Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Дожа Кэт: Дэргэдэх хүмүүс минь намайг хайрладаггүй, амжилтад хүрнэ гэж итгэдэггүй байсан ч би хөгжмөө хийсээр л байсан


Америкийн “Interview” сэтгүүлд зориулан Мисси Эллиот дуучин Дожа Кэттэй ярилцсаныг хөрвүүлэн хүргэж байна. 

Дожа Кэт интернэтэд арилшгүй ул мөртэй. Хамаг бүхнээ нийтэд хуваалцдаг шинэ үеийнхний бардам төлөөлөл, бадрангуй бүтээлч, аймшиггүй түүний цахим ертөнцөд үлдээсэн, тийм ийм гэхийн эцэсгүй, сонин сайхан мөрийг шинжээд, SoundCloud дахь хуудсуудаас нь өгсүүлээд, устгагдсан жиргээ, олныг хуйлруулсан видео бичлэгүүд, Instagram-д лайваар уучлал гуйсан нь, Тik Tok-д нийтэлсэн нь гээд л амьдралынх нь үүх түүхийг хөөгөөд гаргаад ирж болно. Гэхдээ ур бүтээл нь цахим дахь энэ бүх дуулианыг хангалттай дарахуйц хүчтэй, идтэй шидтэй, давтагдашгүй гэдгийг бид “Planet Her” цомгоос нь харсан билээ. Нэгэн үеийг байлдан дагуулсан өөр нэгэн "элдэвтэй" уран бүтээлч Дожа Кэттэй ярилцсаныг хүлээн авна уу.


Мисси Эллиот: Сонин сайхан, Дожа? Бөмбөрцгийн аль хавьд байна? 

Дожа Кэт: Лос Анжелест. Би сандраад байна аа. Zoom-ээр видео дуудлага хийнэ гэж бодсон болохоор өглөө эрт босоод, нүүрээ харь гарагийн маягаар будсан чинь байдаггүй шүү. 

- Айн? Хэлэхгүй яасан юм бэ?! Тэгсэн бол би “Sock It to Me”-ийн хувцсаа өмсөх байлаа шд. Утас таг туг хийгээд байвал хэлээрэй. Манай гэрийн интернэт хааяа мангартаад байдаг юм. Чиний дуугаа бичиж, хийж байгаа чинь надтай төстэй санагддаг болохоор асууя гэж бодлоо л доо. Бүгд л утас бариад л, бүх хүний юу хийж байгааг, юу сонсож, өмсөж байгааг харж болдог болчихсон энэ үед өөртөө эргэлздэггүй юу? Чи бусдаас тэс хөндлөн зүйл хийдэг шүү дээ. 

- Миний төрсөн цагаасаа сонсож өссөн, галзуу зоримог Мисси одоо ч хэвээр байна шүү дээ. Би ирээдүйд яг л тийм байгаасай. Урьд нь байснаасаа тэс өөр зүйл хийдэг болчихсон хүмүүс байна, хэв төрхөө тэгтэл л өөрчлөх хэрэгтэй байсан юм байлгүй. Гэтэл та өөрийнхөө хэв маягийг хадгалж үлдэж чадсан, би тийм байгаад тань баярладаг. Шинэ уран бүтээлчид зөндөө л гарч ирж байна, гэхдээ тэглээ гээд өөрийнхөө уран бүтээлийг өөрчлөх сэдэл төрдөггүй ээ. Би 1995 оны хүн ч гэлээ 2010 ч юм уу 2004 он дээр гацчихсан шиг байгаа юм. Хэв маягаа шинэчлэх шаардлагатай гэж боддог л доо, гэхдээ зугаатай байна шдээ, яадаг юм, лай л байна.  

- Эхний цомгоо гаргахдаа би радио ер сонсдоггүй байлаа. Бичлэг ч үздэггүй байсан. Тэр мэтийг хийдэггүй байсан минь тухайн үедээ хэчнээн тус болсныг өөрөө ойлгоогүй явж. Тус болсон нь гарцаагүй, яагаад гэхээр Тимб бид хоёр (Тимбалэндийг хэлж байна) хэнийг ч дуурайгаагүй юм. Бид хоёр тэс хөндлөн зүйл хийхээсээ эмээдэггүй байлаа, угаасаа юу хит болж байгаагүй мэдэхгүй байсан юм чинь. Харин одоо утсаараа элдвийг үздэг болохоор, заримдаа толгойд гоц содон зүйл орж ирвэл “Намайг галзуу солиотой гэх байх. Өөрийгөө жаахан татъя” гэж бодно. 

- Тийм шүү. 

