Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

ШИНЭ НОМ: Ганцаардмал эрчүүдийн тухай яриа


Баатар хотод намар айчилжээ. Навчис үзүүрээсээ эхлэн улбар, шаргал өнгөнд идэгдэж эхлэх нь моддын үзэсгэлэнг улам улмаа тодруулна. Гэхдээ л буцаж буй цаг хөшөө адил сийлмэл, бодлогоширонгуй төрхөнд аливаа юмсыг хувиргах нь бий. Юмсын үнэн дүр ил болох агшинд л ийм амар амгалан, ганцаардлын уй ноёлдог. Хаанаас гараад ирсэн нь үл мэдэгдэм утас дагаж, гөрөөс зүүрмэглэх ээрэм хөдөөд ганихарч суух шиг санагдана. 

Эдгээрийг өгүүлсэн учир нь намрын энэ л цаг дор Улсын их сургуулийн V дугаар байрны шар сандал дээр ярилцлагын зочинтойгоо тухалсан юм. Хөлөөр навчис хөглөрч, модод дээр өгүүлсэн шиг өнгө үзэмжээ гайхуулна. Бидний уулзсан зочин бол орчуулагч Г.Сугиррагчаа. Тэрээр “boobooks” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж буй “Эрчүүдийн үнэн түүх” дэлхийн шилмэл өгүүллэгийн түүврээ дөнгөж хэвлэлтэд шилжүүлээд байлаа. Аливаа бүтээлийн ард гарах нь баяр баясал боловч сэтгэлийн дотоодод хоосролын их хуйг босгодог. Тиймдээ ч энэ бол ганцаардлын тухай, номын тухай, бидний тухай яриа юм.

-Намрын улирал таны бодол сэрэхүйд хамгийн түрүүнд юу чирч ирдэг вэ? 

-Хамгийн түрүүнд “налгар” гэсэн үг дотрыг минь навчис шиг алгадаж буудаг. Уг нь өвөл болох дөхчихсөн, хамгийн их ажил ундардаг цаг шүү дээ. Гэтэл байгалийн хувирал, агаарын байдлаас хамаараад ч тэр үү, нэг л тайвшрал, амгалан мэдрэмж төрж байна. 

-Энэ цаг мөчид та “Эрчүүдийн үнэн түүх” хэмээх дэлхийн шилмэл өгүүллэгийн түүврээ “boobooks” хэвлэлийн газартай хамтран уншигчдадаа хүргэж байна. Уг номын талаар яриагаа эхлэх үү?

-Цаг хугацаа ингэж таарлаа. Учир нь энэхүү түүврийг эмхэтгэж гаргах тухайд арван жилийн өмнө шийдвэрээ гаргаж, сонголт дээр ажиллахаас өгсүүлээд уншиж, судлах зүйл ч олон байсан. Тэгж явахдаа ажлаа сольж, өөр зүйлсэд анхаарал хандуулах болсноор номоо гаргаж завдаагүй юм. Ийнхүү “boobooks” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчид болох Б.Батзаяа, Я.Баяраа нартай ярилцаж байгаад уг түүврээ хэвлүүлэхээр болж, зориг шулуудсан даа.  

-Дан эрэгтэй зохиолчид, эрчүүдийн сэдвээр өгүүллэгийнхээ өгүүлэмжийг бүтээсэн ийм түүвэр гаргах болсон шалтгаан нь юу байсан бэ? 

