Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ | Хамтдаа хичээхэд болно доо


Монгол улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Энэ нь манай хүн амын 3.4 хувь нь юм. Та өдөр тутмын амьдралдаа тэдэнтэй хэр их тааралддаг вэ? Нэг их таараад байдаггүй л болов уу. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд зүгээр л гадуур зугаалах, кафед ном уншиж суух, дэлгүүр хэсэх нь энгийн хялбараар хийж болдог зүйл биш юм. Цаашлаад нийгмийн бусад харилцаанд оролцох, ажил хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших боломж нь биднээс хэд дахин бага, хязгаарлагдмал. Яагаад тэр вэ? Тэд хөгжлийн бэрхшээлээсээ болоод ажил хийж чадахгүй, сурах чадваргүй, гэрээсээ гарахгүй байгаа хэрэг үү? 

Үгүй дээ. Харааны, сонсголын, хөдөлгөөний, хэл ярианы, суралцахуйн гээд ямар ч төрлийн бэрхшээлтэй байсан тэдэнд боломж олговол дээрх бүгдийг хийж чадна. Гагцхүү зам харгуй, нийтийн тээвэр, барилга байгууламжийг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн барьсан бол, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээг тэдэнд зориулсан зай талбайтай зохион байгуулдаг бол, мөн хүмүүс тэднийг сониучирхсан, өрөвдсөн, айж хачирхсан нүдээр хардаггүй бол дээрх бүхэн боломжтой юм. Ийм байсан бол тэд нийгмийн бүрэн эрхт гишүүн гэдгээ төвөггүй мэдэрч, энгийн амьдралаар амьдарч, тантай өдөр бүр гудамжинд тааралдах байсан. 

Тиймээс жинхэнэ бэрхшээл ТЭДЭНД биш БИДЭНД байна гэж үздэг. UNICEF-ийн баримт бичигт “Хөгжлийн БЭРХШЭЭЛ тухайн хүний хөгжилд оршдоггүй, үүнийг нийгмийн хандлага бий болгодог” хэмээн тодорхойлжээ. Тэдний амьдралдаа хийж болох сонголт, шийдвэр, эрх чөлөөт, бие даасан байдал, бүтээлч чадвар бидний бүтээсэн багахан хайхрамжгүй тогтолцооны уршгаар хязгаарлагдаж байдаг гэсэн үг. 

Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие махбодын хязгаарлагдмал байдлаасаа шалтгаалан саад бэрхшээлтэй учрах боловч хамгийн гол бэрхшээлийг хүрээлэн буй орчин болон хүмүүсийн зүгээс мэдэрдэг байна. Тэдэнд эрүүл мэндийн байдлаасаа болж сэтгэлээр унах үе байдаг л байх. Гэвч ихэнхдээ очиж чадахгүй, үзэж чадахгүй, нийгмийн харилцаанд оролцож чадахгүй, дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй үед, бас хүмүүсийн сөрөг хандлага, сэтгэгдэлтэй учрах бүртээ илүү шаналдаг тухай олон улсын судалгааны өгүүллүүдэд дурджээ. 

Хөгжлийн бэрхшээл гэдэг нь олон төрлийн бэрхшээлийг хамарсан өргөн ойлголт юм. Тэдгээрийн аль нь ч алинаасаа илүү дээр эсвэл доор байх албагүй. Ямар бэрхшээлтэйгээс хамаарч тэдэнтэй яаж харилцах нь өөр байж болохгүй. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй бүх хүнд нэг л асуудал нийтлэг тулгардаг.Тэр бол нийгмийн хандлага.

Үүний дотроос хамгийн түгээмэл байдаг “хортой дэмжлэг” гэх ойлголт бий.  Энэ нь тэднийг тусгай хэрэгцээ, асаргаатай, тусгай хүмүүс гэж эндүүрснээс эхэлдэг. Тусламж, асаргаа шаардлагатай хүмүүс байж болно. Гэхдээ тэр нь тэдний эрх чөлөөтэй, бие даасан байдлыг хязгаарлана гэсэн үг биш. Бэрхшээл ямар байхаас үл хамааран тэд чөлөөтэй сонголт хийх, хувийн орон зайтай байх, ямар тусламж хэрэгтэйг хүртэл өөрсдөө шийдэх эрхтэй. 

