Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Үндэсний номын баяраас онцлох нь: ЕСӨН шинэ ном


Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид өнөөдрөөс эхлэн гурван өдрийн туршид Сүхбаатарын талбайд явагдах Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй ЕСӨН номыг онцолж байна. 

1. Чарльз Буковски "Ийм номонд нэр өгөөд яах вэ"

"Boobooks" паблишинг хэвлэхийг хориглосон, зохиолчид нь хавчигдаж шахагдсан, эх орноосоо дүрвэсэн, эсвэл шагнал авч шилдэг борлуулалттай номоор шалгараагүй ч тулхтай уншигчдын дунд ярианы сэдэв байсаар өдгөөг хүрсэн бүтээлүүдийг монгол уншигчиддаа хүргэхээр байгуулагдсан билээ. Тэд анхандаа "Boobooks underground" цувралыг эхлүүлсэн бөгөөд Чарльз Буковскийн "Хүүхнүүд", Ма Жианы "Хэлээ гарга", Даниил Хармсын "Оршихуй №2" номуудыг уншигчдын хүртээл болгоод буй. Уг цуврал энэ жил Эдуард Лимоновын "Энэ бол би Эдичка" романаар үргэлжилнэ. Харин энэ номын баяраар "Boopoems" цувралынх нь эхлэл Чарльз Буковскийн "Ийм номонд нэр өгөөд яах вэ" түүвэр уншигчдын гарт очлоо. Бид Буковскийн шүлгүүдийг Г.Лхагвадуламын орчуулгаар унших нь ээ. Уг номоос яруу найргийн сүүлийн үеийн чиг хандлагыг анзаарах боломжтой. Харин эл цуврал хятадын цагаач ажилчдын яруу найраг бүхий "Төмөр сар" түүврээр үргэлжлэх ажээ.

2. Мори Это "Өнгөлөг"

Сормууниршийн Дашдооров хэмээх язгуурын монгол зохиолчийн "Бууж мордох хорвоо", "Өндөр ээж", "Говийн өндөр", "Холын цэнхэр уулс" зэрэг зохиол бүтээлүүдийг уншаагүй, адаглаад нэрийг нь сонсоогүй хүн ховор биз ээ. Харин түүний охин Д.Маралгоог орчуулагчийн хувьд шинээр нээх боломжийг Мори Этогийн "Өнгөлөг" хэмээх зохиол олгож байна. Тэрбээр "Шилжилтийн насны дүүдээ ном хайж явсан юм. Энэ насныхны онцлог, сэтгэл зүйн янз бүрийн хувирал, орчин тойрноо таньж мэдэх гэсэн тэмүүлэл, үл ойлгох томчуудын авир, байдал, найз нөхдийн харьцаа гээд олон асуултад хариулчих аятайхан уран зохиолын ном монгол хэлээр хайтал олдсонгүй. Өсвөр, залуу насныхны уран зохиолын ном ховор юм. Чи хүчтэй бай, мөрөөдөлдөө хүр, ингэж сур, мундаг бай, тэр тийм мундаг, бэрхшээлийг дав гэсэн ном, эсвэл сайн муу тал нь тодорхой ном, нэг бол энциклопед маягийн ном, бас уншихгүй л бол бусдаас хоцрох вий гэж мэдрүүлсэн ном...Иймэрхүү сонголт дунд байхаас яг тэдний өөрсдийнх нь дотоод ертөнц, амьдралыг хүүрнэх ном олддоггүй ээ. Хүүхдүүд юунд буруу зуршил руу татагдаад байгаа, яагаад бүр амиа егүүтгэх хүртэл бодол орж ирдгийг, томчууд юун дээр алдаад байгааг номлол сургаалаар биш уран зохиолоор дамжуулж ойлгох, ойлгуулах арга хайж яваад л, ерөөсөө Мори Это зохиолчийн "Карафүрү" буюу "Өнгөлөг" номыг орчуулж гаргая гэж шийдээд зориглосон" хэмээн уг номыг орчуулах болсон түүхээ хүүрнэн бичжээ. Үнэхээр ч түүний ажигласантай санал нийлэх тохиолдол олонтоо тохиолдож байв. Энэ ном 1998 онд хэвлэгдэн гарснаасаа хойш Японд ахлах ангийхны унших дуртай номын нэг байсаар өдгөөг хүрсэн бөгөөд нэг сая гаруй хувь борлогдсон аж. "Өнгөлөг" номын зохиолоор Тайланд, Японд кино гарч, үзэгчдийн сэтгэлд ихэд хүрсэн бүтээл болсон. Анимэ ч мөн бий. 