-Би нэлээд хэдэн жилийн өмнө Туркийн зохиолч Муратхаан Мунгааны эмхэтгэсэн эрчүүдийн тухай эрэгтэй зохиолчдын бичсэн өгүүллэгийн түүврийг уншсан юм. Уг түүврээс авсан мэдрэмжээс гадна агуулга, номын бүтэц нь их таалагдсан. Үүнээс гадна өгүүллэг гэдэг уран зохиолын туурвих хэлбэрүүд дундаас, хүний ердийн хүүрнэх байдалд хамгийн ойр нь санагддаг. Хүмүүсийн үйл явдал ярих, үлгэр хэлэх байдал нь өгүүллэгтэй хамгаас төстэй гэж уншиж байсан. Уншихад ч хамгийн хялбар төрөл. Манайд сүүлийн үед Г.Аюурзана “Дэлхийн сонгомол өгүүллэг”, Б.Баясгалан “Дур булаам”, Ж.Тэгшзаяа “Гоо үзэсгэлэн бол шарх”, Монсудар хэвлэлийн газрын гадаад өгүүллэг, туужийн цуврал, Б.Гэрлээгийн “Хятад өгүүллэгийн түүвэр” зэрэг орчуулгын өгүүллэгийн түүврүүд гарсан нь энэхүү номоо гаргах урам өгсөн. Уншигчаас гадна өгүүллэг бичихээр оролдож, эхэлж буй залуус сонирхож, мастерууд өгүүллэгээ хэрхэн бичсэнийг хараасай гэж бодсон. 

-Мэдээж таны ярианаас анзаарахад нэг сэдэвт зангидагдсан номын бүхэллэг, цогц чанарт ихээхэн анхаарал хандуулсан шиг санагдлаа... 

-Яг тийм. Ер нь бол ганцаардал, амиа хорлолт, хүн хоорондын харилцаа, эрчүүд хэмээх сэдэвт зангидагдсан. Тиймдээ ч тус ном өөрийн гэсэн бүхэллэг чанартай. Нөгөөтээгүүр, сэдвээс илүүтэй уншигчдад өгөх мэдрэмж туйлын чухал. Хоорондоо ижил төсөөгүй бичлэгийн онцлог, арга барилтай зохиолчдын бүтээлийг уншиж байгаа хэдий ч өгүүллэг бүрээс уншигчийн авч байгаа мэдрэмжүүд төстэй байвал яах вэ? Үүн дээр нэлээд анхаарч ажилласан нь уг түүврийн нэг онцлог болов уу. 

Өгүүллэг бүрийг уншиж дууссаны дараа нэг тийм хоосорсон, эсвээс бодолд автуулсан мэдрэмжүүд төрж болно. Олон хоногийн дараа ч гэсэн сэтгэлд нь бодогдох зүйл уншигчийн дотор үлдсэн байна гэдэг маань тухайн зохиол хүчтэй өгүүлэмжтэйн шинж шүү дээ. Тиймээс эрчүүд хэмээх сэдэвт зангидагдаж байгаа ч гол дүрийн уншигчдад өгөх мэдрэмж нь бас чухал. Энэ л сэтгэлээс үүдэлтэйгээр номын цул бүхэллэг чанар бий болсон доо. 

Мөнхүү эрчүүд гэх сэдэвт хураангуйлсан ч дотор нь тэдгээрийн эсрэг хүйстэнтэй хэрхэн харилцаж буй тухай асар баялаг өгүүлэмжүүд бий. Тиймээс зөвхөн эрчүүд бус эмэгтэйчүүд ч илүү таашааж унших болов уу гэж бодож байна. 

-Тэгэхээр өгүүллэгүүдээ сэдвийн хүрээ, уншигчдад өгөх мэдрэмжээс гадна өөр ямар шалгуураар сонгож авсан бэ?

