Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Авторын булан: Хүүхэдгүй амьдралын тухай нийтлэл


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Та хүүхэдтэй болох нь амьдралын утга учир гэж бат итгэдэг бол энэ цонхыг хаагаад өөр юм уншсан нь дээр байж мэднэ. Угтаа бол энэ нийтлэл танд зориулагдсан юм. 

1817 онд Наполеон Бонапарт нэгэн цэрэгтээ “Эмэгтэй хүмүүс бол хүүхэд хийдэг машин юм” гэж хэлсэн гэдэг. Хүний эрхийн төлөөх олон жилийн тэмцэл, дэвшлийн дараа ч энэ үзэл онц өөрчлөгдөөгүй гэвэл та магад санал нийлэхгүй л байх. Энэ асуудлыг харах хүмүүсийн өнцөг онц өөрчлөгдөөгүй ч бодит байдал аль дээрээс өөрчлөгдчихсөн. Тэрхүү бодит байдлыг, зайлах аргагүй ирээдүйг илэрхийлэх тоо баримтуудын талаар ярья.

ДЭМБ-ын статистик мэдээллээр, нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1965 онд 5, 1985 онд 3.5, 2005 онд 2.6 байсан бол 2019 оны байдлаар 2.4 байна. Энэ тоо буюу хүн амын эргэн нөхөгдөх түвшин 2.1 хүрэхэд дэлхий даяар хүн амын өсөлт үндсэндээ зогсоно гэсэн үг юм. 2060 онд бид тэнд хүрнэ. Үүнд нөлөөлж байгаа голлох гурван шалтгаан нь хүүхдийн эндэгдэл буурсан, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн хүртээмж сайжирсан, эмэгтэйчүүд боловсрол, карьертаа илүү анхаардаг болсонтой холбоотой. Ер нь бол бидний олон арван жил бүтээхээр хичээж ирсэн зорилтууд биелж байгаа хэрэг. 

Бүр цаашилбал, анагаах ухааны алдарт “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар тооцоолсноор 2100 он гэхэд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1.7 болно. Улмаар энэ зууны эцэс гэхэд Япон, Испани тэргүүтэй 23 улсын хүн ам хоёр дахин буурна гэнэ. Энэ үед бид 11 тэрбумуулаа болсон байх юм. 

Монгол Улсын хувьд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 2019 оны байдлаар 3 байв. Хөгжиж буй болон буурай орнууд хэсэгтээ төрөлт “аюулын харанга дэлдсэн” хэмжээнд очно гэж айлтгүй байх нь. Гэхдээ яг “аюул” мөн үү? Хөдөлмөрлөх залуус цөөрвөл улс орнуудын татварын орлого багасна, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамжийн төсөв нэмэгдэнэ, цаашлаад магадгүй эдийн засгийн өсөлт буурна гэж бид эмээдэг. Харин 40 орны судлаачид оролцсон судалгааны үр дүнд, төрөлт 2.1-ээс доош байвал хүмүүсийн амьдралын чанар сайжрахын дээр байгаль орчинд эерэг нөлөөтэй гэсэн байх юм. Тус судалгааг удирдсан, UC Беркли их сургуулийн хүн амын статистикч Роналд Ли “Улс орнууд олон хүүхэд төрүүлүүлэх гэхийн оронд нэгэнт болох нь тодорхой хүн амын хөгшрөлтөд зохицох бодлого гаргахыг бодсон нь дээр” гэжээ. Төрөлт буурч байгаа нь дэлхий нийтээр ажиглагдаж байгаа хандлага, гарцаагүй өрнөх үйл явц учраас яагаад гэдгийг ярихаас илүү энэ чиг хандлагад хэрхэн зохицож амьдарцгаах вэ гэдгээ бодох нь илүү оновчтой аж. Хувь хүний үзэл бодол ч үүнд ихээхэн нөлөөтэй. 

Одоо хувь хүнд нийгмээс ирдэг дарамтын талаар ярьцгаая. Хүүхэдгүй хүмүүст “Хэзээ хүүхэдтэй болох гэж байна?”, “Одоо оройтлоо шүү” гэж хэлэхийг хэвийн зүйл гэж боддог хүн олон. Хүүхэдтэй ч байсан, “Дүүг нь хэзээ гаргаж өгөх гэж байна” гэж асуудаг, тийм биз? Нийтлэлч миний хувьд иймэрхүү асуултад “Хамт хийх хүнээ олохоороо хийнэ дээ” гэж хошигнох байдлаар хариулдаг байсан бол одоо хошигнох ч сонирхол үгүй болжээ. “Өөрт тань яг ямар хамаатай юм бэ?” гэмээр. Миний хувьд, хүүхэдтэй болохгүй гэж бат шийдсэн зүйл үгүй ч тийм амьдрал хэцүү байна гэж боддоггүй. 

