Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Ж.Жамъянсүрэн: Би хорин хэдтэйдээ кино хийгээгүйдээ баярладаг


Саяхан театрт нээлтээ хийсэн “Хөхөө” киноны тухай бид чамгүй их уншиж, сонслоо. Кино бүтсэн түүх, дэвшүүлсэн санаа, найруулагчийн ажиллагаа, жүжигчдийн сонголт гээд тус уран бүтээлийн тухай мэдээллүүд богино хугацаанд хөврөв. Тэгвэл UB.LIFE сайт уг киноны найруулагч Ж.Жамъянсүрэнтэй уулзаж, уран бүтээлчийн амьдрал, алдаа оноо, итгэл үнэмшил, үзэл санаа мөн монголын орчин цагийн кино урлагийн тухай хөөрөлдсөн юм. Таалан болгооно уу.


- Та киногоо нээснээс хойш энд тэнд ярилцлага их өгөв үү? Нэг юмаа олон ярьсаар жаахан залхах тийшээ хандаж байна уу? 

- Яах вэ, би нэг юмаа ярьж өөрөө залхахаас илүү хүмүүсийг залхаах вий гэж бодож байна. Уншсан, сонссон юмаа давтан сонсох нь хүмүүст сонирхолгүй байх юм болов уу. Хоёулаа ингэхэд юун тухай ярих билээ?

- Юм юм л ярина гэж бодож сууна. Гэхдээ “Хөхөө” киноны тухай бол цөөхөн асууна аа. 

- Өө зөв. 

- Найруулагчид бүтээлээ нээхдээ ярьдаг шүү дээ, надад ийм санаа төрөөд түүнийгээ би ингэж илэрхийллээ гэж. Та ч бас “Хөхөө” киноны хэлэх гэсэн санаа, хөндсөн асуудал бүрийг өөрийн өнцгөөс тайлбарласан. Гэхдээ урлагийн аливаа бүтээл хүлээн авагч нэг бүрийн ертөнцөд өөр өөрөөр буудаг гэлцдэг. Нэг киног мянган хүн үзэхэд мянган өөр мэдрэмж төрөх нь. Энд зохиолч, найруулагчийн ямар ч тайлбар зүүлт хэрэггүй, гагцхүү хүлээн авагчид өөрийнхөөрөө тусгаж авах эрх чөлөө өг гэдэг. Нөгөө “Автор үхэж байж уншигч амилна” гэдэг шиг. Киноны хувьд найруулагч хэрхэн ажиллаж, үзэгчдэд өөрийнхөөрөө тунгаах эрх чөлөөг олгох вэ? 

- Уран бүтээл бол уран бүтээлчийн дотроос гарч буй эмзэглэл байдаг учраас түүнийгээ илэрхийлэх, бодол санаагаа нээх гэж зорих нь мэдээж юм. Гэхдээ тухайн бүтээл талст шиг олон талтай, дээр нь гэрэл тусахад тал бүртээ цацардаг байх учиртай гэж боддог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үзэгчид асуулт үлдээх, дотоод зөрчилд оруулах, бодож тунгаах, тэгээд аливаа гарц гаргалгааг өөрийнхөөрөө олж харах орон зай үлдээх гэсэн үг шүү дээ. Ингэснээр үзэгчид эрх чөлөө олгож, уран бүтээлч өөрийн үзлээ тулгахаас зайлсхийж буй хэрэг. 

Би хувьдаа үүнийг өөрийнхөө хэмжээнд баримталж, үзэгчид яг одоо ямар сэтгэгдэл төрж байх вэ, толгойд нь юу бууж байх вэ гэдгийг нээлттэй байлгахыг эрмэлзэж, мэдэрч хийхийг хичээдэг. Ингэж харуулахад үзэж байгаа хүн юу мэдрэх вэ гэдгийг тооцоолж харах нь л найруулагчийн тавилтууд юм.

