Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

2021 ОНЫ ОНЦЛОХ НОМУУД


Цагийг эзэлсэн болон эзлээгүй баатрууд 

"Гэрэг" цахим товхимолд багтсан нийтлэлийг хүргэж байна.

Цар тахал, түүнээс үүдэлтэй хөл хорио хэдэн жил ном бариагүй уншигчдад ч суугаад ном унших сэдэл болсон болов уу. Иймдээ ч цар тахалд хамгийн бага цохигдсон салбар номынх байж мэднэ. Хэвлэлийн газрууд энгийн үеийнхээсээ ер дутахгүй эрчтэй ажиллаж, олон олон ном уншигчдадаа хүргэсэн. “Тагтаа паблишинг” л гэхэд 2011 онд “Мэн бүүкэр” шагналыг хүртсэн “Төгсгөлийн мэдрэмж” роман, зохиолч Мө.Батбаярын “Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн” эсээ, өгүүллэгийн түүвэр тэргүүт бүтээлүүдийг энэ жил эрхлэн гаргаад буй. “Балж энд Пүрэв” хэвлэлийн газраас гаргасан “Пачинко” романыг мөн нэрлэе. Энэхүү бэсрэг нийтлэлдээ “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан хоёр номыг багтаалаа.

Хомэрийн “Илиада”

Сонгодог хийгээд шинэ үеийн олон зохиол монгол хэлнээ хөрвүүлэгдэн гарсан дундаас хамгийн түрүүнд онцлууштай нь гарцаагүй “Илиада”. Монголын үе үеийн гүүш нар гадаадын сод зохиолуудаас орчуулан хүргэж байсан ч хөрвүүлэгдээгүй үлдсэн, хүн төрөлхтний уран зохиолд дэндүү чухал үүрэг, ач холбогдолтойн учир заавал хөрвүүлэх ёстой бүтээл цөөнгүй үлдсэний нэг нь “Илиада”. Өнгөрсөн жил мөн л анх удаа бүрэн эхээрээ монгол хэлээр гарсан “Одиссэй”-г энд хамтатган дурдах учиртай. 

“Илиада” бичигдэхээс таван зууны өмнө буюу МЭӨ XIII зууны орчим Грек-Тройн хооронд өрнөсөн дайнаас сэдэвлэсэн, 15 мянга гаруй бадаг шүлгээс бүрдэх “Илиада” гойд уран бичлэг, нарийн бүтэцтэй. “Охин тэнгэр минь ээ, Пелейн хүү Ахиллесийн уур хилэнг дуулаач” гэх алдарт үгээр, дайны сүүлчийн жилийн үйл явдлаар тууль эхэлдэг. Ерөнхий үйл явдал, модон морь, Ахиллесийн өсгийн тухай бүгд л мэдэх учир дэлгэрэнгүй хүүрнэх нь илүүц биз ээ. 

“Одиссэй”, “Илиада”-ийн монгол хэлээрх хэвлэлийн тухай хамгаас онцлон хэлэх зүйл бол орчуулгын чанар. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгааны орчуулгыг аль чадахаараа утган авах гэж улайран, хэлнийх нь урсгал сайханд бишрэн, цагаахан атаархал өвөрлөн уншсан. Угаас сонирхолтой зохиолыг гарамгай орчуулсан учир нэг л мэдэхэд “дуусах болоогүй байгаасай” гэх бодолтойгоор сүүлчийн хуудсыг имрэн суух болно. Приам хүү Хэктороо хүний ёсоор оршуулахын төлөө цогцсыг нь асуун дайсан Ахиллесийн өргөөнд очдог хэсгийг монгол хэлээрээ уншихад үнэхээр амттай байв.  Өрнө дахины ойлголтуудыг хэтэрхий монголчилж гэж шүүмжлэх “архаг” уншигч гарч магадгүй ч Д.Цахилгаан уг бүтээлийг хөрвүүлэхдээ "монгол сэтгэхүй, Монголын баатарлаг туульсын эгшиглэнт хэм хэмнэлд ойртуулахыг хичээсэн" хэмээсэн нь түүнд хариу болох буй за.

