Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Шавхагдашгүй нөөцтэй соёлын салбарыг "саалийн үнээ" болгох төлөвлөгөө


Цар тахлын гамшгаас эмээж, хилээ хаа, хөл хорь хэмээн хашгичихдаа бид соёл урлагийн салбар шиг хэрэггүй зүйл үгүй мэт аашилж, ад үзсэн. Гэхдээ хөл хорио ийм удаан үргэлжилнэ чинээ санасангүй. Бүтэн хоёр жил хоригдохдоо үзвэрийн танхим, үзэгчдийн суудлаа бүр саначихаж. 

Урлаг соёлын салбарынхан маань ч ажлаа үгүйлж байгаагаа цөөнгүй мэдэгдсэн. 

"Дууныхаа үгийг мартчихсан байна билээ" хэмээн "Люмино" хамтлагийн дуучин Бажи влогийнхоо үеэр хуучилж, "Ньюанс" хамтлагийн ахлагч М.Амарсанаа Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэн, худалдаа эрхэлж буй талаараа ч ярилцлага өгч байсан. 

"Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, Соёлын яам цаашид ямар замаар алхах зураглалаа танилцуулсан хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Арайхийн урлаг соёлын салбарт нар гийж, аравдугаар сарын 1-нээс урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөнөөр энэ намар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхан бужигнаж эхэллээ. Ялангуяа өнгөрөгч арваннэгдүгээр сард. Соёлын яамнаас "Соёлын бүтээлч сар" хэмээх нэг сарын хугацаатай аяныг зохион байгуулж, урлаг соёлын үзвэр, үйлчилгээг үгүйлж байсан үзэгч, сонсогчдын цангааг тайлав. 

Энэ хугацаанд 160 гаруй арга хэмжээг зохион байгуулж, "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, Соёлын яам цаашид ямар замаар алхах зураглалаа танилцуулсан хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 29, 30-нд Засгийн газрын ордон, Улсын филармонид болж өндөрлөлөө. 

Хэлэлцүүлгийн хоёр дахь өдрийн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Даяаршлын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монголчууд бид өөрсдийн өвөрмөц соёл, зан заншлаа алдахгүй байх нь чухал. Тиймээс Монгол Улсын Засгийн Газар 2020 онд үүх түүх хэл соёл зэрэг үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хүүхэд залууст өв соёлоо уламжлуулан хадгалах, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Соёлын яамаа дахин байгуулсан. Дахиж хэзээ ч Соёлын яам аль нэг байгууллагын хавсарга битгий байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг хүн. Тусгаар тогтносон улс Соёлын бие даасан бодлоготой, бие даасан Соёлын яамтай байх ёстой. Соёлын яам байгуулагдаад удаагүй байгаа ч соёлын салбарын эрхзүйн шинэчлэлийг эхлүүлж, их бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдийг хөгжүүлэх чиглэлээр олон бодьтой арга хэмжээг авч явуулж байна" хэмээн онцоллоо. 

Форумын эхний хэлэлцүүлэг нь "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого" байв. Соёлын сайд Ч.Номин илтгэлдээ байгуулагдаад 10 сар болж буй яамныхаа өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон, соёлын салбарын ирээдүйн зураглал, түүнд хүрэх маршрутаа танилцуулсан юм. 

Өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр хэтийн төлвөө тодорхойлох боломжгүй. Тиймдээ ч өнгөрсөн 10 сарын хугацаанд соёлын салбарын өнөөгийн байдлыг судалж, түүн дээрээ тулгуурлан хэтийн чиг хандлагаа тодорхойлжээ. Харин эл төлөвлөгөө, хэтийн зураглалыг хэлэлцүүлэгт оролцсон Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, ЮНЕСКО-гийн зөвлөх Том Флеминг, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Стэнли Клечкски нар тун оновчтой болсон хэмээн дүгнэсэн юм. 

Юун түрүүнд Соёлын яам соёл урлагийн салбараас хувцас загвар, кино урлаг, дүрслэх урлаг, дуу хөгжим, дижитал контент тоглоомын салбарыг тэргүүлэгч таван чиглэлээр тодорхойлж, ирээдүйд баялаг бүтээх салбар болно хэмээн онцлов. 

Хэрэв соёл урлагийн салбаруудыг системтэй, зөв зохион байгуулж чадвал дээрх салбарууд өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг томоохон салбар болно гэж үзэж байгаа юм. 

Өмнөд Солонгосчууд дуу хөгжим, кино урлагийн салбараа бодлогоор дэмжсэнээр зөвхөн "Squid Game" цуврал гэхэд л 21.4 сая ам.доллараар бүтэж, тэрбум ам.долларын орлого олоод буй.

Энэ нь ч оргүй хоосон биш гэдгийг баримтууд гэрчилж байна. Өмнөд Солонгосчууд дуу хөгжим, кино урлагийн салбараа бодлогоор дэмжсэнээр зөвхөн шуугиан тариад буй "Squid Game" цуврал гэхэд л 21.4 сая ам.доллараар бүтэж, тэрбум ам.долларын орлого олоод буй. 

Түүнээс гадна кино урлагийг дагаад хоол, хүнс үйлдвэрлэл, хувцас, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын орлого ч огцом нэмэгджээ. 

