Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

ХОБО ЖИБЭ | Эллиот Пэйжийн гайхалтай хувьсал, Солонгос ээжүүдийн мөрөөдлийн хүргэн Бо Гум, Канье Уэстийн хожимдсон гэмшил


Эллиот Пэйжийн шинэ бие
#ӨөрийнхөөрөөБайхынЖаргал

Төрөхдөө Эллен Пэйж байсан авч өсөхдөө Эллиот Пэйж болсон нэгэн сайхан залуугийн өөрчлөлт хувьслын гэрч болж яваагаа мэдэж байгаа юу та нар? Даруухан хөөрхөн охин анх 2007 онд “Жуно” кинонд өсвөр насны охины дүр бүтээж олонд танигдсан бол өнгөрсөн жилийн өдийд тэрээр транс эрэгтэй гэдгээ зарлаж, нэг жилийн дотор бие махбод, сэтгэл зүйгээрээ маш их хувьсал хийн өөрчлөгдөж, өнөөдөрхөн ийм гайхалтай зургаа инстаграмдаа оруулжээ. Тэр мэс заслын дараах өөрийгөө толинд хараад баярласандаа уйлсан гэж Опрагийн шоуны үеэр ярьжээ.


34 настай жүжигчин маань бүүр бага балчраасаа, дөрвөн настай байхаасаа өөрийгөө эрэгтэй хүн гэдгээ мэдэрч эхэлсэн ба жүжигчний карьераасаа болоод үүнийгээ ил гаргаж чадахгүй яваад л байж. Харин аз болж түүнийг транс эрэгтэй гэдгээ зарласнаас хойш киноны саналууд ихээр ирэх болж гэнэ. Хүйсээ өөрчилснөөс хойш тэр эрэгтэй дүрээрээ кинонд хараахан тоглоогүй байгаа юм. Эрэгтэй дүрийн саналууд ирж байгаад баярлаж, таалагдсан дүрдээ жинхэнэ өөрийнхөөрөө тоглоно гэхээс догдолж буйгаа “Time” сэтгүүлд ярьжээ.



Бид нар өглөөд нэг л тухгүй хувцастай гарчихвал өдөржин биеэ барин тавгүйрхэж, орой хариад бушуу тэр муугаа тайлж шидээд, шалан дээр дэвслээд, ахиж л энийг өмсөхгүй гээд хамаатны дүүдээ өгдөг биз дээ. Гэтэл нэг насаараа буруу, тухгүй, чамд зохицохгүй бие махбодод амьдрах ямар болохыг төсөөлөөд үз дээ. Улайм цайм сэтгэл зүрхэндээ өөр хүн байсаар байхад бие чинь түүнийг чинь илэрхийлж чадахгүй байна гээд бодоод үз. 

Тиймээс трансжендэр нийгмийн бүлгийг бараг уйдсандаа л хүйсээ сольж байна чинээ тохуурхан үздэг хүмүүс энэ тухайгаа дахин бодож үзээд, санал нийлэхгүй бол бас дахин бодож үзээд, бүүр санал нийлэхгүй бол бодохоо болино уу.

За тэгээд болж бүтэж, өөрөө өөртөө тухтай, эсвэл тухтай байхын төлөө тэмцэж буй хэн бүхний төлөө алга ташъя. Явж явж энэ амьдралд өөртэйгээ учраа олж, бие сэтгэл дотроо тухлан амьдрахаас илүү утга учиртай, үнэ цэнтэй зүйл байна уу? Манай ub.life-ынхны уриа үг байдаг юм. “Уйлмаар байвал уйлчихаж байгаарай” гэж. Яг тэрэн шиг өөртөө тухтайгаараа л байгаарай. Нүдэндээ давхраа хийлгэмээр бол хийлгээд, сексийн хангалттай туршлага хуримтлуулмаар бол хуримтлуулаад (хамгаалалтттай, харилцан зөвшилцсөн, аюулгүй сексийн тухай ярьж байгаа шүү), сэтгэл хөдлөлөө гаргамаар бол гаргаад, интроверт экстроверт алин боловч байгаагаараа байгаад, мөнгөгүй бол мөнгөтэй харагдах гэж битгий хичээ, мөнгөтэй бол зүгээр цац, ер нь л бусдад гэм хоргүй, хүнийг өвтгөж зовоочихгүйхэн яваа бол гэмших зүйлгүй өөрийнхөөрөө л байгаарай.

