Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

Холбооны Төрөө

Байна уу... байна уу... Архангай, Архангай, Архангай.


 -Аавынхаа гэгээн дурсгалд зориулав-

Байна уу... байна уу... Архангай, Архангай, Архангай, байна уу... Энэ бол хүүхэд насанд чихэнд хоногшиж, тархинд хадагдсан үгс агаад дуудлага билээ. Хааяахан сумын холбооны дан цагаан байшингаар дэггүйтэж явангаа “зочлоход” саарал кебка духдуулж, ногоон хоргойгоор эмжсэн бор жигүүнэ дээлтэйгээ аав минь харилцуураа хацартаа байдгаараа наачихсан, хэн нэгнийг аймгийн төвтэй холбож өгөхөөр “Байна уу... байна уу... Архангай, Архангай, Архангай, байна уу...” хэмээн аялгуулан дуудаж суудаг сан. Заримдаа Цахирынхан бас л Архангай, Архангай... гэж дуудаад, өнөөх нь аавын харилцуураас сонсогдоод эхэлнэ. Хангай, Цахир хоёр Тариат сумын Цагааннуур багаас цааш нэг шугамаар аймгийн төв, бусад сууринтай холбогддог байлаа. Тиймээс ээлжилж ярихгүй бол давхацдаг хэрэг. “Цахир аа, Цахир аа хүлээж бай л даа. Би эхлээд хүнээ яриулъя. Лхагваа чи хүлээж бай л даа” гээд аав минь үргэлжлүүлэн дуудна. 

Хангай, Цахир сум туурга тусгаарлахаас өмнө аав, Лхагваа ах хоёр хамт ажиллаж байсан хүмүүс. Тэд холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг энэ л холбооны ажил үйлсээрээ нөхөрлөсөн эрс. Нэг удаа тэд айлын гэрт харилцуур тавьж яваад цахилгааны гүйдэлтэй шон дээр гарах хэрэгтэй болж. Лхагваа ах шонгийн оройд гараад цахилгааны утсанд хүрэхгүй аргална гэсэн санал гаргажээ. Аав харин “Аминаасаа уйдаагүй бол тэгж л байхгүй юу” гэж хэлээд, сумын төвийн цахилгааны дизель станцыг түр унтраалгахаар явсан гэдэг. Эргээд иртэл хамтрагч нь шонгийн оройд хоёр дөрөөнөөсөө дүүжлэгдээд толгой нь уруугаа хараад ухаан алдсан байж. Мань эр аавын үгэнд орохгүй шонгийн оройд гараад тогонд цохиулчихсан нь тэр. Хоёр хөл нь хугарах ч яах вэ, амьд үлдсэн нь их юм. Тэр хоёр Цахирын Шивтэр хүртэл 80 км газар холбооны шугам татаж, тарваганы мах 10-аад хоног тасралтгүй иджээ. Ажил нь ч дуусаж, мань хоёрын гэдэс дотор ч хэцүүдэж, тракторын чиргүүл дээр хавтгайгаараа ирсэн гэж байгаа. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, махран зүтгэдэг эрчүүд л дээ. Аавтай минь хамт ажиллаж байсан хүмүүсийн өдий төдий хөөтэй, хөгжөөнтэй дурсамж сэргэж, сэдэрч байна. Гэвч энүүхнээр өндөрлөсөн нь дээр биз ээ.

Холбооны дан цагаан байшин сумын төвийн тэхий дунд орших. Түүний дэргэд радио станцын өндөр антен гозойно. Дэргэд нь зурагтын том тавган антен “гэдийнэ”. Дотор нь орвол нүүрээ тольдож ч болмоор цэмцийтэл угаасан улбар шар өнгийн шалтай, хэдэн вандан сандалтай товхийсэн цэмцгэр танхим угтана. Өмнөд буланд нь утасны бүхээг байрлана. Яриагаа хүнд сонсгохыг хүсээгүй хүмүүс бүхээгт орж ярьдаг юм. Танхимын голд байрлах цэнхэр будагтай лангууны цаана аав минь сууж ажлаа амжуулна. Хүмүүсийг утсаар яриулна. “Цахилгаан мэдээ”-гээ хүлээж авна. Түүнийг хаягласан хүнд нь хүргэж өгнө. Би ч “цахилгаан” хүргэж өгөх ажилд чамгүй дайчлагддаг байлаа. Ялангуяа айлууд зусландаа гараад сумын төвөөс холдчихсон үед аав намайг байнга дайчилна. 