-Эл түүвэрт 14 эрэгтэй зохиолчийн, эрэгтэй гол дүр бүхий 14 өгүүллэг бий. Мэдээж өөрийн уран зохиолыг харах өнцөг, түүнээс хүртэх таашаалыг чухалчилсан учир Америкаас голдуу сонгож авсан. Эрнест Хэмингуэй, Хенри Миллер, Бернард Маламуд нарын өгүүллэгүүд бий. Харин Европоос Израилийн алдартай романч Амос Озын “Гол мөрөн бүхэн” гээд уншигчдад хамгийн их хүрсэн бүтээлийг нь сор болгон дээжилсэн. Азиас гэхэд манай оронд нэлээдгүй орчуулагдсан Харүки Муракамиг оруулсан байгаа. Ер нь Харүкигийн өгүүллэгүүд шидэт реализмын өнгө аястай, өгүүлэмж нь хүчтэй санагддаг. Манайд өмнө орчуулагдаж байгаагүй “Тони Такитани” гэх өгүүллэгийг нь уг түүврээс уншиж боломжтой. Мөн Моравиа, Павезе, Маламуд, Карвер, Боулз, Атылган зэрэг монгол хэлээр бүтээл нь огт орчуулагдаж байгаагүй олон зохиолчийн өгүүллэг багтсан нь уншигчдад эдгээр зохиолчдыг бага ч атугай таних боломж олгох байх.

-Түүвэрт яагаад америк зохиолчид голлосон бэ? 

-Америкчууд өгүүллэг бичих маш сайн уламжлалтай. Энэ уламжлал нь сэтгүүлүүд өгүүллэгт өндөр төлбөр төлж, зохиолчдыг тэр чиглэлд хандуулж байсантай холбоотой. Үүний ачаар Хемингуэй, Карвер, Апдайк, Оутс, Сэлинжер, Чивер, Хайсмит, Брэдбери, Фицжеральд, О’Коннер гэх мэт олон сайн зохиолч өгүүллэгт анхаарал хандуулсан байдаг. 

-Уг түүвэрт оруулахаар сонгож тэмдэглэсэн, орчуулсан боловч хассан өгүүллэг бий юу?

-Тэгэлгүй яах вэ. Нэлээд хэдэн өгүүллэгийг хассан. Жишээ нь “Уншигч” романы зохиолч Бернхард Шлинкийн “Шатахуун түгээгүүрийн газрын бүсгүй” гэх өгүүллэг хасагдсан. Маш сайн өгүүллэг. Гэхдээ хэтэрхий урт санагдаад байсан юм. Энэ нь номын бүхэллэг чанарыг алдагдуулна. Бүтээл бүрийг хооронд нь холбосон гинжин хэлхээст хэмжээ чухал үүрэгтэй. Ямар нэг өөр бүтэц, хэмжээ, сэдэв агуулсан туурвил чихээд оруулчихвал зүүлт тас үсэрнэ шүү дээ.

-ХҮН ГАНЦААРДАХ ЭРХТЭЙ-

Аль ч нийгэмд байсаар ирсэн тулгалт. Бид өөрсдийн эрх чөлөөг эрхэмлэдэг хэдий ч бусдынхыг үргэлж үгүйсгэдэг. Тиймдээ ч “эр хүн тийм байх ёстой, эмэгтэй хүн ийм л байвал гоё” гэх мэтээр бие хүний үзлээ бусдад тулгасаар иржээ. Хүн өөрийнхөө хүслээр амар жимэр зам туулахын тулд л амьдралын төлөөх тэмцэлд оролцдог шүү дээ. Харин “Эрчүүдийн үнэн түүх” бидэнд юуг өгүүлэх бол... 

-Тус ном өгүүллэгүүдэд гарч буй дүрүүд эр хүнийг баатарлаг гэхээс илүүтэй бүтэлгүйтсэн, гацаанд орсон, зарим нь эмэгтэйлэг ч гэмээр бичигдсэн байсан. Энэ талаар ярихгүй юу? 

