Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: “Дутуу” гэхэд ордог А үсэг


Монголчууд бид мухар сүсгээр гүн өвджээ. Цагаан толгойн баяраар А болсон хүүхэд насан туршдаа өөртөө итгэлтэй, бахархалтай, цагаан толгойн эхний үсэг шигээ түүчээлэгч, манлайлагч болж явна гэх бишрэлийн зул сэтгэл дотроо асаачихсан. Энэ зул магадгүй үсэглэлийн баяраар А болоогүй жаал насанд нь хэн нэгэн гомдоосноос үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгээд л үсэглэлийн баяр болоход ганцхан А үсэгт жигтэйхэн чих тавина. Өөр үсэг болсон гэвэл хүүхдийг А бишийнх нь төлөө нөгөөх сүсгээрээ гайхаж чамлана. Амьдралд ганц тохиох цагаан толгойн баяр болоод байхад хүүхдэдээ А үсэг аваад өгчихөж чадаагүй эцэг эхийг зэмлэнэ. Өөрийн хүүхэд нэгдүгээр анги төгсөх цагт уу, бүр бүх шидээр цамнаж гарна. Яг л сайхан ба муухай амьдралын заагт хүүхэд нь бүлтгэнэн тарчилж зогсоо мэтээр айдас түгшүүр, арга саамаа барна. 

А үсгийн төлөөх тэмцэл бол ердөө л хүүхдээ бусадтай харьцуулан хүний дор оруулахгүй гэх санаанаас ургадаг. Ангийн багш ямар ч утгагүй эл өрсөлдөөнийг намжаахын тулд сугалаагаар үсэг тараах шийдвэр гаргахад авлига өглөгтөө тулж, ид шидийн А-г хүүхдэдээ атгуулахаар мачийна. Энэ хандлага бидний үр хүүхдээ ойлгох мухар сүсгийн цагаан толгойн ганцхан жишээ юм. Гэтэл долоон настай хүүхдүүдийн зан төлөвт заавал А болох хүсэл хүчтэй байдаггүй, уншиж бичиж сурснаа багштайгаа, ангийнхантайгаа, ээж аавтайгаа хамт тэмдэглэхийн баяр хөөрт л умбадаг шүү дээ. 

Сүүлийн үед хүмүүс бие биеийнхээ гаргаж буй этгээд ааш авирын учир шалтгааныг хүүхэд насандаа үзсэн туулснаас нь хөвөрдөн хөөж, өнөөдөр хэр амжилттай ажиллаж байгаа, хэр чанартай амьдарч буйтай нь холбон тогтоох гэдэг болжээ. Тэгээд бид “дутуугийн комплекс” гэж нэг сэтгэл зүйн онош дүнтэй болж авлаа. А үсгийг шүтэн дөвийлгөж байгаа эцэг эхийнх нь хүсэл ёсоор болоогүй тэр цагаас хүүхдэд мөнөөх гайхал “дутуугийн комплекс” гээчийн анхны мэдрэмж төлжиж эхэлнэ. А үсэг болсон ч түүний хувьд эцэг эхийнхээ ядмаг хүслийг гүйцээснийхээ төлөө дутуугийн дулимгийн алтан түлхүүртэй болж хоцорно. 35 үсгийг гагц А-гаар төсөөлдөг шигээ хүүхдийнхээ ирээдүйн амьдралын бодит амгалан, аз жаргалд эрэмбэ дэс тогтоогоод эхэлбэл дутуугийн мэдрэмжийн хэмжээ юутай ч үл эвлэлдэн зохирох дийлдэшгүй комплекс болж тогтоно. 

Сурагчдын дунд, ялангуяа өсвөр насныхны дунд нэгнээ нүүр царай, биеийн төрх байдал, гутал хувцсаар нь гоочлон дээрэлхэх, гадуурхагдаж байгаа хүүхдийн эмзэглэл, шархыг харж баясдаг гэх жишээ цөөнгүй байна. Ийм хүүхдүүд төрдөггүй. Хүүхэд өөртөө итгэлгүй болохоороо сэтгэлд үүссэн дутуу мэдрэмжээ дүүргэхийн тулд гадагш бусдад дарамт үйлдэж эхэлдэг гэж үздэг. Бусад хүүхдээс илүү гарах ёстой гэх өөртөө итгэлгүй дутуугийн мэдрэмжийг түүнд хэн өгөв? 