“Цахилгаан мэдээ” одоогийнхоор бол мессеж юм даа. “Цахилгаан мэдээ” гэж бичсэн толгойтой цаасан дээрх мессежийг эзэнд нь хүргэхээр мориныхоо хар гүйхээгээр  хурдалдаг байв. Заримдаа зам зуурт өнөөх мессежийг нь сониучирхан уншина. Цэргийн алба хааж буй хүү нь гавьяа байгуулаад шагнуулсан тухай, садан төрлийнх нь хэн нэгэн өвдсөн учир холбогдохыг хүссэн гэх мэт зүсэн зүйлийн мэдээ байх. Гэхдээ ихэнхдээ л ойр дотнынх нь хэн нэгэн бурхны оронд одсоныг дуулгасан “цахилгаан” байдаг байж билээ. Хэн нэгэнд хагацал тохиосныг дуулгахаар “цахилгаан” мессеж атгаад давхиж явсан хүү хожмын нэгэн өдөр бор жигүүнэ дээлтэй аавыгаа бурхны оронд үдсэнээ бусдад дуулгахаар орчин цагийн цахим технологи, үүрэн телефон ашиглаж сууна гэж төсөөлөө ч бил үү…

Ардын армийн ар талын ангийн байлдагч Жавзандуламын Төрбат даалгасан үүргийг дориун гүйцэтгэдэг, харуул манаанд хаттай, жавхаалаг цэрэг явжээ. Шинэ цэрэг байхаасаа л ангийнхаа Штабын дарга, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Г.Дамдингийн нүдэнд өртөж, дарга, цэрэг гэхээсээ илүү хуурай ах, дүү бололцсон гэдэг. Хааяахан алдаа гаргахад ах дарга нь “Төрбат хүү Гэлэгийн Дамдинг үхжээ гэж дуулаагүй бол тавтиртайхан байна шүү” гэж зэмлэдэг байсан гэдэг. Хоёр оныг үдэж, хал цэрэг болсон жил нь Штабын дарга нь аавд ангидаа улирч, жолооч болох санал тавьжээ. Мэргэжилгүй, нутагтаа очоод яаж аж төрөх нь тодорхойгүй аав минь уухайнтас зөвшөөрч, Нисэхийн 107 дугаар анги руу ачааны машины жолооч болохоор шилжив. Шилжих ч юу байх вэ, мөнөөх ах дарга арыг нь даасан хэрэг. Гэтэл эмээ минь ганц хүүгээ өөрөөсөө холдуулах дургүй байж. Аав 107 дугаар ангид зургаан сар хичээллэн, машин барьж сурчээ. Шалгалт өгөхөөс хэд хоногийн өмнө ангийн захирагч нь “Жавзандуламын Төрбат жагсаалаас гарч, урагшаа тав алх” гэсэн команд буулгав гэнэ. Ямар учир тохиосон юм бол гэж гайхтал “Эх орон миний хүүгээр дутахгүй, ээждээ оч” гэсэн үүрэг өгсөн юм гэнэ лээ. Ээж нь цэргийн дарга нартай нь утсаар яриад “Хүүг минь халаад явуулчих” хэмээн гуйчихсан байж л дээ.

Нутагтаа ирээд цэрэгт татагдахаасаа өмнө хийж байсан ажилдаа оржээ. Тэр нь Хангай сумын “Ардын зориг” нэгдлийн сүү, тосны үйлдвэрийн тос цохигч. Нэг өдөр ажлын заваар нарлаж суусан найзууд нь холбооны залгагч бүсгүй хот руу шилжих гээд ажлаа хүлээлгэж өгсөн тухай ярилцав гэнэ. Аав “Тэгвэл би оронд нь ажиллана” гээд боссон гэдэг. Найзууд нь “Чамайг авахгүй дээ, очоод нэмэргүй” гэж гоочилсон ч нэгдлийн дарга Цэрэндондогийн өрөөнд гүйгээд хүрчээ. Санаа зоригоо дуулгавал нэгдлийн дарга тун баяртайгаар хүлээн авч, тэр дор нь тушаал гаргаж. Ингэж аав минь холбоонд ажилд орж, “Холбооны Төрөө”  гэж дуудуулах түүх эхэлсэн юм. Аав минь сумынхаа холбоонд 1984-1993 он хүртэл залгагч, монтёроор ажилласан. Энэ зуурт ээжтэй минь гал голомтоо бадрааж, дүү бид хоёрыг энэ ертөнцөд тосож авсан билээ. Аав минь 1993-2003 он хүртэл сумынхаа холбооны салбарын эрхлэгчээр 10 жил ажилласан. 

