БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол, Буриад хоёр улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, ОХУ-ын дотоодын жуулчдыг төдийгүй цаашлаад Азийн бусад орнуудаас ирэх жуулчдын урсгалыг байгаль нуурын аялалаар дамжуулан Монгол улс руу татах боломжтой. Нэн ялангуяа "Байгаль нуур-Хөвсгөл нуур" маршрутыг хөгжүүлж, бодит ажил хэрэг болгох саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол улсад хийж буй албан айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын дотоодын аялал жуулчлалын 15 тур компанийн төлөөлөл манай улсын аялал жуулчлалын салбарынхантай туршлага судлах болон цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцохоор ирсэн ажээ. Үргэлжлүүлэн байгаль нуурын баруун эрэгт эдийн засгийн бүс байгуулж, түүгээр дамжуулан гадны бусад улс орнуудаас томоохон хөрөнгө оруулалт татах, дотоодын аялал жуулчлалаа тэлэх, эдийн засгаа солонгоруулах чиглэлд тус улсын аялал жуулчлалын бодлого төвлөрч байгаа тухай дурдсан юм.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас 100 хувь хараат байдлаар өнөөдрийг хүрсэн. Ирэх жилүүдэд энэ байдлыг халж, ДНБ-д эзлэх аялал жуулчлалын салбарын хувь, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, хичээл зүтгэл гаргаж ажиллана” хэмээн хэлэв.
Түүнчлэн Монгол, Буриад хоёр улсын төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлж, дотоодын аялал жуулчлалыг тэлэх, эдийн засгийн бодит сэргэлтийг дэмжих боломжийг бодит ажил болгож, хамтран ажиллахаар талууд санал нэгджээ.