасан уутанд хийсэн шилтэй дарс ууж ч суув. Ямархан төсөөлөлтэй гарлаа даа, хөөрхий минь. Шөнө унтдаггүй, хөл хөдөлгөөнтэй хотыг ч хэлэх үү, тэр дунд биднийг анзаарах сөхөөтэй хэн ч байхгүй, сүүлдээ хөл өвдөөд, гутлаа тайлаад хөл нүцгэн алхсаар үүр цайлгав. Энгийн, эелдэг залуутай ямар ч мөнгө үрэхгүй пицца идэж, гадуур алхаж болзсон маань санаанаас гаралгүй үлджээ. “Nick and Norah’s Infinite Playlist” үзэхээр тэр болзоо маань бодогдоод инээд хүрдэг юм. Тэгээд би тэрнээс хойш болзоонд гангалж очихоо ч больсон, бас юу ч хамаагүй элий балай юм хийж өнгөрөөх нь зүгээр гэдгийг ч ойлгосон. Тиймдээ ч дараа нь болзсон өөр хүмүүс лаг газар урихаар нь “Өө, ямар уйтгартай болзоо вэ” гэх мэтийн юм боддог болчихсон байж билээ. 

- 31 настай/эмэгтэй

Лондонд сурдаг байхад “Tinder”-т нэг канад охинтой таарлаа. Уулзъя гэхээр “Санаа зовоод байна. Нүүр тулаад уулзахаараа олигтой ярьж чадахгүй болчихдог” гээд нэг л янзгүй, тэгсэн хэрнээ байнга л бичээд байна. Бичдэг зүйлс нь хөөрхөн болохоор би хариу өгөөд л, тэгж байгаад нэг өдөр залхуу хүрээд хариу өгөөгүй юм. Тэгтэл “Уулзъя” гэж байна. Би өнөөхийгөө бараг юм ярихгүй суугаад байх юм болов уу, таг дуугүй болцгоогоод эвгүй байж мэднэ гээд иймэрхүү юм асууя гээд бүр бодчихсон очсон. Өө гэтэл бараг хором ч дуугүй болоогүй шүү. Сууж байсан кофешоп хаалаа гээд, тэндээсээ гараад тэднийд очоод шөнийн 4 цаг өнгөртөл ярьж сууцгаасан. Үүнээс сарын дараа бие хоёр үерхэж эхэлсэн дээ. Одоо хамт байхгүй ч эргээд түүнийг бодох бүрд цээжээр халуу дүүгээд, сэтгэлд таатай байдаг. 

- 36 настай/эрэгтэй 

Бид хамтдаа Америкийн Засгийн газрын нэг хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Өдөр нь манай хөтөлбөрийн нэг серби залуу эргүүлээд, бичээд байдаг, гэтэл би хөтөлбөрт хамт хамрагдаж байсан португалитай уулздаг болохоор өнөөх сербид юу хэлэхээ мэдэхгүй тулгамддаг байлаа. Өдөр бүр, өдөржин хамт байдаг улс чинь, нэгтэй нь хэлхэлдээд, нөгөөд нь үгүй гэчхэж болохгүй, уур амьсгал эвдчих вий гээд португали бид хоёр чимээгүйхэн уулзалддаг байлаа. Удахгүй гэр гэртээ буцна гэж бодсондоо ч тэр үү, оройдоо нэг л их хоёр биенээ саначихсан улс уулзалдана. Ахархан хамт байсан болохоор уулзалт бүр ер бусын сайхан санагддаг, өдрийн турш л харц тулгарахыг хичээж, өглөө бүр бөөн хүлээлттэй сэрдэг сэн. Одоо ч бид хоёр үе үе видео дуудлага хийж, тогтмол бичилцэж, сонин сайхнаа хуваалцдаг. Гэхдээ яг хамтдаа байх тухай хэзээ ч ярилцаагүй, гэхдээ бодогдох үе байсан. Магадгүй оргилоод өнгөрсөн учраас тийм сайхан байсан байх. 

- 30 настай/эмэгтэй

Гадаадад сурдаг байхдаа нэг удаа ливан залуутай уулзсан юм. Бид хоёрын яриа сайхан нийлнэ, тун аятайхан хүн. Тэгээд япон хоолны газар ороод баахан ярьж суугаад гарахдаа би нэг их юм бодолгүй, авсан зүйлсийнхээ төлбөрийг хийчхэв. Гараад алхтал амнаас нь үг унадаггүй, сонин царайлаад л яваад л байлаа. Тэднийхээр бол, болзож байгаа эмэгтэй нь төлбөрөө хийнэ гэдэг доромжилж байгаагаас өөрцгүй хэрэг санжээ. Би гэтэл үнэндээ болзоо гэдгийг ч ойлгоогүй явсан юм. Тэгээд л тэр чигээрээ сураг тасарсан даа. Сайхан нөхөрлөнө дөө гэж бодож явсных, хайран байж билээ. Үүнээс хойш нэлээн хэдэн жил өнгөрсөн юм чинь одоо араб залуус энэ тал дээр арай уян хатан болсон байлгүй дээ. Гэхдээ бүх араб залуус ийм гэж байгаа юм биш л дээ. Зарим нь гайгүй л байх, сайн мэдэхгүй юм.