Холбооны салбарын эрхлэгч сумын дарга нарын тоонд багтаж, хүндлэл хүлээнэ. Мал тооллого, нийтийн цэвэрлэгээ, баяр наадам зэрэг олны оролцоотой ажилд комиссын гишүүнээр ажиллана. Аав сумын наадмын талбайд төрийн далбаагаа мандуулах үүргийг лав л арваад жил хүлээсэн. Сумын наадмын талбайн хойморт байх өндөр төмөр шон өөд сүүлдээ намайг авируулдаг болсон юм. Наадмын өмнөх орой төмөр шон руу шөрмөс заан зүтгэж гараад төрийн далбаагаа мандуулах олсыг оройд нь бэхэлнэ. Аав минь далбаагаа олсонд уяж мандуулна. 

Маргааш өглөө нь аав минь мандуулсан төрийн далбаагаа тойрч дэвнэ шүү дээ. Сумын наадамд нэг түрүүлж, арав гаруй их шөвөгт үлдсэн сайхан заан явлаа, миний аав. Хавтгай энгэрийн хаваржааны боржин хандан дээр гарч зогсчихоод гурван охин дүүгээ дэвүүлэн, бөхийн цол дуудан, мөрөөдөлдөө умбаж байсан хүү хожим торгон зодогны сэнжиг атгаж, тоотой бөхийн нэг болсон юм. Үеийн хөвгүүдийг илүүрхэн барилддаг аавыг минь биеийн тамирын багш Бажинов аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулснаар бөхийн гараагаа эхэлсэн гэдэг. Тойргоор 28 барилдаж, талд нь давж, талд нь уначихаад “Болмоор юм байна” гэж бодсоноо хожим хуучилж байсан сан. 

Ажил нь зав зайтай муутай учраас аав сумынхаа наадмаас өөр наадамд олон барилдаж чадаагүй. Ажлын ая таарвал хаяахан овоо тахилга, багийн наадмыг зорино. Саарал бүрхээ  хэлтгийдүүхэн тавьж, нар ойсон гялгар хромоо жийн, бор жигүүнэ дээлэн дээрээ зодог шуудгаа бүслээд, нар ургахтай зэрэгцээд хар морьтойгоо хатируулаад өгдөг сөн. Аавыгаа наадмаас юутай ирэх бол гэж хүлээдэг хүү байлаа. Наадамд түрүүлж, үзүүрлэдэг аав минь ширээний цаг, орны аравч, дээлийн торго, цайны халуун саваар олон шагнуулсан даа. Ажилдаа уягдаад ч юм уу, ерөөс нэг ч удаа бэлтгэл хийж үзээгүй аав минь 40 нэлээд дөхсөн хойноо орчин цагийн бөхийн сургуулийн номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан залуустай эн зэрэгцэн сумын наадмынхаа шөвгийн дөрөвт үлдчихсэн зогсож л байсан юм даг.

Шийрийг нь хатаачихмаар санагдаж, аазгай хөдөлдөг би аавыг шордож барилдана. Хашааныхаа зүлгэн дээр оройжин барилдаад ганц нэг хазайлгавал дээдийн заяа. Намайг авч шидэж шидчихээд “Чи бөх болохгүй ээ. Тоо сайн боддог юм чинь эдийн засагч бол” гэж хэлчихээд яваад өгдөг сөн. Харин Тариатын 10 жилийн сургуульд сурч байхдаа аймгийн заан Нарангэрэл багшийнхаа секцэнд явж, барилдаан сурч, аавыг илүүрхдэг болсон хойно бөхийн иж бүрэн өмсгөл бэлтгэж өгч билээ. 

