Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

2022 оны Венецийн 59 дэх удаагийн дүрслэх урлагийн биенналийн тухай тэмдэглэл


The milk of dreams

2022 оны Венецийн 59 дэх удаагийн биенналь цар тахал, дайн гэсэн хүн төрөлхтөн хэзээ ч тооцоолоогүй байсан саад, бэрхшээлүүд дундуур туучсаар нэг жилээр хойшилсон ч гэсэн амжилттай нээлээ. Биенналь бүрт мундаг баг, бүрэлдэхүүнтэй чадварлаг зохион байгуулалтаараа ялгарч оролцдог орнууд нь өнөөгийн дэлхий ертөнцийн улс төр, эдийн засгийн тавцанд ч мөн гол тоглогчид л байдаг. Харин тэднээс ч дутахгүйгээр үзэгчдийн сонирхлыг татдаг зүйл бол биенналийн гол хэсэг ч гэж болох кураторын сонголт, дэглэлт, шийдэл бөгөөд, энэ нь венецийн Арсеналь, Жардини дахь үндсэн павилионуудад хуваагдаж гардаг нүсэр бүрэлдэхүүнтэй, аварга том үзэсгэлэн юм. Дүрслэх урлаг, тэр дундаа орчин цагийн дүрслэх урлаг бол бүтээлчдийн бүтээл боловч нөгөө талаасаа кураторын ч бүтээл мөн. Кино юм уу ном нь найруулагч, зохиолчийн бүтээл үү эсвэл продюссер, паблишерийн бүтээл үү? гэсэн эргэлзээ шиг. Өөрөөр хэлбэл куратор энэ хорвоо дээрх хангалттайгаас ч олон гэмээр өөр өөрийн гэсэн онцлог өнгө, аяс, мэдрэмжээрээ ялгарах мундаг бүтээлчдээс өөрийн төлөвлөсөн ерөнхий сэдэв хийгээд бүтээхийг хүссэн орчин, дамжуулахыг хүссэн мэдрэмжиндээ тааруулан сонголт хийж хуваарьлаж, багцалж, дэглэдэг. Өөрөөр хэлбэл сайн бүтээлч байх нэг хэрэг, сайн кураторын хараанд өртөх бас нэг тусдаа зүйл юм. Тиймээс алдартай, нэр хүндтэй кураторуудын хийдэг давтагдашгүй, өвөрмөц сонголтууд маш чухалд тооцогдохоос аргагүй. Энэ л сонголтоор нэрд гарсан бүтээлч ч дахиад өөрөөр мэдрэгдэж эсвэл шинэ залуус олны нүдэнд өртөж, алдрынхаа замнал өөдөө явдаг.

Pinaree Sanpitak at “The Milk of Dreams”, curated by Cecilia Alemani, 59th International Art Exhibition of La Biennale di Venezia. Photo by Nopadon Kaosam-ang, courtesy of the artist and Yavuz Galler

Энэ жилийн биенналийн тухай мэдээ дуулдах мөчид л сонирхолтой санагдаж байсан зүйл бол тус наадмын түүхэн дэх анхны итали эмэгтэй ерөнхий куратор болон сонгогдсон Чичилиа Алэманигийн хэлэх гэсэн санаагаа хэрхэн бүтээх тэр өнцөг байв. Мөн ийн сонирхол татах болсны бас нэг учир бол “The milк of dreams” (Эл нэрийг зориуд орчуулаагүй болно) гэсэн тун сюрреалист, этгээд, хачирхалтай нэрэнд байв. Уг үгийг тэрээр британид төрсөн ч мексикийн сюрреалист хэмээн нэрлэгдэх болсон зураач, зохиолч эмэгтэй Леонаро Кэрингтон (1917-2011)-ы адал явдал, хувирал, ид шидээр дүүрэн үлгэрийн номын нэрийг сонгон өгчээ. Энэ эмэгтэй 1930-аад оны сюрреалист бүлгэмийнхний нэг, тухайн цаг үеийнхнийхээ нэгэн өвөрмөц намтар, дүр, хайр дурлалын бэлэг тэмдэг юм. Өөрөөс нь олон насаар ах алдарт зураач Макс Эрнстэд гал халуунаар дурлаж явсан ч хувь заяаны эрхээр хамтдаа энэ хорвоог туулж үл чадан, хаа холын мексик хүнтэй гэр бүл болон амьдарч ахуйдаа хүүхдүүддээ зориулан дээрх номыг бичиж, зургийг нь зуржээ.