- Орчин үеийн үзэгчид эргэцүүлж тунгаах хүсэлгүй, бэлэн хоол хүлээдэг болсон тухай дэлхий нийтээрээ л ярьдаг болж. Үйл явдал нь салхи шуурга шиг хурдан өрнөөд л, үхээд л сэхээд л, сэтгэл хөдлөлийг туйлд нь хүргээд л, ийм кино үзсээр бодит амьдралын хурд хүртэл бидэнд удаан санагдах болж, энгийн зүйлсийг хүлээж авах, бодох эргэцүүлэхдээ хойрго болоо юу гэж санагдана. 

- Бид маш хурдтай нийгэмд, мэдээллийг маш хурдтай, амар хялбараар хүлээж авч, амьдарч дадаж байна. Тэгж их хурдтай явахад ихэнх зүйл нүдний хажуугаар жирэлзээд өнгөрчихдөг талтай. Энэ нь хэлбэр төдий хурд юм даа. Бие нь хурдлаад, сэтгэл нь хоцрох юм уу, сэтгэл нь хурдлаад бие нь хоцрох, бие сэтгэл хоёр тэнцэхгүй байх үед тэндээс үр дүн гардаггүй шүү дээ. 

- Сэтгэлээсээ түрүүлж давхисан үзэгч биднийг кино найруулагч та бүхэн яаж аврах гэж байна вэ? 

- Аврах гэх нь хаашаа юм. Ер нь болбол бид өөрсдийн жинхэнэ мөн чанараараа хөгжих, хэлбэр төдий хөгжиж байгаагаа хөгжил гэж эндүүрэх хоёрыг ялгаж салгаасай л гэж. Хүн чанар, ёс суртахууны төлөвшил бол жинхэнэ хөгжил шүү дээ. Кэмбридж, Оксфордод сурчихаад хажуудах хүнэээ шинжин таньж, хайрлаж ойлгож чадахгүй бол тэр мундаг сургууль төгссөний хэрэг байх уу? Хүний хөгжил бол бидний амьдарсны утга учир, ул мөр нь юу байх тухай асуудал шүү дээ. Үүнийг бүтээлдээ ч хөндөхийг оролдсон. Тэр л миний ажил.

- “Хөхөө” кинонд ганц ботго гадсаа тойроод өөд уруугүй буйлах дүрс, дуу гардаг. Та үүнийг тайлбарлахдаа хүн үргэлж л ардаа ямар нэг зүйлд уяатай явдгийг зүйрлэсэн гэж хэлсэн байсан. Тэр нь амьдрал, мэдрэмжид ойр, сэтгэлд дулаахан тайлбар байсан шүү. Дурсамж, хайртай хүмүүс, гэдрэгээ харих гэр, эргэж очих эх орон гээд бидний уяа холбоо их нандин зүйл шүү дээ. Та өөрөө ер нь юунд уяатай явдаг хүн бэ?

- Би гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хайртай бүхэндээ л уяатай явдаг. Хүнд хэрэв гэр бүл гээч гайхамшигтай орон зай байхгүй бол тэр хүн нийгмийн харилцаанд биеэ авч явахад бэрх л дээ. Гэр бүлдээ жаргалтай байсан хүн өөртөө итгэлтэй, урам зоригтой байдаг. Гэр бүл гуйвах үед хүний бусад харилцаа ч мөн гуйвдаг гэж боддог юм. 

- Улиг болсон хэдий ч найруулагч хүнээс заавал асуух ёстой асуултуудын нэг байж магадгүй юм. Таны дуртай, хайртай найруулагчид хэн бэ.

- Анхаарлыг минь хамгийн их татаж, биширч хүндэлдэг найруулагчид бол Алфред Хитчкок, Акира Курасова хоёр.

- Тэгвэл та орчин үеийн гадаад, дотоод кино хэр үзэж байна? Орчин цагийн уран бүтээлчдээс хэнд дуртайв? 