Бөх явсан аав минь чүдэнзний гал шиг түргэн ууртай. Дүрсхийж уурлаад намс гээд уярчихна. Наанаа ширүүн дүртэй атлаа цаанаа өр зөөлөн. Гэхдээ шаггүй шазруун. Эвгүй нь хүрвэл барилцаад авахаас ч сийхгүй. Цэл залуухан цэргийн майхан шиг эр явахад нь хөгшин, залуугүй жийрхдэг байсныг одоо найзууд нь дурсдаг л юм. Хариуцсан ажлаа нягт нямбай, ягштал хийнэ, барагтаа л алдаа гаргахгүй. Үнэнч шударгыг эрхэмлэдэг учраас хуудуутай занг тэвчихгүй. Тэр эдийн шуналгүй, бас эрдмийн ч шуналгүй амьдарсан. Гэхдээ бурхны шашиндаа сүсэглэж, сургаал номыг нь дагаж, амьдралын ухаан цараалсан хүн байсныг мэдэх нь мэднэ. 

Хүүхдэд их сайн. Сумандаа амьдарч байх үед манайх хүүхэд бужигнасан айл байв. Хангайн шинэ хорооллын багацуул аавтай хөзөр, даалуу тоглох гэж манайх руу уралдана. Нөгөөдүүл нь цэцэрлэгийн голдуу жаалууд. Яг том хүмүүстэй тоглож байгаа юм шиг маргахдаа маргаад, эвлэрэхдээ эвлэрээд “үзээд” байдаг сан. Олон хүүхэд ирвэл хоёр, гурван ээлж болгож тоглоно. Заримдаа ээж дэлгүүрээсээ уут дүүрэн чихэр аваад ирнэ. Нэг дуу дуулбал хоёр чихэр өгнө. Мөнөөх жаалууд цэцэрлэг, сургуульдаа сурснаа ээлж дараалан гайхуулж, манайх гэдэг айл сумын улаан булан аятай л дуу хуур болдог байв. Хожим Ихтамир сумд амьдарч байх үедээ ч мөн л хөршийн хүүхдүүдтэй хөзөр, даалууны “найзууд” болчихсон байж билээ. Зөвхөн хүүхдүүдтэй тоглоод байхгүй ээ. Хангайдаа байхдаа Хамсандүдэл, Баттөмөр, Жамсранжав, Цогтсайхан гэсэн насны бор найзуудаа амралтын өдрүүдээр гэртээ дуудаж, муушиг тоглох дуртай. Тэд заримдаа гэр нураах шахам ноцолдоно, бие биенээ цаашлуулж, нэр хоч зүүнэ. Халгиж, цалгисан нөхөрлөл бүтээсэн ах нарын маань тал нь одоо аавтай минь хамт тэнгэрийн орноо суугаа… 

Аав холбоогоо эрхэлж, холыг ойртуулах ажлаа хийхийн хажуугаар сумынхаа бэсрэг улс төрд лавхан оролцоно. Ардчилсан Үндсэн хууль баталсны дараа Хангайгаас Цахир сумыг салгасан түүхтэй. Хангайг Цахирын гаралтай дарга нь удирдаж байж. Тэд нутгаа хөгжүүлнэ гээд нүүгээд явахад Хангайн Засаг даргаар ажиллах мэдлэг боловсролтой, сайн хүний хэрэг гарчээ. Тариат сумын орлогч даргаар ажиллаж буй нутгийн ах Батмөнхийг урьж авчрах санаачилгыг аав гарган, хүмүүсийг ятгасан гэдэг. Санаачилга нь ч ажил хэрэг болж, нутгийн хөгшчүүл Батмөнх гуайтай очиж уулзан, нөгөөх нь зөвшөөрч, нутгаа удирдахаар ирсэн юм. Батмөнх даргыг сумын Засаг даргаар арван жил ажиллахад аав гол түшиг, тулгуур нь байв. Уригдаж ирсэн, угтаж авсан хоёр нутгаа хөгжүүлэх талаар юу эсийг зөвшилцөж, хийснийг гадарлах хүмүүс бий. Аав минь Батмөнх гэж нутгийн эрхэм хүний улс төрийн албан бус менежер, арыг нь зохицуулагч явлаа. Итгэлт дарга нь идэр залуугаараа өвчний улмаас орчлонгийн мөнх бусыг үзүүлэхэд өмнөх янзаараа нутгаа мэдлэг, чадвартай, сайн хүнээр удирдуулна гэсэн зарчмаа баримтлан дараагийн эрэл сурлаа эхлүүлсэн түүхтэй. Ингээд Завханы Тэлмэнд дарга даамал хийн гялалзаж явсан, ангийн “гавал” анд, аа бас садан төрлийн холбоотой Очирхуяг ахыг нутгаа удирд хэмээн дуудаж, 2002 онд Хангайнхаа Засаг дарга болгов. Батмөнх даргын карьерыг зохицуулдаг байсан шигээ урьж ирсэн андынхаа замыг аав минь зассан. Тухайн үед “Хангайг хэн удирдахыг Төрөө шийддэг” гэсэн хошигнол хүртэл гарсан дуулдаж байлаа.