Леонаро Кэрингтоны хүүхдүүддээ зориулан хийж байсан The milk of dreams номын 2017 оны хэвлэл

Өөрөөр хэлбэл эл ном бол сонгодог сюрреалистуудын арга ажиллагаа, шидэт хүүрнэмжээр дүүрэн латин америкийн ертөнц, харь газар олон жил гунигт дурсамж зүрхэндээ тээн амьдарсан эмэгтэй, хүчирхэг зураач, үрээ гэх эхийн сэтгэл гэсэн олон мэдрэмжийн нэгдэл байв. Тиймээс дээрх нэрийг нь тодорхой ямар нэг утга өгч орчуулахыг хүсээгүй бөгөөд ерөөсөө сюрреалист зарчим бол бэлэн, хэвшмэл, логик, утга авцалдаанаас зориуд зайлсхийж үлгэр домгийн алс тэртээх зөнгийн түлхээс, зүүдний учиг мэт далдын далдаас хөврөх олон шидэт мэдрэмжүүддээ л хөтлөгдөхийн нэр билээ.  

Чичилиа Алэмани

Цар тахлын улмаас биенналийн бэлтгэл сунжирсан ч гэсэн энэ наадмын кураторын хэсэгт оролцох 58 орны 213 бүтээлчийг сонгож, уулзаж, нэгтгэхийн сацуу өөрийн төлөвлөсөн үзэсгэлэндээ байрлуулах нүсэр ажлыг туслах кураторууд болон зохион байгуулах багийнхан энэ эмэгтэйн шийдлээр тун амжилттай нугалсан байв. Маш олон бүтээлчийн урланг зорьж уулзсан урт аяллууд, тоогүй олон зүүм хурлын ард амжилттай гарсан Чичилиа Алемани үзэсгэлэнгээ биеийн хувирлыг үзүүлэхүй, хувь хүн ба технологи, хүмүүн байгалийн холбоо гэсэн хүн төвт гурван сэдэвт хуваасан байх бөгөөд таамаглаж байсанчлан маш эмэгтэйлэг, сюрреалист сонголт хийсэн байв. Биенналийн түүхэн дэх хамгийн олон эмэгтэй болон өөр бусад хүйсийнхэн, сонгогдсон тохиолдол байх. Мөн скандинавын Самигэх мэт уугуул эсвэл дүрвэж, цагаачилсан бүтээлчдийн эзлэх хувь өндөр байсан нь бас нэг онцлог нь болов уу. Энэ бүхэн энэ эмэгтэйн 2017 оны венецийн биенналийн италийн павилионы куратороор ажилласан маш орчин үеийн санагдуулж байсан сонголтоос нь ч ихэд өөр байв. Керамик, зураасан зураг, тосон будгийн, гэрэл зураг зэрэг уламжлалт арга техниктэй бүтээлчдээс арай түлхүү оруулсан нь магад хэт хурдтай хөгжил, эрээн мяраан технологиос бага ч болов амсхийх хэрэгтэй юм шиг мэдрэмжээ хэлэх гэсний нь илрэл байж мэднэ. Ямартай ч биднээс ихэд түрүүлчихсэн гэж санагддаг барууны ялангуяа залуу бүтээлчдийн хэтийдсэн экспериментал, эсвэл хэт энгийн ч юм шиг санаануудаас заримдаа ядарч, жийрхэх гээд байдаг жирийн үзэгч надад бол төрөл төрхөмсүү л санагдсан. Мөн куратор өөрөө сүүлийн хорь орчим жил америкт суурьшин, Нью-Йорк дахь “Хай лайн арт” галерейн захирал, ерөнхий кураторын албыг хашиж буй болохоор энэ хүчирхэг гүрний өнөө цагт нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн консептуалист, феминист бүтээлчдээс, шинээр гарч ирж буй одуудаас ч сайн сонгосон нь анзаарагдана. 

Barbara Kruger, Untitled (BeginningMiddleEnd), 2022, installation view, Arsenale at the 59th Venice Biennale. Courtesy the artist and La Biennale di Venezia_ photograph Roberto Marossi

Энэ удаагийн биенналийн зүүд, зөн, эмэгтэйлэг шийдэлтэй нь утга авцалдуулах мэт венец дэх алдарт Пэги Гугэнхэймийн музейд өнгөрөгч зууны эхэн үеийн сонгодог метафизик, сюрреалистуудын гайхамшигт цуглуулгыг багтаасан “Сюрреализм ба ид шид” гэх томоохон үзэсгэлэн гаргасан байсан нь сонирхол эрхгүй татаж, энэ жижигхэн арал зуун жилийн тэртээгээс европын сэхээтнүүдийг байлдан дагуулж байсан, дагуулсаар ч байгаа зүүд, зөн, мөрөөдөл мэт этгээд, сюр санаануудаар амьсгалах нь дээ хэмээн бодогдлоо. Энэ жил дөрөв дэх удаагаа оролцож буй Монгол болон Америк, Латви, Хонг Конг, Польш, Румын, Дани зэрэг орны павилион дахь үзэсгэлэнгүүд ч бас биенналийн ерөнхий хэмнэлтэй ихэд уялдсан байлаа. Дүрвэгсэд, арьсны үзэл, хүйсийн тэгш эрхийн асуудал гэх мэт ялгаа, зөрөөний талаарх өгүүлэмжүүд бол контемпорари урлагийн нэг хэсэг нь болтлоо ээнэгшсэн сэдэв болохоор энэ удаад ч мөн хүчтэй хэвээрээ байв. Энэ биенналиас анхилсан сайхан бас өвөрмөц үнэр бол америкийн Барбара Крүгэр, Симон Лий, Кристина Куралес, японы Рүт Асава, тайландын Пинари Санпитак, польшийн Анэта Грэзэковска нарын хүчирхэг феминист дуу хоолойг нэг дор сонсож болох нь байлаа. Бүтээлчийн бодол үг болж, үг нь үйлдэл болж, үйлдэл нь үйл хэрэг болдог. Харин тэр үйл хэргүүдийг нэгтгэн нэгэн цул санаа болгон харуулж, таниулж, тайлбарладаг нь кураторын ажлын хамгийн сайхан нь...