3. “С хот руу дөтлөн буй галт тэрэг” Хятадын шилмэл өгүүллэгийн түүвэр

А.Урантогосын орчуулга, сонголтоор Хятадын орчин үеийн уран зохиолын шилдэг зохиолчдын бүтээлээс дээжилж, эмхэтгэсэн “С хот руу дөтлөн буй галт тэрэг” шилмэл өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарчээ. Азийн уран зохиол тэр тусмаа хятад уран зохиол дэлхийд хүчтэй байр суурь эзлэх болсон энэ үед нэр алдар нь хаа сайгүй сонсогдогч есөн зохиолчийн бүтээл энэхүү түүвэрт багтжээ. Нобелийн шагналт Мө Янь, зохиол бүтээлээрээ баруунд ихэд алдаршсан Ян Лиэн Кө, Хятад Кафка хэмээн нэрлэгддэг авангард зохиолч Цан Шүэ, тансаг хэл найруулгатай гэгдэх зохиолч Сү Тун тэргүүт дотоод гадаадын олон уншигчдын анхаарлын төвд байж, сонгомол түүвэрт байнга бүтээл нь гялалзаж байдаг зохиолчдын бүтээлүүд багтсанаараа уг түүврийн сонголт чамбай, үнэ цэнэтэй болжээ. А.Урантогос өмнө нь зохиолч Мө Яний “Мэлхий” роман, Ши Мөрөнгийн “Мянган жилийн хүсэл" яруу найргийн сонгомол түүвэр зэрэг бүтээлүүдийг хятад хэлнээс хөрвүүлсэн билээ. 

4. Юрий Нагибин "Цэнгэг цөөрөм"

Юрий Нагибины хөнгөн романтик аястай, хот, тосгоны амьдралын жир өдрүүдийг дүрсэлсэн, метафорчилсон дүрслэлээр баялаг, хэлний уянгалаг хэмнэлтэй өгүүллэг, туурь, туужууд оросын хүүрнэл зохиолын түүхэнд томоохон орон зайг эзлэх болжээ. Ю.Нагибины уран бүтээлээс түүвэрлэн орчуулж монгол уншигчдад анх таниулсан эрхэм болбоос богино өгүүллэгийн нэрт мастер Жагдалын Лхагва юм. Тэрээр Ю.Нагибины “Цэнгэг цөөрөм”, “Өвлийн царс”, “Цуурай” зэрэг өгүүллэгийн түүврүүдээс нь өсвөр насныханд зориулсан, сонирхолтой, уянгын өгүүллэгүүдийг сонгож “Цэнгэг цөөрөм” орчуулгын түүврээ 1979 онд хэвлүүлж байв. Зохиолч Л.Дашням “Лхагваа орчуулгын арван ном уншигчдынхаа гар дээр тавьсан юм байна. Тэрний хоёр дээр нь редактор Л.Дашням гээд миний нэр байж байх юм. Энэ арван номонд ороогүй мэр сэр юм ч бас бий л дээ. Шүлэг, өгүүллэг ч бий л байх. Бас сэтгүүл зүйн чиглэлийн юм ч бий. Ерөөсөө ч Ж.Лхагвын орчуулгын бүтээлээс нь уншигчид Нагибиныг унших гээд л шүүрээд авах биз! Юрий Нагибины “Цэнгэг цөөрөм”-д нүдээ өгнө. Би тэрнийг гадарлаж байгаа юм чинь. Ёстой нэг зохиол уншсан шиг болно л доо, мэдээж! Нэгэн үед Зөвлөлтийн яруу найргийн нүүр царайг тахалж байсан нэр цуут найрагчид чухам юундаа тэгж алдаршаад байсны учрыг ч олох болно. Одоо уншигчид их боловсорсон шүү дээ! гэх мэт зөндөө юм бодогдож, уншигчдын өмнөөс баярлаж байна аа, нэг мэдэхнээ...” хэмээснийг номын өмнөтгөл хэсэгт онцолжээ. Ж.Лхагвын мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан орчуулгын бүтээлүүдийг нь ахин хэвлэсний нэгэн төлөөлөл нь Юрий Нагибины "Цэнгэг цөөрөм" ажгуу.

