Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Ү.Энхжин: "Монголын нууц товчоо"-г 10 метр даавуун дээр нэг сарын хугацаанд монгол бичгээр бичсэн


“Монголын сайхан бичигтэн” улсын 24 дүгээр уралдааны тэргүүн байрт эгч, дүүс шалгараад буй. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2Б ангийн сурагч Ү.Эмүжин, 11Б ангийн сурагч Ү.Энхжин нар тус уралдаанд түрүүлсэн. Ү.Эмүжин таван настайгаасаа бийрийн бичлэгээр хичээллэсэн бөгөөд өмнө нь “Сүегэр-2021” уралдаанд тусгай байрт шалгарч байв. Түүний эгч Ү.Энхжин Хөвсгөл аймагт гурван удаа үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрбээр 2019 онд “Этүгэн”, 2020 онд “ГэГэ” үзэсгэлэнг бие даан гаргасан бол 2021 онд О.Оюунтунгалаг багштайгаа хамтран “Багш шавийн барилдлага” уран бичлэгийн үзэсгэлэнг гаргасан юм. “Монголын сайхан бичигтэн” уралдаанд 2018 онд гуравдугаар байрт шалгарч, 2019 онд тусгай байр эзэлсэн бөгөөд өнөө жил түрүүлжээ. Мөн “Сүегэр-2021” уралдааны уран бичлэгийн төрөлд тэргүүн байр, Монголын хүүхдийн ордны “Хичээнгүй бичигтэн” уралдааны тэргүүн байр эзэлсэн байна. Тэрбээр Хөвсгөл аймгийн 2019 оны онцлох хүүхдээр тодорсон. Охидын ээж Л.Ууганжаргал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн англи хэлний багшаар 16 дахь жилдээ ажиллаж буй. “Монголын сайхан бичигтэн”  улсын уралдаанд 2004 онд дэд, 2006 онд тусгай, 2007 онд нэрэмжит шагнал, 2018 онд тусгай, 2021 онд тэргүүн байр, "Сүегэр 2021" уралдааны дэд байрт шалгарсан, ба “Мөнх тэнгэрийн бичиг” улсын уралдаанд гутгаар байр эзэлж байжээ. Ингээд “Монголын сайхан бичигтэн” уралдааны тэргүүн байрын шагналт Л.Ууганжаргал, Ү.Энхжин нартай ярилцлаа.

-Уран бичлэгт сэтгэлгээ маш чухал санагддаг юм. Тухайн үг хийгээд өгүүлбэрийн утгыг алдагдуулахгүйгээр гэхдээ өвөрмөц байдлаар бичих болдог шүү дээ. Бичлэгийнхээ зохиомжийг хэрхэн боловсруулдаг вэ?

Ү.Э: Үгийнхээ утгыг сайтар ухаж ойлгоод, сайн бодож бичдэг. Тухайн үгтэй холбоотой зохиомжийг боловсруулахдаа зураг оруулах эсэхэд тухайлан нухацтай бодно л доо.

-Уран бичлэгээс дүрслэх урлагийн элементүүд ч ажиглагддаг шүү дээ. Ингэхэд та хэр сайн зурдаг вэ?

Ү.Э: Сонирхлынхоо дагуу хааяа л зурдаг. Харин бүтээлдээ төдийлөн зураг ашигладаггүй.

Бага охин маань долоон настай. 50 орчим минутын турш хийх ёстой зүйлдээ анхаарал нь бүрэн төвлөрдөг. Түүнээс хойш ядарч эхэлдэг л дээ. Уран бичлэгээр бичихээс гадна баримлын шавраар 150 гаруй бүтээл урлаж, үзэсгэлэнгээ гаргасан. Мөн хийл, цохиур, үлээдэг даралтат, бөмбөр хөгжим тоглодог. 

-Бага охиноо хэрхэн таван настайгаас нь бийрээр бичүүлж сургав аа?