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын тавдугаарт жендерийн эрх тэгш байдлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд хэрэгжүүлж буй зорилтуудын нэг нь сексийн болоод нөхөн үржихүйн эрхийг хамгаалах билээ. Товчхондоо секс хийх, үр хөндүүлэх, жирэмслэх эсэх талаарх шийдвэрээ хөндлөнгийн дарамтгүйгээр гаргах эрх чөлөөтэй байх тухай юм. 

Олон тооны эх сурвалж уншиж, олон хүнтэй ярилцсаны эцэст, хүүхэдтэй болохгүй гэдэг шийдвэр нэгэнт гаргасан хүмүүст хамгийн их ирдэг сэтгэгдэл нь “Ямар хувиа хичээсэн юм бэ?” гэх үгс гэдгийг олж мэдэв. Би 10 хүнээс “Хүүхэдтэй болохгүй байхыг хувиа хичээсэн шийдвэр гэж боддог уу?” гэж асуусан юм. Онцлох хариултуудыг нь дурдвал,

- Зарим хүмүүс муур, нохойгоор хүнийг орлуулах гэдэг шиг. Хүмүүсийг дэлхийд тээртэй гэж тэд боддог. Тэрийг нь буруу, зөв гэхгүй ээ. Амин хувиа бодож хүүхэдтэй болдог хүн ч бий, олны сайн сайхны төлөө хүүхэдтэй болохгүй гэж боддог хүн ч бий. Би бол хүүхэдтэй болно л гэж боддог.  (Н - 26н)

- Хүүхэдтэй болох эсэх нь тухайн хүний нэн хувийн шийдвэр. Тийм байхад хүмүүс яагаад тэр хүний сонголтыг шүүх гээд байдгийг ойлгодоггүй. Би маш сайхан хүнтэй гэрлэсэн. Сайн аав болно гэж нэлээн итгэлтэйгээр бодож байсан минь үнэн байсан. Тийм болохоор хүүхэдтэй болсондоо баяртай байдаг. (С - 33н)

- Монголд нэг хүн жилд бараг долоон тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Ихэнх хүн ирээдүйгээ хамгаалахын төлөө дор бүрнээ хичээх гэж оролдохгүй, юу ч бодолгүй хүүхэдтэй болчихдог. Байгаль орчныхоо төлөө хүний хийж чадах нэгэн зүйл нь хүүхэдтэй болохгүй байх. Нийгмийн сайн сайхны төлөө, аль эсвэл зөвхөн өөртөө амьдралаа зориулна гэдэг яагаад хувиа хичээсэн, буруу зүйл гэж? Би лав ойлгодоггүй. (Э - 27н)

- Үнэнийг хэлэхэд, хүүхэдтэй болно гэсэн хүмүүсийн дийлэнх нь амин хувиа хичээсэн гэж тодорхойлж болохоор л шалтгаанууд хэлдэг шүү дээ. Жишээ нь, хөгшрөхөөрөө ганцаардахгүй байх гэж хүүхэдтэй болох. Хүсэхгүй байгаа мөртлөө хүүхэд төрүүлэх бол харин ёстой муухай гэж боддог. Би хүүхэдтэй болоогүй, болох ч үгүй.  (Т - 39н)

Эмэгтэйчүүдийн хүүхэдтэй болохоос татгалздаг бас нэгэн шалтгаан нь хэт их ачаалал үүрэхийг үл хүсэх юм. Эрэгтэй хүн хэдий амжилттай, карьертай байна, эхнэр, хүүхэдтэй болох магадлал нь төдий чинээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдийн хувьд яг эсрэгээрээ. Америкийн судлаачдын хийсэн нэгэн судалгаанд оролцсон, томоохон албан тушаал эрхэлдэг эмэгтэйчүүдийн 49 хувь нь хүүхэдгүй байжээ. Тэдэнтэй нэг түвшинд ажиллаж байгаа эрэгтэйчүүдийн 19 хувь нь л хүүхэдгүй байв. Тэдгээр эмэгтэйчүүд, эрчүүдийн ажилдаа зориулах цаг, хөдөлмөрийн хэмжээ адилхан боловч гэртээ хариад гэр бүлдээ зарцуулах цаг, хөдөлмөрийн хувьд бараг л харьцуулшгүй. Ингээд харвал, сонгосон салбартаа өндөр амжилт гаргахыг хүссэн эмэгтэйчүүд хүүхэдгүй амьдрахыг илүүд үзсэнд гайхах зүйл алга. 

