Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Г.Номуун: Өөрийгөө танина гэдэг чухал үйл явц


Эмэгтэй жүжигчдийн залуу насны хамгийн гоё мөрөөдөл бол өөрөө Жульетта болох, өөрийнхөөрөө түүнийг бүтээх. Г.Номуун Жульетта болсон. Тэр бас гэгээн хайрын баярын өдөр “Хэлж зүрхлээгүй хайр” жүжигт тоглохдоо өндөр театрын тайзнаа гэрлэх санал авч, үндэсний их баяр наадмын нээлтээр гал голомтоо бадраасан ховорхон хувь заяаны эзэн. “Ромео, Жульетта”-гаас гадна “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадулам, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива, “Би эндээс явахгүй”-н Цэндмаа, “Үнсгэлжин”-гийн Үнсгэлжин, “Норовын намтар”-ын Жимсээ зэрэг цөөнгүй уран бүтээлд гол болон туслах дүрүүдийг бүтээгээд байгаа Улсын драмын эрдмийн театрын (УДЭТ) жүжигчин Г.Номуунтай ярилцлаа. Тэрээр түүнчлэн “Босго тотго”, “Хавтаст хэрэг”, “Гурван найз”, “Мөнхийн эхлэл” зэрэг кинонд гол болон туслах дүрүүдэд тоглосон юм. Г.Номуун “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас 2016 онд Нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг, 2018 онд шилдэг залуу уран бүтээлч шагналыг хүртэж байв. 

-Жульеттад сонгогдоод мэдэрч байсан баяр хөөр, догдлол, айдас гэх мэт тэр үеийн сэтгэл хөдлөл тань одоо ямар байдлаар төсөөлөгдөж байна даа?

-“Ромео, Жульетта” жүжигт ажиллаж байхад найруулагч маань “Чи дотроо эрвээхэй нисээд байна л гэж төсөөл” хэмээн хэлж байсан. Яагаад ч юм, энэ жүжигт тоглохоор л эрвээхэй нисээд байгаа мэт сэтгэлд хөнгөн мэдрэмж төрдөг. Би өөрөө жаргалтай, хөнгөхөн болоод, тоглолт маань ямар ч ядралтгүй улам их эрч хүч аваад дуусдаг байлаа. Энэ асуултад хариулах агшинд ч бас хөнгөн, дэврүүн, яг л 14 настай Жульеттагийн сэтгэл хөдлөлд автаж байна.

-Жульеттагийн дүрд тоглоно гэдэг нь ер нь жүжигчин хүний хувьд юу юм бэ. Жүжигчнийхээ хувьд нийгэмд танигдах, үнэлэгдэх аз завшаан, найруулагчдад өөрийгөө нээн харуулах боломж мөн үү. Таны ажилласан Жулльетта өөрийг тань мэргэжлийн хувьд хэр өсгөж чадсан бол?

-Сонгодог жүжигт ажиллахад нэг дээд сургууль төгсөх хэмжээний мэдлэг, туршлагыг хуримтлуулдаг. Энэ жүжигт тоглохын тулд их сургуульд суралцсаны энтэй сургуулилалтыг хийж, маш их туршлага суулгасан. 

Дотроо Жульеттагийнх нь үгийг хэлж суудаг сан. Гэртээ очоод бэлддэг байсан. Тухайн үед яаж тэр их текстийг цээжилж байсан юм бол гэж одоо гайхдаг юм. Өөрөө жүжигчин болоод театрт энэ жүжгийг тоглоно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ жүжигт тоглох мөрөөдөл маань гарцаагүй тэр үед л бий болсон болов уу.

-Таны Жульеттагийн дебют бас их өвөрмөц, Драмын театрынхан аялан тоглоход Дарханы тайзан дээр анх “Ромео, Жульетта” жүжигт Жульетта болон гарч ирсэн юм билээ. Драмын театрын тайзан дээр шатаадаг тэр их эрчим хүчийг тэнд гаргаж чадсан уу. Ер нь анхны тоглолт, эсвэл Драмын театрын тайз биш гэдэг утгаараа бие халаалт маягийн жүжиглэлт гэж байдаг уу?

