Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Анна Франкийн гэр бүлийг нацистуудад илчилсэн байж болох хүнийг 77 жилийн дараа тогтоолоо


Фашист хорих лагерт 15 настайдаа өөд болсон Анна Франк охины түүхийг өөрийнх нь алдарт өдрийн тэмдэглэлээс бид мэдэх билээ. Дэлхийн хоёрдугаар дайнаар еврейчүүдийг хоморголон барьж, хөнөөж байх үед түүний гэр бүл хоёр жил шахуу нуувч байранд орогносны эцэст хэн нэг хүн тэдний мэдээллийг Германчуудад өгснөөр илчлэгдэж, амь насаа алдсан гэж үздэг. Нуувч байранд байсан найман хүнээс Аннагийн эцэг Отто ганцаараа амьд үлдэж, бусад нь хорих лагерийн хахир хүндийг дааж чадалгүй нас барцгаасан юм.

Тэгвэл тэдгээр найман хүнийг нацистуудад илчилж, урвасан хүн хэн байж болохыг түүхчид, Холбооны мөрдөх товчооны мэргэжилтэн зэрэг мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн судалгааны баг зургаан жил нэхэн судалсны эцэст тогтоожээ. Тэдний үзэж буйгаар тухайн үед Амстердамд амьдарч байсан Арнолд Ван ден Берг гэх еврей хүн өөрийн гэр бүлээ хамгаалахын тулд Франкийн гэрийнхнийг барьж өгсөн байх өндөр магадлалтай аж. Шинжээчдийн баг орчин үеийн мөрдлөг судалгааны техник ашиглан, тухайн цаг үед Франкийн гэр бүлтэй холбоотой байсан бүх хүмүүсийн гадаад ертөнцтэй холбогдож асан баримт мэдээллийг компьютер алгоритмын аргаар тооцоолон судалж, ийм дүгнэлтэд хүрчээ.



Ван ден Берг дайны үед Амстердам дахь еврейчүүдийн зөвлөлийн гишүүн байсан агаад еврейчүүдийн дунд нацист бодлого хэрэгжүүлэхэд хүчээр томилогдсон төлөөлөл байжээ. Германчууд еврей нарыг өөрсдөөр нь хянуулж, мэдээлэл авч байх зорилготой ийм хүмүүс томилж, ажиллуулж байсан авч 1943 онд тэрхүү зөвлөлийг тарааж, ажиллагсдыг хорих лагерт шилжүүлсэн аж. Гэвч судалгааны багийнхны олж мэдсэнээр Ван ден Бергийн гэр бүл хорих лагерт цөлөгдөөгүйгээр үл барам Амстердамд ердийн амьдралаараа амьдарч үлдсэн байна. Тиймээс түүнийг нацистуудад мэдээлэл өгдөг болох тухай сэжиг цаг ямагт байсаар ирж.


Шинжээчдийн багийнхны олж тогтоосноор Франкийн гэр бүлээс цор ганцаараа амьд үлдсэн Отто Франк өөрсдийг нь хэн илчилж, урвасныг мэдэж байсан ч үүнийгээ хэнд ч хэлэлгүй нууцалж, энэ тухай мэдээллийг өөртэйгээ хамт авч одсон байх магадлалтай гэнэ. Тэдний гэр бүлтэй холбоотой баримт сэлтүүдийг судалж байхад Отто Франкад хаягласан буцах эзэнгүй нэгэн зурвас олдсон бөгөөд уг зурваст Ван ден Бергийг урвагч гэж бичсэн байсан аж. “Магадгүй урвагчийн араас хөөцөлдвөл тухайн цаг үед илүү гай зовлон дуудсан хэрэг болно гэж тэр эмээсэн байх” хэмээн судалгааны багийн гишүүн, ХМТ-ы мөрдөгч асан Винс Панкок ярьсан байна. Мөн үргэлжлүүлэн “ Тэднийг илчилсэн нь тухайн хүн амь насаа аврахын тулд аргагүйн эрхэнд хийсэн зүйл байх магадлал маш өндөр гэдгийг хүмүүс мэдээсэй.” гэсэн юм. Голландын хэвлэлд мэдээлснээр Арнолд Ван ден Берг гэх хүн 1950 онд нас барсан баримт олджээ.

Дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй хүмүүс байгаагийн нэг нь Амстердамын их сургуулийн Фашист хоморголон устгалын түүх судлаач, профессор Ионас Хоуинк юм. Тэрээр ийм том хэмжээний дүгнэлтэд хүрэхийн тулд гарцаагүй баримт байх шаардлагатай гэж үзэж буй юм. Гэмгүй хүнийг урвагч хэмээн цоллож, гүжирдэх аюултай тул ийм дутуу хагас дүгнэлт хийхгүй байхыг хүсье гэжээ.

Зарим судлаачид нуувчинд орогнож байсан найман хүн санаандгүй байдлаар баригдсан гэж үздэг. Тухайн үед тэднийг олж барьсан германууд нуугдаж буй еврейчүүдийг барих албаныхан бус орхигдсон мөнгө хөрөнгө, үнэт эдлэл зэргийг байр сууцнаас нэгжин цуглуулдаг хэсгийнхэн байжээ.  Мөн баримт бичигт тэмдэглэснээр тэр өдөр нацистууд тэдний байрыг хоёр цаг гаран нэгжсэн нь зүгээр л эд хөрөнгө хайж явсныг илтгэдэг агаад хэрэв нуугдсан улсыг барихаар очсон бол ингэж удах ёсгүй гэж үздэг аж.

Ямар боловч эдгээр дүгнэлт бүгд таамаг төдий, баттай ноттой баримт бус. Дарангуйлал, хуваагдал, ялгаварлах үзэгдэл орчин цагийн нийгэмд ч байсаар байгаа энэ үед Анна Франкийн түүх хүн төрөлхтөн харанхуй цаг үедээ хэчнээн харгис хэрцгий болж болдгийг сануулан оршсоор байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
8
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.