Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Өөр гүнж, өөр кино


Гүнж гүнжийнхээс анги, үлгэр үлгэрийнхээс эсрэг бодит нэгэн түүх дэлгэцийн бүтээл болжээ. “Хотулун гүнж. Алтан судрын эрэлд” кино хүсэл мөрөөдөл ба зориг зүрх, гэнэтийн учрал ба итгэл найдвар, үнэнч сэтгэлийн цог жавхааг өгүүлэх юм. Хацар гоо хааны гүнж байжээ. Үйлэнд уран, үгэнд цэцэн гүнж харь улсын ханхүүтэй гэрлэн эцгийн гэрээс одож... жаран жил жаргаж гэнэ ээ. Үлгэр үлгэрийн төгсгөл, гүнж гүнжийн зураг ийм байдаг нь олонтаа. Чингис хааны жич Хайдугийн охин Хотол цагаан гүнжийн түүх тэс өөрөөр жаргана. 

Гүнжийн түүхүүдийг холливуд хийцээр харж дадсан орчин цагийн үзэгчдэд монгол гүнжийн монгол киног зориулан бүтээх амаргүй агаад амтат зорилгынхоо ард зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар урамтай гарчээ. Нүд, сэтгэлийг булаах тухайд бүтээгчид нь сайтар бодож боловсруулсныг онцлох ёстой. Агуулгаа туульсаар зохиомжилж, хэлбэрийг тулаант жанраар бүтээсэн нь манай дэлгэцэд шинэхэн бөгөөд жүжигчдийн төдийгүй найруулгын ур чадварыг харуулах сайн жишиг болжээ. 

Хотулунд жүжигчин М.Цэрэндолгорыг тоглоно гэж анх дуулахад түүнийг баатарлагаар төсөөлөхөд хол байсан. Зураг авалтын үеэр морь унаж сурсан, бүр  морио цоройлгох даалгаврыг ч орлон тоглогчгүйгээр биелүүлэх хүртлээ моринд гаргууд болжээ. Сэлэм, нум сум жүжигчин бүсгүйд дараа болсонгүй, тэр зэвсэг, хэрэглэлүүдээ өөрийн салшгүй ахуй мэт эзэмшсэн байна. Тэр хаан хүний цор ганц эрхэмсэг, эрэлхэг гүнж ямар байхыг цог шиг цоонож гялалзтал гаргасан. Сэтгэл хөдлөлийн өгүүлэмжүүдийг олон үггүй харцаар тоглох, тулааны үеийн хөдөлгөөний эвслээрээ Цэдо олон талтай юм билээ. Жүжигчин хүнд гоо үзэсгэлэн үнэхээр хангалтгүй юм байна. Давтагдашгүй, өөрийн гэсэн өвөрмөц, унаган төрх, хөдөлгөөн, дуу хоолой жүжигчин хүний өвөрмөц зэвсэг аж. М.Цэрэндолгор олон одыг харсан орчин цагийн үзэгчдийн сэтгэлд тод монгол гүнжийг үлдээлээ. 

“Хотулун” кинонд Хубилайн хүү Номгон хунтайжид тоглосон Д.Мөнхтөмөр гайхалтай жүжигчин аж. Тэр хүн өөрөө л юм шиг бүх зүйл нь үнэмшилтэй, хөнгөн. Түүний хичээл зүтгэл үл анзаарагдам, жинхэнэ. Гэнэт хаанаас ийм “хачин” хүн “Хотулун”-д тоглохоор гараад ирснийг гайхмаар.  

Киноны хувцас хэрэглэл гэж том хүчин зүйл байдаг. Сүүлийн үеийн ихэнх кинонд өчигдөрхөн зүүнээс гарсан баймаар цоо шинэ дээл хувцас, будаг ханхалсан авдар сав гялалзан харагдах нь үйл явдлыг огтоос үнэмшилгүй болгож орхидог. “Хотулун” киноны баг үүн дээр өө сэв гаргасангүй. Дайчдын малгай, дээл, гутал, савхин тоноглолууд, бамбай сэлэм, нум сум яг л ахуйдаа “амьдарч” байлаа. Харин алтан судрын араас элдэж байх замд элсэн молцогт тулалддаг хэсгээс нэг хором нүдэнд тээртэй эрээлжилдэг нь дүрс боловсруулалтын алдаа байв бололтой.    

“Хотулун” киноны бас нэг гоёл бидний эх орны дагшин байгалийн үзэсгэлэн байв. Дүрслэлд дүүрэн ашиглаж чаджээ. Тогтож хармаар газар орон хэчнээн ч үзэгдэв. Даанч киноны үйл явдал үргэлжлэх тул кадр хурдан солигдчих юм билээ. Гүнж гүнжийнхээс анги, үлгэр үлгэрийнхээс эсрэг бодит нэгэн түүх ийнхүү “Хотулун” нэрт дэлгэцийн бүтээл болжээ.  

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
2022.11.18
Өнөөдрийн зурвас: Гэрт ээж, гадаа цас
2
2022.05.24
Өнөөдрийн зурвас: Роман
3
2022.05.13
Өнөөдрийн зурвас: Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтах албагүй
санал болгох
1
9 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
13 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.12.08 66.181.161.33

Хамгийн мундаг нь Номгон хунтайж санагдаж байсан.

0 Хариулах