Өөртөө итгэлгүй хүүхэд эргэн тойрондоо өсөрхөн хонзогнодог, бүх хүмүүсийг дайсан шиг үздэг. Хүүхдээ хамгийн их азтай болгох гэсэн тэмцэл аз жаргалтай амьдарч чадахгүй хүмүүсийг бий болгож байна. Тэднийг ийм болгон өсгөж хүмүүжүүлж байгаа хүмүүс гэрт нь, эргэн тойронд нь, бидний амьдарч буй нийгэмд хаа сайгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино, олон нийтийн сүлжээгээр бусдыг ялгаварлан гадуурхдаг, гоочилдог, ээж аав, ах эгч нь бусдад шударга бус дээрэнгүй ханддаг, мөнөөх л А-гийн хэмжүүр тавьдаг нь дутуугийн комплекс хүүхдүүдэд, сургуульд халдварлаж, нэгнээ гэмтээж байгаа хэрэг.

Дутуугийн комплекстой хүний амьдралд юм бүхэн дутуу. А л биш бол Б байгаад ч хэрэггүй. Энэ ямар их сэтгэлийн там, зөрчил нь тайлагддаггүй зовлон уддаг билээ? Хүний хүүхэд мэлхий, минийх дэлхий гэх эцэг эхийн аминч санаа хүүхдэд нь эсрэгээрээ “Би мэлхий болчих вий, бусад хүн дэлхий болчих вий” гэх түгшүүр болон хувирах гашууныг хожим хэн ч хүчрэхгүй болсон жишээ бишгүй ээ.

Цагаан толгойд А ганцхан шиг бусад бүх үсэг ганцхан, давтагдашгүйгээрээ бүгд ижил. Бүгд өөр, өөрийн эгшиг, авиаг бүтээж, аль нэггүйгээр унших, бичих боломжгүй. Яг л хүүхэд бүр өөр өөр, түүгээрээ баялаг ертөнцийг бүтээдэг шиг. Хүүхдээ А болгох гэж хөөцөлдөж байгаа аав, ээжийн яриа хөөрөө, эсвэл болгож чадаагүйдээ харуусан уурсахдаа өөр үсгийг голж гоочилсон үгс бяцхан сурагчийн ой дурсамжид мөчөөрхөх, өөртөө үл итгэх, бусдыг гомдоох, хүнээс дээгүүр харагдах сэдлийг суулгаж амжина. Цагаан толгойг эхний ганц үсгээр нь л хэмждэг эцэг эхчүүд хүүхдийнхээ ухамсарт учир нь олдохгүй олон хачин А-г ар араас нь тулгадаг. Чи хамгийн өндөр оноо авах ёстой, чи хамгийн, би хамгийн, тэр ч хамгийн, энэ ч хамгийн... Энэ олон “хамгийн” нь төгс төгөлдөр бишийн хорвоотой хэрхэн нийцэж дүүргэх билээ? Заавал нэгтээ дутаж л таарна. Дутуу бүртэйгээ ассаар шатаж орхидог сэтгэл шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
2
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
3
2022.06.23
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Түгшүүрээс түрүүлэх эргэцүүлэл
2
Уржигдар
Москвад мэндэлсэн од
3
2022.06.15
Авторын булан: Улстөрчдийн ухсан нүхэнд сэтгүүлч, цагдаа хоёр унасаар байх уу
санал болгох
1
7 цагийн өмнө
"AMRA"-гийн тоглолтыг угтан сонсож, хэмнэлд автах "гал" шиг 15 дуу
2
14 цагийн өмнө
Монгол оюутнуудын хийсэн 8 "хөөрхөн" богино анимейшн (Шууд үзэх)
3
Уржигдар
41 настай жүжигчин Жан Нара 6 насаар дүү сүйт залуутайгаа хуримаа хийлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.