Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Авторын булан: Засгийн газрын заримдаг дээл


Монгол хэлэнд заримдаа эгшигтэй, заримдаа эгшиггүй бичдэг есөн гийгүүлэгч байх бөгөөд авиа үсгийн дүрэмд “заримдаг” гийгүүлэгч гэж нэрлэдэг. Үүн лугаа Монгол Улсын Ерөнхий сайд нар үүнээс хойш танхимаа зарим нь дан дээлтэй, зарим нь давхар дээлтэй “заримдаг”, заримдаа 100 хувь дан, эсвэл давхар гээд тухайн цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг харгалзан бүрдүүлэх эрхтэй болох нь. Манай улс төрд “дээл” гэж дуусдаггүй сэдэв байсныг 2019 оны Үндсэн хуулийн цогц шинэчлэлийн хүрээнд Үндсэн цэг тавив хэмээн бултаараа ойлгоод байсан нь буцав. Үүнээс өмнөх хоёр жилд Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдийн дотроос дөрвөөс олонгүй хүнийг сайдаар томилох эрхтэйгээр хязгаарыг хатуу тогтоосон Үндсэн хуулийг мөрдөж байв. Тэгвэл одоо 2022 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газарт заримдаг дээлийг хуульчилж өгөх нь тодорхой боллоо.

Ерөөс дээл дан, давхар байх тухай яриа УИХ нь эрхээ тогтоох, Засгийн газар нь хүчтэй байх гэсэн зайлшгүй хэр нь үргэлжид зөрчилдсөөр ирсэн бодит хөрстэй юм. Монгол Улсад эрх мэдлийн өрсөлдөөний харьцаа цаашид Үндсэн хуульд харшлахгүй байх тухайд маргаан үүсээд байсныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнгөрсөн даваа гаригт хянан хэлэлцээд тогтоол гаргасны дагуу УИХ нөгөөдөр буюу энэ сарын 22-ны даваа гаригт ээлжит бусаар хуралдахаар гишүүдээ зарлан дуудаад байна. Цэцийн их суудлын хуралдаанаас гарсан алив шийдвэр эцсийнх тул УИХ зөвхөн батламжлахаар цуглана. Ингэхдээ 76 гишүүний дөрөвний гурваас доошгүй буюу 57 гишүүн ирж кнопоо дарж батламжлах хуультай. 

Хүчтэй Ерөнхий сайдын төлөө, тогтвортой ажиллах Засгийн газрын төлөө хуульчид мэтгэлцээн өрнүүлж, судалгаа шинжилгээ явуулж байж Үндсэн хуулиа шинэчлээд гуравхан жил өнгөрч байна. Түүгээр олон жил дуншсан “давхар дээлийн” улигт сэдвийг улс төрд нэг мөр болгосон гэх ойлголтыг дийлэнхээрээ хүлээн зөвшөөрсний дараа одоо дахиад л УИХ, Засгийн газрын эрх мэдлийг шинэ нүдээр харах шийдвэрт хүрсэн улс төрийг ойлгоход олон нийтэд түвэгтэй байгааг УИХ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээлээ нэг тайлаад, нэг өмсөх болоод байгаагаараа улстөрчид өөрсдөө ч бас “ядардаг” байлгүй. Эсвэл бөөн мөрөөс, сандал суудлын хөөр болцгоож явна уу?    

