Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын IV тунг ирэх долоо хоногоос хийхээр бэлдэж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тэрбээр “Омиркон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал. Тиймээс маскаа сайтар зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих шаардлагатай. Түүнчлэн дархлаажуулалтын III тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Дархлаажуулалтын IV тунг ирэх долоо хоногоос сайн дурын үндсэн дээр хийхээр бэлдэж байгаа” хэмээсэн юм. Дархлаажуулалтын III тундаа хамрагдаад гурван сар болсон иргэд IV тунд хамрагдах боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар, зорилтот бүлгийн 48.2 хувь нь дархлаажуулалтын III тундаа хамрагдаад байна. Коронавирусийн Омиркон хувилбар 138 улсад тархаад байгаа юм. Шинж тэмдэг нь голлон халуурах, толгой, үе мөч, хоолой өвдөх, ханиалгах байдлаар илэрч буй. Манай улсад, шинэ жилийн баярыг өргөн тэмдэглэсэнтэй холбоотойгоор өчигдрөөс халдвар нэмэгдэж өдөрт 500 орчим тохиолдол бүртгэгдэх болсон.
Өнөөдрийн байдлаар, Улсын хэмжээнд 2179 хүн коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 27-оос хойш 104 онгоцоор 10544 зорчигч гадаадаас ирснээс зөөвөрлөгдсөн 411 тохиолдол батлагдсан билээ.