Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Х.Сүрэн: Дурсамж хэзээ ч алга болдоггүй. Бид зүгээр л мартчихдаг


Дурсамж, дулаан, зүүд, өчигдөр, өчигдрөөс үлдсэн өнгө, мэдрэмж... Уран бүтээлч Хашийн Сүрэнгийн “Дурсамжаар бүтээв - Нэгдүгээр бүлэг” үзэсгэлэнгээр бид зочилж, түүний бодол, дурсамжаар аяллаа. Х.Сүрэн нь 2013-2016 онд Итали улсын Болонья хотод зураасан зургийн мэргэжлээр суралцсан бөгөөд түүний эл үзэсгэлэн Италид амьдрах хугацаандаа хийсэн бүтээлүүд болон 2020 онд хийсэн ажлуудаас нь бүрджээ. Х.Сүрэнгийн ааваасаа бэлэг болгон авсан үнэг, өвөө эмээгийнх нь ярьж байсан үлгэрүүд, өндөр өвөө Урансүрэнгийнх нь хийж асан сийлбэр бурхан, дурсамжид нь үлдсэн дотно хүмүүсээ үхэшгүй мөнхөд амьдралдаа байлгахыг бэлгэдсэн цагаан уул цэцгийн инсталляц зэрэг эл бүтээлүүдийг тэрээр зураасан болон бар зургийн техник, хатгамлын техник зэргийг ашиглан бүтээсэн нь өөрийн гэх цор ганц, давтагдашгүй болгож, өөр рүүгээ өнгийх мэт мэдрэмжийг эрхгүй төрүүлэх аж. 


- Бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. “Дурсамжаар бүтээв” үзэсгэлэн өөр өөр цаг үеийн дурсамжаас тань бүтжээ. Үзэсгэлэнгийн сэдвээ хэрхэн бодож олсон бэ?

- Бүтээлүүдээ урланд харах нэг өөр, үзэсгэлэнгийн танхимд харах нэг өөр. “Дурсамжаар бүтээв - Нэгдүгээр бүлэг” үзэсгэлэнгийн бүтээлүүдээ үзэсгэлэнгийн танхимд дэлгэсний дараа тэс өөр мэдрэмж авч, өнгөрснөө эргэн санаж, ахин шинээр мэдэрч байна. “Дурсамжаар бүтээв” нь 2021-2022 онд дэлгэгдэх таван консепт бүхий үзэсгэлэн. Дурсамж байнга л хуримтлагдан байдаг, нэмэгдэнэ үү гэхээс хэзээ ч хасагддаггүй. Хүн хамгийн сайхан болон хамгийн гунигтай дурсамжаа тод санадаг. Дундахыг нь төдийлөн санадаггүй. Би Италид гурван жил гаруй сурах хугацаандаа амьдралаасаа гурван нандин хүнийг алдсан. Монгол үг байдаг даа, “Эзэн нь мөнх, эд нь хэврэг байгаарай” гээд. Тэр үгийг бэлгэдэж хэлдэг ч амьдрал дээр эсрэгээсээ эд нь үлдээд, эзэн нь яваад өгчихдөг. Үүнтэй ижил эдгээр бүтээл өнгөрсөн дэх дурсамжийг хадгалан, эздийг нь сануулан үүрд үлдэх болно. Ихэнх бүтээлүүд зүүд, дурсамж гэхчлэн дурсамжаас бүтсэн нэртэй байгаа нь ч ийм утгатай. 

- Хүн бүр өөр өөрийнхөөрөө мэдрэх байх. Харин уран бүтээлчийн хувьд үзэсгэлэнгээрээ юуг ойлгуулахыг зорив? Үзсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байна?

Хүмүүс бүтээлүүдийг минь хараад "Аан нээрэн надад ийм бодол мэдрэмж байсан, тийм нэг мэдрэмж, дурсамж төрж билээ" гэж өнгөрсөн дэх өөрийгөө олж хараасай гэж хүссэн. Бүтээлүүд яг над шиг үзсэн бүх хүмүүст ижил мэдрэмж төрүүлэхгүй ч гэсэн, эргээд тайлбар хийсний дараа үзэгчийн дурсамжийг нь сэдрээн, мартсан байсан цаг хугацааг нь эргүүлэн гаргаж ирсэн тохиолдол их. Үзэсгэлэнгийн голд байгаа таван бүтээл нь “Зүүд” нэртэй цуврал. Үүнийгээ би өөд болсон өвөө, эмээ, аав гуравтаа зориулсан. Өвөө, эмээ хоёр үлгэр ярьж өгдөг хүмүүс учраас захын бүтээлүүд үлгэр домгоос гаралтай, захын бүтээлд аавын хайчилж өгсөн үнэгийг дүрсэлсэн гэхчлэн. Эдгээр бүтээлийг үзсэн хүмүүс өвөө, эмээгээ дурсан санасанд дотроо олзуурхсан. 

- Дурсамжаасаа уран бүтээл шүүрдэж гаргахуйн тухайд? Бүтээлүүд тань хэрхэн төрсөн бэ? 