Л.У: Ээж, эгч хоёр нь уран бичлэгээр бичдэг болохоор аргагүй л сонирхоод сурч байгаа. Одоогоор монгол бичгээр уншдаг, анхан шатны түвшинд бичдэг болж байна. Бийрээр  дамжуулж хүүхэд монгол бичгийг илүү сонирхдог юм байна. Балаар бичиж, уншуулахаас илүү. Бийрээр бичихэд, энэ хэсэгт нь ингэж бичвэл уран гарах юм байна гээд өөрөө ойлгоод сэтгээд эхлэхээрээ түүнээсээ урам зориг авдаг. 

-Бага насны хүүхдүүдээс өвөрмөц санаа гараад байдаг нь тэдний сэтгэлгээ хайрцаглагдаагүй байдагтай холбоотой болов уу. Танай охиноос тийм өвөрмөц санаа хэр олон төрдөг вэ? 

Л.У: Ер нь бүтээлч шүү. Ингэж бичвэл гоё болчих юм болов уу гэсэн санаанууд нэлээд дэвшүүлдэг. Тэр болгонд нь, “Болж байна, одоо ингээд өөрчилчихвөл илүү гоё болно” гээд дэмжиж урам өгдөг юм.

-Ойролцоогоор өдөрт хэчнээн цагийг бийрээр бичихэд зарцуулдаг вэ?

Ү.Э: Багадаа 2-3 цаг. Гэхдээ ихэнх тохиолдолд өдөржингөө л суугаад бичдэг. Ойролцоогоор 5-6 цагийг зарцуулдаг болов уу. Дундаа амралттай. 

-Удаан хугацаанд төвлөрч бичихэд орчин нөхцөл чухал шүү дээ. Хажууд хэн нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийх ч юм уу, эсвэл чанга дуу авиа гаргахад хэр саад болдог вэ?

Ү.Э: Уран бичлэгээр хичээллэхэд өөр зүйлд анхаарал сарних боломж байдаггүй. Бичиж буй зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлдэг.

Бичих чадвараар нь дамжуулж монгол бичгээр уншихад сургаж байгаа. 6-10 насны сурагчдад монгол бичиг зааж болох эсэхийг сэтгэхүй, насных нь онцлогт тохирсон арга барилаар туршиж үзэж байна. Ямартай ч болмоор л санагдаад байгаа юм.

-Уран бичлэгээр хичээллэсэн хүүхэд илүү төвлөрч сурсан юм шиг ажиглагддаг. Танай охидод ямар өөрчлөлтүүд анзаарагдаж байна?

Л.У: Илүү төлөвшсөн байдал ажиглагддаг. Ү.Эмүжингийн насны хүүхдүүд нэлээд хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. Охин маань тайван, томоотой.

-Ү.Эмүжингийн хувьд, хэр хугацаанд анхаарлаа төвлөрүүлж, монгол бичгээ давтдаг вэ?

Л.У: Бага охин маань долоон настай. 50 орчим минутын туршид хийх ёстой зүйлдээ анхаарал нь бүрэн төвлөрдөг. Түүнээс хойш ядарч эхэлдэг л дээ. Бага охин маань баримлын шавраар 150 гаруй бүтээл урлаж, үзэсгэлэнгээ гаргасан. Мөн хийл, цохиур, үлээдэг даралтат, бөмбөр хөгжим тоглодог.

-“Сүегэр-2021” уран бичлэгийн уралдаанд "Монголын нууц товчоо"-г 10 метр даавуун дээр бичсэн бүтээлээрээ түрүүлсэн. Уг бүтээлээ хэр удаан бичсэн бэ?

Ү.Э: Нэг сарын хугацаанд бичсэн.

-Тэгэхээр сарын хугацаанд тасралтгүй нэг зүйлийг бичнэ гэдэг адармаатай санагдаж байна. Өмнөх өдөр зогссон цэгээсээ үргэлжлүүлээд бичих болно. Дундаа завсарлаж байгаа болохоор хэмжээ алдах ч юм уу янз бүрийн алдаа гаргасан тохиолдолд ахиад л эхнээс нь бичих эрсдэлтэй нөхцөлд бүтээлээ бичжээ. Бүтээл төрөх явц хэр төвөгтэй байсан бэ?