-Үгүй дээ, том ч, жижиг ч ялгаагүй тайз л бол тайз шүү дээ. Анхны хөшиг нээгдэхэд сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн. Надаас бусад уран бүтээлчид бараг 50 удаа энэ жүжгийг тоглочихсон байлаа. Харин би ганцаархнаа гол дүрд шинээр тоглож байв. Тийм өндөр бэлтгэлтэй жүжигчдийн тоглолтыг унагахгүй тоглоно гэдэг өндөр шалгуур байсан л даа. 

-Та “Ромео, Жульетта” жүжгийг хүүхэд байхдаа алгасалгүй үздэг байсан тухайгаа өмнөх ярилцлагадаа дурсжээ. Анх 1966 онд С.Гэндэнгийн найруулгаар уг жүжиг тавигдахад Ц.Готов, Б.Энхтуяа нар гол дүрд нь тоглож байсан түүхтэй. Харин 30 жилийн дараа УДЭТ-ын тайзнаа Ч.Найдандоржийн найруулгаар тавигдаж, Ромеод О.Гэрэлсүх, Г.Алтанбагана нар, Жульеттад И.Одончимэг, Г.Урнаа нар тоглохыг та хэдий жаахан хүүхэд байсан ч алгасалгүй үзсэн гэсэн. Тухайн үеийн жаахан охин энэ жүжгийг үзээд хэрхэн шатаж, тэр мэдрэмжээ хэр удаан дотроо хадгалав?

-Тухайн үед би өсвөр насандаа ч очоогүй байлаа. Хайр сэтгэлийг ойлгохгүй ч гэлээ үзэгчдийн “0” эгнээнд алмайран үздэг байсан. Тагтны хэсгийн үеэр Ромео нь “Харав уу, тэр. Гараараа шанаагаа тулж байгааг нь. Аяа, би юунд бээлий болж төрсөнгүй вэ. Өдийд зөөлөн цагаан хацрыг нь гараараа илж байх юм сан” гэж хэлдэг. Харин би хариуд нь Жульеттагийн үгийг дотроо хэлж суудаг сан. Гэртээ очоод бүр бэлддэг байсан. Тухайн үед яаж тэр их текстийг цээжилж байсан юм бол гэж одоо гайхдаг юм. Тэр үеэс л надад жүжигчин болох хүсэл төрсөн байх. Үнэндээ өөрөө жүжигчин болоод театрт энэ жүжгийг тоглоно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ жүжигт тоглох мөрөөдөл маань гарцаагүй тэр үед л бий болсон болов уу.

-Та тэр үед хэдтэй байсан юм?

-Сургуульд ч ороогүй байсан үе л дээ. Ер нь би хөлд ороод л драмын театрт амьдарсан гэж хэлж болно оо. 

-“Ромео, Жульетта” жүжгийг алгасалгүй үзэж, хайр дурлалын гал халууныг түүгээр төсөөлөөд мэдчихсэн охин хожмоо хэн нэгэнд дурлахад бодит өрнөл нь жүжгийн үйл явдлаас хэр өөр байв?

-Жульетта анхны харцаар дурлаад, улмаар дотоод мөн чанараа таньдаг. Харин амьдрал дээр дотоод мөн чанараа таних тусам бие биенээ илүү их хайрладаг юм шиг санагддаг. 

 Аагий намайг хөтлөөд тайзны бүр урагш нь гаргачихлаа. Тоглолт үргэлжилж байсан учир би гайхаад л. Тэгсэн хоолой нь зангираад “Хүн нэг насныхаа ханийг олбол амьдралынхаа 80 хувийг бүтээдэг юм аа. Надтай гэрлээч” гээд сөгдөөд суучихсан. Том гэдэстэй би уйлах, баярлах давхцаад, арай чүү “Тэгье” гэж хэлсэн дээ.

