Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Өнөөдрийн зурвас: Гацуур


“Амьдралын эх ус

Усны эх мод”. 

Яг өдийд Монгол орны цонх бүрийн цаана, тооно болгоны дор гацуур гэрэлтэн асдаг. Айсуй шинэ оныг угтах гээд булан тохой бүхэн дуулж байгаа. Хуучин, шинийн заагт амьдралын тухай, аз жаргалын тухай бодном. Эргэж ирэхгүйгээр одсон хайрт хүмүүсээ санан дурснам. Ирэх он жилүүдэд эрүүл энх, амар жимэр аж төрөхийг хүн бүхэнд хүснэм. Энэ мод гэрт сүндэрлэхээр хүүхдүүдийн инээд, хүмүүсийн дурсамжийг цалгиадаг шидтэй. Гацуураа чимж ахуйд модноос үүдэн сэтгэл тавтай болсон нэгэн явдал санаанд гүн үлдсэнийг бодож зогслоо... 

Ээжийгээ нутаглуулсан газрыг анх удаа ах дүү хэдүүл зорин очсон юм. Санасан зоргоор гүйгээд хүрэхээргүй газарт нутагтай болгочихоод ирсэн өдрөөсөө л эргэж очихыг хүлээсэн хэрнээ цаг нь тулахад тэрхээн зуурт сэтгэлдээ ямар уйтай буцахаа төсөөлж амжих өөрийнхөө өөдгүйд дургүй хүрнэ. Хүн ийм л өрөвдөлтэй өчүүхэн амьтан юм билээ дээ. Ээжийнхээ мөнх бус болсныг үзнэ гэдэг нь чи үнэрлэж дассан энгэртээ дахиж тэврүүлэхгүй болохын нэр юм. Энхрий сэтгэлт олон хүнээр хацраа илүүлэвч тэр дунд ганцхан чиний ээжийн гар л байхгүй болчихыг хэлдэг юм. Хайр энэрлийн дээд ачлалт эрдэнэ ээжээн өрөвдөж нурахгүй буцахад гацуур мод над тусалсан юм. Тэнд гацуур модод эгнүүлэн тарьжээ. Олон мод ургаж, хэдэн жилийн дараа цэцэрлэгт хүрээлэн болох аж. Нялх ногоон гацуурын төгөл дунд ээж минь үлдсэн. Амьтны үрсийг эвийлдэг сэтгэл нь хээрийн салхинаа өнчрөлгүй үргэлжилж буй мэтээр сэтгэн би уужим амьсгалсан. Ингэж би моддод итгэж, хайраа үлдээсэн. Модод над анх удаа мөнх амьдралын бэлгэдэл, амар амгалангийн аврал юм шиг санагдсан. Энд хүрч модноос амьдрал, амгаланг ухварласан нэгэн жил байлаа, миний хувьд. 

Мод гээч сэтгэл тайвшруулдаг бэлгэдэл төдийхөн эд биш гэдгийг дунд сургуулийн Түмэн бодисын хичээлээс эхлэн өдийг хүртэл түмэнтээ сонсож мэдэх болсон ч эгэл өдрүүдэд хүн чинь моддын тухай, мод тарих, ургуулах талаар тэгтлээ эргэцүүлдэггүй л юм билээ дээ. Тэтгэвэрт суухаараа ойн захад жижигхэн модон байшинд амьдарна гэж мөрөөддөггүй монгол хүн ховор болсон. Хотын утаа, түгжрэлээс болж уруудан доройтож буй энэ амьдралд тэр ой мод нь хаана байгаа юм бэ? Мод бараадан салхилж, мод бараадан зусаж, мод бараадсан амьдралыг цэнгэг сайханд тооцдог мөртлөө нээрэн бид яагаад мод ургуулдаггүй юм бол? Үлгэр домгийн тагтаа шувуу үр зууж явснаа хаа нэгтээ гээснээс хойш хэдэн арван жилийн хойно ургах модны сүүдэрт эвтэй дөрвөн амьтан шиг сайхан амьдарна гэж мөрөөдөн суусаар л байх уу, монголчууд аа?

Говь-Алтай аймгийн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч У.Ану-Үжин “Манай аймагт шуургагүй долоо хонохоо байсан. Эмээ минь гайхашран “Урьд ер ингэж шуурдаггүй л байсан даа” гэдэг”. Сурагч А.Ану “Хангай, говь хосолсон манай Баянхонгор аймаг сүүлийн гурван жил ганд нэрвэгдэж, аймгийн төвд засмал зам харагдахгүй элсээр шуурч, хүүхэд залуучуудад тоосны харшил илрэх нь эрс олширлоо. Манай өвөөгийнх тариалангийн талбайдаа жимс жимсгэнэ, бутлаг ургамлууд тарьдаг юм. Гэвч одоо хөрс нь хатуурч, талбайн гарц ч багассан” хэмээв. Хүүхэд залуус амьдран суугаа нутаг орондоо мэдэрч буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар ийн ярьж байна. Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь бусад улс орны дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Манай нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжсөний 45.4 хувь буюу нийт газар нутгийн бараг тэн хагас хүнд хэлбэрийн цөл болон хувирав. Цөлжилтөөс шалтгаалан Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өслөө. 

