Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

XАС-ын түүхүүд | Б.Еркин: Харилцагчтайгаа хамтдаа өссөн амжилт бол хамгийн эрхэм нь


ХасБанкны Байгууллагын банк хариуцсан захирал Б.Еркин


ХасБанканд орсон түүхээс сөхвөл, их сургуулиа төгссөний дараа АПУ компанид нягтлан бодогчоор жил гаран ажиллаад 2002 онд мэргэжлийн, бичгийн, гадаад хэлний, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага гэх мэт тав, зургаан шалгаруулалт давсны эцэст ХасБанкны Сонгинохайрхан дүүргийн салбарт жижиг дунд бизнесийн мэргэжилтэн буюу одоогийнхоор зээлийн эдийн засагчаар ажилд орж байлаа.

Ганцаарчилсан ярилцлагын үеэр тав, зургаан захирал өөдөөс харж суугаад надаас ээлжлэн асуулт асууж байв. Гэтэл тэдний дундаас нэг захирал “Чи яагаад манайд ажилд орох гээд байгаа юм бэ” гэж олон удаа асуусан. Тухайн үедээ би сайн ойлгоогүй ч топ аж ахуйн нэгж болох АПУ компанийн борлуулалт хариуцсан нягтлан яагаад шинээр байгуулагдсан банканд ажиллахыг хүсэв гэсэн өнцгөөс асуусан нь тэр юм билээ л дээ. Эрч хүчтэй, залуу хамт олны нэг хэсэг болж, дөнгөж эхэлж буй банк санхүүгийн салбарт өөрийгөө сорих нь надад илүү сонирхолтой, цаашид өсөж хөгжих боломж ч өргөн юм шиг санагдсан. Тэр нь ч биеллээ олж, 20 жилийн дараа эргэж хараад гаргасан шийдвэртээ баярладаг.

Эрч хүчтэй, залуу хамт олны нэг хэсэг болж, дөнгөж эхэлж буй банк санхүүгийн салбарт өөрийгөө сорих нь надад илүү сонирхолтой, цаашид өсөж хөгжих боломж ч өргөн юм шиг санагдсан.

Бичил зээл олгохоос санхүүгийн үйлчилгээгээ эхэлж байсан ХасБанк өдгөө олон мянган үнэнч харилцагчдаасаа гадна Монгол Улсын топ аж ахуйн нэгж, байгууллагуудтай түншилж байна. Жижиг, дунд бизнесийн зээл олгож ажлын гараагаа эхэлж байсан миний бие өнөөдөр том аж ахуй нэгжүүдтэй харилцаж, тэдэнд өндөр дүнтэй зээл олгох ажлыг хариуцаж буй.

Анх энэ хамт олны дунд ороход мэргэжлийн хэр нь найрсаг харилцаа надад тун шинэ, содон санагдаж билээ. Дарга гэхээрээ л доод албан тушаалтнаа даргалдаг, захирдаг биш, эсрэгээрээ найрсаг, хүний хувийн орон зайг хүндэтгэсэн харилцаа угтахад эхэндээ би үнэхээр гайхсан. Өнөөгийн олон байгууллагад энгийн санагдах уг соёл тэр үед цоо шинэ зүйл байсан юм.

***

2001 онд “Хөгжлийн алтан сан”, “Говийн Эхлэл” гэсэн хоёр ББСБ нэгдэж, ХасБанкийг үүсгэн байгуулсан түүхтэй. “Хөгжлийн алтан сан” бичил санхүүд, харин “Говийн Эхлэл” жижиг дунд бизнесийн санхүүжилтээр мэргэшсэн байв. Хэдийгээр ХасБанк “Говийн Эхлэл”-ээс улбаатай бичил зээлийн туршлагатай байсан ч жижиг дунд бизнесийн санхүүжилтийн чиглэлээр зах зээлд хараахан байр сууриа эзлээгүй байсан үе.

Ингээд би Сонгинохайрхан дүүргийн салбарт нэг жил ажиллаад 2003 оны гуравдугаар сараас төв салбарт зээлийн эрсдэлийн менежерээр томилогдож, Улаанбаатарын салбар эсвэл орон нутаг руу явж, том дүнтэй зээлийн хүсэлтүүдийг судалж олгох үүргийг үндсэн ажлынхаа хажуугаар гүйцэтгэдэг болсон. Нэг мэдэхэд миний хариуцсан зээлийн багц тэрбум төгрөгт хүрэв. 2005 онд тэрбум төгрөг гэдэг маш их мөнгө шүү дээ. Тиймээс бид цаашид банкны үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатайг удирдлагууддаа уламжилсан. Удалгүй ХасБанкны удирдлагууд Зээлийн төв байгуулах шийдвэр гаргаж, би захирлаар нь томилогдсон.