-Жүжигчин Г.Алтангэрэл та хоёр “Босго тотго” киноны зураг авалтын үеэр дотноссон гэдэг. Анх хэрхэн болзож байв?

-“Босго тотго” киноны зураг авалтын үеэр болздог байгаагүй ээ. Бие биеэ таньдаг, хоорондоо ярилцдаг л байсан. Би ах аа гэж дууддаг байлаа. Театрт ортол “Ахынхаа үсийг сүлжээд өгөөч” гэдэг болов. “Эгч, ээж хоёроосоо өөр хүнээр үсээ сүлжүүлдэггүй. Ганцхан чамайг толгойдоо хүргэдэг юм шүү дээ” гээд л. Тэгж л найрч эхэлсэн юм шиг байгаа юм. Одоо тоглоод “Би чамайг үсээрээ далласаар байгаад эхнэрээ болгочихсон шүү дээ” гэдэг (инээв).

-Та “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийг тоглох үеэр драмын театрын тайзан дээр гэрлэх санал авч, наадмын нээлтийн тоглолтоор гал голомтоо бадраасан шүү дээ. Төрийн соёрхолт найруулагч М.Наранбаатар амьдралын тань эдгээр чухал үйл явдлыг найруулжээ. Гайхалтай хувь тохиол шүү?

-Тухайн үед долоон сартай жирэмсэн байлаа. Олны хэсэгт нь тоглох хүн хэрэгтэй болсонд “Жирэмсэн оюутан байж болно” гээд Н.Наранбаатар найруулагч намайг тоглуулж байсан. Хоёрдугаар сарын 14-нд жүжиг эхлэх гэж байтал нөхөр маань энэ тэрүүгээр гүйгээд л... ОХУ-ын Театрын урлагийн сургуулийг төгссөн Э.Ёндоншарав тухайн үед туслах найруулагч байлаа. Өрөөндөө нүүрээ будаад сууж байтал Э.Ёндоншарав ах маань командаар “Манайхаан, Аагий эхнэртээ сюрприз барих гэж байгаа юм байна” гээд хэлтэл өрөөний маань охин гүйж очоод гялс унтраачихсан. “Юу вэ, надад сюрприз барих гэж байгаа юм уу?” гэж асуухад “Мэдэхгүй” гэв. Уг нь бүгд мэдэж байсан юм билээ л дээ. Нөхөр маань Ерөнхий найруулагчаас зөвшөөрөл аваад бүх зүйлийг урьдчилан тохирчихсон байсан. Жүжгийн төгсгөлд олны хэсэг байдаг юм. Аагий намайг хөтлөөд тайзны бүр урагш нь гаргачихлаа. Тоглолт үргэлжилж байсан учир би гайхаад л. Тэгсэн хоолой нь зангираад “Хүн нэг насныхаа ханийг олбол амьдралынхаа 80 хувийг бүтээдэг юм аа. Надтай гэрлээч” гээд сөгдөөд суучихсан. Том гэдэстэй би уйлах, баярлах давхцаад, арай чүү “Тэгье” гэж хэлсэн дээ. Тэр өдөр театр даяар баярласан. Наадмаар хуримаа хийнэ гэдэг ховорхон тохиох хувь заяа. Бүр цэнгэлдэхэд түмэн олны өмнө шүү дээ. Хэзээ ч мартагдахааргүй сайхан мөч байсан. Бид хоёрын амьдралд сайхан дурсамж бүтээхэд зөвшөөрөл олгож дэмжсэн М.Наранбаатар найруулагчдаа баярлаж явдаг.

-Таны хувьд үзэхэд хориотой жүжиг гэж байв уу?

-Намайг арван жилд байхад “Би эрчүүдийг хүснэ” жүжиг драмын театрт тавигдсан. Жүжиг алгасдаггүй тул ээждээ энэ жүжгийг үзэхээ хэлтэл “Тэрийг үзэж болохгүй ээ” гэлээ. Хориглох тусам нь үзмээр санагдаад, сонирхол татсан. Ээж маань надад “Тэр жүжиг +18” гэж хэлэхгүй шүү дээ. Үзэхээр орчихоод харж чадахгүй ичээд тэр жүжгийг дуусгалгүй гарч байсан.