Тариатын 10 жилийн дунд сургуульд сурч байсан үе. Нэг өдөр хичээл дээр сууж байтал  сургуулийн хонгилын чанга яригчаар “10а-гийн Энхбатыг аав нь утсаар яриарай гэж байна шүү” гэсэн зар дуулгав. Хичээл тараад холбоо орж залгалаа. “Ихтамир сум руу шилжихээр болсон. Дараа долоо хоногийн дундуур аймгаас ажил хүлээлцэх хүмүүс гарна. Чамайг дайраад аваад ирээрэй гээд хэлчихсэн. Чөлөө зөвшөөрлөө зохицуул” гэсэн лүндэн буулгав. Ажлын үзүүлэлтээрээ дандаа нэгдүгээрт явдаг салбарын эрхлэгч ааваар минь аймагтаа  хамгийн хойно орчихоод өөдлөхгүй байгаа Ихтамирын холбоог удирдуулах саналыг аймгийн холбооны дарга гаргажээ. Аав минь ч зах зээлтэй ойртъё, байнгын цахилгаантай, сургууль, соёл сайтай газар очъё, охиныхоо ирээдүйг бодъё гээд зөвшөөрсөн гэдэг. Ингээд манайх Тамирын шугуй, Тайхар чулууны айл болов. 

Ихтамирын холбоо гэж “навсарга” болсон газрыг аав өөд нь татсаан татсан. Холбооны танхимын тохижилт, үйлчилгээний дэг соёлоос эхлүүлээд дэвшилттэй өөрчлөлтүүд хийхэд нь гар бие оролцож явлаа. Хамгийн гол нь холбооны шугамын найдвартай ажиллагааг сайжруулсан юм. Ихтамираас баруун тийш Чулуут, баруун хойшоо Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Зүүн хойшоо Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг сум орох холбооны шугам салаалдаг, зангилаа цэг. Тиймээс Тамирын холбооны шугам найдвартай байхгүй бол олон сумын хэдэн мянган хүний харилцаа холбоо тасарна. Мэддэг хүмүүс Тамирын холбооны шугамын зэс голтой утсыг хулгайлаад тэсгээхгүй. Зэсийг нь тушааж, мөнгө олох гэж тэр. Аав аймгийн холбооны бүх монтёрыг дайчилж, зэс голтыг төмөр утсаар сольсон. Холбооны шугамын утас тастаж, малынхаа хашаа саравчийг боож буй малчдын судалгааг гаргаж, хариуцлага тооцуулсан. Шон нь уначихдаг газрын бэхэлгээг сайжруулж, өндөр ачаатай машин тасалчихдаг хэсгүүдийн шугамыг өндөрлөсөн гэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж, найдвартай ажиллагааг нь хангаж билээ. Үүгээр зогсохгүй дэлгүүр лүүгээ шугам татаж, харилцуур тавьснаар хүмүүс цайны цагаар ч үйлчлүүлдэг, яарсан сандарсан хүн шөнө дүлээр ч хамаагүй хаалга тогшоод утсаар ярьчихдаг болсон юм даг. 

