Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

2021 ОНЫ ОНЦЛОХ КИНОНУУД


Цочмог дотно

"Гэрэг" цахим товхимолд багтсан нийтлэлийг хүргэж байна.

Өнгөрсөн хоёр жилд цар тахалд хөл гараа чанга гэгч нь тушуулсан салбаруудын нэг нь кино урлагийн салбар байсан билээ. 2020 онд кино уран бүтээлчид бараг л тэг зогсолт хийж, Netflix уран бүтээлчдээ материаллаг боломжоор дэмжихийн тулд “You will work in this town again” аяныг өрнүүлж кино сонирхогчдын сэтгэлийг хөдөлгөсөн нь саяхан мэт. Харин 2021 онд улс орнууд цар тахлын нөхцөл байдлыг харьцангуй тайвнаар хүлээн авч, тэмцэн тийчлэх бус дасан зохицох горимд шилжсэнээр кино урлаг ч бас өндийгөөд ирэв. Эцэст нь үзэгч, том дэлгэц хоёр эргэн золгосон сайхан мөчүүд ээлж дараалан тохиолоо. Энэ жил нээлтээ хийсэн гол кинонуудыг ерөнхийлөн дүгнэхэд нийгэм, цаг үеийн асуудлыг хөндсөн инди хэв маяг бүхий кинонууд жин дарж байсан ч жилийн хоёрдугаар хагаст “Black Widow”, “F9”, “Dune”, “Venom 2”, “Spider-Man: No Way Home” зэрэг блокбастерууд удаан хүлээлгэсэн нээлтээ хийлээ.  Монгол үзэгч бидний хувьд ч бас кинотеатруудын үүд нээгдэж, “Улаанбаатар” олон улсын кино наадмаа танхимаар зохион байгуулж чадсан билээ. 


“Петровынхны ханиад” 

Ханиад, томуу гэх үгс бидэнд стресс, түгшүүр төрүүлэх боловч алсуураа дотно, хэвийн санагдах болжээ. Иймдээ ч Кирилл Серебренниковын “Петровынхны ханиад” нь энэ жилийн онцлох киногоор тодорхойлоход тун тохирсон бүтээл байв. 

Кирилл Серебренников найруулагч нь Оросын орчин үеийн тайз, дэлгэцийн урлагийн хамгийн чухал төлөөлөгчдийн нэгд тооцогддог. Ростовын их сургуулийн физикийн тэнхимийг улаан дипломтой дүүргэсэн тэрээр дунд сургуульд байхаасаа л тайзны жүжигт дурлаж, 1990 оноос эхлэн мэргэжлийн тайзан дээр жүжиг тавих болжээ. Тайзны найруулагчийн урт удаан замнал нь түүнийг хэн хүнээс илүү чадмаг уншигч болгосон бөгөөд Серебренников өөрөө Оросын уран зохиолыг Пушкин, Лермонтов, Гоголь, Гончаров, Островский, Некрасов, Горький гэж ялгадаггүй, харин өөр хоорондоо нягт холбоотой, уртаас урт нэгэн бүхэл зохиол гэж үзэх нь ч бий. Харин энэ удаад тэрээр сонгодог уран зохиол бус, нэн орчин үеийн орос уран зохиолын бүтээлийг барьж авсан нь Алексей Сальниковын “Петровынхны ханиад ба түүний эргэн тойронд” гэх роман байв.  

“Петровыг троллейбусанд хөл тавив уу, үгүй юу галзуу солиотой гэмээр хүмүүс шахцалдан яншицгааж эхэллээ…

Петровын хажуу хавирганд суух хүмүүсийн гадна төрхийг ажвал тийм ч хөгшин гэхээргүй боловч Коммунист намынхны гуйвуулсан алт мөнгө, жил бүр олгогддог сувиллын газрын эрхийн бичиг мэтийн тухай дэмий сул чалчиж, эрх баригчдыг бүгдийг нь буудаж цаазлах ёстой гэж зоргоор бурдаг хий өвчтэй нөхдүүд байлаа. Дэмий чалчаарагчдын нэг нь эрх баригчдыг цаазлах тухай дурдмагц буудуулахаа хүлээн хананд шахагдан зогсох Путин, Россель хоёрын төрхийг Петров дотроо төсөөлөн буулгав. Петров тэднийг яг л зурагтаар гардаг шиг нь төсөөлж, тархиндаа зураглана: Россель хөгжүүнээр инээмсэглэж, харин Путин нухацтай харцаар гөлрөвч нүд нь ёжтойгоор гялалзана…” 

Алексей Сальниковын роман ийн эхэлдэг. Тэрслүү, зоригтой, ёжтой, бас Монголын маань нийгэмтэй тун төстэй уур амьсгал мэдрэгдэнэ. Нэн орчин үеийн орос уран зохиолын төлөөлөгч Алексей Сальников нь Михаил Булгаковын арга барилыг Николай Гоголийн хэв маягтай сүлэн, өөрийн туулж өнгөрүүлсэн нийгэм, цаг үеэ ёжтойгоор дүрслэн бичсэн нь энэ юм. 