Судлаач Питер Макдоналд 2004 онд хийсэн судалгаандаа жендерийн тэгш байдлын хоёр төрлийг ялгаж салгаж үзэх ёстой талаар онцолсон байдаг. Энэ нь гэр бүл төвтэй тогтолцоон дахь жендерийн тэгш байдал, хувь хүн төвтэй тогтолцоон дахь жендерийн тэгш байдал аж. Хөгжиж буй орнуудад энэ хоёул зэрэгцэн оршиж байвал төрөлтийн түвшин бага байхад нөлөөлдөг, учир нь ийм нийгэмд амьдарч буй эмэгтэйчүүд боловсролоо дээшлүүлж, өндөр цалинтай ажил эрхэлдэг ч, нөгөө талаас, уламжлалт үүргүүдээ биелүүлэх (хүүхэд өсгөх, гэр орны ажлаа даах, өндөр настныг асрах) хүлээлттэй байдаг. Товчхондоо, дан гэр бүл төвтэй тогтолцоонд буй эмэгтэйчүүдээс илүү ачаалал авдаг гэсэн үг.

Монголын хувьд хөдөлмөр эрхэлж байгаа, эсвэл сурч боловсорч байгаа хүүхэдтэй эхчүүдийн эцэг, эх, ар гэрийнхэн нь тэдний хүүхдүүдийг харж, ажил, хичээлээ хийх бололцоог хангаж өгөх нь түгээмэл байдаг нь илүү таатай нөхцөлийг бүрдүүлдэг тал бий. Гэвч түгжрэл, агаарын бохирдол, бусад шалтгаанаас үүдэлтэй өвчлөл зэрэг нь эсрэг нөлөөтэй билээ. 

Зарим хүн чадахгүй учраас хүүхэдтэй болдоггүй. 

Зарим хүн ирээдүйн талаар бараан төсөөлөлтэй учир хүүхэд авчрахыг хүсдэггүй. 

Зарим хүн удамшлын хүнд өвчин эмгэгтэй учраас хүүхэдтэй болдоггүй.

Зарим хүн хүүхэд өсгөх санхүүгийн бололцоогүй учраас хүүхэдтэй болдоггүй. 

Зарим хүн огт хүсдэггүй учраас хүүхэдтэй болдоггүй. (Хүсэх ёстой зүйлс, үнэхээр хүсэж байгаа зүйлсийн хооронд зааг бий). 

Үүнээс өөр олон ч шалтгаан бий. 

Хойч үеэ бэлдэх нь үр удмаа залгуулахаар хязгаарлагдахгүй. Хүн төрөлхтөнд, нийгэмд тулгараад буй хурцадмал асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулах, амьдралд өнгө нэмэх бүтээл туурвил хийх, илүү эрүүл нийгмийг бий болгохын төлөө хөдөлмөрлөх нь хүүхэд төрүүлж өсгөхөөс дутуугүй чухал. 

Эцэст нь нэг юм зөвлөе. Дараагийн удаа хүнээс хүүхэдтэй болох эсэх тухай асуух гэж байхдаа хэлээ хазаарай. Зүгээр, сэтгэл хангалуун байгаа хүнд дутуугийн мэдрэмж төрүүлэх гээд байх хэрэггүй. Бас нэг зүйл хэлье. Хүүхэдтэй гээд хүүхэдгүй хүнтэй ихэрхэж ярьж болно гэж боддог бол сайн нэг тунгаагаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.05.16 202.21.104.2

Хүүхэдтэй байхын баяр жаргал хэмжишгүй байх л даа Гэхдээ хүүхэдтэй болохыгоо маш том үүрэг хариуцлага гэдгийг хүлээн зөвшөөрөх цагтаа л төрүүлээрэй

0 Хариулах


Иргэн 2022.03.28 202.126.89.78

Хүүхэдгүй байна гэж шийдсэн нь хувиа бодсон л үзэл шдээ. Хариуцлагаас зугтсан, өөрийгөө хүүхэд өсгөх ачааллаас л зугтаалгаж, бусдын нүдэнд нээх лаг карьер лэйди болж харагдах гэсэн оролдлого, бас нуулгүй хэлэхэд дундаж хүн бүрийн дотор ‘чанартай’ ганц хүүхэд гэсэн одоогийн ‘трэнд’ бодол байдаг болсон. Үүнтэй л холбоотой

14 Хариулах


Зочин 2022.03.28 64.119.22.217

өөрөө төрүүлээд өсгөх итгэлгүй, хариуцлага хүлээж чадахгүй гэж үзэж байвал яагад болохгүй гэж. Чиний сэтгэлийг гүйцээх гэж хүүхэдтэй бол өөрийгөө зовоож яахав дээ.