Хоёрхон жилийн дараа Ихтамирын холбоо Архангайд ажлын үзүүлэлтээрээ нэгдүгээрт жагсав. Аавд минь Тамир нутгийнхан ам сайтай байгаад зогсохгүй халуун дотноор хүрээлж авсан билээ. Оюутан ахуйд хаяахан аавтай ярих гэж Ихтамирын холбоо руу залгана. Үнэн хэрэгтээ мөнгө хэрэг болсон үед л дээ. Аав минь харилцуураа аваад “Тамирын холбоо сонсож байна. Танд юугаар туслах вэ” гэнэ. Намайг “Мөнгөөр л тусална даа” гэж хошигноход “Өө миний хүү юү” гээд эрдүү албархуу дууны өнгө нь нялхраад явчихдаг сан.

Дээд сургууль төгсөж, сэтгүүлчийн диплом өвөртөлсөн би гэртээ харилаа. Хүслийг нь гүйцээсэн хүүдээ баярлаж, хөршүүдээ урьж, бэсрэг цайллага хийв. Гэхдээ л аав минь цаанаа нэг гундуухан. Намайг дээд боловсролтой болгож, өөрийн сонирхсон мэргэжлийг эзэмшүүлэх нь аавын минь чин хүсэл байсан юм. Конкурс өгөөд одоогийн Боловсролын их сургуулийн сэтгүүлчийн ангийн хуваарь авсан ч шалгасан багш нь буруу үнэлсэн гэсэн хуурамч үндэслэлээр аймгийн төвийн даргын хүүхдэд “дээрэмдүүлсэн” гашуун дурсамж надад бий. Аав минь шалгалтын комиссынхонтой зодолдох шахам “үзэлцсэн” ч нэгэнт нөгөө талд орсон хүмүүс яахан дийлдэх билээ. Зуны бүүдгэр үдэш борооны дараах шалбааг туучин, толгойгоо ганзагалсан, хар цагаан дуугүй хоёр хүн аймгийн төвийн гудамжаар алхаж явсан удаа бий. 

Дээд сургуульд элсэх хуваарьгүй хоцорсон би эхлээд цэрэгт явъя, дараа нь учраа олъё гээд шийдчихсэн байв. Гэтэл аав минь нэг орой ажлаасаа ирээд “За, чамайг сургуульд оруулахаар боллоо” гэж байна. “Өнөөдөр Хишигээ ах чинь ярилаа. “Оюуны өргөө” гэж дээд сургуульд оруулахаар хүнтэй ярьсан гэнэ. Энэ сургууль бол “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг бичсэн алдарт сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн байгуулсан сургууль гэнэ. Чи тэнд сурвал алзахгүй…” гээд ятгаж гарлаа. Би “Оюуны өргөө”-г нь байтугай Бал эрхлэгчийг ч мэдэхгүй. Хоёр өдөр ятгалаа. Миний толгойд нөгөөх л цэрэгт явах бодол. Гурав дахь өдрийн өглөө сэртэл аав минь горьдсон харцаар хараад сууж байна. Тэрхэн зуурт л “Би явъя” гэж аавдаа хэлсэн юм. Тэр өдөртөө унаа хайж, “УАЗ-469” машины хонины хонхорт суугаад Улаанбаатар луу гарсан. Маргааш өглөө нь би “Өнөөдөр” сониныхоо үүдэнд зогсож байсан учрал тохиол бий… Ингэж бид хоёрын хүсэл биелсэн.      

Аавын гундуухан байгаагийн учир тэр дороо тайлагдсан. “Мобиком” корпорац антен зоож, Ихтамирт үүрэн телефоны сүлжээ нэвтрүүлснээс хойш холбооны цагаан байшинг нь хэн ч тоож орохоо байжээ. “Сүүлийн сарын хугацаанд 50 мянгахан төгрөгийн орлого орсон л гэнэ”, “Хоёр залгагч эмэгтэйг нь цомхотгохоор болсон гэнэ”. Цэл залуу насаа өнгөрүүлж, 24 жил ажилласан холбооны салбар нь нүдэн дээр нь нураад, эрхэлсэн ажил нь хэнд ч хэрэггүй мэт болсныг мэдрээд урам хугарч, сэтгэл нь гонсойж. Тиймээс аавдаа хань бараа болж гурван сар гэртээ тарвалзаад, Улаанбаатарыг зорьж байлаа. “Араас чинь гэрээ ачуулна. Айлын хашаанд ч болтугай бариад, амьдралаа босгож чадах юм байгаа биз дээ” хэмээн үүрэг захиасын дундуур хэлээд үдсэн аав минь хэд хоногийн дараа “Аав нь ажлаасаа гарчихлаа. Ээж, аав хоёр нь хоёр хүүгийнхээ араас очихоор шийдсэн” гэж утасдав. Холбоо, Төрөө хоёр ийн салсан. Архангайдаа, нутгийнхандаа аав минь “Холбооны Төрөө” нэртэй юм. Одоо ч намайг нутгийнхан холбооны Төрөөгийн хүү л гэх.