-Яг тийм. Өгүүллэгүүдээс “Марвел”-ийн кинонуудад гардаг шиг хүчирхэг эр хүний дүрийг уншигчид хүлээх хэрэггүй. Ихэнх уншигчид зохиолын дүртэй өөрийгөө жишиж бодолдоо амилуулснаар таатай мэдрэмж авдаг байх. Тийм баатарлаг дүр энэ түүвэрт лав үгүй. Ерөнхийдөө ядарч зүдэрсэн, зарим нь эр хүний муу шинжийг агуулсан дүрүүд бий. Жишээлбэл Павезегийн “Амиа хорлогсод” өгүүллэгийн гол дүрийн эрэгтэй бол яавч сайн хүн биш. Өнгөрсөнд үлдсэн хайр сэтгэлийн асуудлаас болж одоо цагт учирсан эмэгтэйгээ ойшоодоггүй ч зүрх сэтгэлдээ асар их ганцаардал, шаналанг тээж явдаг. Гэтэл эсрэгээрээ Юсуф Атылганы өгүүллэгийн гол дүр нь хотод амиа хорлохоор ирээд усан зогсоолд нэгэн бүсгүйг харснаар түүндээ дурлаж орхидог. Мөнөөх бүсгүйгээ өдөр бүр харахын тулд амиа хорлох хугацаагаа хойшлуулсаар цаашид амьдардаг тухай өгүүлнэ. 

Ерөөс амьдрал үргэлж гоё сайхан, аврал энэрлээр дүүрэн байдаггүй шүү дээ. Гэхдээ цөм хар бараан бус, хөгжилтэй, егөөтэй дүр болоод түүхүүд ч бий. 

-Та номоо орчуулж дуусгасны дараа эхнээс нь дахин нягталж уншсан болов уу. Тэгэхээр орчуулагчийн үүднээс бус, уншигчийн хувьд ямар мэдрэмж төрсөн бэ? 

-Энэ бол өнөөгийн нийгэмд, бидний дунд алхаж яваа олон янзын зан ааш, араншин, сэтгэл зүрх, үйл хөдлөлтэй эрчүүдийн тухай ном. Нэг ёсондоо бидний үнэн түүх. Учир нь ихэнх хүмүүс өглөөний наран мандаж орой жаргах хүртэл амьдрал дунд сайнтай, муутай нэгэн хэвийн үйл хөдлөл дунд хөвөрсөн урт зэрэглээг дагаад алхаж явах шиг санагддаг. Тиймдээ ч учиргүй адал явдалд хөтлөгдсөн бус дүрийн баяжуулалт дээр илүүтэй төвлөрсөн өгүүллэгүүд сонгож чадсандаа баяртай байсан. Басхүү дүр болгоны ганцаардлыг мэдэрсэн. 

-Эрчүүдийн ганцаардал гэхээр таны төсөөлөлд яг юу бууж байна вэ?

-“Эрчүүд ийм байх ёстой” гэх нийгмээс тулгасан хэвшмэл үзлээс хамаараад тэд дотоод сэтгэлээ бүрэн гүйцэд нээж, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх явдал түгээмэл байж магад. Үүнээсээ болоод ганцаарддаг, ганцаардлыг байх ёстой зүйл мэтээр хүлээж авах нь бий. Гэхдээ ганцаардал гэхээр заавал сөрөг утгыг агуулах албагүй. 

Ялангуяа эл түүвэрт багтсан Харүки Муракамигийн “Тони Такитани” өгүүллэгт ганцаардлыг зовлон бус өөрийнх нь хүсэж сонгосон амьдралын хэв маяг мэтээр өгүүлдэг. Энэ нь заримдаа харилцаатай хамааралтай асуудал болж хувирна. Нөгөөтээгүүр өөрийн хүслээр амьдралын хэв маягаа сонгох тэмцэл юм. Тиймээс хүн ганцаардах эрхтэй. Яагаад гэвэл олон нийттэй цуг байх уу, өөртэйгөө ярилцах уу гэх мэтээр харилцааны орчноо хүн өөрөө сонгодог. Ингэхлээр хүний амьдралын тэмцэл бол өөрийн хүссэн орчиндоо амьдрах тэмцэл байж таарна. Тийм тэмцэлтэй дүрүүд уг түүвэрт багтсан. 