-Театрт хамт тоглож өссөн үеийн тань хүүхэд олон байсан уу?

-Б.Жаргалсайхан ах, Г.Урнаа эгч хоёрын охин Ж.Нарангэрэл, С.Өлзийхүү эгчийн охин Х.Баярмаа, И.Одончимэг эгчийн охин З.Номун, Б.Болормаа эгчийн охин Б.Намуунаа, “Фантастик продакшн”-ы жүжигчин Б.Тамир ах хамт тоглодог байсан. Тэр үед Драмын театрын коридороор гүйлддэг байсан хүүхдүүдийн ихэнх нь өдгөө урлагт зүтгэж байна. 

Багадаа “Цуст хурим” жүжигт Ардын жүжигчин С.Сарантуяа эгчтэй хамтарч нэг удаа тоглосон. С.Сарантуяа эгчид алгадуулаад “Ээж ээ” гэж хэлээд л ордог үзэгдэл байсан юм л даа. Гэтэл яг жүжиг эхлэх үед сандарсандаа ч юм уу гэнэт өндөр халуураад тоглолт тулчихсан тул тайзан дээр гарахаас өөр арга байгаагүй.

-Та уран бүтээлийн гараагаа “Эмоци продашкн”-аас эхэлсэн. Хошин урлагт богинохон хугацаанд ч болов хүч сорьсон нь таны цаашдын карьерт ямар байдлаар нөлөөлсөн бол?

-Сургуулиа төгсөөд хоёр сар болж байсан болов уу, жүжигчин Д.Түвшинтөр ах залгаад “Эмоци продакшн”-д үндсэн жүжигчнээр ажиллах санал тавьсан. Дөнгөж төгссөн оюутны хувьд маш том боломж шүү дээ. “Эмоци продакшн”-ынхантай "Амьдралд стресс хэрэггүй" тоглолтод оролцож байлаа. Мөн 20 аймгаар аялан тоглолт хийсэн. Хошин шог жүжигчнээс тухайн агшинд боломж олдвол өөрөө сэтгэж нэмэлт тоглолт хийхийг шаарддаг. “Гурван найз” киноны зураг авалт үргэлжилж байх үед драмын театр шалгалт авах болсноор надад шалгалтдаа бэлдэх шаардлага гарсан юм. “Эмоци продакшн”-ынхандаа үргэлж баярлаж явдаг. Тэнд ажиллах хугацаандаа маш их зүйл сурсан.

-Анх театрт шалгуулахаар ирэхэд бага насаа өнгөрүүлсэн энэ байшингаас тань юу нь  дотно санагдсан бэ?

-Багадаа Драмын театрын хоёр жүжигт орж байсан. Өвөрмонголоос жүжигчид ирж тоглоход Ж.Нарангэрэл бид хоёр жүжгийнх нь эхлэл хэсгийг хийдэг байлаа. Макет барьж ирээд л, түүнийгээ тайзан дээр тавиад хоёр талд нь сууж элс цацахад тайз амилдаг. Түүний дараа “Цуст хурим” жүжигт Ардын жүжигчин С.Сарантуяа эгчтэй хамтарч нэг удаа тоглосон. С.Сарантуяа эгчид алгадуулаад “Ээж ээ” гэж хэлээд л ордог үзэгдэл байсан юм л даа. Гэтэл яг жүжиг эхлэх үед сандарсандаа ч юм уу гэнэт өндөр халуураад тоглолт тулчихсан тул тайзан дээр гарахаас өөр арга байгаагүй. Харин тайзан дээр гарчихаад буухад миний халуун зүгээр болчихсон. Хүн сэтгэлийн л амьтан байдаг байх. Тайзан дээр гарахын өмнө “Том хариуцлага шүү, энэ хүүхэд урлагийн хүн болох нь ээ” гээд бүгд л урам өгч байлаа. Би театрт орно гэж мөрөөдөж, театрт орохын тулд жүжигчин болохоор шийдсэн юм. Тэгээд мөрөөдлөө биелүүлсэн. 