Улаанбаатарт ирээд аав Тэрхийн цагаан нуураараа нэрлэсэн компанид нярав, давхар тавилгын үйлдвэрийн даргын алба хашсан. Залуусынхаа ажлыг зохион байгуулаад, ажил, гэр хоёрынхоо хооронд амьдарсан даа. Чухал л биш бол гэр, ажлынхаа хоорондох замаас хаашаа ч хазайхгүй. Захиалга ихтэй бол залуустайгаа үдэш болтол бужигнаж ажиллана. Завсар гарвал тэдэнтэйгээ муушиг тоглоно. Үйлдвэрийнх нь мужаан залуусын олонх нь амьдрал хөөхөөр нутгаас гарсан, найз нөхдийнх нь хүүхдүүд. Аав минь “Одоо бидний үе өнгөрсөн, урдах ажлаа сайн хийж байгаад л бөмбөрөөд өгөхөөс аргагүй. Залуус та нар л сайн ажиллаж, хөдөлмөрлөж, улс орноо хөгжүүлэх хэрэгтэй” гэж ярьдаг болсон байв. Элдэв бүхнээс өөрийгөө чөлөөлөөд байгаа нь анзаарагддаг байлаа. Зожгирчихсон ч юм шиг, гэгээрчихсэн ч юм шиг. Хааяа ороод гарахаар “Бараагаа харуулахгүй байна” гэж гомдоллонгоо “Хоол хийлгүүлж идэх үү” гэсхийгээд гал тогоо хавьд юухан хээхэн арчиж, цэвэрлээд зогсож байх. Цагтаа сумын наадмын зүлэг ногоон дэвжээнээ, төрийнхөө алтан соёмбот далбааг тойрон дэвж явсан эрийн хийморь юм шүү дээ… 

“Аав чинь таван кг гурил даахаа больжээ” гэж ээжийн бичсэн мессежийг уншаад тандаа анхаарал хандуулсан. Хоёр сар эмнэлгээр яваад, “Хорт хавдар туссан, хоног хугацаа нь тулжээ” гэсэн эцсийн хариуг сонсоод дотроо уйлж явлаа. Үхэлтэй тэмцэлдэн хэвтэх аавыгаа өвтгөчихгүй юм сан, чилээчихгүй юм сан гэж хөлд нь сууж, нойргүй хоносон өвлийн шөнүүд сэтгэлд ямар хүйтэн байв аа. Аав минь надад гүн сэтгэлгээ, нарийн учиртай сургаал хэлж, захиас захиад байдаггүй. Балдорж шагнал хүртсэний дараа цорын ганц хувь эрх олгосны дагуу бид хоёр дундаа нэг гожин юм тавиад ярилцаж суусан. Тэгэхэд ажлаа чамбай хийж, сайн нийтлэлүүд бич, олонтойгоо эвтэй найртай явах хэрэгтэй л гэж захисан. Аа бас “Залуу эр хүн гэртээ бүү хорогд. Гадуур явж хүнтэй уулз. Гэртээ суусан эр хүн юу ч бүтээдэггүй юм” гэж ярьдаг байж билээ. Магадгүй өөрийнх залуу насны зарчим ийм байсан биз. Тэнгэрт дэвшихийнхээ өмнө “Архангайдаа очиж амьдраарай” л гэж хэлсэн. Ганц хүү нь нутагтаа амьдарвал зон олонтойгоо бужигнаад, ганцаардахгүй гэж сэтгэж ингэж захисан юм болов уу хэмээн тааж байна. Хүүгийнх нь бодол санаа өөр учир аавынхаа захиасыг биелүүлж чадахгүй байж мэднэ ээ. Та минь үрэгдэх, үдэх, үлдэхийн ухааныг ёс төр, ёр билэгтэй нь бие сэтгэл, буй байдлаараа хүүдээ зааж, ухааруулчихаад яваад өглөө. Эцэг хүн халихдаа хүртэл үрдээ ухаан цараалдаг санж.