- Үзэлгүй яах вэ, юм уншиж, үзэж харахгүй хүн яаж хөгжих вэ. Дотроо хий эргэсэн, өөрөөсөө хальж гарахгүй л амьтан болно шүү дээ. Кристофер Нолан, Тайванийн найруулагч Ан Лий нар мундаг найруулагчид. Ур чадвар, эрдэм нь үнэхээр сайхан. Ан Лийгийн бүх л жанрт орж, бүх л төрлөөр найруулж чадаж байгааг үзээд жинхэнэ найруулагч хүн ийм л байх байх даа гэж хардаг. Сэтгэл зүй ч бай, бодит ахуй ч бай, энтертайнмент ч бай мань эр тэгж сайн хийдэг. 

- Таны төрөл жанр юу вэ? 

- Миний хийхийг хүсэж, эрмэлздэг төрөл бол сэтгэл зүйн триллер байгаа юм уг нь. Надад энийг ингэж л хийнэ, энэ л миний хийц гэх зүйл байхгүй. Би бол тухайн зохиол, түүнээс босож ирж буй драматург нь хийцээ тодорхойлдог гэж ойлгодог. “Хөхөө” ч тэгж хийгдсэн. Яахав надаар дамжсан болохоор миний үнэр байх л байх. 

Харин “Хөхөөг” үзсэн хүмүүс өө энэ арт кино байна гэх мэт тодорхой төрөл зүйлд хамааруулж ойлгох гэж хичээж байна л даа. Надад тийм онол, стандартын талын сүжиг ер нь байдаггүй. Арт гээд байгаагийн артыг нь ч сайн ойлгоогүй л байна. Үгийг нь орчуулаад үзэхээр уран бүтээлч, урлаглаг, бүтээлч ажиллагаатай гэсэн үг үү дээ. Миний бодлоор бүх л кино бүтээлч ажиллагаанаас бүтдэг. Арилжааны ч байна уу, юу ч байна бүгд л бүтээлч сэтгэлгээнээс үүднэ. Хөндлөнгөөс харж буй хүмүүс л томьёолох гэж оролддог юм уу даа гэж бодох юм. 

- Монголд ер нь кино урлаг хөгжиж байна л гэнэ. Арилжааны гэгдэх кино, контентууд их хийж байна. Та ийм юм хийх үү? Яагаад ингэж асууж байна гэвэл хэрвээ хийхгүй бол та мөнгө хаанаас олох юм? Амьдрал ахуй, дараагийн уран бүтээл гээд санхүүгийн асуудлуудаа яаж шийдэх юм? Та ер нь мөнгө яаж олдог хүн бэ? 

-Аа яг наа чинь л асуулт л даа. Уран бүтээлч хүн урлагаас өөрөөр яаж мөнгө олох вэ, тэр хүн уран бүтээл хийж байхад гэр бүл нь ямар хэмжээнд, яаж амьдрах вэ гэх асуулт гарч ирдэг. Нэг зүйл хэлэхэд аливаа бүтээлийн ард сайн хань, гэр бүл байж байж тэр бүхнийг давж гардаг. Та нар Оскар энэ тэр дээр хардаг биз дээ , шагнал авсан хүмүүс “Энэ бол миний эхнэрийн шагнал” ч гэдэг юм уу тулж түшсэн хүмүүсээ нэрлэдэг.  Яагаад гэвэл тэд тухайн уран бүтээлчийн уран бүтээлийн төлөө золиос гаргадаг юм шүү дээ. Мэргэжлийн уран бүтээлч хүн бизнес хийж мөнгө олоод дараа нь кино хийжээ гэж би сонсоогүй. Магадгүй нэр хүндтэй болсны дараа бизнес хийж болох юм. Тэр хүртэл асар их тэвчээр золиос, амьдралын асуудлуудыг туучдаг.

 Амьдралд дутагдах гачигдахаас авахуулаад тэр гэр бүлд хаалганы цаана юу л эс болох вэ. Үүнийг бид бүгдээрээ мэддэг ч бие биедээ ярьдаггүй, нуудаг. Өнөөдөр гараад явлаа гэхэд надад унааны мөнгө бий юү гэдгээс л эхэлнэ. Энэ бол хаа ч байдаг амьдрал. Бид зүгээр л үүнийгээ нуугаад, болж байгаа юм шиг л амьдардаг. Гэр дотор ч үл ойлголцол гарна. Бид гардаггүй юм шиг л амьдардаг. Энийг туулаад амжилт карьерынхаа эхлэлийг тавьж чадсан бол тухайн уран бүтээлч маш тэвчээртэй, тууштай байсан гэсэн үг.