-Ганцаардал гэдэг таны хувьд юу вэ?

-Ганцаардал гэдгийг хамгийн энгийн утгаар ганцаараа орших буюу нийтийн харилцаад орохгүй байх гэж л ойлгодог. Харин хугацааны хувьд урт, богино, сэтгэлд нөлөөлөх байдал нь шаналгаатай эсвээс тайвшрал өгөх зэргээр олон талаас нь харж болно. Үүнээс гадна дээр өгүүлсэн шиг ганцаардлыг өөрөө хүссэн эсхүл хүсээгүй байж болдог. Миний хувьд хүмүүстэй удаан хугацаанд харилцаанд орсны дараа ганцаараа байж, анхаарлаа төвлөрүүлмээр үе олон тохиодог. Харин ганцаардаад ирэхээр хүмүүстэй уулзаж ярилцмаар болдог. Гэвч хүн яг үнэндээ ганцаараа л амьдардаг болов уу гэж санагддаг. Хэчнээн дотнын хүмүүстэйгээ ойр, хамтдаа байсан ч сэтгэл дотроо ганцаараа л оршиж байгаа. Энэ нь хүний төрөлх мөн чанар байх. 

-Тэгвэл ганцаардлаас авч болох зүйл бий юу?

-Ганцаардалтайгаа эвлэрч, цуг байх нь тухайн хүнд ухаан бодлоо төвлөрүүлэх, эргэцүүлэх, хүмүүстэй хамт байсан цаг хугацааны үнэ цэнийг мэдрэх боломжийг олгодог. Хүн заримдаа жаахан ганцаардахгүй бол харилцааны үнэ цэнийг дутуу юм уу буруу үнэлж магадгүй. Ганцаардал нөгөө талаас хүнийг сэтгэлзүйн хувьд хатуужуулж, биеэ даасан байдалд сургадаг байхыг ч үгүйсгэхгүй. 

-ХҮН БҮР ӨӨРИЙН ЗОВЛОНТОЙ-

Ярилцагч зочноосоо зөвшөөрөл аваад тамхи асаав. Ганцаардлыг бид өөрсдөө сонгодог. Тэр нь амьдрах хүслийн нэг хэлбэр байж болох нь... Гэхдээ аливаа зүйл хоёр талтай шиг хоорондоо цаг ямагт сөргөлдөж байна. Тиймээс л хүн өөртөө ганцаардлыг зохиож өгөөд төвлөрөх боломж, цаг хугацааг эрдэг ч юм билүү. 

Ийнхүү бодож суусны дараа эргээд л номынхоо тухай сэдэв рүү яриагаа чиглүүлэв. Ер нь яриаг нэгээс нөгөө сэдэв рүү шилжүүлнэ гэдэг хором ч атугай зогсоц авах, бодох, магадгүй сэтгэл дотроо ганцаардах үйлдэл байж мэдэх ажээ. Тэрхүү хоромхон зуурын ганцаардлын дараа бид ийнхүү хөөрөлдсөн юм.

-Түүвэрт багтсан шилмэл өгүүллэгүүдийг аль хэлнээс монгол руу хөрвүүлсэн бэ? 

-Турк, англи хоёр хэлнээс хөрвүүлсэн. Мэдээж америк зохиолчдын өгүүллэгийг эх хэлнээс нь буулгасан бол итали өгүүллэгүүдийг туркээс дам орчуулсан. Өгүүллэг богинохон хэр нь орчуулахад ярвигтай төрөл шүү дээ. Томоохон роман бол эхлүүлчихсэн хойно нэг хэмнэлээр гулгаад явчихдаг. Харин өгүүллэг өөр өөр хэмнэл, мэдрэмжид хөтлөгдөж орчуулахыг шаарддаг. Угтаа бол орчуулагч олон дүрд хувирах хэрэгтэй болно. Хэмингуэйн өгүүллэгийн гэхэд минималист, хүнлэг чанарыг хадгалах ёстой бол Альберто Моравиагийн хувьд ээдэрсэн гэр бүлийн харилцааг нь илүүтэй харуулах, Амос Озын егөөдөлийг сэвтүүлэхгүй байх, Владимир Набоковын шүлэглэсэн мэт уянгалаг бичлэгийг онцгойлох зэрэг шаардлагатай тулгардаг. 

