
Бадминтоны олимпын эрхийн оноо олгох тэмцээн Улаанбаатарт болно
“Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдах аж. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур болон Монголын тамирчид тус тэмцээнд ур чадвараа сорих юм. Монголд хүрэлцэн ирэх тамирчдын дунд дэлхийн чансааг тэргүүлж байсан, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Сон Ван Хо багтаж байна.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр зохиогдоно. Өмнө нь 2018, 2019 онд олимпын эрхийн оноо олгох тэмцээн Монголд зохион байгуулагдаж байсан билээ.