Би өнөөдрийг хүртэл ханийнхаа тус дэмтэйгээр, бусдын адил энгийн л амьдарсан. Надад бусдаас илүү их мөнгө төгрөг олоод байсан юм үгүй. Хүний л амсдаг жаргал, зовлон бүгдийг л амсаж явна. 

- Хүний л амьдрал гэдэг шиг... 

-Тийм, хаалганы цаадах бусдад ярьдаггүй асуудал олон шүү дээ. “Хөхөө” кино мөн л энэ хаалгыг дэлгэх гэж оролдсон бүтээл. Хаалгыг нээхэд хүмүүс бодит үнэнтэйгээ нүүр тулдаг. Бодит үнэн гэдэг бол урлаг. Хүн бид ямар ч техник, ямар ч гайхамшиг, ямар ч шинжлэх ухаан бүтээж чадахгүй нарийн оюун ухаан, сэтгэл хөдлөл, харилцааны нюанс, зовлон бэрхшээлийг давах чадвар, ур ухаантай амьтад. Энэ чинь өөрөө урлаг. Хүн шиг гайхалтай амьтан байхгүй. Сэтгэл хөдлөхөөрөө уйлдаг, уурладаг, баярладаг. Ямар ч хатуу ширүүнтэй тулахад ган төмөр шиг тэвчээрээр туулдаг. Энэ бол урлаг. Энэ дээр юу нэмж урлах юм бэ. Тэгэхээр үнэнтэй нүүр тулж байна гэдэг бол урлагтай л нүүр тулж байна гэсэн үг.

- Амжилтын эхлэлийг тавих хүртэл их зүйл туулдаг гэлээ. Амжилттай уран бүтээлчийн амьдралд алдаа завхрал, уналт бүтэлгүйтэл байсан л байгаа. Байх ч ёстой. Таны хувьд энэ тухай ярихад шууд санаанд чинь орж байгаа уналт бүтэлгүйтлийн түүх чинь юу вэ? 

- Би урьд нь нэг кино хийх гэж оролдсон юм. Тэгээд тэр кинондоо өөрийн бодсон шиг ажиллаж, ур чадвараа шавхаж чадаагүй нэг бүтэлгүйтэл бий. Өөртөө тавьсан босгондоо хүрээгүй юм. Гэхдээ тэр бол миний л босго. Бусад хүмүүст хүртээлгүй асуудал. “Сексийн эрх чөлөө” нэртэй тэр киноны үеэр би айхтар өвдөөд, ажилдаа бүрэн өөрийгөө зориулж чадалгүй сүүлдээ ч бүр дуусгахын түүс болж, чүү ай дуусгаж өгөөд хэвтэрт орсон байдаг юм. Энэ кинотой холбоотой хоёр зүйл миний амьдралд их том сургамж болсон. Нэгдүгээрт, тэгж өвдсөнөөр бурхан миний нүдийг нээсэн. Амьдралд маш олон хаалга байдаг гэх юм бол тэр олон өрөөгөөр орж амжихгүй, ганц хоёрхон өрөөнд байсаар амьдралыг дуусгах нэг өөр. Бүх л өрөөний хаалгыг татаж үзэх бас нэг өөр. Нэлээн хэдэн хаалга татаад гарах бас нэг өөр. Ингэж өвдсөнөөөр би амьд явахын үнэ цэн, үнэн, худал гэж юу болох, хүмүүсийн мөн чанар, харилцаа, аливааг даван гарах тэвчээр гэж юу байдгийг ойлгосон. Энэ гайхалтай ухаарлыг өгсөн бурханд би талархдаг. Хэрэв өвдөөгүй байсан бол би амьдралын талаар дутуу ойлголттой, яах вэ дээ нэг тийм хүн байх байсан. 