-Яагаад “Эрчүүдийн үнэн түүх” гэж нэрлэх болсон бэ? 

-Анх би “Эрчүүдийн үлгэр” гэж нэрлэсэн юм. Харин номын редакторууд болох Б.Батзаяа, Я.Баяраа хоёр хоорондоо ярилцаад дээрх нэрийг санал болгосон. Үнэхээр л номыг уншихад бидний мэддэг хэдий ч тэр болгон анзаардаггүй эр хүний үнэнг, туулсан зовлон жаргалыг өгүүлсэн байх тул энэ нэрийг өгөх нь зүйтэй гэж санасан. Эрчүүдийн түүхийг туульс болгож хөөргөдсөн бус, та, бидний туулдаг замын тухай энгийн үнэнийг энд өгүүлсэн буй. 

-Та эр хүний тухай юу гэж боддог вэ? 

-Бид эртнээс эцгийн эрхт ёс, өрх гэрийн тэргүүн гэдэг утгаар нь эрчүүдийг үргэлж давуу тал, эрх мэдэлтэй зэргээр нийгэмд байр суурь эзлүүлж ирсэн. Үүнийгээ дагаад хүлээх үүрэг нь ч өндөр. Нөгөө талаас томоохон үүрэг хариуцлага үүрсэн тул хамаг л хар бор, хүнд хүчир ажлыг нугалах ёстой тэнхээтэн мэтээр сэтгэдэг. Гэтэл эрчүүд эрх мэдэлтэй хэмээвч үүрэг, хариуцлагад хэт их дарагдаад аргамжуулчихсан юм шиг санагддаг. Мэдээж бүгд тийм биш биз. Хүн хүний харах өнцөг өөр л дөө. 

-Номоо уншсаны дараа энэ бодол тань өөрчлөгдсөн үү?

-Ер нь хүйсийн талаар ярих их хэцүү. Хүн бүр л өөрийн зовлонтой. 

-Манай нийгэмд эр хүнийг баатарлаг, ухаалаг, манлайлагч байх ёстой мэтээр үзэх хандлага хэр их байдаг вэ? 

-Бүх л нийгэмд бий. Гэхдээ эр, эм гэж салгалгүй аль аль нь иймэрхүү хандлагыг эсрэг хүйстнийхээ зүгээс авч байдаг байх. Ялангуяа дорно дахинд “Эр хүн ийм байх ёстой” гээд тулгачихдаг. Гэтэл энэ нь хүчирхийллийн нэг хэлбэр. Тиймээс ч манай нийгэмд тулгарсан, хүмүүсийн төдийлөн ойшоолгүй орхидог томоохон сэдвүүдийн нэг нь энэ мөн. Эр хүн бусдаас илүү зарчимч, шудрага, эр зоригтон, үлгэрт гардаг баатар шиг бус зүгээр л бусадтай адилхан л “хүн” шүү дээ. Энэ санааг бид уг түүврээрээ уншигчдад, нийгэмд хэлэхийг зорьсон. 

-Танд уг ном дахь дүрүүдийн аль нь хамгийн ойрхон байсан бэ? 

-Өгүүллэг бүрийн дүрүүд л ойр байсан даа. Бүгд л гэж хэлэх байна. Ялангуяа ганцаардал нь их ойр буусан. Өөрийнхөө хүслээр ганцаардах нь магадгүй тэдгээр дүрийн, бидний хамгийн зөв сонголт ч байж мэдэх юм. 