Ү.Э: Бийрэн бичлэгээ хэдийн гартаа дасгачихсан болохоор асуудал гараагүй ээ. 

Цаашид уран бичлэгээрээ дагнахгүй л дээ. Гэхдээ монгол бичиг насан туршийн маань хэрэглээ. Сургуулиа төгсөөд гадаад харилцааны чиглэлийн мэргэжил сонгохоор төлөвлөж байгаа.

-Даавуун дээр болон цаасан дээр бичих ялгаатай юу?

Ү.Э: Бийр цаасан дээгүүр хөнгөхөн гүйгээд гарчихдаг. Даавуун дээр ерөөсөө тэгэхгүй. Зуураад байдаг учраас удаан бичигддэг.

-Том охинтойгоо хамтран “Бийрийн жим” дугуйланг хичээллүүлдэг юм билээ.  Танай дугуйлангийн сургалтуудад хэр олон хүн хамрагддаг вэ?

Л.У: “Бийрийн жим” дугуйлангаа 2017 онд байгуулсан юм. Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх, Тосонцэнгэл гээд аймгийнхаа дөрвөн суманд 80 гаруй хүүхэд, төрийн албан хаагч болон бусад 20 гаруй хүнд сургалтаа явууллаа. Цар тахлаас үүдээд сүүлийн нэг жил завсарлачихаад л байна. Дугуйландаа бийрийн бичлэг голлон заадаг. Түүнчлэн угалз, дөрвөлжин эвхмэл, үзгэн бичвэр гээд бусад бичлэгийн хичээлийг давхар заана.

-Танай дугуйланд монгол бичгийн хичээлийг заадаг уу?

Л.У: Бичих чадвараар нь дамжуулж монгол бичгээр уншихад сургаж байгаа. 6-10 насны сурагчдад монгол бичиг зааж болох эсэхийг сэтгэхүй, насных нь онцлогт тохирсон арга барилаар туршиж үзэж байна. Ямартай ч болмоор л санагдаад байгаа юм.  Анхандаа ч би дангаараа сургалтуудаа явуулдаг байлаа. Сүүлийн жилүүдэд охин маань надаас илүү оролцоотой болсон. Тиймээс охиноосоо суралцаад, охиноороо туслуулаад дугуйлангаа хичээллүүлж байна даа. 

-Аливаа бүтээл бичихдээ ээжтэйгээ урьдчилан ярилцаж зохиомжоо гаргадаг уу, эсвэл бүх үйл явцыг нь бие даан хийдэг үү?

Ү.Э: Бүх л бүтээлүүдийнхээ санааг ээжтэйгээ ярилцаж хийдэг.

-Уран бичлэгээс өөр сонирхдог зүйл бий юу?

Ү.Э: Гар урлал, дизайн технологийн зүйлс урлах сонирхолтой.

-Та хэдий үеэс уран бичлэгээр төвлөрч хичээллэх болов?

Л.У: Гадаад хэлийг сурахад монгол хэл, бичиг тулгуур суурь нь болдог. Тиймээс 2000-аад оны эхээр монгол бичгээ нэлээд шаргуу судалж эхэлсэн. Би арван жилийн сурагч байхаасаа л монгол бичигтээ сонирхолтой байсан л даа. Сонирхол тухайн хүнийг хөгжүүлдэг. Тэр утгаараа хоёр охинтойгоо суралцаж л байна даа. Том охин маань аймагтаа гурван үзэсгэлэн гаргасан. Миний хувьд, монгол бичгээрээ 10 гаруй жил бичиж байна.

Өөр ямар санаа байж болох уу, яаж бүтээл хийж болох уу гэж бодсоор л өдрийг өнгөрөөнө дөө. Мөн дүүдээ тусалж хамтарч суралцдаг. Уран бичлэгээр бүтээл туурвихад, зохиомжийн  хувьд хайрцаглаж болохгүй л гэж боддог юм.

