Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Humans of UB: Хэвшмэл ойлголт ХЭНИЙГ ард үлдээдэг вэ?


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Улс орны туулсан түүх, соёлын онцлог, нийгэм, эдийн засгийн хөгжлөөс үүдэн нийгмийн аль нэг бүлэг тэгш боломжоос атгаж, ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байх нь бий. Тэгвэл монголчуудын дунд тогтсон хэвшмэл ойлголт нийгмийн төлөөлөл болсон эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ЛГБТ хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? 


“Эрчүүд эрүүл гэр бүл төв” ТББ-ын тэргүүн М.Цасчихэр

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос 2020 онд хийсэн “Суурь судалгаа”-ны тайланд дурдсанаар 2018 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байна гэжээ. Шалтгааныг нь тодруулахад, эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зан үйл, зуршлын хэрэглээ ихтэй. Нийгмийн зүгээс “Эр хүн” гэдэг ойлголтыг зөвөөр тодорхойлоогүйгээс бүх асуудал эхтэй. Овсгоотой, мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүчтэй, асуудлыг зохицуулах чадвартай байх ёстой гэсэн хандлага түгээмэл ч эрэгтэй хүн бүр ийм байх боломжгүй шүү дээ. Гэтэл нийгмээс тулгаж буй “Эр хүн” гэдэг хүлээлтэд хүрэхгүй болохоор эрчүүд сэтгэлээр унадаг. Дээрх судалгааны тайланд дурдсанчлан амиа хорлож буй зургаан хүн тутмын тав нь эрэгтэйчүүд бөгөөд амиа хорлож буй үзүүлэлтээрээ эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байна. Насны ангиллаар нь авч үзвэл залуучуудын дунд амиа хорлолт өндөр хувийг эзэлдэг. 

Хөвгүүдийг багаас нь “Эр хүн байж шалчигнаад”, “Эр хүн уйлдаггүй” гэсэн хандлагаар өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хязгаарласнаас болж ихэнх эрчүүд харилцааны ур чадварт суралцаагүй байдаг. Ингэж бусадтай сэтгэлээ хуваалцахгүй, дотроо бухимдаж явсаар зүрх судасны өвчин тусах нь элбэг. Эрэгтэйчүүдийн уур уцаар, гомдол, бухамдлаас үүдсэн сэтгэл зүйн тогтворгүй байдал хийгээд үүнээс үүдсэн архи, тамхины зохисгүй хэрэглээ тэднийг өвчлөхөд хүргэдэг. Түүнчлэн баяр ёслолын үеэрх согтууруулах ундааны хэрэглээ ч их байна. Нийгэм нь эрэгтэй хүнийг буруу тодорхойлсноос болоод тэдэнд сэтгэл зүйн асуудал ийм хүчтэй нөлөө үзүүлж байгаа юм. Нэг үгээр бол нийгмээс тулгасан дүр, хайрцганд орж амьдрахын тулд гэсэн үг. 

Ярилцаад асуудлаа шийдэж болно шүү дээ гэхэд ихэнх нь “Тэгж доошоо ормооргүй байна”, “Ярилцахад хэцүү санагддаг” гэж хариулсан. Тэд багаасаа эерэг харилцааны аргад суралцаагүй болохоор буулт хийвэл л “Эр хүн” биш болчих гээд байгаа мэт санагддаг гэсэн үг л дээ.