-Драмын театрт шалгуулахдаа ямар жүжгээр өөрийгөө бэлдэж байв?

-К.Маньегийн “Нүцгэн дурлал” жүжгээр шалгалтаа өгсөн. Жүжигчин Б.Шинэбаяр бид хоёр ангиасаа хамтдаа шалгалт өгсөн юм. Шалгалтандаа хамт бэлдсээр театрт цугтаа орж байлаа.

-Театрт тэнцээд студи ангид нь дагалдан жүжигчнээр суралцаж байх хугацаандаа “Норовын намтар”, “Үнсгэлжин” зэрэг хүүхдийн жүжигт голчлон тоглосон байдаг. Их сургуулиа төгсөөд том болсноо илүү мэдэрч буй тэр үед хүүхдийн жүжигт тоглоход амаргүй санагдаж байв уу?

-Хүүхдийн жүжиг уран бүтээлчдийг задалдаг. Хүүхдүүд бодит байдлыг ямар ч цензургүйгээр шууд хэлдэг, шударга үзэгчид тул жүжигчнээс уран чадвар илүү шаарддаг. Анх “Норовын намтар” жүжгийн Жимсээгийн дүрд ажиллаж байсан. “Үнсгэлжин” жүжгээр шалгалт өгч драмын театрт үндсэн жүжигчнээр орсон юм. Ч.Түвшин найруулагчийн найруулсан жүжгүүд шүү дээ. Студи ангийн багш маань байсан юм. Студи ангид байхад Ч.Түвшин найруулагч жуулчдад зориулж тоглолт найруулан тавьсан. Тэр тоглолтын бэр гуйх хэсэгт нь хүргэн, бэр болж нөхөртэйгөө хамт тоглож байлаа. Анх театрт ороод ажилласан дүр маань тэр. Харин театрын үндсэн жүжигчин болоод “Ромео, Жульетта” жүжигт ажиллаж эхэлсэн.   

-“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын Нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг “Хатагтай Капульетта” жүжгээр хүртсэн. “Гэгээн Муза” наадамд өөрийгөө сорих зоригтой шийдвэрийг хэрхэн гаргаж байв, мэргэжлийнхээ хувьд өөрийгөө нээж харуулья гэх эрмэлзэл байсантай холбоотой байх, тийм үү?

-Тэр үед би драмын театрт дөнгөж үндсэн жүжигчин болоод байсан юм. “Гэгээн Муза” наадмын тов зарлагдсан байхыг хараад орох уу, орохгүй юу гэж их эргэлзсэн. Нэг өдөр зориглоод л өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Түүндээ ч баярладаг. Нэг хүний жүжигт ажиллахад өөрийгөө хөгжүүлэх боломж маш ихтэй. Угаасаа уран бүтээлч хүн хөдөлмөрч байх хэрэгтэй гэж боддог. Тийм ч учраас би өөртөө хатуу шаардлага тавьдаг. Жүжигчин хүн цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж байж өөрийгөө хөгжүүлдэг. Тухайн үед залуу уран бүтээлчийн хувьд одоо л өөрийгөө харуулья гэдэг бодол байлгүй яахав.

-Зохиолын хувьд яагаад “Хатагтай Капульетта” жүжгийг сонгох болов?

-Тухайн үед хоёр, гурван моно жүжиг үзчихсэн, энэ төрөлд өөрийгөө сорих сон гэж дурлаад байв. Гэтэл зохиол хайсан чинь олддоггүй. “Ээж ээ” жүжгийн зохиолыг бичсэн Д.Мэндсайхан эгчээс нэг удаа “Нэг хүний жүжгийн зохиол байна уу” гэж асуутал гурван жүжгийн зохиол өгсөн юм. Уншаад энэ жүжгийг сонгосон. “Хатагтай Капульетта”-ийн Капульеттад ч, Жульеттад ч тоглож болохоор санагдсан л даа. Зохиол дээр ажиллахдаа олон өөрчлөлтийг хийсэн.