- 32 настай/эмэгтэй

Тайландын Пай гээд тосгонд аялж явахдаа нэг бельги, шилэн урлал хийдэг залуутай драфт шар айраг зардаг бааранд (Пайд ганц л тийм газар байсан нь тэр байх) болзсон юм. Яриад байсан чинь яриад л байхаар санагдаж, санаа нийлээд, нэлээн юм яриад суучихсан. Би тэр дундаа “Эдний шар айраг, аяганы сууриуд (coaster) гоё юм байна. Би аялсан газруудынхаа шар айргийн нэртэй аяганы суурь цуглуулдаг” гэж ярьсан юм л даа. Тэгтэл өнөөх маань тэр газраас гарч ирэхдээ миний гоё гэсэн, гурван өөр шар айргийн коустэрийг халаасалчихсан байсан. Надад хулгайлж өгсөн, хөөрхөн гэх нь ч хаашаа юм, гэхдээ сэтгэл хөдөлсөн. Хоёр хоног сайхан хамт байж байгаад “салаа замын эрхээр” тус тусын аяллын маршрутаа дагаад явцгаасан даа.

-   26  настай/эрэгтэй

Хэдэн жилийн өмнө тиндер ашиглаж үе үе шинэ хүнтэй танилцдаг байлаа. Нэг удаа ер нь Монгол ч гэж мэдэхгүй, гадаад залуутай танилцвал сонирхолтой юм шиг санагдаад баруун зүүндсээр нэг залуутай “match” болов оо. Эелдэг, соёлтой гэж жигтэйхэн, Ирландад амьдардаг ази төрхтэй залуу байна. Танилцаад ганц хоёр чат бичиж байтал монгол болоод явчихлаа шүү. За яах вэ, нэгэнт уулзахгүйгээс хойш гэж бодоод бүр нэг өөрийнхөөрөө, бодож санах юмгүй бичилцлээ дээ. Гэтэл мань хүн танилцсанаас хэд хоногийн дараа "Би зун бүр Монгол явдаг. Очихоороо чамтай уулзаж болох уу" гэдэг юм даа. Наанаа бол тэгье гэсэн хэрнээ цаанаа “Ий, яана аа” л гэж бодож байгаа юм чинь. Тэгээд ирсэн хойно нь уулзсан чинь монголоор барах уу манай нутгийн хүн байж таардаг юм даа, ха ха. Харь холын хүнтэй танилцах гэсэн биш нутгийн залуу дээр буусан түүх нэг иймэрхүү. Бантсандаа тэр залуутай дахиж уулзаагүй ээ.

- 30 настай/эмэгтэй

Нэг япон хоолны газарт зөөгч хийдэг байсан юм. Тэнд надтай хамт ажилладаг байсан энэтхэг охин их хөөрхөн. Надад таалагдаад, хааяа, ээлжгүй үедээ уулздаг болж байтал нэг өдөр яриан дундаа “Чи энэтхэг юм чинь Кама сутра сурчихсан, ёстой “алдаг” байх даа тэ” гээд хошигночихсон. Тэгээд л юун цааш болзох болсон доо. Инээлгэх гэж хичээж байгаад заримдаа дундуур нь тэнэг тэнэг юм хэлээд боломжоо үгүй хийчих үе цөөнгүй. Ер нь миний хошигнох чадвар сулхан юм уу даа гэж тэгэхэд л анх бодож байлаа. Одоо бол тэр тал дээр сайжирсан. Тэгээд ч гэр бүлтэй болчихсон доо.

- 41 настай/эрэгтэй


Бид хоёр болзож эхлээд удаагүй байхад манай хүн их хүнд ханиад туссан юм. Би мундаг анхаарал тавьдаг хүн болж, Монголын алдарт “ханиадны эм” болох адууны махтай саримстай хар шөл хийж өгөв өө. Тэгтэл өнөөх маань “Ямар их саримстай юм бэ” гээд ууж чадахгүй бөөн юм болж болж арай гэж нэг дуусгасан юм. Ядаж байхад Америкт нь бараг гэрийн тэжээвэр амьтанд тооцогддог амьтных нь махаар хийчихсэн хоол байдаг… Маргааш өдөр нь би өөр хоол хийх гэж байхад “Хоолондоо битгий саримс хийгээрэй” гэж гуйж байна. Би хоолондоо амт нэмэх санаатай нууцаар ганц хумс саримс хийчихсэн чинь шууд үнэрийг нь аваад тэр хоолыг идэж чадаагүй. Үнэхээр л хэт их саримстай санагдсан байгаа юм. Гэхдээ ганц хоёр хоноод л ханиад нь нам дарагдсан юм даа.

- 26 настай/эмэгтэй

Солонгост нэг гольфын газрын хоолны хэсэгт ажиллаж байхдаа солонгос драмыг бодит амьдралаас л сэдэвлэдэг гэдгийг ойлгож билээ. Шүүгээний дээрээс алчуур авах гээд чадахгүй өлмийгөө өргөж байтал араас нэг залуу авч өгөөд л. Тэр нь манай тогооч. Хамт ногоо арилгая гээд, нэг ногоонд зэрэг хүрээд л... тэгсээр "жан жан жан". Намайг юм хийж байхад ширтээд л, харахаа болиоч гэнгүүт "Чи ийм хөөрхөн байгаа юм чинь" гээд л, хэсэгтээ бөөн догдлол явлаа. Гэтэл нөгөө ээлжийн охин орж ирээд "Би хайртай дуртай" гээд. Тэгээд л шууд хоолны газрын маань драм "Эхнэрийн урхи" болсон доо.  

- 23 настай/эмэгтэй


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.