БНСУ-ын иргэд Монголд 90 хоногийн хугацаанд визгүй зорчихоор боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөв. Уг шийдвэр зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих юм. Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 улсын иргэд визгүй зорчиж байна.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэхээр боллоо. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын танилцуулснаар, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76 хувьтай байгаа бөгөөд долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг аравдугаар сард багтаан ашиглалтад оруулна гэв.