Нэг талаас, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хэрхэн харилцах нь хүн бүрийн хувьд ойлгомжтой, амархан зүйл байдаггүй ээ. Яаж харилцахаа мэдэхгүй сандрах, балмагдах, ичих айх мэдрэмж төрж болно. Зөв буруу үг хэлэх, үйлдэл хийх вий гэж эмээнэ. Зарим нь тэднийг хараад өрөвдөж, энэрнэ. Хүн бүхэн энэ талаар мэдлэг мэдээлэл, зөв ойлголттой байх боломж хараахан бүрдээгүй тул үүнийг буруутгах аргагүй юм. Ямартай ч эерэг сэтгэлийн үүднээс хандах нь дийлэнх гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ заавал эерэг байж, тэдэнд тусгай анхаарал хандуулах шаардлагагүй юм. Гол нь тэдэнтэй энгийн, хүндэтгэлтэй харилцахад л болно. 

Бидэнтэй ярилцсан харааны бэрхшээлтэй нэгэн залуу “Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүний бэрхшээлийг нь олж хардаг атлаа цаана нь байгаа хүнийг нь хардаггүй. Тэр хүн болвоос зүгээр л энгийн байдлаар, ялгаварлалгүй нийгэмд амьдрах хүсэлтэй хүн байдаг. Цэцэрлэгийн хүүхэд шиг хэтийдсэн анхаарал халамж, эсвэл тоомжиргүй бүдүүлэг байдал аль нь ч биш энгийн хүн шиг энгийн харилцааг хүсдэг.” хэмээсэн юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй нэгэн ээж “Хүүхдэдээ хэт их анхаарал хандуулж, үйлдлийг нь хязгаарлахгүй, бие даах боломж олгосон нь бидний хийсэн хамгийн зөв үйлдэл байсан. Монголд ялангуяа энэ төрлийн хүүхдүүдийг хөгжүүлэх нь байтугай эсэн мэнд гадуур авч явахад хүндрэлтэй шүү дээ. Тиймээс хүүхдээ анхнаас нь өөрийн амьдралаа удирдан зохион байгуулах чадвартай, бусад хүмүүстэй эн тэнцүү хүн гэж мэдрүүлэхийн тулд аливаа зүйлийг өөрөөр нь танин мэдүүлж, өөрийн орон зайтай өсгөсөн. Ингэж өсгөхөд хүүхэд нүдэн дээр цэцэг дэлбээлж байгаа мэт өөртөө итгэлтэй, бие даасан хүн болж эхэлдэг” гэсэн юм. 

Бидэнд тэднийг харах өөр нүд, өөр мэдрэмж, тогтолцооны хөгжлийн шинэ загвар хэрэгтэй гэдгийг эндээс харж болохуйц. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхэдтэй хамт, ижил орчинд суралцах, томчууд хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд эн тэнцүү оролцох боломжоор хангах зэрэг олон шийдэл бий. Энэ нь дээр дурдсан хандлагын асуудлаас гадна тэдний аюул осолгүй зорчих, амьдрах, ажиллах дэд бүтцийг шйидвэрлэхээс эхэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд концерт үзвэрт очиж, нийтийн тээвэрт хүндрэлгүй зорчиж, олон нийтийн газарт ариун цэврийн өрөө ашиглаж чадах уу? Энэ бүхнээс эхэлж бодох учиртай болов уу?