Бидэнд ч солонгосчуудын адил кино урлаг, дуу хөгжим, хувцас загварын салбарт үсрэнгүй хөгжиж, эдийн засгийн өгөөжийг нь хүртэх нөөц боломж бий. Гагцхүү зөв бодлогоор дэмжих нь л чухал гэдгийг бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын зөвлөх Том Флеминг илтгэлдээ дурдсан юм. 

Харин үүнд юу саад болж байна вэ? Түүнийг ч бас соёлын яамныхан судалгаандаа багтааж. Салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагаа муутай байдал, шаардлагатай мэргэжилтнүүдээ оновчтойгоор олж, бэлтгэж чадаагүй нь, дэд бүтэц дутмаг, хөрөнгө оруулалт хангалтгүй, менежмент муутай зэрэг цөөнгүй шалтгаан энэ салбарын хөгжлийг хойш татаж байж. 

Алдаагаа олж харсан юм чинь амжилтаа ахиулах л үлдлээ. 

Соёлын яамны хөгжлийн бодлогодоо соёлын салбарын эрхзүйн орчныг таатай болгох, энэ салбарын мэргэжилтнүүдийн авъяасыг хөгжүүлж, чадавхжуулах, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд их сургуулиудтай хамтран ажиллаж, дутагдалтай байгаа мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэх, гадаадын орнуудад тэтгэлэгт хөтөлбөрүүдээр мэргэшүүлэх, хэрэглэгчийн дадлыг бий болгох зорилгоор дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт үзэгч, сонсогчийн соёлын хичээлийг багтаах зэрэг олон цогц ажил хийхээр төлөвлөжээ. 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, нэн түрүүнд Монгол кино үйлдвэрийг шинэчлэн цогцолбор болгон өөрчилж, цаашид соёлын бүтээлч үйлдвэрлэлийн гудамж, дүүрэг, цогцолбор байгуулах зэрэг олон ажлыг тусгасанаа Соёлын сайд Ч.Номин илтгэлдээ дурдсан бөгөөд хэлэлцүүлгийн зочноор хүрэлцэн ирсэн соёл урлагийн төлөөллүүд ч алга ташин хүлээн авсан юм. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэлцүүлгийн үеэр "Дэлхийн хөгжлийн араас бид хөөгөөд гүйцэхгүй. Урдуур нь хөндлөн дайрах ёстой. Харин тэгж дайрах гол хүч нь технологи. Харин бидний гол алдаа бол зохион байгуулалтад орж чаддаггүй байдал" хэмээсэн бол Сангийн сайд Б.Жавхлан "Яамгүй 24 жил болоход Монгол соёлын өвийг таслалгүй авч явсан хүмүүс бол аймаг, сумдын соёлын төвийн ажилтнууд. XXI зууны шинэ Монгол иргэнийг жолоодогч уураг тархи нь энэ салбар. Соёлын бүтээлч үйлдвэрлэл бол уул уурхай шиг шавхагддаг нөөцтэй салбар биш. Соёлын яамныхан маань энэ салбарыг Монголыг ирээдүйд авч явах томоохон салбар болгох гэж зорьж байгаа нь харагдлаа" гэсэн юм. 

Харин дэлхийн чиг хандлага хааш эргэж буйг хэлэлцүүлгийн сүүлийн сэдэв болох "Урлаг ба санхүү" илтгэлээрээ "Делойт Онч" ХХК-ийн ерөнхий захирал Д.Ончинсүрэн танилцууллаа. 

Зөвхөн 2020 онд гэхэд л дэлхийн ультра чинээлэг иргэд 1.5 тэрбум ам.долларыг урлагийн бүтээлд зарцуулсан бол 2025 онд энэ тоо 1.9 тэрбумд хүрнэ гэж үзэж буй. Цар тахлын хүнд жилүүд урлагийн салбарт ч нөлөөлж. Сонирхолтой нь дүрслэх урлагийн салбарт бүр эергээр нөлөөлсөн байна. Шинэчлэл, өөрчлөлтөөс татгалздаг уран зураг, цуглуулгын бүтээлүүдийн борлуулалт уналтад ороод байсан бол хөл хорионы үеэр борлуулалтын сувгаа нэмж, онлайн худалдааг эхлүүлснээр 2020 онд уран зургийн худалдаа өнгөрөгч оны мөн үеийнхээс 230 хувь нэмэгдсэн үзүүлэлттэй байж. Бас нэгэн сонирхолтой тоон үзүүлэлт бол уран зургийн дуудлага худалдаанд азийнхан хүч түрэн орж ирж буй. Азийн худалдан авагчдын дуудлага худалдаанд оролцох, уран зураг, цуглуулгын бүтээл худалдан авах сонирхол ихэссэнээр Хонконгийн дуудлага худалдааны төв чансаагаар хоёрдугаар байрт эрэмбэлэгдэх болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
2022.01.10
П.Баярсайханы "Хүн гөрөөс" тайзнаа дахин тоглогдохоор болжээ
2
2022.01.07
Г.Номуун: Өөрийгөө танина гэдэг чухал үйл явц
3
2022.01.07
2021 ОНЫ ОНЦЛОХ КИНОНУУД
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
11 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.