-Жүжгээ сургуулилахдаа ямар нэгэн найруулагчтай хамтарч байсан уу?

-Нөхөр маань бас тухайн жил “Гэгээн Муза”-д оролцсон. Бид хоёр биедээ санаа тавьж хамтдаа ажилласан. Эхлээд жүжгийнхээ гол баганыг босгоод гавьяат жүжигчин Ж.Оюундарь багшдаа үзүүлсэн. Тэрнээс өмнө СУИС-ийг хамт төгссөн, одоо СУИС-ийн тайзны хөдөлгөөний багш У.Эрдэнэбаяр маань хөдөлгөөний найруулга дээр ажилласан юм. Бас дууны найруулагчаар Т.Майдаржав нэгдэж, бид хамтдаа жүжгэн дээрээ ажилласан. Сүүлд нөхөртэйгээ хамт В.Краснагоровын "Хувь заяаны хүлээс" жүжгийг тавьсан. Найруулагчаар О.Итгэл ажилласан юм. Энэ жүжгээрээ Солонгос улсад зохиогдсон олон улсын наадмаас "Special performance" шагнал хүртээд ирсэн. 

 -“Гэгээн Муза” наадмын Нэг хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчний шагналын ялагчийг зарлах мөчид юу мэдэрч байв? 

-Над шиг залуу уран бүтээлч ч болоогүй дээ гэж бодсон ч “Авчих юм сан” гэх хүсэл бас байсан. Ялагчийг зарлах мөчид “Номуун” гэнгүүт хөөрсөндөө жингүйдчихдэг юм билээ. Тэр үед өөрөөрөө бахархаж, аав ээж, багшийнхаа ачийг жаахан ч гэсэн хариуллаа гэх бодол төрсөн.

Багштайгаа хамтарч уран бүтээл дээр ажиллахдаа ер загнуулаагүй ээ, харин ч эрхэлсэн шүү. “Багш нь та нарыгаа мэднэ ээ, миний хүүхдүүд өөрсдөө хий” гээд итгэл хүлээлгэж эрхлүүлсээр байгаад л зураг авалтаа дуусгасан. “Багш нь доктор хамгаалсан анхны жүжигчин болно” гэж хэлж байсан ч харамсалтай нь дуусгаж амжаагүй бурхан болсон.

-Ээж тань Драмын театрын хувцасны эрхлэгчээр ажилладаг. Хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-40 жил. Ээж миний бүх зүйлийн продюсер, менежер маань шүү дээ. Хамгийн хатуу шүүгч, тэгсэн мөртлөө хамгийн үнэнч дэмжигч маань. Аав маань их тайван, гүндүүгүй хүн байдаг. Миний охин юу хүсэж байна түүнийгээ л хий гэдэг юм. “Тэнгэр шиг бай” гэж захидаг.  

-“Хавтаст хэрэг” олон ангит кинонд шинжээчийн дүрд тоглож байгаа байх аа? Бас түүнээс өмнө тоглосон өөр нэг кино тань удахгүй гарах гэж байгаа бололтой?

-Л.Дэмидбаатар багш маань докторын зэрэг хамгаалах гээд таван төрлийн контент хийсэн юм. Түүний нэгэнд нь Т.Сэргэлэн бид хоёр эхнэр, нөхрийн дүрд тоглосон. Багш маань энэ цувралаа дуусгаж амжилгүй бурхан болсон л доо. Ө.Ананд гээд шавь нь багштай хамт найруулж, продюсерласан. “Мөнхийн эхлэл” нэртэй бүтээл.

-Багштайгаа хамт уран бүтээл дээр ажиллахдаа их зүйлийг сурсан биз ээ. Хэр загнуулав даа?