5. С.Баатарцогт "Цасан хуй"

Монголын утга зохиолын туужийн төрөлд 1990-ээд он болоод түүнээс өмнөх үеийн цөөн хэдэн зохиолчид дорвитой хувь нэмэр оруулж байсан билээ. Үүнд Д.Оюунчимэг “Тэнгэрийн цаг болоогүй”, Д.Норов “Тэжээвэр”, П.Баярсайхан “Нохойн хэвтэр”, Б.Цэнддоо “Голын гацааны тэртээх хавар”, Н.Бадамжав “Дайсику” гээд нэрлээд байвал нэлээдгүй урт жагсаал гарах нь тодорхой. Зохиолч, СУИС-ийн Утга зохиолын багш С.Баатарцогтын “Цасан хуй” тууж шинээр хэвлэгджээ. Тэрбээр уг бүтээлээ 2019 оноос эхлэн бичиж энд онд дуусгаснаар ийнхүү уншигчдын хүртээл болж буй юм. Ер нь аливаа уран бүтээлч өөр доторх дурсамж болоод өнгөрсөнд үлдээсэн түүхийг нэхэн санаж, шаглах нь зохиолыг улам хүчтэй болгож байдаг. “Цасан хуй” туужид Уужим, Жинээ хоёрын үнэнч ариун хийгээд цасан шуурганд нидрүүлээд өнгөрсөн хувь тавилангийн ээдрээт замд өрнөх хайр сэтгэл, тэдний халуун сэтгэлээсээ дэвсэж хамгаалсан асрамжийн газрын хүүхдүүдийн тухай үйл явдал өрнөнө. Мөн зохиолч үйл явдлын дундуур монголын нийгмийн өнгөрсөн болоод одоо ч буй бугширмал үзэл санаа, асуудлуудыг шигтгээ болгон оруулсан нь тун олзуурхууштай. Юм бүхэн хэт нүсэр байх албагүй. Тэр чинь зүгээр л нүсэр зүйл шүү дээ. Харин бидэнд хайрлаж явах үүх түүх, эргэн санах энгүүн хэрнээ агуулга нь цээжинд багтамгүй, хамгаалж байх ёстой хэчнээн гайхам дурсамжууд байдгийг эл тууж бэлхнээ харуулах болов уу. С.Баатарцогт өмнө нь “Салхины үүсэл” /2016/ жүжгийн түүвэр, “Цохилж эхлэв” (хамтын бүтээл) өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн бөгөөд Тагтаа утга зохиолын шагналын хүүрнэл зохиолын төрөлд “Мартагдсан он жилүүдээс урсан ирэх аялгуу” өгүүллэгээрээ шилдэг оролцогчоор шалгарч байсан билээ. 

6. О.Цэнд-Аюуш "Хүйтэн тууж"

О.Цэнд-Аюушийг яруу найрагчийн хувьд уншигчид мэдэх болсноор олон жил өнгөрчээ. Харин өнгөрсөн онд хүүрнэл зохиолын төрлөөр анхны "Тас чамайг тасчих болтугай" номоо хэвлүүлж, уран зохиолын ертөнцийг шуугиулаад амжсан. Тэгвэл түүний үргэлжилсэн үгийн төрлөөр туурвисан хоёр дахь түүвэр энэ номын баяраар уншигчдад хүрч байна. "Хүмүүс бодит амьдралаас зугтдаг болжээ. Хүмүүс яагаад амьдралаас зугтаж байна гэхээр амьдрал өөрөө харгис зүйл учир хүнээс байнга хүн чанар нэхдэг, хүмүүс хүн чанараа амьдралаас харамладаг. Тийм болохоор хүмүүс бодит амьдралаас үхэн хатан зугтаж байна. Гэтэл харгис, догшин бодит амьдрал хүн чанараар тэжээгддэг. Хоол хүнс нь ховордохын цагт амьдрал яг л араатан шиг өөрийгөө ч, өрөөлийг ч хуурч яваа нэгнийг хайж олоод гутаан доромжилдог..." уншигчид "Хүйтэн тууж"-аас ийм харгис үнэнг олж, сонсох нь дамжиггүй.