Альбер Камюгийн “Тахал”

Амьдрал угаасаа утгагүй гэвэл та гуних уу, амьдрал танд тэвчишгүй мэт санагдах уу? Энэ бол Францын философич, алдарт зохиолч Альбер Камюгийн зохиол, эргэцүүллийн гол философи  байв. Цаг үргэлж л утга учрын тухай ярьж хэлэлцэж байдаг бидний хувьд тэр нь мэдээжийн мэт санагдавч үнэн хэрэгтээ тэр утга учир гэгч хүний оюун санаанд л оршдог юм гэж бид хүлээн зөвшөөрсөн цагт сая бүрэн дүүрэн амьдарч чадна гэнэ. Түүнийхээр бол шүү дээ. 

Гудамжинд хархнууд үйл олноороо үхэж эхлэхэд ажиг сэжиггүй ажилдаа явцгааж байсан оранчууд (Алжирын Оран хот) үл мэдэгдэх өвчнөөр амиа алдаж эхэлнэ. Хотын захиргаа ч, олон нийт ч нөхцөл байдал хэвийн мэт авилавч удахгүй зүгээр нэг шийдэгдэх, өнгөрөх асуудал биш гэдэг нь илэрхий болдог. Ингээд л тахалтайгаа тэмцэнэ. 

“Тэрээр нүдэн балай өнгөрдөг хүмүүсийн нэг байхыг хүссэнгүй. Тэрээр тахлын золиос бологсдын талд зогсож, гэрчийн мэдүүлэг өгөхийг, үгүй ядахдаа тэдэнд үүрүүлсэн дарлал боолчлол, шударга бус явдлыг санаж явах нэгээхэн баримт үлдээхийг хүссэн юм. Түүнчлэн гай зовлонгоос хүн юу ухаарч болохыг, нэг үгээр бол хүмүүсийн дотор сэтгэлд жигшиж зэвүүцэм гэхээсээ гайхаж бишрэм зүйл илүүтэй байдгйиг эгэл даруухан илчлэн харуулахыг хүссэн билээ.” 

Амьдрал гэдэг мөн чанартаа утга учиргүй зүйл, түүнээс утга учрыг олж харах гэсэн хүмүүний хүсэл хоёрын зөрчил дээр дэнжигнэн байгаа оршихуйн тухай “Тахал” хүн бүрийн заавал унших зохиолын жагсаалтад багтах ёстой, хүнлэг бүтээл.

This Close to Okay 

Аравдугаар сарын нэгэн шөнө сэтгэл засалч Талли Кларк гэртээ харихаар явж байхдаа гүүрний хашлагын гадна зогсоо залууг олж харна. Талли асгарах бороог үл хайхран түүн дээр хүрч очоод, гүүрнээс холдуулж, улмаар кофе шоп руу дагуулж дөнгөнө. Талли сэтгэл засалч гэдгээ түүнд хэлэхгүй, Эммэтт (аврагдсан залуугийн нэр) ч өнгөрснөө ярихгүй. Эммэтийг гүүрний ирмэг дээр аваачсан үнэн, Таллигийн хувийн амьдралын үнэн түүх дэлгэгдэх хүртэл энэ хоёр хүний хооронд бий болох харилцаа, дулаан мөчүүд үзэсгэлэнтэй байлаа. 

Амиа егүүтгэх гэж байгаа хүнийг аврах гэдэг тийм ч шинэлэг, урьд хожид зохиолчийн барьж аваагүй сэдэв биш. Гэхдээ “This Close to Okay”-ыг онцгой содон зүйл мэдэх, олж харах гэж биш, ухаарал авах гэж биш, зүгээр л хүн хооронд заримдаа санамсаргүйгээр ч үүсдэг нандин, эгэл холбоо харилцааны үнэ цэнийг мэдрэх гэж уншаарай.  Бид бүгдийн дотор бусаддаа түшиг болохуйц тогтуун хүч оршин байх буй. Таллигийн хэлдэг шиг “Чи намайг мэдэхгүй, гэхдээ чи миний хувьд чухал”. Чухал биш хүн гэж бий сэн билүү?

“- Амьдралаасаа хагацахгүй байх шалтгаан, дохио хайж байсан бол тэр чинь би. Машинаа зогсоосон минь. Кофе уулгаж байгаа минь. 

- Надад дохио хэрэггүй. 

- Яагаад? 

- Би дохио хүсээгүй. 

- Одоо тэгээд яах вэ дээ, ирчихлээ.”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.