Америкийн феминист зураач Кристина Куралесын бүтээл

Куратор нэгэн ярилцлагадаа би үзэсгэлэнгээ цар тахал, хөл хориогоор хязгаарлалгүйгээр зүгээр л өнөөдрийн дэлхий ертөнцийг яг толь тавьчихсан мэт тусгаж харуулахыг зорьж байгаа хэмээн өгүүлсэн байв. Түүнийхээр өнөөдрийн дайн самуунт, өвчин зовлонт, түгшүүрт хорвоо дэлхий ийм л сюрреалист зүйл болон хувирч, энэ хувирал нь үргэлжилсээр байгаа нь далд түгшүүр өдөөсөн байх. Энэ хувирал гэдэг нь минийхээр их гүрнүүдийн өдөөж мэдэх болзошгүй цөмийн дайн, ардчилал, хүний эрх гээч идеал улам л эргэлзээнд орсон, эзлэн түрэмгийлэгчид хэмээн адлуулах орос улс энэ жилийн биенналийг өнжиж, эдийн засаг, ачаа тээвэр, цагаачлал, дүрвэгсэдийн хямралууд зэрэг түмэн бэрхшээлд нуруугаа авхуулах мэт байдалтай байгаа нь өнөөгийн дэлхий ертөнцийн үнэн дүр төрх юм. Аливаа өөрчлөлтөд хамгийн мэдрэг урлаг ч бас өөр дотроо нуусан олон мухардлынхаа хариуг ид шидийн мэт сюрреализм эсвэл өрөвч зөөлөн феминизмээс, дүрвэж цагаачилж уугуул хэл, соёлоо устаж буйг харахын зовлонг биеээрээ мэдэрсэн бүтээлчдээс хариу, гарц, хайж хувирч байгаа ч байж мэднэ. Энэ удаагийн биенналийн эрэгтэйчүүд давамгайлсан соёлын ертөнц, технологийн хүчтэй түрэлтээс зориуд татгалзсан сонголт зарим нэгэнд, тэр дундаа эрчүүдэд эмэгтэйлэг, сул санагдсан ч байх талтай. Гэхдээ бүх хүнд нэг зэрэг таалагдах сонголт, шийдвэр угаасаа байх боломжгүй юм.

Польшийн гэрэл зурагчин Анэта Грэзэковска. Ээж, цувралаас. 2018, гэрэл зураг, баримал

Хачирхалтай нь аливаа хямрал, дайн, самууны араас урлагт хамгийн том авангард шинэчлэлүүд даган гарсан байдаг. Гэхдээ энэ жилийн биенналь шинэчлэл гэгч зүйлийг зөвхөн эксперименталь, шинэ медиа хандлагаас л лав тэгтлээ эрж хайсангүй. Эсвэл энэ тухай ярихад арай эрт байна гэж үзсэн байх. Харин бидэнд байсан, өмнөх зууны хаа нэгтээ эхлүүлээд орхичихсон тэр далд, совинлиг мэдрэмжүүдийг сөхөн онгичиж байх шиг санагдана. Хэзээ ч зогсох боломжгүй, ёсгүй мэт байсан өндөр хөгжил, өрсөлдөөнөөр дүүрэн дэлхий ертөнц хэт их технологи дагаж гүйсээр бахардчихсан байсныг цар тахлын хөл хорио зүгээр л зогсоогоод эргэн тойрноо харан бодлогшрохоос өөр ямар ч сонголтгүй нөхцөл байдал руу түлхэж чадсаны тусгал бол италийн куратор Чичилиа Алэманигийн дээрх санаа ч байж болох. Басхүү  америкт урлаг судлалаар сурахаас нь өмнө төрөлх нутагтаа эзэмшсэн философич мэргэжлийнх нь онцлогийг нь ч эндээс харж болмоор бөгөөд тэр шинэчлэл, дэвшлийн тухай биш зүгээр л хувьсал, хувирлын тухай, цаашлаад дасан зохицол, дархлаашилын тухай өгүүлэх нь хамаагүй үнэн бас бодитой гэж үзсэн байна. Магадгүй энэ нь ч дээр биз ээ.

Польшийн концептуалист гэрэл зурагчин Анэта Грэзэковска. Ээж, цувралаас. 2018, гэрэл зураг, баримал

 Урлаг судлаач М.Батзориг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.