Амьдралдаа алдаж, нийгмээс түр тусгаарлагдсан эрчүүдэд сургалт явуулж байхад бүгд л элэг бүтэн, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг хүсдэг гэдгээ илэрхийлж байсан. Гэвч асуудал үүсэхэд архи уух эсвэл хүч хэрэглэх замаар шийдвэрлэсэн байдаг. Бүлгээр ярилцахад 30-аад хүнээс 2-3 хүн л уурласан үед гадуур алхах эсвэл ямар нэгэн юм хийж бухимдлаа тайлдаг гэж хариулж байсан. Бусад нь гадуур гарч архи уудаг, гар зөрүүлдэг, ам мурийдгаа хэлсэн. Ярилцаад асуудлаа шийдэж болно шүү дээ гэхэд ихэнх нь “Тэгж доошоо ормооргүй байна”, “Ярилцахад хэцүү санагддаг” гэж хариулсан. Тэд багаасаа эерэг харилцааны аргад суралцаагүй болохоор буулт хийвэл л “Эр хүн” биш болчих гээд байгаа мэт санагддаг гэсэн үг л дээ. Мөн “Эр муу ч эмийн дээр” гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд байгаагаас гэр бүлийн харилцаанд хүчирхийллийн аргыг ихэнхдээ хэрэглэдэг. Эцэст нь эцэг, эхчүүдэд зөвлөхөд хөвгүүдээ мэдрэмжээ нээлттэй илэрхийлэх боломжийг олгож, харилцааны ур чадварт сургах хэрэгтэй. Түүнчлэн хүүхдээ хүйсэд тулгуурласан хүмүүжлийн аргаар өсгөлгүй охид, хөвгүүдийг адилхан хүүхэд, хүн гэдгээр хандаж харилцаарай гэж хүсье.

“Залуус эрүүл мэнд төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж

Хүн бүр ялгаатай, онцлог шинжтэй. Өндөр, нам, тарган, туранхай гээд л. Бэлгийн чиг баримжаа өөр байна гэдэг нь үүнтэй адил төрөлхийн ялгаатай байдал юм. Зорилтот бүлгийн нэг залуу өөрт тохиолдсон явдлыг ярьсан юм л даа. Анх бэлгийн чиг баримжаагаа гей гэдгээ мэдэн хүнд байдалд ороод энэ тухайгаа ээждээ хэлжээ. Гэтэл ээж нь бөө дээр дагуулаад очсон байгаа юм. Нөгөө бөө нь “Өө наад хүүхдэд чинь дэв шингэчихсэн байна” гээд олон удаа засал хийж буй нэрээр хууран мэхэлж ээжээс нь баахан мөнгө авсан байсан. Хүний бэлгийн чиг баримжаа төрөлхийн учраас өөрчлөгдөхгүй шүү дээ. Ээж нь хүүгээ "бузартсан" гэж үзэн сэтгэл зүйн хувьд олон жил хүнд байдалд оруулсан гэдгийг залуу сүүлд ярьсан. Тэгэхээр болзошгүй сөрөг үр дагаврыг сайтар тооцоолж, бие даан өөрийн гэсэн ажил, орлоготой, тодорхой тойрон хүрээлэлтэй болсон хойноо л бэлгийн чиг баримжаагаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. 

Монголын нийгэм эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн тийм байх ёстой гэх хайрцаглагдсан жендэрийн ойлголтоос өөр дүрийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар ирсэн. Үүнээс үүдэн ЛГБТИК+ хүмүүс ардчилсан нийгэмтэй хамт бий болсон мэтээр ташаа ойлгох нь бий. Үнэн хэрэгтээ ялгаатай байдал аль ч нийгмийн үед байсан. Харин хүмүүнлэг, ардчилсан нийгэмд хүн бүр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй болсноор энэ асуудлыг илүү нээлттэй ярих болсон. Үнэндээ шинжлэх ухаанаар хүний бэлгийн чиг баримжаа ямар ч байж болно гэдгийг нотолчихоод байхад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь утгагүй хэрэг.

Судалгаагаар хүн төрөлхтний 10 орчим хувь нь бэлгийн чиг баримжааны хувьд ЛГБТИК+ төрдөг гэж үзсэн. Гэхдээ энэ нь тойм судалгааны үр дүнд үндэслэсэн ерөнхий тооцоолол юм. Тухайн нийгмийн хандлага, шашин, үзэл баримтлал, хүлээн зөвшөөрч буй байдал, боловсролын түвшин, хуулийн орчин, дэмжлэг зэрэг олон хүчин зүйлээс хамаарч улс бүрд уг тоо харилцан адилгүй байдаг. Манай байгууллагаас явуулсан судалгаагаар Монгол Улсад 15-аас дээш насны 15000 орчим бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байна гэх тооцоолол гарсан.