-Загнуулаагүй ээ, харин ч эрхэлсэн шүү. Т.Сэргэлэн бид хоёр багштайгаа театрт хамт ажилладаг болохоор гэр бүлийн хүмүүс шиг л болчихсон. “Багш нь та нарыгаа мэднэ ээ, миний хүүхдүүд өөрсдөө хий” гээд итгэл хүлээлгэж эрхлүүлсээр байгаад л зураг авалтаа дуусгасан. Уг нь жүжиг тавих байсан ч цар тахлын улмаас боломжгүй болчихсон юм. Доктор хамгаалсан жүжигчин байдаггүй. “Багш нь доктор хамгаалсан анхны жүжигчин болно” гэж хэлж байсан ч харамсалтай нь дуусгаж амжаагүй бурхан болсон.

-Л.Дэмидбаатар багштайгаа хэр олон жүжигт хамтдаа ажиллаж байв?

-Ер нь театрын тайзан дээр тоглогдсон бүхий л жүжигт хамт ажилласан. Багш маань гайхалтай уран бүтээлч байлаа. Гэхдээ ямар нэгэн жүжгийн гол дүрд хамтарч тоглосон тохиолдол байхгүй юм байна. Багш маань тайлан тоглолтоо хийхдээ “Парисын дарь эхийн сүм” жүжгийн хэсгээс тоглосон юм. Багш Гренгуарт, би Эсмеральдагийн дүрд тоглож байсан. Багштайгаа хамт тайзан дээр жүжигт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг.

Хүний сэтгэлд хоногшсон дүрийг бүтээх юм сан гэж хүсдэг дээ. Тэр дүрээрээ овоглогдох. Бас эсрэг дүр дээр ажилламаар санагддаг.

-Багш нартайгаа, нэг сургуулийг хамт төгссөн найзууд, ах эгч, дүү нартайгаа хамт ажилладаг болохоор халуун дотно болов уу?

-Гэртээ байхаасаа ч илүү хугацааг театрт өнгөрүүлж байгаа болохоор бүгд бие биенийхээ жаргал, зовлонг мэддэг. Бүх зүйл дээр цагаахан өрсөлдөөнтэй. Зөвлөнө, шүүмжлэнэ, жаргал зовлонгоо хамтдаа хуваалцана. Театрынхаа хамт олноор цаг үргэлж бахархдаг. 

-Жүжигчид хэдэн настай байхаасаа хамаараад тоглохыг хүсдэг дүр нь өөр шүү дээ. Их сургуулиа дөнгөж төгссөн дэврүүн насанд Жульетта мөрөөдлийн тань дүр байсан байж болох юм. Гэтэл одоогийн Номуун ямар дүр дээр ажиллах сан гэж хүсч байна?

-Хүний сэтгэлд хоногшсон дүрийг бүтээх юм сан гэж хүсдэг дээ. Тэр дүрээрээ овоглогдох. Бас эсрэг дүр дээр ажилламаар санагддаг.

-Ш.Гүрбазарын зохиол “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүрд та тоглосон. Хүн болгоны төсөөллийн орон зайд өөр Жульетта байдаг. Тиймээс та тухайн дүрд тоглохдоо Жульеттаг ямар ч хэлбэр, агуулгатайгаар бүтээх боломжтой. Харин бодит хүний дүрд ажиллахад бүх үзэгчид нэг л Пагмадуламыг төсөөлж байдаг болохоор түүнээс та гажих юмуу, төсөөллийг нь эвдэж болохгүй шүү дээ. Энэ дүрд ажиллахад хэр байв?

-Бодит хүний дүрд ажиллахад алхаа гишгээнээсээ эхлээд бүх зүйлд няхуур хандах шаардлагатай. Өдгөө түүнийг ямар хүн байсныг мэддэг хүн ховорджээ. Судлаачид бүгд л өөр өөрийн өнцгөөр Пагмадуламыг тодорхойлсон байсан. Жүжигт ажиллаж байхдаа хийсэн судалгаа дээр тулгуурлаж, найруулагчийн шийдэл гол чиг шугам болж байлаа. 

