Б.Жавхлан: НӨАТ-ын сугалааг IX сараас сэргээнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг салбарын сайд нар танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлангаас НӨАТ-ын сугалааг дахин явуулах эсэх талаар тодруулахад "НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй байсан. НӨАТ-ын сугалаа явуулах процессыг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоогоод буй.
Шинэчлэлийн хүрээнд зөвхөн бүртгэлд орж, хэвлэгдсэн сугалааг сугалаанд оруулах илүү шударга сугалааг явуулахаар ажиллаж байна. Иргэд өөрийн бүртгүүлсэн сугалаа сугалаанд оролцож байгааг хянах, нийт хэдэн сугалаа байна, хожих магадлал ямар байна гэх мэтээр өөрөө дүгнэх, оролцогч байх боломжийг бүрдүүлэх юм.
Сугалаа явуулахыг энэ оны VI сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа орлогод маш их нөлөөтэй, үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа. Сугалаа явуулах технологио илүү сайжруулаад есдүгээр сараас явуулж эхлэхээр ажиллаж байна" гэсэн хариултыг өгсөн юм.