Хоёрдугаарт, ерөөсөө хэрвээ өвдөөгүй байсан ч л би тэр киног хийж чадахгүй байсан юм байна лээ. Яах вэ миний хүссэнээр болоогүй. Гэхдээ тухайн бүтээл дээр ажиллаж байхдаа би түүхий байж дээ гэж одоо боддог. Эргээд харахад би хорин хэдтэйдээ кино хийгээгүйдээ баярладаг, бас гучин хэдтэйдээ кино хийгээгүйдээ баярладаг. Ер нь энэ насан дээр л ирж байж кино хийх боломж олдож байгаа энэ хувь тохиол таарч байна. Энэ бүхэн надад асар их ухаарал, өөртөө ‘restart’ хийх боломж олгосон.

- Та бурхандаа баярладаг гэлээ. Бурхан гэж таны хувьд ямар ойлголт юм?

- Ер нь бол хүн мянган удаа төлөвлөөд, мянга дахин ухаан сийлээд ч хувь тавилан, түүний эргүүлгүүд ямагт биднээс илүү ухаалаг байдаг. Учир нь бурхан бүх зүйлийг биднээс илүү нарийн харж, тооцоолсон байдаг. Бурханыг яаж хүлээж авах нь хүн хүний л асуудал. Би бол бурханыг хайр гэж ойлгодог. Тэр гайхалтай хайрын хүчээр бидний амьдралын бүх юм зохицуулагдаж, биднийг удирддаг. Түүний хүчээр бид давж гарахааргүй зүйлийг ч давдаг. Бурхан биднийг юунаас ч суга татаад гаргаад ирж чадна. Хайр чамд бүтэн ноёлж байсан цагт чи юунаас ч юуг ч бүтээж чадна. 

- Ингэхэд таныг хүмүүс дүүтэй чинь харьцуулдаг уу?

-(Инээв) Мэдэхгүй юм даа. 

- Та нэг ярилцлагадаа хэлсэн байсан, бид суурьшмал соёл руу тэмүүлээд уламжлалт соёлоо гээж байна гэж. Монгол киноны хувьд бид өөрсдийн соёлоо үзүүлэхгүй бол монгол биш болно, тийм биз дээ? Гэтэл бид ‘монгол’ гэх тэр ялгамж чанараа үзүүлнэ гэхээрээ нэг бол цэрэг эх орны сэдэв, нэг бол хэт үндсэрхэг "ялгуусан" сэдвүүд барьж аваад байдаг. Өнөөгийн монгол хүний тухай, энгийн бодит амьдрал ахуйн тухай тэр бүр харуулахгүй байна. Та монгол кино бүтээлийн идеологи, агуулга ямар байх талаар юу бодож явдаг вэ? 

- Нэгт, монгол кино гэхээр л монгол ахуй харуулаад байна гэсэн үг биш. Хоёрт, солонгосууд шиг бие биенээ алж хядаад, заазуурдаад, орилоон чарлаан, үхэл хагацал гэх мэт зохиомол түүх харуулаад байх нь бүүр биш. Бидний кино бол нүүдэлчдээс суурьшмал соёл иргэншил рүү шилжиж байгаа манай нийгмийн зөрчил, амьдрал, хүмүүсийн сэтгэлийг шинжин таньж, гаргаж ирсэн бүтээл байх учиртай болов уу. Яагаад гэвэл энэ л өөрөө бид шүү дээ. Хоёр өөр соёл иргэншлээс бий болж байгаа сэтгэлгээний онцлог, хандлагаа л таних.

 Бид дэлхийн бусад улс үндэстнээс өөр. Бид яаж хайрладаг, яаж харилцдаг ард түмэн юм? Бид алсуур өөрийгөө илэрхийлж, алсуур хайрладаг хүмүүс. Одоо бид гадны соёлын нөлөөгөөр өөрчлөгдөж байж магадгүй ээ. Гэхдээ хэн байгаад хэн болж байгаа юм гэдгээ үргэлж мэдэж байх учиртай.

- Гэтэл?