-Таны хувьд халимаг үстэй Пагмадуламаас хэр өөр вэ?   

-Өөр шүү (инээв). 

-Жүжигчин хүн аливаа дүр бүтээхийн урьд өөрийгөө олох нь чухал гэлцдэг юм билээ. Таны хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна даа?

-Өөрийгөө танина гэдэг чухал үйл явц. Үүнд туслах нэг шийдэл нь өдрийн тэмдэглэл хөтлөх юм билээ. Би жилийн өмнөөс өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Өдөр тутмын үйл явцаа бичихдээ бус өнөөдөр чи ямар хүн байв, тухайн үед юу бодсон бэ, ямар нэгэн асуудалтай тулгарахад аль өнцгөөс нь харж шийдвэрээ гаргаж байв гэдгээ бичиж байгаа. Хожим уншаад өөртөө дүгнэлт хийхэд дөхөм санагдсан. Би өөрийгөө танихын төлөө явж байна. Анзаараад байхад, сэтгэл гутралд орсон хүмүүс олон байдаг юм билээ. Юунаас болоод ийм байдалд хүрэв гэхээр өөртөө итгэлгүй байдал. Гадны ямар нэгэн нөлөөнөөс үүдэн өөртөө итгэх итгэлээ алддаг. Улмаар түүнийгээ эргүүлэн олж чадалгүйгээр дуусдаг хүн олон юм билээ. Энэ тухай нэг хүний жүжиг тавих гээд л судалж байна. Чи ямар нэг талаараа муу байлаа ч нөгөө тал чинь чамайг нөхөх учраас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгуулахад жүжгийн маань зорилго орших юм. Ер нь хүн өөрийгөө гүйцэт таниад ирэхээрээ л өөртөө итгэлтэй байдал нь илүү нэмэгддэг байх гэж боддог.

-Өдрийн тэмдэглэлээс гадна жүжгийн зохиол бичиж байгаа гэж дуулсан. Ер нь бичихэд ямар бэрхшээлүүдтэй тулгарч байна?

-Эхлүүлж зориглохгүй тойроод л байна. Эхлүүлчих л юм бол бичихэд төвөгтэй биш санагдсан. Нөхөр бид хоёр Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн зохиолуудад дуртай. “Бөөгийн домог”, “Сахиуст хангайн нууц” гэх зэрэг тэдний бичсэн шиг зохиол бичих юм сан гэж мөрөөддөг. Бичсэнээ арилгаад нэмээд л, маш олон засвар дундаас л бичвэрүүд маань хэлбэржиж байна. Анхаарал сайн төвлөрдөг учир шөнийн цагаар суух нь илүү үр дүнтэй санагдсан. Бичихээсээ өмнө бичих зүйлийнхээ талаар олон хоног боддог. 

-Танай нөхөр Г.Алтангэрэл, жүжигчин Б.Шинэбаяр нар хамтарч танд зориулан хийсэн “Чамдаа амлая” дуу

“Хэрвээ чи минь инээх юм бол

Тэнгэрт нартай цэлмэг байдаг...” гээд эхэлдэг шүү дээ. Өөрт тань энэ дуу таалагдсан уу?

-Мэдээж таалагдалгүй яахав. Надад зориулсан гэж бодохоор л... Хуримын үеэр бид бие биедээ сюрприз барина гээд тохирчихсон байсан. Тэгээд хуримын үеэр хамт ажил хөөцөлдөж явж байхдаа Аагий хоолойгоо бичүүлсэн. Би тухайн үедээ юуг нь ч мэдэхгүй тэр студийнх нь гадаа машиндаа хүлээгээд сууж байсан юм. Шинээ, Аагий хоёр энэ дуугаа бичүүлэхдээ нэг л дуулсан юм билээ. Надад маш их таалагдсан. Хүмүүс ч энэ дуунд маань их дуртай байдаг юм.

У.Чинзориг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
4 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.