Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эрт эдүгээг холбосон шоу


Соёлын дурсгалт барилгын тоонд багтдаг Хүүхдийн урлан бүтээх төвд өнгөрөгч баасан гаригт нэгэн соёлын арга хэмжээ болсон нь Mongolian Professional Designers Union загварын шоу. Эртний өрнө, дорнын уламжлалыг шингээсэн сонгодог архитекторын шийдэл бүхий байшинд өнөө цагийн болон ирээдүйн хэв маягийг илэрхийлсэн загваруудыг амилуулсан нь бас нэгэн өвөрмөц хоршил боллоо. 

Цар тахал, хөл хорио гээд бүтэн хоёр жилийн турш бидэнд соёл урлагаар “амьсгалах” боломж төдийлэн олдсонгүй. Энэ хугацаанд ажил, гэрээс өөр маршрутгүй болоод байсан үзэгчид урлаг соёлын арга хэмжээгээр цангасан нь илт. Товлосон цагаас эртлэн очиж, тайзны дэргэдүүр зассан сандалд хэдийнэ тухалсан үзэгчдийн сэтгэл догдолсон хүлээлт, залуу загвар өмсөгчдийн толины өмнө дахин дахин эргэлдэж алхаа гишгээ, зогсолтоо нягтлах нь соёлыг бүтээгчид тайзаа, харин үзэгчид урлаг соёлын арга хэмжээгээ үгүйлснийг бэлхнээ гэрчлэх биз ээ. 

Тиймдээ ч энэ удаагийн арга хэмжээ цагтаа эхэллээ. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын мэргэжлийн загвар бүтээгчдийн холбооноос зохион байгуулж буй тус шоуг Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн нээж “Соёлын бүтээлч сар аяны хүрээнд 150 гаруй урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны загварын шоу. Улс тунхагласны баярын өдөр зохион байгуулж буй уг арга хэмжээг зохион байгуулах газрыг Хүүхдийн урлан бүтээх төвөөр сонгосон нь тун оновчтой шийдэл болжээ. Хувцас загварын салбар бол яах аргагүй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэгч салбаруудын нэг. Тиймдээ ч мянган мянган уран бүтээлчдийг төрүүлсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн уурхай болсон газрыг сонгосон болов уу. Энэ шоунд оролцож, бас үзэж буй та бүхний дунд ч энэ төвд суралцаж байсан хүн байгаа биз ээ” гэсэн юм. 

Эртний уран барилгын хийц, дорнын уламжлалт хээ хуарыг шингээсэн барилгад орчин үеийн загварын хөнгөн хэмнэл бүхий хөгжим нүргэлж, хувцас загварын ертөнцөд ирээдүйг бэлгэддэг геометрийн дүрслэл бүхий загварууд, хурц неон өнгө бүхий даашинз, хүрэм өмссөн бүсгүйчүүд нэгэн жигд хэмнэлээр алхах нь соньхон. 

Монголын дизайнеруудын бүтээлийг хэрэглэгчдэд сурталчлах, мөн тэдний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус загварын шоунд “Ovdog”, “Zoson”, “Soyo”, “Senti”, “Line”, “Noemi”, “Tuvza”, “Kadr”, “Muse art house”, “Futuristic Type” зэрэг брэндийн загвар зохион бүтээгчид оролцож, бүтээлээ толилуулсан юм. 

Шоуны эхний хагаст ноосон хослол, ажил хэрэгч хослол бүхий өдөр тутмын хувцасны загварууд голлосон бол хоёр дахь хагаст “Kadr” брэндийн загвар зохион бүтээгч Б.Энхбаатарын неон өнгийн хурц шийдэл бүхий загварууд, “Futuristic Type” брэндийн ирээдүйг илэрхийлсэн маск, нүүрний хамгаалалт, хорт утааны багтай бараан болон завсрын өнгийн куртик, хослолын загваруудаар нүд хужирласан. 

Шоуныхаа онцлогийн талаар Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгдчийн холбооны дарга Б.Номунгэрэл “2017 онд “Хамтдаа хүчтэй” уриатайгаар байгуулсан манай холбоо жил бүр нэгдсэн шоу арга хэмжээ зохион байгуулж, загварын долоо хоногийг бий болгож, хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Энэ жилийн хувьд Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” аяныг зохион байгуулж, уг аяны хүрээнд манай шоу зохиогдож буйгаараа онцлог. Өмнө нь уран бүтээлчдээ дэмжсэн ийм том аян, арга хэмжээ болж байгаагүй учраас дүрслэх болон тайз дэлгэцийн гээд урлагийн бүхий л салбарынхнаа хамруулж, том арга хэмжээ зохион байгуулж байгаад их баяртай байна. Мөн энэ удаагийн арга хэмжээ маань зөвхөн холбооны гишүүдийнхээ хүрээнд бус залуу дизайнеруудаа дэмжих зорилгоор оролцуулж, хамтдаа хүчтэй гэдгээ харуулахыг зорьсон. Мэдээж загварын ертөнцийг хөгжим, нүүр будалт, үс засалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүмүүс хувцас загвар гэхээр зөвхөн загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчдөөр л төсөөлөөд байдаг. Угтаа энэ салбар маань хөгжим болон гэрэл зураг, нүүр будалт, үс засалтынхныг багтаасан өргөн цар хүрээтэй салбар байгаа юм” хэмээн ярилаа. 

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
2022.01.10
П.Баярсайханы "Хүн гөрөөс" тайзнаа дахин тоглогдохоор болжээ
2
2022.01.07
Г.Номуун: Өөрийгөө танина гэдэг чухал үйл явц
3
2022.01.07
2021 ОНЫ ОНЦЛОХ КИНОНУУД
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
12 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.