Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

ХОБО ЖИБЭ | Ким Сон У-гийн тухай скандал, Бриттани Мөрфигийн нууцлаг үхэл


Ким Сон-У-д крашилсан бидний сэтгэл сэртхийлээ

#ЦагХугацааХаруулна

Яана аа, яана аа, яана аа, энэ залуугийн хөөрхөн царайг яах вэ? “Start-Up”, “Welcome to Waikiki” зэрэг шоугаараа анкаарлын төвд орж ирж, сүүлийн хоёр гурван жил Нетфликсээс салахаа больсон энэ залууг танихгүй монгол ээжийн охин байвал “юу ч гэхэв дээ, цаг хугацаа харуулна даа” гэж “Уйлах эрхгүй хайр” дууны хэсгээс зориулъя. 

Түүний тоглосон “Hometown Cha Cha Cha” киноны сүүлчийн анги өчигдөр гарч, Хон ахлагчийнхаа аз жаргалтай төгсгөлийг үзэж сэтгэлээ дэвтээгээд, өнөөдөр энэхүү мэдээгээ бичин сууна. Жүжигчин Ким Сон-У 1986 оны тавдугаар сарын 8-нд төрсөн, 35 настай, үхрийн орд. (Үхрийн ордынхон тэхдээ жиаахан материаллаг байдаг шүү, FYI) Сөүлийн урлагийн институтид сурч төгсөөд, 23 настайгаасаа театрын жүжигчин болж, 2016 он хүртэл театрын уран бүтээлчээр ажилласан. 2017 оноос эхлэн дэлгэцийн бүтээлд тоглох болсноор хоромхон зуурт танигдаж, дөрөвхөн жилийн дотор ийн Солонгосын одуудтай мөр зэрэгцэх хэмжээнд ирэв ээ. Театрын жүжигчин гэсэндээ жүжиглэлт энэ тэр нь нэг л өөр. Харц энэ тэр нь нэг л өөр. Драматург энэ тэр нь нэг л өөр... Ер нь л урлагийн бурхан Янжинлхам адислав уу, охин тэнгэр Муза ивээв үү гэлтэй...

За гаднаас нь харахад ийм байна. Гэвч царайны сайхнаар цай сүлэхгүй гэж монгол зүйр үг байдагчлан Солонгост “дотоод сэтгэлээр л догбуги хийнэ” гэж үг байдаг юм байна. Эл сургаалийн дагуу түүний дотоод хүн нь ямар тухай жаахан мэдээлэл шүүрдлээ. 

Түүнийг Солонгосын хэвлэлүүд ямар ч их зангүй, найрсаг, хэнтэй ч эелдэг харилцдаг хэмээн бичжээ. Хамтран тоглосон жүжигчин Шин Мин-А түүнийг амьдрал дээрээ эелдэг зөөлөн хүн гэж тодорхойлжээ. Гэвч!!!! Гэвч энэ мэдээг бичиж суух зуурт Солонгосын хэвлэлээр нэгэн шуугиан дэгдээд буйг шуурхай мэдээлэхээр манай редакц ажиллаж байна. Манай дотоодын нетизенүүд ч үнэн худал нь мэдэгдэхгүй нэмэлт мэдээлэл ирүүлсээр байна. Яасан гэхээр, түүнийг найз бүсгүйгээ гэрлэнэ гэж мэхэлж, хүчээр үр хөндүүлсэн байж болзошгүй тухай мэдээлэл түгж, түүнтэй хамтран ажиллаж, нүүр царайгаа болгосон брэндүүдийн нэг "Domino's" пицца сурталчилгааныхаа зурагт самбаруудыг буулгаж эхлээд байгаа аж.

Эхлээд үнэхээр сайн залуу, сайхан залуу гэж магтаж байсан хэвлэлүүд түүнийг ууртай, бүдүүлэг, зураг авалтын үеэр хараал хэлдэг, хүмүүсийг муулдаг гэхчлэн бичиж эхэллээ. Бас багадаа гэрт нь хулгайч орж ирээд ээжийг нь нүдэн дээр нь хутгалсан явдлаас хойш трауматай болсон зэргээр хамаг хувийн амьдралыг нь дэлгэнхэн байна. Түүнд крашилсан бидний сэтгэл сэртхийв. Хүний алдар нэр, амжилт ердөө хэдхэн цагийн дотор байхгүй болохуйц хэврэг гэдгийг эндээс харж байна даа. Нөгөө талд фэнүүд нь түүнийг өмөөрч, ийм худал мэдээлэл цацсан хэн бүхнийг шүүхэд өгнө гээд л ширүүн юм болж байна. Гүй хүний хүүхдүүдийг ингэж талцуулж байхаар өөрөө гарч ирээд яасан ийсэн, цаашид яахаа хэлчихвэл зүгээргүй юу?