Зээлийн төв хоёр жилийн дараа статусаа өөрчлөн “Бизнес үйлчилгээний төв” нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харилцагчдын хэрэгцээг зөвхөн зээлээр хязгаарлах боломжгүй, төлбөр, тооцоо, хадгаламж гэх мэт олон төрлийн үйлчилгээ байдаг учраас харилцагчийн хэрэгцээг цогцоор нь хангах зорилгоор ийнхүү өөрчлөгдсөн. 2011 оны эцэс гэхэд “Бизнес үйлчилгээний төв”-ийг дөрөв болгон өргөжүүлсэн. Удирдлагуудын зүгээс “Бизнес үйлчилгээний төв”-үүдээ нэг стандарт, адил ур чадвартай болгохын тулд чиглүүлж ажиллуулах хүн шаардлагатай гэж үзээд 2011 оны сүүлээр намайг Бизнес үйлчилгээний төв хариуцсан захирлаар томилсон. Ингээд 2011-2019 оны хооронд Бизнес хөгжлийн төв хариуцсан захирал, дараа нь ХасБанкны Ерөнхий захирал болон Байгууллагын банк хариуцсан захирлыг хавсран гүйцэтгэж байгаад 2020 оны нэгдүгээр сараас албан ёсоор Байгууллагын банк хариуцсан захирлаар ажиллаж байна.

***

Эргээд харахад ХасБанкийг сонгож, 20 жил энэ гэр бүлийн гишүүн болж ажиллахад олон зүйл нөлөөлжээ. Онцгойлж хэлье гэвэл нэгдүгээрт, бүхий л боломж миний гарт байсан. Хэрвээ санаачилгатай ажиллаж хангалттай ачаалал, эрсдэл үүрч чадвал өсөж дэвших боломж дүүрэн. Цаашлаад шинэ санаа, үзэл бодлоо удирдлага болон хөрөнгө оруулагчдад хүргэх боломжтой байсан нь надад чухал байсан. Хүн бүрд ийм боломж олдоод байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, байгууллагын бизнесийн этик намайг тогтвортой ажиллахад ихээхэн нөлөөлсөн. ХасБанк үүсэн байгуулагдсан цагаасаа “Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг” гэсэн гурван тулгуурт эрхэм зорилгыг тогтвортой хадгалж ирлээ. Сонсоход PR-ийн шинжтэй уриа мэт боловч ХасБанкны шийдвэр, журам, өдөр тутмын үйл ажиллагаанд үргэлж мөрдөгдөж ирсэн алтан дүрэм нь юм. Одоогоос 7,8 жилийн өмнө Гүйцэтгэх захирал М.Болд ХасБанкны аль ч зээлийн бүтээгдэхүүний сарын хүү 2 хувиас хэтрэхгүй гэсэн тушаал гаргаж байв. Өнөөдөр нийтээрээ зээлийн хүүг бууруулах тухай ярьж байна. Гэтэл ХасБанк үүнийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэ бол ХасБанк зөвхөн ашиг хөөлгүй, харилцагчдынхаа итгэлтэй түнш нь байж, бодит дэмжлэг үзүүлж ирсний нэг тод жишээ юм.

Монголд бичил зээл гэх ойлголт төдийлөн дэлгэрээгүй байсан 2000-аад оны эхээр ХасБанк санхүүгийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал иргэдэд банкны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилго тавьж, бичил зээлийг бизнесийнхээ үндсэн чиглэл болгосныг онцлон хэлмээр байна.

Түүнчлэн Монголд бичил зээл гэх ойлголт төдийлөн дэлгэрээгүй байсан 2000-аад оны эхээр ХасБанк санхүүгийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал иргэдэд банкны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилго тавьж, бичил зээлийг бизнесийнхээ үндсэн чиглэл болгосныг онцлон хэлмээр байна. Учир нь, ТҮЦ, лангуу, найман нэрийн дэлгүүрээс эхлээд канон, принтерийн үйлчилгээ зэрэг өрхийн аж ахуйн шинжтэй жижиг бизнес тэр үед олон байсан, одоо ч бий. Үйлчилгээгээ өргөжүүлэхээс эхлээд иргэдэд санхүүгийн хэрэгцээ гардаг ч түүнийг бизнес гэж үзэн зээл олгодог банк тэр үед байгаагүй. Бичил зээл бол эцсийн дүндээ тухайн хүний ур чадварт итгэл үзүүлэх тухай асуудал байсан юм. ХасБанк үүнийг олж харан, тэдэнд итгэл үзүүлсэн учраас зээлээ 99,9 хувь эргэн төлдөг, үнэнч харилцагчидтай болж чадсан. Бичил зээл авч эхлээд өдгөө манай банкны том харилцагч болсон бизнес эрхлэгчид цөөнгүй бий. Бичил санхүүгийн зээл одоо ч манай үндсэн бүтээгдэхүүний нэг, цаашид үүнд тулгуурлан бусад санхүүгийн үйлчилгээгээ хөгжүүлэх болно.