Лиза ковид тусав
#БусдыгаалДагачихлаа
Дэлхий даяар 260 сая хүн коронавирусийн халдвар аваад байна. Лиза тэдний нэг болж гэнэ ээ. Тэгээл болоо. Нью Йорк Таймс, Роллинг Стоунз гэлтгүй бүгд л энэ тухай мэдээлээд байхаар нь дагаад л мэдээлчихлээ.

Жич: Манайхаан нөгөө гурав нь сөрөг Ураааа!

Канье Уэст хүн шиг хүн болохоо амлав
#ДэргэдэхЭрдэнээХайрла


Хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө гэж зорилт тавьсан Канье Уэст талархлын баяраар өөрийнхөө харамсаж болон талархаж явдаг зүйлсийнхээ жагсаалтыг аудио бичлэг болгон цацжээ. Үүний дотор салсан эхнэр Ким Кардашианд хандан хэлсэн үгс мөн багтсан байна. Ах маань сүүлийн хэдэн жил бас л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явлаа шүү дээ. Олон нийтийн газар зохимжгүй үг үйлдэл гаргаж, эхнэр болон хадмуудаа муулж, буруутгаж, Трампыг дэмжигчийн хувиар “Make America Great Again” малгай өмсөж, нэг үгээр хэлбэл хэт ойворгон явсаар буцаад нэг юм байрандаа ирж байх шиг байна. Гэвч хүний цочмог авир бүрийн ард шалтгаан байдгийг бид мэдэх билээ. Түүний хоёр туйлт эмгэг хүндэрсэн, ээжийнхээ нас барсны араас хэт их гашуудаж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон, за тэгээд угаасаа бас өөрөө жаааааахн зүгээргүй гурав нь нийлээд байгаамаа.

 За түүний аудио наманчлалыг хүргэе.



“За вазаап, би Еэ байна аа, талархлын баярын уртаас урт наманчлалыг маань тэвчээртэй сонсоно уу. Би ойрын үед өглөө болгон гэр бүлээ бодож сэрж байна. Би тэднийгээ хэчнээн их өвтгөж зовоож байсныгаа ухаарч байна. Одоо би тэдэндээ нөмөр нөөлөг болж, хүн шиг амьдармаар байна. Би өнгөрсөн хэдэн жилд мөнгө үрж, зугаацаж, архи дарс ууж, галзуу юм шиг явсан. Үүндээ гэмшиж байна.” 

гээд үргэлжлүүлэн “Би хэт их стресстснээсээ болоод уурлаж, согтож, орилж хашхирч стрессээ тайлдаг болсон байсан. Гэвч энэ нь надаас гэр бүлийг минь холдуулж байгааг анзаарсангүй. 2016 оноос хойш би сэтгэл зүйн асуудалдаа эм ууж эхэлсэн маань бас миний хачин авируудад нөлөөлсөн гэдгийг хэлмээр байна. Эхнэр минь миний төлөө чадах бүхнээ хийсэн, харин би түүнийг алхам тутамдаа ичгэвтэр байдалд оруулж, битгий гэсэн бүхнийг нь зөрүүдлэн хийсээр ирсэн. Бурхан минь би хэвлэлийн хурлын үеэр эхнэрийнхээ тухай таагүй зүйлс хүртэл ярьсан. Хүмүүс бид бусдыг шүүмжлэхээ урьтал болгодог ч өөрийнхөө амьдрал ямар байгааг мэддэггүй юм байна. Надад өөрийн гэсэн гэр бүл бэлэглэсэн эхнэртээ талархаж буйгаа би хэлмээр байна.” гэлээ хөөрхий. Одоо тэхдээ оройтсым биш үү ах аа. 

Ер нь Еэ Кимээс салаад бүүр л хог дээр үсэрнэ гэдгээ мэдсэн бололтой. Өнгөрсөн долоо хоногт Кимтэй үнсэлцэж буй зургаа постолсноос үзэхэд буцаж нийлэх хүсэлтэй байгаа нь илт. Хүний охин үрийг дэргэдээ байхад нь хайрлаж чадаагүй атлаа явах гэхээр нь араас нь чаргууцалдаад байдаг тийм нэг дүр зураг харагдаж байгаа биз дээ. Арваад жил ханилахдаа эхнэрээ түмний нүдэн дээр орох байхаа олж ядтал нь эвгүй байдалд оруулсан тохиолдол олон. Хамгийн сүүлд аргаа ядаад салах өргөдлөө өгсөн шалтгаан нь нөхөр нь хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд “Анхны хүүхэд маань төрөхөд би хүүхэд хүсэхгүй байна гэж хэлсээр атал тэр намайг хүчээр эцэг болгосон” гэж ярьснаас болсон юм.