7. "Гоо үзэсгэлэн бол шарх" дэлхийн шилмэл хайрын өгүүллэгийн түүвэр

Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" зэрэг орчуулгуудаар нь уншигчдын эчнээ мэдэх орчуулагч Ж.Тэгшзаяагийн үүсгэн байгуулж буй "Нил" паблишингийн эхний бөгөөд энэ номын баяраар хамгийн өндөр хүлээлт үүсгэж буй ном бол "Гоо үзэсгэлэн бол шарх" билээ. Тэрбээр "Уг номоос уншигчид маань хайр дурлалын тухай хамгийн сэтгэл догдлом, сэтгэл шаналгам баялаг түүхүүдийг үе үеийн хүчирхэг хүүрнэлчид, үгийн урлагийн сод төлөөлөгчдийн туурвиснаар хүлээн авч уншаарай. Өгүүллэгийн сонголт, орчуулгын хувьд уншигчдийг маань огтхон ч гонсойлгохгүй хэмээн найдна. Хайр гээч зүйлийг уран зохиолын ай сав дотроос ийм олон янзын дүрслэл, өгүүлэмж, үйл явдлаар хөвөрдөн уншихаар ёстой л жигтэй сонин, үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Харүки Мүраками, Милан Кундера, Хунот Диаз, Июнь Ли, Раймонд Карвер, Эктар Керет, Лори Мур зэрэг орчин цагийн гарамгай зохиолчдын хайрын тухай өгүүллэгүүдийг эмхтгэн багцалсан яг ийм ном дэлхийн өөр хаана ч байхгүй гэж санахаас бас баясалтай. Өгүүллэгийн түүврийн нэг онцлог бас энэ юм. Сонголт, шилэлтээрээ дэлхийн өөр хаана ч байхгүй цор ганц ном бүтээх боломжтой болдог. "Гоо үзэсгэлэн бол шарх" маань яг л тийм ном боллоо" хэмээн шинэ номынхоо талаар сэтгэл дүүрэн хуваалцсан юм. 

8. Ёко Огава "Төгс гоо"

Японы зохиолч Ёко Огавагийн хамгийн алдартай хоёр бүтээлийг "Нил" паблишингаас монгол хэлнээ орчуулан гаргахаар эрхийг нь аваад буй. Ёко Огава найман настайгаасаа унших, зохион бичих үйлд татагдан, Сакутаро Хагивара, Дазай Осамү, Ясунари Кавабата, Миэко Канаи, Кэнзабуро Оэ нарын зохиол бүтээлд шимтэн дурлаж, 1980 онд Васэдагийн Их Сургуулийн уран зохиолын тэнхимд элсжээ. Улмаар 1988 онд “The Breaking of the Butterfly” романаа уншигчдад толилуулж, алдаршсан билээ. Удалгүй “Pregnancy Diary” туужаараа Японы утга зохиолын дээд шагналуудын нэг болох Акутагавагийн шагналыг хүртсэн. Тэрээр хүний ой дурдатгал, зан авирын зэрлэгшил болоод хувьсал, гэр бүл дэх эмэгтэй хүний байр суурь зэрэг сэдвийг түлхүү хөнддөг бөгөөд Масахико Фүживаратай хамтран математикийн онолуудыг уран зохиолын бүтээлд шигтгэж, математик хэмээх эрдмийн амьд мэдрэг, сэрүүн сайхан чанарыг таниулж яваа нэгэн билээ. Энэ номын баяраар анхлан уншигчдын гарт очиж буй “Төгс тоо” хэмээх бүтээлээ 2003 оноос "Шинчё" сэтгүүлд бүлэгчлэн нийтэлсээр 2004 онд ном болгож хэвлүүлсэн ба хоёр сарын дотор нэг сая хувь борлуулагдаж, Ёмиуригийн дээд шагналыг хүртсэн юм. Ёко Огава зохиолчийг дэлхий дахинаа таниулсан “The Memory Police” романыг ч бас "Нил" паблишингаас удахгүй монгол хэлнээ орчуулан хэвлэх ажээ.

9. Дармачари Нагаража "Будда унтлагын цагаар" цувралын гуравдугаар боть

“Будда унтлагын цагаар” цувралын гуравдугаар боть уншигчдын хүртээл боллоо. Эл номоос эртний Буддын үлгэрүүдийг уншсанаар өнөөгийн стресстэй, завгүй амьдралд бусдыг энэрч хайрлахад сурч, юмсыг ухаарч ойлгоход тус болох нигууртай ажгуу. Өнөө үеийн хүүхдүүд тогтворгүй сэтгэлзүйтэй, амархан сатаардаг агаад маш их стресстэй орчинд өсөж буй. Амар амгалан, энэрэнгүй сэтгэлийг номлосон эртний Буддын сургаалууд нь хүүхдэд өдөр тутамдаа тулгарах амьдралын олон асуудлыг зөвөөр шийдэн, даван туулахад нь туслах болно. Энэ номыг хүүхэд бие даан өөрөө эсвэл эцэг эхтэйгээ хамт унших ч боломжтой. Тэгээд ч өдөр тутамд тохиолдох сайн муу зүйлсийг даван туулж, зөв замаа олоход туслах амьдралын сургаал уг номонд арвин тул хүүхэд гадаад орчноо танин мэдэхэд нь дэмтэй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Үндэсний номын баяр V сарын 17-19-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд болно
2
2024.04.09
Бороотой өдрийн эморлын хөтөч: Унших ном, сонсох дуу, үзэх кино санал болгох нь
3
2024.04.06
Энэ хавар уншигчдын гарт анхлан хүрч буй онцлох 30 ном
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.