- Мэдээж хааяадаа хэцүү л дээ. Миний чамд зөвлөх зүйл гэвэл, хийж байгаа чинь болж байна гэж бодож байгаа бол холдох гэх хэрэггүй.  Өөрт чинь л тааламжтай байгаа бол бусад нь хамаагүй. Гаднын зүйлсээс шалтгаалж өөртөө эргэлзээд яах юм. Хийе гэж бодоод хийгээгүй зүйл байгаа юу? 

- Би илүү сайн рэппер болмоор байдаг. Ер нь хүн бүр л өөр өөрийн чадварыг ямар нэгэн байдлаар ахиулахыг боддог байх л даа. Гэхдээ эргэн тойронд минь байгаа олон гайхалтай рэпперийг хараад “Хэдий би поп дуулж байгаа ч тогтож суугаад олигтойхон бичих цаг болсон байна” гэж боддог. Би ажилдаа сайн, хүсвэл хөгжилтэй, сэтгэл татам байж чаддаг, час хийсэн юм хэлчхэж ч чадна, гэхдээ амьдралынхаа тухай, нийгэмд болж байгаа бүхний тухай дуугарах хэрэгтэй. 

- Наадах чинь өсөлт шүү. Хэт өөрчлөгдөх дэмий ч гэлээ өөр зүйлсийг туршиж нээх нь чухал. “Би Дожа Кэт хэвээрээ, гэхдээ миний дотор олон өнгө бий” гэх юм уу. Чи байнга л Instagram-д лайв хийдэг, өөртөө асар итгэлтэй харагддаг ч бусдад харуулдаггүй зүйлс чамд бий. 

- Тийм, би хувийн амьдралд болж буй зүйлсээ дуундаа оруулдаггүй. Тэглээ ч надад падгүй. Та бүжигчдэдээ, дуу хөгжимдөө сэтгэл гаргадаг, хувийн амьдралаа ч юм уу, толгойд орж буй элдэв бодлоо ярьж бусдыг залхаадаггүй. Зарим рэппер тэгдэг. Ядарч туйлдсан тухайгаа, би ийм ч, тийм ч гээд л үглэнэ. Хэсэг хугацааны дараа тэр нь залхуутай санагддаг. 

- Надад ч бас тэгж санагддаг. Би карьерынхаа багагүй хугацааг хүнийг хөгжөөж цэнгээхэд зориулж, дөрөв дэх цомгоосоо л бага насныхаа тухай ярьж эхэлсэн. Гэхдээ цомгийн турш тэр тухай өгүүлээгүй, ер нь ч би тэгэхийг хүсдэггүй. Чамд төрдөг санаанууд заримдаа поп ертөнцийн хэм хэмжээнээс хэт гажууд санагддаг уу? 

- Яг тэгдэг. Бичээд зургаа долоон жил болж байгаа, гаргаж чаддаггүй дуунууд бий. Солиотой дуунууд. Эрхийг нь ч авч чадахгүй байх гэсэн дуунуудаас сэмпл хийсэн нь ч бий (Пэгги Лигийн “We Are Siamese”-г дуулав). Галзуу. Би “Хэн ирснийг хар аа” гээд нэг дуу хийсэн, фанки, этгээд дуу л даа. Хүн сонсоно гэж бодоогүй.

- Үзээд алдах л хэрэгтэй дээ. Би хэзээ ч хүмүүсийн хүлээлтэд нийцэж байгаагүй юм шиг санагддаг. Бидний уран бүтээлийг аль нэг урсгалд хамруулахад хэцүү. Рэп орсон болохоор л хүмүүс ийм урсгалынх гэсэн шиг байгаа юм. Эхэндээ миний хөгжмийг хүмүүс ер ойлгоогүй байх. Чи одоо өөрийн гэсэн урсгалыг бүтээж явна. Олны хүлээлтэд хэзээ ч нийцэхгүй байж мэднэ, гэхдээ хүмүүс дурлах л болно. “Planet Her” цомог чиний хувьд юуг илэрхийлдэг вэ? 

- “Planet Her” минийхээр гоё гэсэн дуугаралтын л цуглуулга. Өмнөх цомог минь мөн адил. Цомгийн дуунуудаа хооронд нь төстэй дуугаргах гэвэл миний тэвчээр хүрэхгүй юм билээ. Гэхдээ “Planet Her”-ийн ихэнх дуун дээр нэг продюсер ажилласан болохоор “Hot Pink”-ийг бодвол хавьгүй жигд. Консептдоо үнэнч цомог болсонд нь баяртай байгаа, гэхдээ зарим газраа сөрдийж өрдийж, хазайсан нь бий л дээ. Анхны хувилбар нь хавьгүй этгээд байсан л даа, зарим зүйлсийг нь хасаж өөрчилсөн. 