0 Хариулах


Зочин 2022.03.28 202.131.235.234

Хариуцлага хүлээх, ачаалал үүрэх хүсэлгүй, хүсэлгүйгээ мэдсэн учир хүүхэд гаргахгүй байх яахаараа хувиа хичээсэн байдаг юм? Харин ч мэдсээр байж хүүхэдтэй болох ёстой гэж хүүхэд гаргаж ирснээр тэрэндээ түүртээд эргэн тойрныхондоо ялархаад л, би чамайг төрүүлж өсгөх гэж залуу насаа зориулсан, одоо хүний ачийг хариул гээд үр хүүхдээсээ хариу нэхсэн хүчирхийлэгч ээж болох жинхэнэ хувиа бодсон үйлдэл. Ер нь бусдад гай болоогүй л бол хүн өөрийнхөө ая тухыг хараад, довоо шархлуулаад явж яагаад болдоггүй юм

0 Хариулах


Зочин 2022.03.27 202.126.90.133

Би нэг хүүхэдтэй ганц бие ээж. Хувийн амьдралдаа нэг их санаа зовдоггүй. Боловсрол, каррьер, хобби гээд амьдрал маань тун дажгүй жигд урагшилсаар л байна. Надад маш их аз жаргал, итгэл найдвар, хүсэл тэмүүллийг охин минь өгдөг. Гэхдээ би дахиж хүүхэд гаргахгүй байхаар шийдсэн. Ганц төрүүлсэн хүүхдээ сайн боловсролтой, эрүүл чийрэг өсгөхөөр хичээж л явна. Хэрэв дахиад хүүхэд төрүүлвэл нэг хүүхэддээ зарцуулдаг цаг, анхаарал, санхүү мэдээж 2 хуваагдна. Өөртөө зарцуулах цаг, санхүү ч багасна. Ингээд өөрөө залуу насаа хоёр хүүхэддээ зориулсан нэр зүүгээд өөрөө ч, хүүхдүүд нь ч тийм ч аз жаргалтай биш тийм амьдралыг хүсэхгүй байна. Дээр нь сайн аавыг нь олж хүүхэд гаргана гэдэг тун амаргүй. Ер нь л ганц хүүхэдтэйгээ, ганц бие ээж байхдаа аргалтай байна.

1 Хариулах


Зочин 2022.03.26 66.181.187.36

Ok to be different. Хүүхэдтэй хүмүүсийг ойлгодог, орой үдэш уулзсангүй, ямар сүртэй хүүхдээ зохицуулж чадахгүй гэх хандлага хүүхэдгүй эмэгтэйчүүдээс гарах болсон учраас тэр хүмүүсийг эмпати-тай байгаасай гэж хүсдэг. Өглөө эрт уулззад ажлаа ярилцахыг санал болгоход иым эрт чадахгүй, ажил тараал ужлзая гэж завхөн өөрсдийгөө боддогоо болих хэрэгтэй. Хариуцлагатай аав ээж байгаагийн төлөө буруутгахгүй байгаасай

0 Хариулах


Totally agree 2022.03.25 192.82.85.160

Хүүхэдтэй болж байгаа нь өөрөө хувиа хичээсэн үйлдэл гэж хэлсэн хүнтэй санал нэгдэж байнаа. Үнэндээ аав ээж нь өөрсдөө л амьдралаа илүү аз жаргалтай болгоно гэж бодоод хүүхэдтэй болж байгаа шүү дээ. Хүүхэдтэй болоход сэтгэлзүйн хувьд маш их бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд өсгөх чадваргүй гэж айж байгаа бол зөн совингоо дагасан нь л дээр байх. Өөрөө шинэ ээж ч гэсэн, хүүхэдгүй амьдрана гэж шийдсэн найзуудыгаа хүндэлдэг ээ

1 Хариулах