Дээрх бүх санал санаачлагыг дэвшүүлсэн “Бэрх биш ээлтэй" нийгмийн аян өрнөж буйг та ингэхэд анзаарсан уу? Нийгэмд амьдарч буй хэн бүхэн бие биенийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, харилцан ээлтэй байх тухай энэ аян арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Аяны хүрээнд мультмедиа контент, нийтлэлүүд, чөлөөт уран бүтээлчдийн бүтээл, хөдөлмөрийн экспо, “Манай байгууллага ээлтэй” зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах аж. 

Ер нь Монголд сүүлийн жилүүдэд энэ асуудлаар ахиц дэвшил нэлээд гарч буйг дурдах хэрэгтэй болов уу. 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулж, урд нь салангид байсан үйлчилгээнүүдийг нэгтгэн, нэг бодлогот зангидан явуулж эхэлсэн. Сэргээн засал, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Протезийн үйлдвэр, Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль гэсэн байгууллагууд нэг дороо цуглан үйл ажиллагаагаа нэгдмэл байдлаар явуулж байна. 

Үйл ажиллагаагаа хөдөө орон нутагт чиглүүлж, Ховд, Дундговь, Хөвсгөл, Архангай, Дорнод, Дархан-Уул зургаан аймагт салбар хөгжлийн төвүүд барьж байгаа юм байна. Эдгээр төв байгуулагдсанаар орон нутгийн иргэд хүүхдийн эрт оношилгоо, хэл засал, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал болон протезоо хийлгүүлж, анхан шатны үйлчилгээгээ авах боломжтой болно. 

Мөн сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд анхаарч, үлгэр жишээ болохуйц ажлууд санаачлаад байна. Өнгөрсөн зургаадугаар сард л гэхэд Ерөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр "Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ч.Ундрахбаярыг томилон ажиллуулж буй. 

Судалгаагаар Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 60-70 хувь нь хөдөлмөр эрхлэх чадвартай атал ердөө 15-16 хувь нь л хөдөлмөр эрхэлдэг аж. Нэгт, суурь боловсролын хүртээмж муу байгаагаас тэд хөдөлмөрт бүрэн бэлтгэгдэж чадахгүй буй, хоёрт, хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлэхдээ юу чадахгүй вэ гэдэгт нь ач холбогдол өгч, юу чадах вэ гэдэгт анхаардаггүй тухай мэргэжлийн хүмүүс хэллээ. Энэ мэт тулгарч буй аливаа асуудлыг харахад уг суурь нь эргээд хандлагын түвшиндээ өөрчлөлт шаардаж буй юм.

“Бэрх биш ээлтэй” аяны хувьд эхний шатанд #ЯгЧамШиг хэштэг бүхий агуулгыг таниулах ажил өрнөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яг чам шиг хайрладаг, дурладаг, шатдаг дүрэлздэг, авьяастай, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй гэдгийг ойлгуулах зорилготой. Шатаа стандартын дагуу хийчихвэл бид өөрсдөө гарчихна, замаа стандартаар нь барьчихвал бид өөрсдөө зорьсон газраа хүрчихнэ, боломжийг нь бүрдүүлээд өгвөл бид хамтран оршиж чадна, ийм л энгийн аж.

Бэрх биш ээлтэй нийгмийг хамтдаа байгуулахад, хүн бүрийн оролцоо, өчүүхэн ч болов хичээл зүтгэл хэрэгтэй билээ. Нийгмийн хандлага жижигхэн зүйлсээс эхэлдэг шүү дээ. Таны дуу хоолой, үлгэрлэл нийгэмд өөрчлөлт авч ирнэ гэдэгт итгээрэй. Магадгүй дараагийн удаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй таарвал хэрхэн харилцах, тэдний тухай ямар төсөөлөлтэй байхаа ч ойлгосон байх. За тэгээд мэдэхгүй зүйл тулгарвал зүгээр л тухайн хүнээсээ асуучихаж байгаарай. Танд яавал тухтай байх вэ, яавал бэрх биш харин ээлтэй байх вэ гээд. Бүгдээрээ хамтдаа жаахан хичээхэд л болно доо.

"Бэрх биш ээлтэй" аяны фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/BERKHbishEELTEI 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.