За тэгээд нэгэнт салахаар шийдсэн Ким Кардашиан энэ зуур жүжигчин Пити Дэвидсонтой романтик харилцаа үүсгэж, Лос Анжелесаар зугаалж яваа нь хэвлэлд гарсаар байна. Тэр хоёр яах вэ нэг их удахгүй л байх. Ямартай ч хэн хэн нь бүх зүйлдээ дүгнэлт хийх хугацаа хэрэгтэй тул Ким эгч минь тааваараа зугаалаг дээ.

Солонгос ээж нарын мөрөөдлийн хүргэн Пак Бо Гум
#CantTakeMyEyesOff

Ойрд солонгос жүжигчдийн тухай жижиг сажиг хобо хүргэх зуураа Бо Гумыгаа орхиж болшгүй гэдгээ мэдэрч, түүний тухай мэдээ бэлтгэхээр шийдлээ. Тэр бол солонгос ээж нарын мөрөөдлийн хүргэн, солонгос үндэстний хамгийн хайрлаж, хамгаалж, өхөөрддөг жүжигчин, охидын төсөөллийн найз залуу, мөн эелдэг зангаараа олон нийтэд “good influencer” хэмээн өргөмжлөгдсөн залуу юм. Солонгосчууд түүнийг өхөөрдөн Богуми ингэж дууддаг ёоом.

Түүний тоглосон дүрүүд угаасаа хамгийн эелдэг, дотно дулаан дүрүүд байдаг тул ийм байх нь ч аргагүй. Багаасаа төгөлдөр хуур, усанд сэлэлтээр хичээллэж, сургуулийн найрал дууны бүлгэмд багтаж, дараа нь Сөүлийн Мёнжи их сургуулийн Театрын мюзиклийн ангийг төгссөн. Яг л театрын мюзикл шигээ яруу залуу гэнэм.

Гэхдээ тэр үргэлжид ийм яруу сайхан амьдарсан уу гэвэл үгүй ээ. Бага сургуульд байхад нь ээж нь нас барж, аавтайгаа их хэмжээний өрөнд орж, карьерынхаа эхэн үед хүртэл өр зээлтэй амьдардаг байжээ. Тиймээс өөрийгөө ямар нэг зүйлд шунахаас илүү байгаадаа талархаж, амар тайван амьдралыг эрхэмлэж сурсан хүн гэж тодорхойлсон байна.
 
Богуми найман сард цэрэгт мордсон ба фэнүүд нь түүнийг цэргийн албаа сайн хаагаад, хурдан эргэж ирэхийг хүссэн сэтгэгдлээр “булж алахаа” шахсан байна. Түүнийг хоёр жил шахуу алба хаах хугацаанд бид санасан сэтгэлээ дэвтээж, хуучин кинонуудыг нь эргүүлж тойруулан үзсээр суух байх даа.  Бо Гумын тухай олон хүмүүс “Түүн рүү нэг л харвал харцаа салгахад хэцүү” гэж тодорхойлжээ. Мөн 2016 онд түүний тоглосон сурталчилгаа бүхэн хит болж, ирклаамдсан барааны борлуулалт хэмх өсөж байсан гэнэ. Ийм л нэр хүндтэй хөөрхөн залуу юм байгаам шүү. Хайрлаж яваарай.

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
ХОБО ЖИБЭ | Лана Дел Рей арьс өнгөөр ялгаварлагч уу? Тээгч эхээс хүүхэдтэй болсон Приян...
2
2022.01.13
ХОБО ЖИБЭ | Жижгээ, Цогтоо хоёрт боловсрол хэрэгтэй, Ж.Момоа, Л.Бонет хоёр салав, Том Х...
3
2021.12.15
ХОБО ЖИБЭ | Билли Айлиш хэт их порн үзэж, Бен Аффлек хуучин эхнэрээ муулав
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
10 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
11 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
6
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.