Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан: Түвшинбаяр аварга, Цэндбаатар хүү


 Спортынхон хүндэтгэм улс билээ, маргах аргагүй. Тамирчдыг ямар ч хамаагүй шалтгаанаар хайрладаг ч юм биш. Тэд хайр, хүндэтгэл хүлээх эрхтэй. Н.Түвшинбаярыг монголчууд биширч хайрласан. Спортын сайхан нь хурд, хүч, авхаалж самбаа, эр зоригтоо байдаг. Спортод худлаа юм гэж байдаггүй гэж жирийн хүмүүс итгэдэг. Шударга ялалтад хүмүүс дуртай. Хүний үндсэн чанарт шударга, үнэнд ойр байх хүсэл байдаг болохоор их спортоор овоглосон бол хэнийг ч ард олноороо арын хаалгагүйгээр дээдлэн хүндэлж, хөлс хүчээрээ байгуулсан ялалт, хүрсэн оргил бүрийг нь домог болгон мөнхөлдөг. 

Тив, дэлхийд алтан соёмот далбаа намирч, төрийн дуулал эгшиглэхэд энд бид эх орноороо бахархан, догдлол баяраараа эвлэлддэг. Спортоор үнэн бодит, шударга ариун, эр зоригийг бүтээдэг учраас тамирчин хүнээс бид амьдрал дээр ч ийм алхмуудыг хүлээдэг, тэднийг хувь хүн гэдгээс нь хальж илүү өндөр ёс суртахуун хүлээдэг аж. Алдар суу, ард түмний хайр итгэл заримдаа даашгүй хүнд болдог аж. Архи уусны төлөө, олны дунд биеэ гаж авч явсны төлөө, хүн зодсоны төлөө, ахмадаа, багш нараа сонсоогүйнх нь төлөө... Хүмүүст нөлөөлдөг сайн сайхнаас ангид тэрс үзэгдсэний төлөө монголчууд дургүйцэж байна.   

Олимпын аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр архи ууж согтуурсан үедээ найзаа зодож, хүнд бэртээснээс хойш яг хагас жилийн хугацаа өнгөрөв. Хэрэг гарсны дараах хэдэн өдөр монголчууд түүний хэрцгий балмад авирыг шүүн хэлэлцээд дуусгасан. Хорвоо дэлхийг доргитол цамнацгаагаад л ханачихсан. Одоо энэ талаар бид мартсан. Хуулийн байгууллагаас шийтгэл оноогоогүй байна. Н.Түвшинбаяр бидний дунд алхаж л яваа. Найз нь эмнэлгийн орон дээр ийм урт цаг хугацааг дэн дун өнгөрүүлж байна. 

Монголд хэн нэгний гэм бурууг тогтооход хууль дүрэм, шүүх цагдаа огтхон ч шаардлагагүй болжээ. Нийгмийн сүлжээний хэрэглэгчид дор бүрнээ пост, коммент ханатлаа бичилцэж, хараал зүхлээр уралдаж дуусахад бүгдийн санаа амарч, стресс тайлагдан хамаг хэрэг сая намжин замхарна. Ал, шонд өлгө, бул гэж сүүлчийн хүн бичихэд бүгд аль хэдийн шүлс үсэргэсэн мэтгэлцээнээсээ залхсан байх бөгөөд гэмтнийг яллах зэм тэгээд л гүйцээ. Дараагийн дуулиан шуугиан эхэлчихсэн, цэцэн мэргэнээ гайхалцаж байхад юун хуучны явдал... Нийгмийг хирдхийлгэсэн хэрэг явдалд шүүх дүгнэлтээ удаадаг нь хүмүүсийн уур гарч мартахыг хүлээзнэдэг гэм биш зан юм. Монголын шүүхийн хийдэг гол алхам нь олон нийтийн уур амьсгал хааш эргэхийг анан хүлээх. Тэр хооронд энэ хэргийг замхруулах, займчуулах үүрэгтэй элдэв мэдээлэл түгнэ. Харин дараа нь шүүх шийдвэрээ гаргадаг ажлын аргатай болоод удлаа. Гэмт явдал, гэмт хүн бол зүгээр л нэг үйл явдал, ярианы сэдэв. Үүнээс хэтрэхгүй, хууль, зарчим, дүрэм журам, шударга ёс байхгүй. 

Удаах нь Азийн аварга, гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дуулиан. Түвшинбаярын өдүүлснээс гэм буруугийн зэрэг харьцуулшгүй бага. Азидаа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн тамирчинд тохиолдсон явдал эхэндээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох, эсэх тухай, тамирчдын ёсзүйн чанартай хэрэг явдал мэт харагдсан ч нийгмийн сүлжээний мэтгэлцээн яван явсаар одоо ид өрнөж буй Сонгинохайрхан дүүрэг дэх нөхөн сонгууль, улс төрийн сэдэвт шилжин хил хязгааргүй сэвэгдэж орхив. Ийнхүү Монголд ямар ч хэргийг шуугиулан завхруулдаг, эрүүл ухаанаар ойлгох аргагүй хов жив болгон дуусгаж байна. Э.Цэндбаатарыг өмгөөлөгсөд түүнийг ДАШТ-д бэлтгэх завдал өгсөнгүй шүү дээ. Өмнөөс нь арга саам эрж, эрээ цээрийг нь улам бүр барсаар таарлаа. 

Хайрлагдсан, алдаршсан хүмүүсийн оролцсон дуулиан шуугиан гэм зэмийг гэтэлгэх, давж туулах биш, эсрэгээрээ юу ч биш болгон эвдэн бусниулахад нөлөөлөх болжээ. Э.Цэндбаатарыг хайрлаад байгаа юм шиг мөртлөө үнэндээ түүнийг хойшид санах сэрэх, хөл дээрээ бат зогсох сэтгэлзүйн тэнцвэрийг нь булаалдсан хэмлэлдээн байв. Шударга биш шүү дээ, ажил амьдралын замд бүдэрсэн залуу хүний өмнөөс харуусмаар. 

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ф.М.Достоевский: Энэ бол гэмт хэргийн сэтгэлзүйн задлан
2
3 өдрийн өмнө
Соёлын бүтээлч сар: Бүтээлч үйлдвэрлэлийн амин сүнс нь юу вэ?
3
2021.11.22
Авторын булан: Би мэдэхгүй буюу Зонхов төр барьж байна!
санал болгох
1
19 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
19 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
23 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.