- Чамд үглэх нь дуулахаасаа илүү таалагддаг уу? Эсвэл ялгаагүй юу? 

- Үглэх нь илүү хэцүү. Балай юм биччих вий гэсэндээ таг гацчих үе байдаг. Заримдаа бичсэнээ хараад “Яах гэж ийм юм бичдэг юм бэ” гэж бодох нь бий. Тэгээд эхнээс нь бичнэ, тэгж суусаар хааяадаа буугаад өгчихнө. Гэхдээ гоё болох үед нь үнэхээр баярладаг. 

- Би бол үглэхдээ дуртай, өөрийгөө дуулахдаа сайн биш гэж боддог учраас. Гэхдээ ая бичихдээ дуртай л даа. 

- Та хөгжмийг бүхий л талаас нь мэднэ. Үглэж л чаддаг хүмүүс бий, эсрэгээрээ дуулж л чаддаг хүмүүс бий. Та аль алийг нь чаддаг юм чинь хийх л хэрэгтэй шүү дээ. 

- Чи хоёуланд нь сайн юм чинь аль нэгийг нь илүүд үзэхгүй байгаарай, тэр чинь авьяас шүү дээ. Хүн бүр сайн рэп бичиж чадахгүй, тийм биз? Тасархай мөрд биччихсэн хүнийг сонсохоор гоё байдаг. Гэхдээ би тийм биш ээ. Миний одоо хэлэх зүйлтэй чи ч санал нийлэх байх. Чи бид хоёр суугаад бичвэл тийм мөрд бичиж чадна. Үзэг бариад суувал чадна. 

- Гэхдээ удаан суувал миний өгзөг чилнэ. Би угаасаа удаан сууж байж л гаргана. Надад таатай байхгүй. 

- (Инээв.) Нэр алдар өсөж, цомог чинь их зарагдах тусам өөрийнхөөрөө байхад хэцүү болж байна уу? Анх гарч ирсэн үетэйгээ харьцуулбал, одоо хэлж ярьж, хийж буйдаа, олон нийтийн сүлжээнд бичиж буй зүйлсдээ илүү анхааралтай ханддаг болсон уу? 

- Хээ, яг тэгдэг. Би Periscope-д байнга ордог байлаа. Нэг үе бүр 10, 12 цаг лайвдаад рэп хийчихнэ. Нэг их сайн рэп байгаагүй л дээ, гэхдээ зугаатай. Би хүмүүс рүү хашхирч шоглоод л сууж байна, тэгэхээр “Чөтгөр гэж, чи яагаад ийм галзуу юм бэ” гэцгээнэ. Заримд нь тийм байгаа минь хөгжилтэй санагдаад сонсоно. Тэр үед би тийм байсан, ер нь одоо ч хүнийг даапаалах дуртай, гэхдээ их хүнтэй платформд хүн гомдоохоос зайлсхийх нь дээр. Хүч чиний талд, хүмүүсийн хүлээлт ч өндөр байдаг учраас хүнийг шоолох гэх мэтээр элдэв болбол тэдэнд ч, надад ч тусгүй, би тэднийг шоглох гэхээс илүү өөрөө шоглуулаад таарна. 

- Уран бүтээлчдэд сэтгэл хөдлөл, мэдрэмж байдаг гэж хүмүүс боддоггүй шиг байгаа юм. Би анх гарч ирж байхад сошиал медиа байгаагүй болохоор ярилцлага дуусаад гэртээ харьсан л бол энгийн амьдралаар амьдарч болдог байлаа. Одоо гэтэл юу хэлж нийтэлж байгаагаа цаг үргэлж анхаарч, уран бүтээлчийн малгайгаа тайлах эрхгүй амьдрах болж. Хэн нэгэн бүтэхгүй нөхөр шиг санагдлаа ч хамаагүй урдаас нь юм хэлж болохгүй. Нэрд гарах тусам илүү л анхааралтай байх шаардлагатай. 

- Тийм, ухаантай байх шаардлагатай. 

- Өнөөдөр хип хопыг эмэгтэйчүүд байлдан дагуулж байна. Өөрийнхөө хэчнээн “том” гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч чадсан уу? Эсвэл “Би зүгээр л Дожа Кэт” гэж бодсоор байна уу? Яагаад ингэж асууж байгаа гэхээр, саяхан надаас нэг хүн “Та хэзээ амжилтад хүрснээ мэдэрсэн бэ?” гэж асуусан юм. Би “Тийм мэдрэмжийг энэ жил л авлаа” гэж хариулсан. 