Зээл авснаар тухайн харилцагчид ашигтай байх ёстой гэдэг бодлогыг ХасБанк баримталсаар ирсэн.

Монголд үйл ажиллагаа явуулж буй банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээ тэдгээрийн нөхцөл бараг ижилхэн. Харин ХасБанк харилцагчдынхаа бизнесийг урт хугацаанд, тогтвортой дэмжиж, хэзээд итгэлтэй түнш нь байхыг эрмэлзсээр ирсэн. Ингэхдээ ямар ч тохиолдолд шударга байх зарчмыг баримталдаг. Жишээ нь, харилцагч зээлийн хүсэлт гаргахад энэ хүн зээлээ төлж чадах уу, түүнд хангалттай барьцаа хөрөнгө бий юү гэдгийг бүх банк судалдаг. Гэхдээ зээл авснаар тухайн харилцагчид ашигтай байх ёстой гэдэг бодлогыг ХасБанк баримталсаар ирсэн. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж манай зээлийг авснаар ашиг нь нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжих ёстой гэдгийг бид давхар тооцоолдог. Банк зөвхөн хүүгийн ашгаа олж, зээлээ төлүүлээд дуусаж болохгүй. Энэ мэт зарчмын асуудал дээр бид хатуу байр суурьтай. Тэр нь өрсөлдөөний явцад заримдаа сул тал мэт боловч урт хугацаандаа зөв байдаг. Тиймдээ ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд банкныхаа өсөлт, дэвшлийн нэгээхэн хэсэг болж, гар бие оролцсоноороо бахархаж явдаг. 

***

Би их ажлын хажуугаар өөрийнхөө дуртай спортын төрөл болох сагсан бөмбөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломж олдсонд олзуурхаж явдаг юм. 2004 онд Ч.Ганхуяг захирал багийн спортыг хөгжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн дээд лигийн “Хасын хүлгүүд” багийг байгуулж, улмаар ХасБанк 18 жил тасралтгүйгээр дэмжсээр тэд зургаа дахь удаагаа лигийн алтан цомыг өргөж түүхэнд байгаагүй амжилтын эзэд болсон. Би сүүлийн 15 жил “Хасын хүлгүүд” багийг хариуцан ажиллаж байгаад өнгөрсөн жил дасгалжуулагчид нь энэ үүргийг шилжүүлж өгсөн. Бид “Хасын хүлгүүд” багийг ивээн тэтгэхдээ өмчлөх, эзэн суух бус ХасБанк ивээн тэтгэхээ больсон ч цаашид өөрийгөө аваад явах чадвартай, хүчтэй баг байгаасай гэж хүсэж ирсэн. Энэ бол нийгмийн хариуцлагаа үргэлж ухамсарладаг ХасБанкны соёлын салшгүй хэсэг.

Энэ бол бидний хувьд зөвхөн эхлэл бөгөөд цаашид 200, бүр 2000 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах нь бидний алсын хараа юм.

Эцэст нь хэлэхэд, ХасБанк маань 20 жилийн ойтойгоо золгож байна. Энэ бол бидний хувьд зөвхөн эхлэл бөгөөд цаашид 200, бүр 2000 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах нь бидний алсын хараа юм. ХасБанк дараа жил нээлттэй хувьцаат компани болно. Өнөөдрийг хүртэл бид тоотой хувьцаа эзэмшигчдэдээ үйл ажиллагаагаа тайлагнаж ирсэн бол нээлттэй хувьцаат компани болсноор олон нийтэд тайлагнадаг, тэдний өмнө хариуцлага хүлээдэг болох юм. Энэ том сорилтод бид 100 хувь бэлэн. Бид хамгийн том банк болно эсвэл хамгийн өндөр ашигтай ажиллана гэсэн зорилгыг тавьж байгаагүй, цаашид ч тавихгүй. Харин тодорхой чиглэлд мэргэшсэн, үндэслэлтэй ашиг олдог санхүүгийн мэргэжлийн байгууллага байна гэж өөрсдийгөө төсөөлдөг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0