Тэрээр урд нь нэг найз охинтой байгаад түүндээ хаягдаж, шархалсан зүрхтэй хоцорсон тухайгаа нэгэн радио ток шоуны үеэр ярьж байжээ. Олны танил болохоос бүүр өмнө үерхэж байсан охин нь цэргийн алба хааж байхад нь “салъя” гэсэн мессеж бичээд, түүнийг бүх юмнаасаа блоклоод, гэрийнх нь гадаа очоод уулзсан чинь өөр залуутай болсон гэж хэлсэн гэнэ ээ. Хэвлэлүүд энэхүү скандалын эзнийг тэр хуучин найз охин нь болов уу гэж таамаглаж байгаа юм байна. Ер нь гэхдээ баттай эх сурвалжийн мэдээллийг хүлээлгүй, мэргэжлийн бус эх сурвалжуудыг нягтлалгүй итгэх нь хэцүү болсон цаг шүү. За ямартай ч цаг хугацаа харуулах биз ээ. 

Дэйв Шапелийн шинэ комедигоос болж бөөн хэрүүл уруул

#ИтгэлээАмьдаарньХадгал

Комедиан Дэйв Шапелийн саяхан Нетфликст орсон шинэ комеди шоуг үзэж амжсан уу? Хойд Америкийн хамгийн алдартай комедиануудын нэг болох Шапел ах маань хааяа тоглоом наргиа нь хэтрээд нийгмийн эмзэг сэдвүүд, бэлгийн цөөнх энэ тэрийн тухай хэтэрхий харгис жөүк хэлээд байдаг гэмтэй хүн байгаа юм аа. 

Тэр шинэ шоун дээрээ өөрийгөө “транс хүмүүсийг дэмждэггүй феминист” гэж тодорхойлсон юм. Энэ нь транс эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн биш гэж хэлсэн хэрэг хэмээн ЛГБТК+ хүний эрхийн тэмцэгчид үзэж, түүнийг буруутгасан. Хоёрдугаарт тэр“ Хүний хүйс гэдэг бол факт, баримт. Энэ дэлхий ертөнц дээр төрсөн хэн чиг боловч эмэгтэй хүний хоёр хөлний дундаас гарсан нь үнэн” гэжээ.  Үүгээрээ трансжендер бүлгийг гадуурхсан өнгө аястай хошигнол хэллээ гэж үзэх хүмүүс байна. Гуравдугаарт, ер нь аливаа сэдвээр үзэл бодлоо илэрхийлсэн одууд шүүмжлүүлдэг нь утгагүй болох тухай яриад, “манай улсад буу бариад гудамжинд хүн буудаж болдог мөртлөө гей хүнийг гомдоож болдоггүй сонин шүү ” гэжээ. Энэ мэтчилэн эмзэг сэдвүүдээр хошигносон аястай ярьсан чинь Твиттер, хэвлэлээр нэг хэрүүл уруул. Зарим нь ахыг өмөөрөөд, зарим нь буруутгаад л талцаж гарлаа. Нетфликсийг ийм трансфобик агуулгатай контент гаргахаасаа ичиж амьдраач, наадахтайгаа хийсэн гэрээгээ цуцлаач гэж баахан чичилсэн боловч Нетфликс хариуд нь: “Бид түүнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болно оо. Тэр бол хамгийн нөлөө бүхий комедиануудын нэг. Түүний хэлсэн хошигнолууд зөвхөн уран бүтээлч хүний бүтээлч сэтгэхүйн илрэл, эрэл хайгуул байсан гэдэгт итгэж байна” гэв. 

Тэгж итгэх шалтгаан байгаа нь тэр шоуныхаа төгсгөлд өөрийнхөө транс найзын амиа хорлосон тухай ярьсан юм. Дотны найз нь транс эмэгтэй болон хувирсан шилжилтийн тухай, өөрөө хэрхэн хүлээж авсан тухайгаа өгүүлсэн юм. “Тэр надад транс гэдгээ хэлээд намайг тэврэн авахад нь би мэдээж трансфобик болохоороо түүнийг түлхэж, хөөе зайгаа барь хөгшөөн” гэж хэлсэн гэх мэтээр хөнгөн хошигнож, түүний амиа хорлолтын талаар “Тэр өөрийгөө эмэгтэй л гээд байсан. Гэхдээ тэр байшингийн дээврээс үсэрч нас барсан. Тийм зүрх зориг гангстер эрчүүдэд л байдаг юм” зэргээр үзэгчдийг инээлгээд амжсан. Түүний тухай ингэж ярихад тэр өөрөө дуртай байх байсан гэж мөн хэлэв. Хэдий хошигнолын хэлбэрээр ярьсан боловч энэ түүний эмзэг сэдэв бөгөөд магадгүй Дэйв Шапел өөрөө өөрийгөө тодорхойлдог шигээ транс хүмүүсийг үзэн ядагч биш болов уу гэх итгэл төрөх л юм даа. 

Мадонна хортой ээж үү?