Бид яриагаа энэ хүрээд өндөрлөв. Зочны маань гэр бүлийн гишүүн, түрүүнээс хойш биднийг тойрч гүйгээд байсан Лили нэрт нохой яриа дууссаны дараа өвөр дээр нь гараад суучихав. Набаковын өгүүллэгт гардаг “...хүний амьдралд үхлээс илүү өтлөх нь аймшигтай санагддаг тийм л тунгалаг хөх намрын үдэш...” айлчилжээ. 


Ингээд уулзалтын төгсгөлд “Эрчүүдийн үнэн амьдрал” дэлхийн шилмэл өгүүллэгийн түүврийн редактор, “boobooks” паблишингийн хамтран үүсгэн байгуулагч Я.Баяраа, Б.Батзаяа нарын номын тухай товч сэтгэгдлийг хүргэж байна. 

-ЯАГААД ЭР ХҮН САХИУСАН ТЭНГЭР БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?-

Ерөнхий редактор Я.Баяраа

boobooks: Бид Монголын уран зохиолд байдаггүй өнцгийг “boobooks”-ийн номуудаар дамжуулан гаргаж уншигчдад хүргэхийг зорьдог. Түүний нэг нь хошигнох ур чадвар юм. Амьдралын ямар ч хэцүү бэрх нугачааны цаана хоёр янзын гаргалгаа бий. Нэг нь хошин байдал бол нөгөө нь эмгэнэлт чанар. Яг нарийн бодоод үзвэл хоорондоо төдийлөн ялгаагүй. Ийм нэг харилцааны нандин чанар, хошигнолын хүч Даниил Хармс, Буковский, Ма Жианы бүтээлүүдэд байдаг. Үүнийг шинэ номоос ч бас илүү тод мэдрэх болов уу. Мэдээж орчуулагчийн сонголтууд гайхалтай. 

Нөгөө талаас “манлайлах” гэдэг үг ардаа их золиос тээж явдаг. Энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр. Хэн нэгэн хүсээгүй л бол заавал бусдыг манлайлах, нийгмийнхээ баатар нь, алиалагч нь болох албагүй. Магадгүй өгүүллэг бүр үүн шиг ямар нэг хайрцагт, албадмал хүчинд сэтгэлзүйгээр бүрэн автаж буй хүмүүсийн тавиланг дэлгэсэн байж мэднэ. Гол нь хүйсээр битгий ялгаварлаж яриасай, тийм хана руу эдгээр өгүүллэгийг битгий шахаж уншаасай гэж хүсье. Учир нь эр ч бай эм ч бай “үнэн” гэдэг бүдэгхэн зүйл эцэстээ хүний л үнэн байдаг жамтай. Тиймээс бид уншигчдаа хайрцаглая гэж бодоогүй юм шүү. Тэгээд ч уран зохиол боловсрол биш мэдрэмж. Уран зохиолыг унших нь боловсролтой хүний хэрэг бус мэдрэмжээ хөндөх, мэдрэмжээ хөглөх тухай шүү дээ. 

Эцэст нь нэг юм асууя, яагаад эрчүүдийг баатар, бүсгүйчүүдийг сахиусан тэнгэр болгож зурдаг вэ? Яагаад эмэгтэй хүний дотор эр хүн бяцхан сахиусан тэнгэрийн дүртэй оршиж болохгүй гэж... Эр хүн сахиусан тэнгэр ч байж болно. 