- Өвөө, эмээ, аав минь дэргэд байхгүй ч тэдний минь эдэлж хэрэглэж байсан зүйлсэд эгэл, жижигхэн, дулаахан дурсамж нь хадгалан үлдсэн байдаг. Яг л хамт байгаа мэт. Би тэр л жижигхэн нандин мэдрэмжээр нь хөглөгдсөн. 

Цагаан уул цэцэгтэй инсталляц нь аавын минь түүн цуглуулж үлдээсэн цэцгүүд. Эдгээрийг би хайрцагт нь үүрд хадгалж болох байсан ч зүрхэнд минь ойр байгаасай гэж хүссэн учраас ийн бүтээл болгосон. Үзэсгэлэнгийн үндсэн холбогч болох эл бүтээлээ дараа дараагийн консепт үзэсгэлэндээ илүү томруулж, “Дурсамж хэзээ ч алга болдоггүй. Чи зүгээр л мартчихсан байдаг болохоос эргүүлээд гаргаж болдог юм шүү” гэдгийг харуулахыг хүсэж байна. 

Хүн бүхэнд мартахыг хүсдэггүй дурсамж гэж байдаг. "Дурсамжаа бүтээв" үзэсгэлэнгээр дамжуулан хэн нэгэнд алдагдсан дотно дурсамжуудыг нь ахин нэг сануулж, сэтгэлийг нь дулаацуулахыг хүссэн"

- Х.Сүрэн

- Зураасан зургийн техникийн тухай бид юуг мэдэх хэрэгтэй вэ? 

- Үзэсгэлэн маань "Print making" буюу зураасан зураг (бар зураг)-ийг олон нийтэд харуулж, түгээн таниулах боловсролын ач холбогдолтой гэж үзэж байгаа. Зураасан зураг нь уламжлалт техник бөгөөд өнөөгийн график дизайны үндэс юм. Мөн ном хэвлэлийн эх нь барлах техник, номыг олноор хэвлэх офсет хэвлэл нь чулуун барнаас гаралтай гэхчлэн өнөөгийн технологи нэг бүрийн уг гарваль нь хүн шиг өвөө, эмээтэй гэдгийг хүмүүс олж хараасай гэж хүссэн. Гэрэл зураг ч зураасан зургаас гаралтай учир тэдгээрийг сэргээн хослуулах арга барилд их дуртай. 

- Та саяхан “Өчигдөрт илгээх захидлууд” номын зураачаар ажилласан. Мөн л өчигдөр, дурсамж руу чиглэсэн бүтээл. Дурсамж, өнгөрсөн цаг хугацаа, өчигдөр... Энэ таны хувьд их үнэ цэнтэй, чухал зүйл мэт? 

- "Өчигдөрт илгээх захидлууд” номын зохиолч Д.Сарангуа бид хоёр хэн хэн нь гэртээ ганцаараа байх дуртай, бие даасан хүмүүс шиг санагддаг. Уг бүтээл бүтэхэд ч энэ дадал маань их нөлөөлсөн. Ихэнх хүмүүс ганцаараа байж чаддаггүй ч сүүлийн жилүүдэд хөл хорионы үеэр ганцаараа байхад хүссэн хүсээгүй суралцсан болов уу. Өнөөдөр байгаа би, өчигдөр байгаа би хоёр огт ондоо хүмүүс учраас өнгөрсөнд байгаа өөртөө хандан захиа бичих боломж олдвол гэдэг санаанаас үүдэн эл бүтээл бий болсон. Хүн одоо байгаа өөртэйгөө ажиллах юм бол ирээдүйд байгаа өөртөө хандан, өнгөрсөнд ийм байсан юм чинь ирээдүйд тийм болох боломжтой гэж хэлж чадна шүү дээ. 

ЗурагТайлбар




"Х.Сүрэнгийн бүтээлийн гол санаа нь түүний хөрөг юм. Тэр бүтээлдээ оршин байхыг, гол дүр нь болохыг, эргэн дурсахыг хүсдэг. Аква форте, черамолле, модон бар, акватинта зэрэг аргаар бүтээлээ туурвиж болох байсан ч энгийн, хялбар аргыг бус, санааг нь бүрэн илэрхийлж, төлөөлж чадахуйц илүү нарийн цогц арга ашиглахыг зорьсон нь түүний онцлог. Энэ зорилго нь Сүрэнг уламжлалт хэв маягаас гадна өнгийг чухалчилж хослуулах өөрийн гэсэн өвөрмөц урлагийн хэв маягт хөтөлж, давтагдашгүй, цор ганц нээлт болохуйц бүтээл туурвихад хүргэсэн билээ."

Куратор
Prof. Каталдо Серафини
Болонья, Итали Улс

Залуу уран бүтээлч Х.Сүрэнгийн "Дурсамжаар бүтээв - Тэргүүн бүлэг" үзэсгэлэн нь цаашид таван цуврал, консепт үзэсгэлэн болон үргэлжлэх юм. Түүний уран бүтээлийн тухай дэлгэрэнгүйг сошиал хаягаас нь авах боломжтой. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
21 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.