#ХорвооГэж

Дуучин Мадоннагийн охин Лоурде Леон хэд хоногийн өмнө “Interview” сэтгүүлд өгсөн ярилцлагатаа ээжийгээ “control freak’ буюу хэтэрхий их хянаж цагдаж, эрхэндээ байлгадаг ээж хэмээн ярьжээ. Бүхий л хүүхэд насыг нь хянаж цагдаж өнгөрөөсөн ба чи миний гэрт амьдарч байгаа цагт миний дүрмээр амьдрана гэж сануулдаг байсан гэнээ. Яанаа монгол ээж нар хаашаа харах вэ? гэдэг бодол хамгийн түрүүн орж ирлээ. 

Мадонна хүүхдүүддээ “Тэр алдартны хүүхэд тэгж хүмүүжилгүй өсөж байна, энэний хүүхэд ийм дураараа байна, та нарыг тэгж ч дураар чинь тавихгүй шүү” гэж хэлдэг гэнэ ээ. Күй ер нь зөв юм биш үү? Хатан ухаант монгол ээжийн хүмүүжил байна шүү дээ гэж хэлбэл одооны хүүхдүүд шууд хувцсаа чамдаандаа хийгээд нүүх байх даа. Тэгэхэд нь хажуунаас нь монгол ээжүүд: “Хөөе наадах чинь манай чамдаан. Өөрийн гэсэн чамдаанаа олж ирчээд нүүгээрэй” гэх болов уу. 

Тэрээр ээжийнхээ тухай маш хөдөлмөрч, ажлын ёс зүйтэй хэмээгээд ээжийнхээ хөдөлмөрч занг хараахан дуурайгаагүй, харин хянаж цагддаг занг нь дуурайсан гэж. Тэгдэг юм даа хүүхдүүд минь. Багадаа аав ээжийнхээ ямар занг үзэн ядаж байсан өөрөө яг л тийм болдог юм. Хорвоо гэж. 

Бриттани Мөрфи ба түүний нөхрийн үхэл дахин сөхөгдөхийн учир

#Умманибадмэхум

2009 онд 32-хон настайдаа нас барсан алдарт жүжигчин Бриттани Мөрфигийн тухай баримтат кино HBO сувгаар гараад удаагүй байна. Түүний үхлээс таван сарын дараа нөхөр нь мөн адил оноштой буюу уушгины хатгалгаа хүндэрснээс болж нас барсан юм. Гэвч тэдний гэрлэлт, хамтын амьдрал, сэжигтэй үхлийн шалтгаан зэргийг хүмүүс нэг л эвлүүлж ойлгож чадахгүй явсаар өнөөг хүрсэн юм. 

Тухайн баримтат кинонд өгүүлснээр гайхалтай жүжигчний маань нөхөр Саймон Монжак гэх энэ эр Бриттанигийн маань толгойг эргүүлж, худал хуурмаг үгсээрээ панаалдсаар авч суусан, жиаахан луйварчин эр байсан гэнэм. Өөрийгөө тэрбумтан гэж худал ярьж явдаг, нэг бол нуруу нугасны хорт хавдартай гэж итгүүлэхийг оролддог, дээр нь хүн амьтны мөнгө төгрөг залилж баривчлагдаж явсан тааруу эр байж. Яахаа алдаж явахдаа хайртай жүжигчнийг маань олзолж, хамаг мөнгийг нь үрэн таран хийж байсан тухай нь бас өгүүлжээ. Гэрлэснийхээ дараа Мөрфигийн менежер болж, бүх өмч хөрөнгө, гар утас, и-мэйл хаягт нь хүртэл өөрийг нь ойртуулахгүй эзэмшиж, найз нөхөдтэй нь ч уулзуулахгүй тусгаарлаж их л зовоосон бололтой. Ээ дээ ямар хүнтэй ханилж байгаагаа сайтар таних нь чухал гэж энийг л хэлээд байгаам шүү дээ. 

Хамгийн дуртай жүжигчдийн минь нэг болох энэ сайхан бүсгүй уг нь хатгаагаа хүндрүүлээгүй бол зүв зүгээр л бидний дунд амьдарч байх байсан. Яагаад эмнэлэгт хандахгүйгээр ханиадны эм уугаад л гэртээ байгаад байсныг эмч нар ч гайхдаг юм байна. Магадгүй муу нөхрийн нөлөө байсан гэж үзэх хүмүүс ч байна. Ямартай ч шударга ёс зөвхөн Мөрфиг авалгүй нөхрийг нь ч хамт авчээ гэж хэлбэл нүгэл болох гээд байна. Магадгүй Мөрфи сүнс болон эргэж ирээд... Хэллоуин болох гэж байгааг хэлэх үү, юм юм л бодогдож байна. Ум мани бадмэ хум. 


Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
3
20 цагийн өмнө
Арваннэгдүгээр сард дэлхий дахинд өрнөсөн 11 ЭЕРЭГ МЭДЭЭ
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
6
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

reader 2021.10.19 122.201.22.27

"Үхрийн ордынхон тэхдээ жиаахан материаллаг байдаг шүү, FYI" hahaha, love this girl, sense of humor unen saitai shuu XD

0 Хариулах