- Би одоо ч өөрийгөө энгийнээр мэдэрдэг. Гэрээсээ бараг гардаггүй болохоор тэр болов уу. “Mooo!” гэдэг хөгжилтэй дууг гаргасны дараа хүмүүс намайг нэлээн хөөрөгдөх шиг болсон шүү. 

- Ёстой жаатай хийсэн дуу байна гэж бодож билээ. Анх сонсоод “Хүүе, энэ чинь хэн гээч нь вэ” гэж бодсон. Тэгж анх чамайг олж мэдсэн юм байна. 

- Юу вэ гэхээр, би олны өмнө бараг гараагүй, хүмүүс намайг хараад хашхирч, хачин сонин болохыг хараагүй байгаа. Тоглолтууд дээр фэнүүд хашхиралдахыг харсан л даа, нэг нь миний араас бүр хөөсөн, гэхдээ би өөрийгөө од болсон гэж мэдрээгүй л байна. Ковидоос болоод аялан тоглолтоо цуцалсан болохоор “Hot Pink” фэнүүдийн минь хувьд хэр утга учиртай зүйл байсныг мэдэрч амжаагүй. Тиймэрхүү зүйл харах мэдрэх боломж гараагүй байгаа болохоор яг хэлж мэдэхгүй байна л даа. 

- Жишээ нь худалдааны төв, хумс заслын салон руу ороход хүмүүс чам дээр очдоггүй юу? 

- Ирдэг л дээ, гэхдээ байнга биш. Тэгээд ч би их зожиг. Гэрээсээ гарах дургүй. 

- (Инээв.) Би ч гэсэн. 

- Болж л өгвөл машинаасаа буухгүй, гэрээсээ гарахгүй байж байх санаатай шүү. 

- Хачин юм аа. Би чиний ярихыг сонсож байхдаа “Үгүй ингэхэд би өөрийгөө сонсоод байна уу?” ч гэж бодох шиг. Би жинхэнэ интроверт. Саяхан манай найзууд “Мисси Super Bowl-ий завсарлагаар тоглоод, гэртээ харихаар нь бид нар тэмдэглэж үдэшлэг хийе гэвэл “Би шалаа угаана. Би нохдоо салхилуулна” гэх байх. “Чи сая Super Bowl дээр дуулсан шдээ!” гээд нэмэргүй” гэж намайг шоолоод. Гэртээ байх үнэхээр гоё. Ковид болсон чинь харин ч зүгээр байсан шүү. 

- Би шоудах дуртай л даа, гэхдээ “За лай, долоо хоног гарахгүй ээ” гэчихдэг. Эсвэл хоёр долоо хоног, гурван сар, мэдэхгүй ээ. 

- Дуугаа бичиж байхдаа чарт, стримингэд хэр явах бол гэж боддог уу? Эсвэл “Би зүгээр л хүссэн уран бүтээлээ хийнэ, тэдэнд таалагдвал сайн л биз” гэдэг үү?

- 98 хувьд нь би зүгээр л зугаацах гэж хийдэг. Студийн хэд маань заримдаа “Энэ ч Tik Tok-т хит болох дуу байна даа” гэж байдаг л юм. Тэгэхээр нь сөргөлддөггүй. Яагаад тэгж байгааг нь ойлгож байгаа болохоор аль болох нээлттэй хүлээж авахыг хичээдэг. 

- Би анх гарч ирэхдээ чартын тухай ер боддоггүй байсан. “Work It” чартыг тэргүүлсэн болов уу гэж бодож байсан, гэтэл ер тэгээгүйг энэ жил л мэдэж авлаа. Дуунууд маань шөнийн клубүүдэд эгшиглээсэй л гэж хүссэн дээ. 

- Таны бүтээлүүд миний хувьд их чухал байсан. Жаахан байхдаа би өдөр бүр зурагтынхаа өмнө таны дуун дээр бүжиглэдэг байлаа. “Миний Бейонсе энэ байна” гээд л. 

- (Инээв.) Бейонсе чинь  тэс өөр ангиллын уран бүтээлч шүү дээ. 

- Би тэгж боддог байсан юм аа. Клипүүд нь хаа сайгүй гараад л. “Work It” хэзээ ч чарт тэргүүлж байгаагүй гэхээр итгэмээргүй санагдаж байна. 