ЛГБТИК+ хүмүүсийн тухай ярих, тэдний эрхийг хамгаалсан үйлдэл хийх нь ЛГБТИК+ гэдгээр бахархаад байгаа хэрэг огт биш. Харин ЛГБТИК+ ч гэсэн адилхан хүн шүү гэдгийг бусдад ойлгуулахын тулд хийж буй үйлдэл юм. Нийгэмд тэднийг байхгүй мэт ханддаг учраас тэд байгаа гэдгээ харуулахын тулд эрхээ ярьдаг. Энэ нь бусдыг уриалан дуудаж буй үйлдэл биш юм. Учир нь, хүний бэлгийн чиг баримжаа бусдын хатгалгаар, эсвэл хэн нэгнийг даган дуурайх байдлаар өөрчлөгддөггүй. 

“ГҮНЖ” төвийн үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрах

Нийгэмд охидын эрх хамгийн их зөрчигддөг учраас бид энэ чиглэлд анхаарч ажилладаг. Хамгийн энгийн жишээ гэхэд л нэг гэрт амьдарч байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн гэрийн ажилд зарцуулж байгаа цаг хүртэл ялгаатай байна. Охид гэрийн ажилд өдөрт дунджаар дөрвөн цагийг зарцуулж байхад хөвгүүд хоёр цагийг зарцуулдаг гэсэн үр дүн “Гүнж” төвөөс хийсэн судалгаагаар гарсан. Түүнчлэн охид хаана, ямар нөхцөлд амьдарч байгаагаас шалтгаалаад хөгжих боломж харилцан адилгүй байна. Нэн ялангуяа олон дүүтэй охидын хувьд яг л ээж шиг нь дүү нараа харах, өсгөж хүмүүжүүлэх, цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, авах гэх мэтчилэн олон төрлийн гэрийн хөдөлмөрийг эрхэлдэг. Үүнээс үүдэн ном унших, өөрийгөө хөгжүүлэх, сонирхож буй дугуйлан, сургалтдаа явах зэргээр өөрийгөө хөгжүүлэх цаг хомс байгаа юм. Тийм учраас бид охидын хөгжих эрхийн асуудалд анхаарч ажилладаг. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь эрэгтэй, эмэгтэй хүүхдэд хандах нийгмийн ялгаатай хандлага. Эмэгтэй хүүхэд ийм л байх ёстой, эсвэл эрэгтэй хүүхэд тийм л байх ёстой гэх хэвшмэл ойлголт их нөлөөлдөг. 

Манай нийгэм эрэгтэй, эмэгтэй хүүхдэд өөрөөр хандсаар байна. Эмэгтэй учраас гэрийн ажил хийх ёстой, дүү нараа асарч, аав ээжийнхээ сайн сайхны төлөө цагаа зарцуулах ёстой гэх хандлага байж болохгүй.

“Гүнж” төв анх байгуулагдсан цагаасаа эхлээд анхаарч ажиллаж буй өөр нэг асуудал бол нөхөн үржихүйн эрх хийгээд охидын жирэмслэлт, төрөлт юм. Бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас, эсвэл бэлгийн эрүүл мэндийн талаар хангалттай ойлголт, мэдээлэлгүйн улмаас гээд янз бүрийн шалтгаанаар өсвөр насны охид жирэмсэлж, ээж болдог. Манай улсад жилд дунджаар 3500 орчим охин хүүхэд төрүүлж байна. Тийм учраас манай төв энэ асуудалд 19 дэх жилдээ анхааран ажиллаж байгаа юм. Охидын эрхийн өөр нэг ноцтой зөрчил бол бэлгийн хүчирхийлэл. Ялангуяа олон жил үргэлжилсэн ураг төрлийн хүчингийн гол хохирогчид нь бага насны охид болж байна.  