Монголчууд өөрсдийгөө нүүдэлчин, малчин учраас мод тарих албагүй гэж хэлэмгүй. Бид угаас тариаланч биш гэж бас басамгүй. Атар газар эзэмшиж, гурил, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотооддоо хангаж сураад 60 гаруй жил болсон ард түмэн. Бид харин ой ургуулж л сурсангүй ээ. Цас, борооны чийгээр моддын гүнээс ирэх байгалийн үнэрт сэтгэл сэргэдэггүй хүн нэгээхэн үгүй тул моддод дургүй монгол байх учиргүй. Зүгээр л бид хүсэж байна, бид чадна гэх итгэл үнэмшил, хичээл зүтгэл, урам зориггүй л хүмүүс аж. Ой мод гэдэг байгалиас заяагддагаас гадна тарьж ургуулж, арчилж тордож, хайрлан хамгаалж байж бий болгодог хүний амьдралын үнэ цэн, өсөж үрждэг бодит баялаг гэдэгт итгэх, хичээж хөдөлмөрлөхийн тулд энэ үйлийг ахуйн соёл, гэр бүлийн уламжлал болгох шинэ цаг иржээ. 

Мянган эмэгтэйг ажлын байраар хангаж, Монголын савангийн хэрэгцээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой “Mongol Made” төсөл 2021 оны гуравдугаар сард ажлаа эхэлснээс зургаан сарын дараа гарааны 10 бүтээгдэхүүнээ харилцагчдын гарт хүргэж, супермаркетуудаар бүтээгдэхүүнүүдээ худалдаж эхлэв. Чацарганы тос, хусны нүүрс, хушны давирхай, шилмүүс, ганга, багваахай гээд Монгол оронд ургадаг эмийн ургамлаар саван, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Mongol Made” төсөл “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн төвтэй хамтран ажиллаж байна. Ой, ургамлын генийн сан байгуулж, эмийн чанартай ургамлын бүтээгдэхүүн ба үйлдвэрлэл нь нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, Монголд эдийн засгийн бие даасан салбар шинээр төрөлжих хамгийн боломжтой орон зай гэдгийг “Mongol Made” төсөл бидэнд үлгэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхийн нийтэд хандан 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахаа мэдэгдсэн, тэгээд дагуу нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн нэгэн он улирч буй. Төрийн тэргүүн онцгой байдал хариуцсан сайдаар олон жил ажиллаж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сүйрэл, ган зудны гашуун зовлон, ой хээрийн түймэртэй улаан нүүрээрээ тулж, тулалдаж үзсэн. Хорвоогийн явдлыг таньсан, үлдсэн амьдралын тухай бодох насанд ирсэн хүн. Ирээдүйг сайхнаар цогцлоож чадах эрх мэдлийг атгасан, ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгчийх нь хувьд У.Хүрэлсүхийг Монголоо тэрбум модтой болгох үйлсийг бодит баялаг болгон хөгжүүлж, эх орондоо буян үйлдэнэ хэмээн итгэхийг хүсэж байна. Арванхоёрдугаар сарын 31-ний 00 цагт өргөх мэндчилгээндээ Ерөнхийлөгч модны талаар юуг өгүүлэх бол? “Тэрбум мод” дан байгаль орчны салбарынхны ажил биш, ганц У.Хүрэлсүхийн улс төр ч биш, монгол айл жил бүр гацуур засдаг шиг мод тарьж ургуулдаг уламжлал, соёл, заншил болж түгээсэй. 

Мод тарьдаг айл болъё. Мод ургуулдаг улс болъё. Нарийн үзүүрт шиврээ бороо, шууралгүй намдуухан унадаг цас орно. Гол мөрнийг ундаалан ой модод найгана. Говь цөл баян бүрдэд хувирна. Мод тарих нь ямар ч шашнаас бодит хийгээд энгийн ойлгомжтой, ахуй амьдралдаа баримталж гэмээнэ зөвд ойр явах үнэн сургаал юм. Их энгийн тойрогт амьдрал багтах юм даа. Мод ба Хүн. Амьдралын эх ус, усны эх мод. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.