- Хоёрт орсон дуу зөндөө бий. Харин тэргүүлж үзээгүй юм байна. Бид хийх дуртай зүйлээ хийгээд л ийшээ орж ирдэг, хэн ч энэ шоу ертөнцийн сайн мууг хэлж өгдөггүй. Бүгдээрээ л ингээд алдарт гарна, баяжна гэж боддог. Гэтэл өчнөөн зүйл тэр алдрыг дагадаг, тийм ч болохоор бэлтгэлгүй ирсэн хүмүүс хямарч туйлддаг. Карьераа эхлүүлж байгаа уран бүтээлчдэд юу гэж зөвлөх вэ?

- Эхлээд гэгээлэг зөвлөгөө хэлье: чамайг хайрладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Би гэхдээ тэгж тэр бүр чаддаггүй. Дэргэдэх хүмүүс минь намайг хайрладаггүй, намайг амжилтад хүрнэ гэж итгэдэггүй байсан ч би хөгжмөө хийсээр л байсан. Хийхийг хүсдэг зүйлээ хий, таашааж хий. Их л том асуулт байна, гэхдээ шуудхан хариулах ёстой бол үүнийг хэлье - хэт энгийн хариулт шиг санагдаж магад: Сэтгэлийнхээ гүнээс хүсдэг зүйлээ хийх л хамгийн зөв. Хөгжимд хайртай бол тэрийгээ дага, хэн ч хөгжмийг гэсэн гал тэмүүллээс чинь чамайг холдуулах ёсгүй. Бас, фэнүүддээ итгэ. Талархлаа илэрхийл. Харин бараан зөвлөгөө нь гэвэл, яаран хүнд итгэх хэрэггүй. 

- Тэр ч ёстой тийм шүү. Өөрийнхөө хүссэнээр байгаад шөнөдөө тайван нойрсох нь бусдын хүссэнийг хийж, өөртөө огт нийцгүй хөгжим бичүүлээд өөрийгөө зэмлэж хонохоос дээр ээ. 

- Гурав дөрвөн дуу тэгж бичүүлсэн шүү. Дахиж хэзээ ч тэгэхгүй. 

- Бид бүгд л тэр мэдрэмжийг мэднэ. Гэхдээ чи цаг үеэсээ хэт түрүүлсэн, хүмүүс ойлгохгүй ч байсан хамаагүй, өөрийн итгэл үнэмшлийн дагуу туурвиж ирсэн байна шүү дээ. Би чамд амжилт, аз жаргал, амар амгаланг ерөөмөөр байна.  

- Би яг уйлах нь ээ. Би усны хамгаалалтгүй контур зурчихсан, нүүрний будаг байхгүй ээ байхгүй. 

- Нэг л өдөр чи миний оронд ярилцлага аваад, нөгөө хүн чинь чамайг биширч явснаа хэлэх байх даа. Энэ бол хамгийн сайхан мэдрэмж. Өөр нэг уран бүтээлчтэй ярилцаад, миний бүтээл тэдний хувьд хэчнээн чухал байсныг сонсох нь хэчнээн ч хөгжим хийгээд авахгүй таашаалыг өгдөг шүү. Үүнээс сайхан зүйл миний хувьд үгүй. Тэгэхээр чамд баярлалаа. Чи ихийг дуулгах байх аа. Олон олон цомог, дуу, клип хийж, гялалзсан амжилт гаргахыг ерөөе. 

- Маш их баярлалаа. Надтай адил гэр амьтай хүн мөртлөө цаг гарган уулзаж энэ ярилцлагыг хийсэнд, сайн ярилцагч байсанд баярлалаа. 

- Чамайг байгаад талархаж байна. За гэртээ бүг дээ. Хөөрхөн шүү.

- Бурхан ивээг. 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.01
Жокерын хувцастай этгээд Токиогийн метронд 17 хүнийг хутгалжээ
3
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
2
4 өдрийн өмнө
Apple Music Chart: Яг одоо Монголд хамгийн олон хүн сонсож байгаа 20 дуу
3
2021.11.25
BLACKPINK хамтлагийн дуучин Лиса "COVID-19"-ийн халдвар авчээ
санал болгох
1
7 цагийн өмнө
"Урлагтай яриа" медиа төсөл урлагийн шүүмж судлалын агуулгаар баяжин үзэгчдэд хүрч байна
2
9 цагийн өмнө
BLACKPINK хамтлаг Youtube-ийн түүхэн дэх хамгийн олон дагагчтай уран бүтээлч боллоо
3
12 цагийн өмнө
"Arcane" Netflix-ийн хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн их хүн үзсэн цуврал болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

H 2021.10.02 64.119.21.166

Google translate?

0 Хариулах