Эмээ минь ч болоогүй насандаа бурхан болсон. Ээжийгээ эдгэшгүй өвчин туссаныг мэдсэн аав минь “Хэдэн сайхан дээл хийлгэж авч үлдье дээ” гээд бор жигүүнээр яг адилхан гурван тэрлэг хийлгэжээ. Гурван хос тэрлэг арваад зуны нарыг даасан. Хүмүүс “Төрөө дээл чинь яагаад хуучирдаггүй юм бэ” гэж асуухад аав инээмсэглээд өнгөрдөг байсан гэдэг. Цэргээс халагдаад иртэл тал ах Адъяасүрэн нь халтар морь бэлэглэжээ. Бэлгийн морио хуурай ах Сүнхэрийнхээ адуунд тавьж гэнэ. Хойтон хавар нь морио барихаар очтол “Ах нь халтар мориор чинь тогоо тосолчихсон. Тэр соёолон хар морийг бариад яв. Чамд унаа болно” гэжээ. Хилэн хар морь хаа хүрэх вэ гэж хазаар даран тэмүүлдэг, өглөөнөөс үдшийн бүрий болтол хатирахад сааршгүй шандастай хүлэг байлаа. Аав хар мориноосоо өөр морь бараг унаагүй байх. Онгодоггүй омголон хар морьтой, ганддаггүй бор жигүүнэ дээлтэй аавтайгаа хамт хаа нэгтэй хүрэхээр Хангайнхаа хөх уулсын дундуур давхиж явсан хүүхэд нас миний жаргалын дээд байжээ.          

Аав минь утсаар ярих их дуртай. Олон жил холбоонд ажиллаж, харилцуур чихнээсээ салгахгүй ярьсаар байгаад муу зуршилтай болсон биз. Над руу хоёр, гурав хоноод л заавал залгаж, ажил хэрэг бүтэж байгаа, эсэхийг, эрүүл саруул, эвдэрч хэмхэрчихээгүй явааг минь лавлаж асууна. Өөр шигээ өрвөс хийсэн түргэн ууртай, дотроо дэггүй хүүгээ дарж байх хэрэгтэй гэж боддог байсныг тань гадарлана аа. Заримдаа ажил ихтэй үед залгахаар нь “Аав одоо чухал яриагүй байж байнга залгах юм” гэж унтууцаад, утсаа аваагүй тохиолдлууд бий. Ай хөөрхий, одоо над руу хэн залгах юм бэ… 

Байна уу... байна уу... байна уу.... “Байна, байна. Архангай сонсож байна”.      

Т.Энхбат

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Зуны трэнд: "Машин ирж байна, гүйцэж түрүүлж болохгүй шүү" гэж гэрлээр хэлж хэвшицгээе
2
Уржигдар
Москвад мэндэлсэн од
3
2022.06.24
5 настай хүү халуун машинд түгжигдсэнээс болж амиа алджээ
санал болгох
1
7 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
13 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ж.Болормаа 2022.05.16 192.82.92.250

Эргэж нэг зогтусаж одоо байгаа амьдралын урсгалаа харах хэрэгтэй болчихлоо. Сэтгэлд шигтгээ нэмсэн, тогтож уншихаас өөр аргагүй санаа чилээсэн гайхалтай дурсамж болжээ. Эмээгийн авдараас хойш ойрд ийм тансаг бодит дурсамж уншаагүй байсан юм. Чин сэтгэлээсээ баярлалаа.

0 Хариулах


Б 2022.04.19 202.131.251.130

Мундаг бичжээ нүдэнд харагдчихлаа. Аавын минь найз Холбооны Төрөө... Ус сайн амгалан болтугай

0 Хариулах


Б 2022.04.15 64.119.22.142

Сайхөн нийтлэл дурсамж байна

0 Хариулах