Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Залуу хүнд зангиа дараа


Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон биш Монголын Залуучуудын холбоо шуудхан зөнөгтэйгөө залгаж орхив. Албан тушаалын төлөө биеэ цэгнэх, хянах чадваргүй болсон этгээдүүдийн гарт орсон байна. Дарга гэж хэлэгдэх, удирдлага нь болж харагдахын оёгоор өвчилсөн сонжуургүй хүмүүс тэнд цугласнаас монгол залуусын нэрийг гутааж байна. Юм л бол бичиг сачиг үйлдэж, гар хөлийн үсэг зуралцаж, хурал хуй хийж, дарга сонгохын дон шүглэчихсэн. Залуу хүнд ийм уйтгартай заваан ажил нухаад сууж байх зав, сонирхол хэзээ байлаа. Дарга мөн, бишийн хэрүүлээс өөр олигтой мэдээлэл нийгэмдээ тарааж үзээгүй ийм хүмүүс орчин цагийн монгол залуусын байгуулал болж чадах юм уу? 

Залуу нас, хүсэл мөрөөдөл, эрч хүч гэж ондоо зүйл. Зангиа зүүцгээж хөмсөг зангидсан ийм залуу нас байдаггүй юм. Сэтгэл мэдрэл хэвийн залуу МЗХ-ны дарга хэн бэ гэдэг тухайд л шаналан шал палхийж байдаг эднийг дагаж намирахгүй шүү дээ. Ерөөс залуу хүнд зангиа сэлт, дарга даамал болж янцаглах дараатай л... Түүний оронд байшин барьж, үйлдвэрт ажилласан нь хавьгүй сонирхол татна. 

Хоёр хүн тайзан дээр бие биенийхээ энгэрт медаль зүүж зогсох нь яавч хүн төрөлхтний цогтой насныхны үйлдэл биш. Гэтэл МЗХ-ны ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч хэмээх гуншинтай хоёр залуу хээв нэг ингэлцэж зогсоод гэрэл зургаа баатарлагаар авахуулан олон нийтэд тараан ихэрхсэн нь тун саяхны бодит явдал. УИХ-ын гишүүнээр залуусын төлөөлөл болж сонгогдсон даруйдаа бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжиглдэгдэн улс орон даяар дургүйцэл төрүүлж жигшигдэн сайн дураараа гишүүнээсээ татгалзсан Д.Гантулга МЗХ-ны хүндэт ерөнхийлөгчөөр томилогдсон байлаа. 

Гэтэл энэ өдрүүдэд үүнээсээ ч долоон дороор эрүү, өвдгөө нийлүүлэн хөөрцөглөх, тэнэглэхийн дундуур хөглөж суугааг хэвлэлээс үзэхэд идэр насныхан өмнөөс нь ичмээр. Аанай л даргын хэрэг. МЗХ-ныхон гэж даргаасаа болж нийгэмд мэдээ цацдаг гаж хэнхэгтэй газар юм хойно. 

Ердөө 18 сарын өмнө сонгогдлоо гэж дуулдсан МЗХ-ны шинэ ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг  “цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан” гурав хоногийн өмнө огцруулжээ. Уг байгууллагын дүрмээр, ерөнхийлөгчөө их хурлаар сонгох бөгөөд их хурал нь дөрвөн жил тутамд болох ёстой гэнэ. Залуусын ерөнхийлөгчөө унагаж авсан тэр “цаг үеийн нөхцөл байдал” нь юу ч юм. О.Гэрэлт-Од нь ер юу ч хийж бүтээдэг хүн юм, хөөрхий. Төрийн дуулал эгшиглүүлэн МЗХ-ны ерөнхийлөгч тайзнаа гарч, зүрхэн дээрээ гараа талбин зогсохыг харахаар “сүрдэн бишрэлтэй”. Бүр өөрийнхөө ард цэргийн дүрэмт хувцастай дөрвөн алба хаагчийг ёсолгоотой зогсооно. Түвэнхээ өдөр бүр зангиагаараа хэтрүүлэн шахаж, ажил хэрэгч дүр төрхийг сайн бүтээснээс хэтрэхгүй. Тэгсэн бас ууртай эд ч бололтой, бүр Төрийн ордонд гүйгээд ирсэн тайлбар хийж байх юм. “Би бол хуулийн дагуу МЗХ-ны ерөнхийлөгч хэвээрээ!” гэж байна. 

Ийм нэг хаданд гарах санаатай эрийн оронд шинэ залуу ирсэн ч тэр нь харамсалтай нь эрх баригч намын залуучуудын байгууллагын тэргүүн заларч. МЗХ-ны ээлжит бус их хурлаас шинэ ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатарыг, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ж.Нямаа, Г.Батбаатар нарыг сонгожээ. Бүр олуулаа ерөнхийлөгч болохоор дайрчээ. Б.Сэргэлэнбаатар бол МАН-ын дэргэдэх Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч. МАН-ын залуучуудын байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа хүнд МЗХ-ны ерөнхийлөгч болох ямар шаардлага тулгардаг хэрэг вэ? Нэгэн зэрэг олон байгууллагын дарга хийхгүй л бол цаддаггүй залуу бололтой. Түүний хувьд МЗХ олонд танигдах, НИТХ-аас УИХ-д шат ахих найдвартай гишгүүр. Түүнчлэн МЗХ хотын төвд газар, байртай, үүнийг дагасан ашиг орлогын булаацалдаан бий. Бас одон медаль зардаг. Зарим залуу зангиа зүүх, дарга болох донгоор өвчилдгийн том нууц энд бас байна. 

МАН ийнхүү Монголын залуучуудын холбоог өөрийн хараат болгожээ. МАН үүнээс өмнө Монголын эмэгтэйчүүдийн холбоог эрхшээсэн. Монголын түүхэн байгууллага бүрийг, олон нийтийн үүсэл санаачилга болгоныг захирч суух шуналаа МАН увайгүй хүүхэлдэйнүүдээрээ дамжуулан гүйцэлдүүлж байна. Тиймээс л Б.Сэргэлэнбаатар шиг юмнуудыг ард түмэн “цүнх баригч” гэдэг юм!

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Авторын булан: “Рэкэтчид мэдээлж байна”
2
2022.05.11
Авторын булан: “Дутуу” гэхэд ордог А үсэг
3
2022.05.09
Авторын булан: Сэтгүүлч гахай биш
санал болгох
1
4 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
Өчигдөр
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
3
Өчигдөр
Аймшгийн киноны шүтэн бишрэгчид аймшгийн киноноос сурсан 10 зүйлээ хуваалцсан нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.