Серебренников эх зохиолдоо тун хүндэтгэлтэй хандаж, үйл явдал болоод агуулгыг нь буй байгаагаар нь үзэгчдэд хүргэхийг хүссэн нь илэрхий.  Энэ киногоороо тэрбээр тайз, дэлгэцийн хосолсон найруулагч байхын, уран зохиолыг шимтэн уншигч байхын давуу талыг харуулж чадсан гэж хэлж болох юм. 

“Петровынхны ханиад” кино нь 2000-аад оны эхэн үеийн Екатеринбург хотод өрнөнө. Петров овогтой автомашины засварчин эр өндөр хэмээр халуурч, үе үе бугшуулдаг ханиад тусжээ. Бүхий л үйл явдал нь бодит амьдрал ба хийсвэрлэлийн зааг залгаан дээр өрнөх аж. 2000-аад оны эхэн үеийн хамгийн эгэл энгийн орос айлын амьдрал л бодит байдал ба төсөөллийн дунд өрнөн үргэлжлээд байгаа мэт боловч бүхэл бүтэн нэг улсын, нэг системийн  аж байдлыг хурцаар дүрсэлсэн байв. 

Ажиглавал киноны зохиолын бүтэц нь Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр”-той тун төстэй. Петров бол засварчнаар ажилладаг ч, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй, алдар нэрийг олоогүй комик зураач. Тэр бол Мастерын төлөөлөл. Эхнэр Нурлыниса нь гэрлэлт нь хүчин төгөлдөр бус нөхрөө амьд эсэхийг мэдэхийн тулд чөтгөрт сүнсээ худалдахаас ч үл буцах, шулмын хүчтэй Маргаритагийн төлөөлөл. Игорь бол Воланд. “Мастер Маргарита хоёр” романд үйл явдлын хоёр шугам байдаг бөгөөд нэг шугам нь бодит байдлаар өрнөж, нөгөө шугам нь Мастерын бичсэн зохиолоор өрнөдөг. Энэ кинонд ч бас хоёр үйл явдлын шугамыг гаргаж, нэг нь бодитоор өрнөж, нөгөө нь Петровын зурсан комик зургаар өрнөх юм. 

Киноны зураглалын хувьд Алексей Герман, Алексей Балабанов нарын нөлөөлөл нэлээд ажиглагдсан. 17 минут орчим үргэлжлэх урт кадр барьсан нь найруулагчийн өмнөх кинонуудад ер харагдаж байгаагүй урт кадр байв. Гуголев, Брянский, Родионов тэргүүтний шүлгүүд киноны дунд сонстож, үйл явдал, утга санааных нь эрчлээсийг улам чангалж байх юм. Гэвч эдгээрээс илүү чухал нь ухамсрын урсгалын дүрслэл. Дурсамж, төсөөлөл, хийсвэрлэл, зүүд + бодит байдал. Ухамсрын урсгалыг болж буй үйл явдалтай хамтад нь хүргэх хамгийн цогц урлагийн төрөл бол кино шүү дээ. “Петровынхны ханиад” үүнийг харин ч нэг яруу тод батлах шиг болов. Хүүхэд насныхаа амьдрал, үйл явдлыг тэр чигт нь дүрсэлчихэж байгаа нь эгээ л Феллини, Тарковский нарын хүүхэд насны дурсамжит дүрслэлээс дутахааргүй байв. Харин Серебренниковын хүүхэд насны дурсамжит дүрслэл нь монголчууд бидний 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед өнгөрүүлсэн хүүхэд настай тун төстэй байсан тул бүр ч элэгсэг дотно санагдах аж. Байнга эвдэрчихдэг гутлын цахилгаан, ямар ч үед парацетамол уудаг өвдөлтүүд гээд л. 

