Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төрөөс татварын таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй"


Соёлын бүтээлч сарын хүрээнд зохиогдож буй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын салбар хэлэлцүүлгүүд өчигдөр явагдлаа. Уг үйл ажиллагааг нээж Соёлын сайд Ч.Номин үг хэлэхдээ, “Олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгосноор уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулж, тэлэх боломж олдоно гэж үзэж байгаа. Энэ зорилтын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх нэн чухал шаардлага бидний өмнө тулгараад байна” хэмээн онцлов. 

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар улсын төсвөөс хамаарах ёсгүй"

Салбар хэлэлцүүлгүүдийн хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Монгол Улс байгалийн баялгаас гол татвар болон бусад орлогоо бүрдүүлдэг ч энэ нь урт хугацаанд бидний сул тал болж хувирна. Эдийн засгаа солонгоруулахад соёлын бүтээлч салбар чухал үүрэгтэй. Гэхдээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар цаашид тогтвортой хөгжихийн тулд улсын төсвөөс хамааралгүй байх ёстой. Соёлын сайд солигдохоор төсөвгүй болчихдог эрсдэлтэй нөхцөлд контент үйлдвэрлэгчид урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Тийм учраас төрөөс татварын таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй” хэмээсэн юм. 

Харин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн судалгааны багийн ахлагч Д.Лхамжав “Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг татахад зориулсан татварын боломжийг олгоё” гэх саналыг дэвшүүллээ. Тэрбээр “Ирланд улс зураач, зохиолч, дизайнеруудын орлогыг 100 хувь татвараас чөлөөлсөн. Зөвхөн энэ гуравт татварын чөлөөлөлт олгосон ч Ирландын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 44.8 хувийн өсөлт авчирсан. Энэ мэт татварын дэмжлэг олон улсад түгээмэл” хэмээв. 

УИХ-ын гишүүн П.Анужин “Монгол хүмүүс хэзээ ч өөрсдийнхөө оюуныг үнэлдэггүй. Гадаадын контентуудыг өндөр үнээр худалдаж авдаг. “Монгол тулгатны 100 эрхэм” контентийг нэг ч телевизэд зарж, мөнгөөр үнэлж байгаагүй” гэдгийг тодотголоо. 

Оюуны өмчийн газрын захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг “Бүртгэлийн нэгдсэн сан үүсгэчихвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж нээлттэй. Уран бүтээлчид хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан тарифаа тогтоолгож, бүтээлийнхээ үр шимийг хүртэх боломж бүрдэнэ. Нэг дуу зөвхөн караокены сангаас жилдээ 5 сая төгрөг олох боломжтой. Тэгэхээр 2.5 тэрбум төгрөг сул хаягдаад байна. Үүнийг уран бүтээлчдэд хуваарилж өгөх ажлыг хийх ёстой” хэмээсэн юм. Тэрбээр, тоглогдож буй давтамжийг тооцох зарчмаар тэгш хуваарилалтыг хийх боломжтой гэж үзэж буйгаа хуваалцсан юм. 

"Бүтээлч үйлдвэрлэлийг зөвхөн соёл урлагийнхан дангаараа хийх боломжгүй"

Мөн форумын хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба тогтвортой хөгжил” хэлэлцүүлэг зохион байгуулагдав. Соёлын бүтээл үйлдвэрлэлийн чиглэлээр статистик мэдээлэл байдаггүй. Ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулагчдыг татах ямар ч боломжгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн юм.

СУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал Ж.Эрхэмтөгс “Бүтээлч үйлдвэрийн чиглэлээр судалгааны институт байгуулах хэрэгтэй. Гэхдээ бэлгэ тэмдэг төдий бус шинжлэх ухаанчаар хандах нь чухал. Бүтээлч үйлдвэрлэлийг зөвхөн соёл урлагийнхан дангаараа хийх ямар ч боломжгүй. Соёлын бүтээлч үйлдвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын менежерүүдийг татан оруулж, бодлогоор дэмжих хэрэгтэй. Менежментийн багийг оруулж том хөрөнгө оруулалт татах арга замыг хайх нь чухал. Улсын төсөв хязгаарлагдмал. Улсын төсвөөс санхүүжилт аваад бизнес хийх боломжгүй. Тиймээс хувийн хэвшлийн санхүүжилтийг дэмжих боломжуудыг эрх зүйн хүрээнд бүрдүүлэх нь чухал“ хэмээв. 

Харин НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой ноолуур платформын үндэсний зохицуулагч С.Мягмаржав “Нийгэмд зөв ойлголтыг түгээхэд урлагийн нөлөө чухал” гэдгийг онцолсон. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн түншлэл хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаа “2019 онд Монголын телевизүүдийн холбооны төлөөлөл хүүхдэд чиглэсэн контентын агуулга ямар нэгэн байдлаар хүүхдийн сэтгэл зүй болон бие махбодид сөрөг нөлөөтэй бол хязгаарлана гэсэн амлалтыг өгсөн. Ингэхээр бизнесийн байгууллагууд сурталчилгаагаа телевизийн эфирээр олон нийтэд хүргэхийн тулд контент бүтээгчдэд манай бүтээгдэхүүний хэрэглээний заалтыг ёс зүйтэй, тодорхой танилцуулаарай гэдэг захиалгыг өгнө. Улмаар туслан гүйцэтгэгч компаниуд чадавхжих хэрэгтэй болох юм" хэмээн ярилаа. 

У.Чинзориг

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
2022.01.18
Амьдралд шантрах үедээ туршиж үзэх ДОЛООН зүйл
2
2022.01.17
Өнөөдрийн зурвас: Вакцин
3
2022.01.14
13 настай монгол охиныг бүлэглэн зодсон солонгос охидод хорих ял оноов
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
12 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.