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Зан авирт нь өөрчлөлт гарч байна уу, айж цочиж, хэн нэгнээс эмээж байна уу, эсвэл өмнө нь очдог байсан айлдаа дахиж очихоос дургүйцэж байна уу гэх мэтчилэн хүүхдийнхээ сэтгэл зүй, зан харилцаанд гарч буй өөрчлөлтийг сайтар анзаарахыг зөвлөе. Хүүхдээ үл хайхарсны улмаас хүүхдийг нь хүчирхийлж байсан хүний гэрт ахин дахин аваачсан тохиолдол хүртэл гарсан. Барууны улсуудад хүүхдийг ганцааранг нь эрэгтэй хүнтэй үлдээж болохгүй гэж үздэг. Таньдаг хүн, багш эсвэл төрөл садан байх эсэх нь хамаагүй. Энэ мэтчилэн амьдралын өдөр тутмын алхмуудаар л хүүхдүүдээ эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.  

Эрүүгийн хуулинд насанд хүрээгүй охидтой бэлгийн харилцаанд орохыг хориглосон зүйл, заалт бий. Гэтэл залуус хуулийн мэдлэг хомс учир насанд хүрээгүй охидтой найзалж яваад бэлгийн харилцаанд орж, жирэмслүүлчихдэг. Ингээд “Насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсон” гэдэг үндэслэлээр ял авч буй залуучууд байна. Тиймээс бид нийтээрээ хүний эрх болон бэлгийн амьдралтай холбоотой ойлголт мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Манай төв л гэхэд “Хүчирхэг хөвгүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд үүгээр дамжуулж хөвгүүдэд эрүүл харилцааны талаар ойлголт, мэдлэг өгөхийг зорьдог. 

“Бид чадна” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Отгонтуяа

Би 20-иод жилийн өмнө осолд орж тэргэнцэрт суух болсон. Осолд орсноосоо хойш 10 гаруй жил гэрийнхээ хажуугийн дэлгүүрт ч ордоггүй байлаа. Шат, довжоогоор өгсөж уруудахаас эхлээд хазгай, буруу зассан замаар явах гээд нийгмийн амьдралд оролцоход саад тотгор мундахгүй. Сүүлд нь энэ бүхнийг өөрөө л өөрчлөх ёстойг ойлгож байшингийнхаа босгыг өөртөө ээлтэй болгож өөрчилсөн юм. Тэгэхэд л би босгоо аль хэдийн засчихаж болох байснаа ойлгосон. Хүний сэтгэл дотор л хамгийн өндөр босго байдаг юм билээ. Миний сэтгэлд хөгжлийн бэрхшээл байхгүй болсон ч нийгэмд засах шаардлагатай бэрхшээл олон байна. Сүүлийн жилүүдэд хүртээмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй газрууд олширч байгаа нь олзуурхууштай. Тиймээс би өөрт ээлтэй газруудыг сонгон үйлчлүүлдэг. Олон улсын эвэнт, хурлуудыг харж байхад бүх хүнд хүртээмжтэй, ээлтэй газрыг сонгож арга хэмжээгээ явуулдаг юм билээ. Тэгэхээр хөгжлийн  бэрхшээлтэй иргэдэд ээлгүй газрууд энэ боломжийг алдаж байгаа гэсэн үг.

Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрснөөр хүн бусадтай ижил хариуцлага үүрч, адилхан ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ шүү дээ. Дэлхийн олон оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж хүртэгч гэж харахаа хэдийн больсон.

Нөгөөтээгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш оролцох боломжийг хангаад өгчихвөл бид татвар төлж, нийгмийн амьдралд оролцох бүрэн боломжтой. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрснөөр тухайн хүн бусадтай ижил хариуцлага үүрч, адилхан ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ шүү дээ. Дэлхийн олон оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж хүртэгч гэж харахаа хэдийн больсон. Харин ч баялаг бүтээж, татвар төлдөг нийгмийн бүлэгт багтдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон бий. Тэд бусад хүмүүст урам зориг, итгэл найдвар өгдөг. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг орсон ажилдаа маш хариуцлагатай ханддаг. Байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эгнээндээ нэгтгэснээр тэдний санал, оролцооны тусламжтайгаар ижил төрлийн хүмүүс тухайн байгууллагаас үйлчилгээ авах хүртээмжтэй, ээлтэй боломжийг бүрдүүлэхэд бодитой үр дүнд хүрч чадна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.