Петровынхны гэр бүлийн амьдралаар Зөвлөлтийн дараах Орос орны аж байдлыг хүчтэй зүйрлэсэн нь илт мэдрэгдэнэ. Петров ба түүний эхнэрийн салалт нь яг л Зөвлөлтийн бутралыг зүйрлэх шиг. Петров Нурлыниса хоёр салсан гэх боловч хоорондоо ямар ч зай завсаргүй. Саллаа гээд хэн хэн нь дээрдсэнгүй. Зөвлөлтийн дараа ч Зөвлөлтийн хүмүүс л амьдарч байсан шүү дээ. 1970-аад оны цэцэрлэгийн шинэ жил 2000-аад оны эхэн үеийн цэцэрлэгийн шинэ жил хоёр ав адилхан байгаатай нь утга нэг. Шинэ жил боллоо гээд юу ч өөрчлөгддөггүй. Жил нь л шинэ болохоос өнөө л цаг хугацаа эрчлээгүй, доголгүй урсаж, өнөө л хуучин хүмүүс амьдардгаараа амьдарна. 

Мөн кинонд ханиад томуу дэгдсэн үеийн нийгмийн байдал маш хүчтэй илэрдэг. Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээгүй байдал, хайхрамжгүй иргэд, хайхрамжгүй ажилтнууд гээд л. “Үхэх гээд байна аа” гээд түргэн тусламжийн утас руу залгахад өөдөөс нь ямар нэг сувилагч “Би ч гэсэн” гэж дуу муутайхан хариулах тэрхүү хайхрамжгүй, хаягдмал бодит байдлыг ёжтой харуулсан байлаа. “Ковидыг эртхэн тусаад, эртхэн эдгэж байсан нь дээр юм билээ” гэж тохуутайхан хөөрөлдөх 2021 оны бидний бодит байдал ч энд хөндөгдөх шиг болж байв. Хүмүүсийг итгэл найдваргүй, хайхрамжгүй, дүйнгэ болгон номхруулсан тийм нэгэн нийгмийн ханиадын тухай энэ кино өгүүлэх юм. 

Серебренников 2014 онд өгсөн нэгэн ярилцлагандаа “Орос орон бүхэлдээ уй гашуундаа идэгдэж, ухаан нь балартсан гопник шиг л аяглаж байна” гэж хэлж байв. Харин эл үгээр нь түүний “Петровынхны ханиад” бүтээлийг тодорхойлж болохоор байв. Гэвч энэ бол ганцхан улсын, ганцхан нийгмийн асуудал бус. Яг энэ тодорхойлолтод хамаарах асар олон улс бий. Тэдний нэг нь магад…

“Петровынхны ханиад”-аас гадна дараах хоёр киног онцолъё. 

Parallel Mothers 

Пэдро Альмодоварын кинонуудыг үзэх нь оргилсон их сэтгэл хөдлөл байдаг. Өнгөний хурц шийдэл, хөгжмийн зохилдлого, камерын сонирхолтой өнцгүүд, бүрэн хэмжээний роман ч байж болохуйц кино зохиол гэх мэт нь уг найруулагчийн гол бүтээлүүдийн онцлогийг тодорхойлно. Мөн тэрээр кино бүрдээ өөр кино болон урлагийн бусад төрлүүдийг уусган шингээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Альмодоварын кинонуудын зохиол нь өөр кинонуудын, өөр номнуудын, өөр уран зургийн агуулгаар дамнан хөгждөг гэсэн үг. "Parallel Mothers" кинонд ч бас дээрх шинж бүгд агуулагдах бөгөөд эмэгтэй хүн, тэр дундаа ээж хүний ертөнцийг орчин үеийн нийгмийн аж байдалтай хослуулан өгүүлэх болно. 

CODA

“CODA: Child of Deaf Adults” кино нь энэ жилийн Sundance наадмын нээн илрүүлсэн бяцхан эрдэнэс хэмээн нэрлэгдээд буй. Рюби Росси гэх охины эцэг эх болон ах нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд Рюби охин гэр бүлийнхээ орчуулагч, бусадтай харилцах гүүр нь болдог нэгэн. Түүнд дуучин болох мөрөөдөл, мөн мөрөөдлөө биелүүлж чадахуйц авьяас чадвар бий боловч гэр бүлээ орхиод хувийн мөрөөдлөө хөөхөд дэндүү бэрх аж. Дуу хөгжмөөр оргилсон болоод анир чимээгүй эзэгнэсэн хоёр өөр ертөнцийн аль нэгийг тэрээр сонгох хэрэгтэй болно. Шан Хедер найруулагч өөрөө дохионы хэл сурч, сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй олон олон цагийг өнгөрүүлснээр киногоо илүү бодит, хөрсөнд ойр болгож чаджээ. 

Нийтлэлийг Н.Өнөржаргал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
18 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
21 цагийн өмнө
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.