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хамгийн их анхаарал татаж байгаа сэдэв ердөө л хэн хэн дараагийн сайд вэ гэсэн асуултад хариулахад чиглэж байна.  Сайдад горилж яваа гэх УИХ-ын гишүүдийн нэрс албан бусаар тодорч, зураг сэлттэйгээ гараад ирсэн энэ өдрүүдэд иргэд тэдэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ийнхүү хэн хэн сайдын суудалд очих вэ гэдгээр хязгаарлан ойлгож буй нь ч бидний буруу биш. Ул суурьтай харж, долоо хэмжиж нэг “гар хүрэх” учиртай Үндсэн хууль УИХ-ын гишүүдийн ширээн дээр эргээд ирлээ шүү дээ. Өмнөх парламентын ажил гэж бурууг одоогийн парламентаас өөр цаг хугацаанд нялзаах амархан ч одоо өрнөж буй ҮХНӨ хаштагт иргэд нухацтай хандах, ойлгох, хүлээн авах итгэл үнэмшил яг одоо сул болсныг эрх баригчид соошлоос дүгнэх ёстой.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр хүнд хэн сайд болохоор гуйж гувшиж, айлган туньж яваа тухай ярианд сульдах нөхцөл мөн үүсээд байгаа нь анхаарал татна.Тиймээс Ерөнхий сайд ҮХНӨ-өөр өөрт нь ирж буй заримдаг дээлийн эрхээр юунд хүрч чадахаа гойд анхаарах хэрэгтэй болж байна. Өнөөгийн олон улсын харилцаанд үүсээд буй дайн тулааны томоохон хохирогч нь ОХУ-ын хөршийн хувьд Монгол Улс болоод байна. БНХАУ цар тахлын шалтгаанаар хил гаалийн нэвтрүүлэх тоо хэмжээг эрс хумьснаар манайд бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл газар авлаа. Ийнхүү хоёр хөршийн Монгол дахь хэт нөлөө, хамаарлаас улбаатай эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулахын тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа чадамж чадавхийг нэмэгдүүлэхээр дан дээлтэй сайдуудаа давхар дээлтүүдээр солихыг үгүйсгэхгүй. Түүнийг 100 хувь давхар дээлтэй танхим бүрдүүлэхгүй бодолтой байгааг бичсэн сэтгүүлчдийн түгээж буй мэдээлэл бодитой ч байж магад. Гагцхүү хүнд хэцүү цаг үед хүмүүсийн итгэл үнэмшлийг хүлээхүйц улстөрчдийн хүчийг сайд нарын танхимд сэлбэлээ гэхэд буруудахгүй шийдэл байх болно. 

Ээлжит бус чуулганы хуралдаанаараа УИХ батламжлах Цэцийн тогтоол дээрхээс гадна цаашид нэлээд эрчтэй үргэлжлэх нь тодорхой болсон хоёр шийдэлд Үндсэн хуулийн аргаар парламентад зам тавьж өгчээ гэж харж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тоог олшруулах. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн тогтолцоог пропорциональ хувилбараар сэлгэн шинэчлэх, магадгүй холимог системээр сонгууль явуулах замаар олон намын оролцоотой, иргэдийн санаа бодлыг тэгш хангасан УИХ-ыг Үндсэн хуулиар дэмжих. Ирээдүйд угтаж буй геополитикийн шилжилтийн хямралт цаг үед МАН одоогийн адил дангаар эрх барих нь түүхийн өмнө хүлээх хариуцлагын асуудалтай тулж таарна. Алийн болгон шаварт унасан шарын гацхан эзэн хуйхаа маажиж зогсохгүйн тулд парламентын засаглалыг бэхжүүлэх дорвитой алхам ҮХНӨ-өөр зайлшгүй хийгдэхээр болж байна. 

2019 оны Үндсэн хуулийн шинэчлэлийг хийх явцад хуульчид олон нийтийн “яагаад” гэх олон асуултад хариулсан. Хэрвээ Засгийн газар хүчтэй, тогтвортой байх нь чухал юм бол яагаад бүх сайдаа УИХ-аас томилон ажиллуулж болохгүй вэ гэж олон хүн асууж. Давхар дээлтэй 16 сайд танхимаа тогтвортой ажиллуулах углуурга болж чадах ч үүний хариуд ийм танхим УИХ-ын сонгуулийн тойргуудад хөрөнгө шийдэх лообийд хүчтэй автдагийн горыг өнөөгийн хөгжлийн бус эдийн засгаас түвэггүй харж болох юм. Тэгвэл яагаад яг одоо энэ тогтолцоо руугаа эргэв гэхээр УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх чигт хийж буй анхны том алхам болов гэж харж байна. УИХ-д 76-гаас олон гишүүн сонгогдох тохиолдолд Засгийн газар 100 хувь давхар дээл нөмрөөд ч өөрийнхөө хүчтэй, тогтвортой байдлаараа УИХ-ын хянах эрхэнд халдах боломжгүй, эрх мэдлийн тэнцвэр хангагдах боломж үүснэ. Харин одоо? Л.Оюун-Эрдэнэ 16 сайдаа бүгдийг давхар дээлтэй болговол УИХ-ын эрх баригч дээд байгууллага байх эрхэнд халтай Засгийн газар болж хувирах бус уу? Тиймээс Ерөнхий сайд Засгийн газартаа замын дунд халаа сэлгээ хийлээ гэхэд заримдаг дээлийн хувилбарт төвлөрөх магадлалтай.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0