- Гэтэл бид тэнд нэг кино үзэж байгаад тэрнээсээ санаа аваад л кино хийчихээд байгаа юм. Солонгос болон Холливудын кино шиг хийх нь гоё гэж бодоод байх шиг. Нэг харахад талцаж байгаад бие бие рүүгээ орилж чарлаж дайраад л, нэг харахад бие биенээ тархи толгойгүй балбаад л, түүхэндээ байхгүй юм үзүүлээд байгаа байхгүй юу. Солонгос киноны үзэгдэл шүү дээ, тийм биз дээ, би худлаа яриагүй биз дээ. 

- Үнэн үнэн. Та худлаа яриагүй.

- Одоо дэлхийг байлдан дагуулж буй гэх цуврал байна. Хүний хамгийн адгийн зүйлсийг үзүүлээд л. Хүнд үнэт зүйл, үнэт мөн чанар байхгүй мэт харуулж байна.  Яах вэ энэ бол арга техник... Баахан хүнийг хайр найргүй алаад, амьдралын хүнд хэцүү нөхцөлд оруулж байгаа тэр үйл явдлыг хязгаарт нь тултал савлуулчихаар хүний сонирхлыг хүчээр татдаг байх. Энэ техникийг ашиглаад бүгдийг нь үхлийн ирмэг дээр авч ирээд, хооронд нь үзэж таруулчихаар хүмүүс сонирхоод үзээд байна. Гэхдээ энэ бол зүгээр л нэг арга байхгүй юу. 

Бид нар өөрсдийгөө кино хийж чадахгүй муусайн юмнууд л гээд байдаг, гэтэл өнөө магтаад шүтээд байгаа Холливуд чинь хүртэл хүн төрөлхтний урлагийг урлаг биш болгосон шүү дээ. Мөнгө олох хэрэгсэл болгосон. Ололт амжилт, шоу бизнесийн гайхамшгийг харуулсан ч гэсэн тэнд урлагийг доош нь чирсэн зүйлс маш их хийсэн. Хүнийг өнгөц байдлаар юманд хандахад асар их нөлөөлсөн. Ингэвэл урлаг хаачих вэ?

Орос, франц, итали кино амьдралын үнэнийг ямар гоё өгүүлдэг вэ. Тэндээс ухаарал, урлагийг мэдэрдэг. Солонгост ч гэсэн мундаг бүтээлүүд олон бий. Гагцхүү амьдралгүй, хуурмаг бүтээлүүд биднийг юу руу хөтөлж буйд эргэлздэг. Бид үндсэн концепцоо хуулбар сэтгэлгээгээр биш эх оригиналаар нь үүсгэх л хэрэгтэй юм. Өөрийн юмаа хийе гэвэл өөрийнхөөрөө л сэтгэх ёстой. 

- Гэтэл урлагт оригинал эх чанар гэж байдаг уу, нэг нэгнээсээ урган төлжиж явдаг уу гэх бас нэг асуулт байна. 

- Үгүй энэ чинь суурь нь оригинал байх ёстой шүү дээ. Бусдын нөлөө байх нь мэдээж. Энэ ертөнцөд юу ч дангаараа оршихгүй. Харин суурь хөрс нь байхгүй байхад шууд авч ирээд наачихаад байгаа юм. 

- Одоо таны дараагийн зогсоол хаана байна? Дараагийн уран бүтээл, санаа оноо юу байна?

- Хэд хэдэн санаа бий. Тэр, энэ гэж хэлэхээс илүү тунгааж байна. Яг тэрийг хийе гэсэн шийдвэр хараахан гаргаагүй байна. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Horin hedtei um hiih sanaatai hun 2021.10.08 202.126.89.141

Bayrlalaa , busdiin asuugaagui gants umiig shuud asuugaatahlaa, amidrlaaa gej ...

0 Хариулах


Зочин 2021.10.08 192.82.76.70

Маш сонирхолтой сайхан ярилцлага байна даанч хурдан дуусчихлаа

0 Хариулах


Зочин 2021.10.07 66.181.188.215

Gaikhaltai saikhan yariltslaga baina.

0 Хариулах