-Цаашид уран бичлэгээрээ дагнах уу. Сургуулиа төгсөөд ямар мэргэжил сонгохоор төлөвлөж байна?

Ү.Э: Уран бичлэгээрээ дагнахгүй л дээ. Гэхдээ монгол бичиг насан туршийн маань хэрэглээ. Сургуулиа төгсөөд гадаад харилцааны чиглэлийн мэргэжил сонгохоор төлөвлөж байгаа.

-Тэгвэл ч ээжтэйгээ төстэй мэргэжил сонгох юм байна. Англи хэлээ хэр сайн давтаж байгаа вэ?

Ү.Э: Англи хэл муугүй шүү. Бас бие даагаад солонгос хэл сурч байгаа. Анхан шатны түвшинд л. Бичлэг үзээд, интернэтээс хэрэгтэй зүйлээ хардаг.

-Чиний уншсан номуудаас сэтгэлийг чинь хөдөлгөсөн ч юм уу эсвэл онцгой санагдсан гэвэл ямар ном байсан бэ?

Ү.Э: Зохиолч Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй”.

-“Гүйж яваа эмэгтэй” номын зохиолчтой нь уулзвал асуух юм уу эсвэл аминчлан хэлэх үг байдаг уу?

Ү.Э: Энэ номыг бодит амьдралаас сэдэвлэн бичсэн болохоор зохиолчоос нь ямар нэгэн зүйлийн талаар асууна гэж бодож байгаагүй. Зохиол нь л илүү таалагдсан.

-Ер нь чөлөө зав гарах юм бол монгол бичгээ л давтдаг уу?

Ү.Э: Тиймээ. Өөр ямар санаа байж болох уу, яаж бүтээл хийж болох уу гэж бодсоор л өдрийг өнгөрөөнө дөө.  Мөн дүүдээ тусалж хамтарч суралцдаг.

-Улаанбаатарт үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөө байдаг уу?

Ү.Э: Бодсон төлөвлөсөн зүйл байгаа. Сурах зүйл ч их байна.

-Уран бичлэгээр тууштай хичээллэхэд юу урам зориг өгсөн бэ?

Ү.Э: Багш, ээж хоёр. Хэл иргэншлийн дээд сургуулийн Б.Амгалан багш дээр очтол, намайг жаахан байна гээд голсон. Эхний өдөр суухдаа муугүй сурсан болохоор цаашид үргэлжлүүлэн заасан болов уу. Хоёр өдрийн дараагаас эхлээд  бичлэгийг маань гоё болж байна гээд магтаж эхэлсэн.

-Бийрээр бичихэд гар тань хэр чилдэг вэ?

Ү.Э: Бийрийг хөнгөн барьж бичдэг болохоор гар чилэх нь бага. Үзгээр бичихээс өөр л дөө.

-Та уран бичлэгийн ямар нэгэн бүтээлийг биширч харж байсан тохиолдол бий юу?

Ү.Э: Л.Амарсанаа багш маань 2018 онд "ТҮЛЭГЭ” үзэсгэлэнг гаргасан юм. Тэрхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ түлээн дээр бийрээр бичсэн нь сонирхолтой санагдсан.

-Тухайн үед тэр бүтээлүүдээс санаа авч, түлээн дээр бийрээр бичье гэх бодол төрсөн үү?

Ү.Э: Яг тийм бүтээл хийе гэж бодоогүй. Харин түлээн дээр бичсэн шиг өөр юун дээр бичиж болох вэ гэж бодсон. Тэр үед олсон санаагаа одоогоор хэрэгжүүлээгүй л байгаа. Уран бичлэгээр бүтээл туурвихад, зохиомжийн  хувьд хайрцаглаж болохгүй л гэж боддог. Одоохондоо хийсэн зүйлээ бүтээл гэж том ярихаас ичдэг. Багш нар маань ч тэгж ярьдаггүй л дээ. Суралцаад л сурсан зүйлээ зохиомжилж буулгадаг гэхүү дээ.

У.Чинзориг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Золоо 2022.01.19 103.26.193.107

Улам их амжилт хүсье

0 Хариулах