-ХЭЗЭЭД ХАЙР НЭГДҮГЭЭРТ, ХҮЙС ХОЁРДУГААРТ БАЙХ БОЛНО-

Уран сайхны редактор Б.Батзаяа

boobooks: “boobooks” creative team энэ удаад орчуулагч Г.Сугиррагчаа, дизайнер М.Гүнчинмаа гэсэн баг үүсгэн “Эрчүүдийн үнэн түүх” дэлхийн шилмэл өгүүллэгийн түүвэр дээр ажиллаж, уншигчдадаа хүргэж байна. Өнөөгийн нийгэмд дутагдаж буй сэдэв, сонсгох хэрэгтэй дуу хоолой бол энэ ном. Орчин цагийн маш их хөөсөрсөн, хоосон хөндий феминизм ярьдаг цаг үед эрчүүд, эмэгтэйчүүд гэх үгийн цаана олон зүйл орхигдож хаягддаг. Эрчүүдийг “хүн” гэдгийг нь мартаад хүч чадал, тэсвэр тэвчээр, юунд ч үл хугарах Сизиф, Атлантын ч юм уу нуруу шаардах болсон. Хүмүүсийг ЭРЧҮҮД гэх үгийн ард байлгахыг хүсэх болсон. Үгүй дээ, тэрнээс илүү том агуулга бий нь бидний мөн чанар адилхан, хүйсээр ялгаж зааглах аргагүй нэг зүйл гэдгийг ухамсарлаасай гэж уг номыг гаргасан юм. 

Бид бусадтай адил шаналдаг, шархалдаг, уйлдаг, инээдэг жирийн л, сул дорой ч байж мэдэх хүн шүү дээ. Үүнд огтхон ч ичих хэрэггүй. Ийм байх ёстой юм. Тиймээс л энэ номд багтсан 14 өгүүллэгээс эр хүний 14 зан төлөв, сэтгэлзүй, зожигрол, ганцаардал, сул дорой шинжийг харах биз ээ. 

Бид бүгдээрээ цаг ямагт хүчирхэг, зоримог, дайчин шиг байдаггүй. Айх, ичих, санаа зовох бүх л мэдрэмжүүд бий. Эр хүн бүр туульсын баатар шиг байх албагүй. Хэдэн мянган эрэгтэйг ганц хэвэнд цутгасан мэт байлгах боломжгүй. Тэд өөрсдөө хүсэх ч үгүй. Бүдэгхэн цохилох үнэн гэвэл энэ. “Эр хүн ийм, тийм” гэж онолдох дуртай хүмүүс авч уншвал үзэл санаа нь өөрчлөгдөх ч юм билүү. Бид хүүхэд байхаасаа л эр хүн байхыг хичээсэн. Эцэг эхчүүд хүүдээ уйлахгүй байхыг, хэцүү байсан ч тэвчих ёстойг, баатар болохыг тулгах бус хүн гэдэг үүднээс нь ханддаг болох ч юм билүү. Тэгвэл энэ ном хийх ёстой зүйлээ хийлээ гэж сэтгэл цадах байна.

Ярилцсан | Б.Алтанхуяг
Гэрэл зургийг | А.Баттулга (Tulgaa skizz)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.15 66.181.191.82

Эр хүн бусдаас илүү зарчимч, шудрага, эр зоригтон, үлгэрт гардаг баатар шиг бус зүгээр л бусадтай адилхан л “хүн” шүү дээ Busad gej hen be you mean women?? Uguullegin turol uussnes hoish hamgn sn uguullegin masterud dan ergtei humus (O connor oos) busdaar bsrl irsen... tgd uguulegch dan er l bdg bzde.. ergtei hunii tuuh helgdku, havchigdad bsn ym erooso bhgu . Urgelj l male dominant bsn shuude... zgr nad shg gantsardmal zaluugin tuuh ged shud heleech gsh....... dahiad heley ........ uguullegd dndaa bur DANDAA ergtei hunii uguulmj, turshlaga l zonhilsoor irsen shude

0 Хариулах


Зочин 2022.09.15 103.26.195.9

Үүний дараа эмэгтэйчүүдийн тухай эмэгтэй зохиолчдын бичсэн өгүүллэгийн түүвэр гаргах бодолтой гэж орчуулагч нь хэлж байсан шүү.

0 Хариулах