Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ


"Wattpad" сайтад өөрийн гэсэн онцгой хэв маяг, уран яруу бичвэрүүдээрээ өсвөр насныхан болон залууст хэдийн танигдсан О.Анхзаяагийн анхны цаасан ном "Lost in Sound" (Анирт алсрах нь) бүтээлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

"Lost in Sound" (Анирт алсрах нь) номын тухай:

Богино даашинз, оксфорд гуталтай, өөрийгөө ч танин мэдэж амжаагүй өсвөр насны охин нэгэн залуугийн хайр эсэхийг нь үл мэдэх мэдрэмж дунд ээрэгдсээр, дуу хөгжим, намар, бороо, нууцхан үнсэлт дундаас тэрхүү харилцааны утга учрыг, өөрийгөө, гэр бүлийн үнэ цэнийг хайна. Тэр олж чадах эсвэл тэр чигтээ алдагдах эсэхээ мэдэхгүй ч, яг энэ мөчид тэр залуугийн үнсэлт л түүнд хэрэгтэй ганц зүйл гэдэгт бүрэн итгэсэн байлаа. "Мэдрэхэд хэтэрхий эрт, гэвч зогсоход хэтэрхий оройтжээ."

"Оюун санаа минь өрөөний таазаар эргэлдэж, гар минь өөрийн аясаар даруулууд дээр гүйж, хааяахан нүдээ анихдаа би өөрийн бусад үед огтхон ч хүрч чаддаггүй тэр ертөнцдөө аажим аажмаар уусаж байв. Зөвхөн хөгжмөөр л холбогдож болдог тэр ертөнцөд бүр өөрийн гэсэн онцгой үнэр, өнгө, хачин агаар, амт буйг би мэдэрдэг байв. Ихэнхдээ би тэр ертөнцөд хөл тавьж, ганц хоёр алхаад л гарчихдаг бол энэ удаад би тэр газраар гарцаагүй гүйх шиг санагдав."

"Хүмүүс муу муухай, бохир заваан, зөвхөн сүйтгэхийг л мэддэг байж болно. Гэхдээ хүн төрөлхтний хийсэн гайхалтай зүйлсийг үгүйсгэх аргагүй. Дуу хөгжим, уран зураг, бүжиг, баримал… Хүсвэл энэ газрыг диваажин ч болгож чадах хүмүүс бидний дунд бий. Хүмүүсийн хэврэг хэрнээ хайртай хүмүүстээ хамгийн чухал тэр амь амьдрал. Энгийн нэг хүн дотроо хэчнээн төсөөлөл, мэдрэмж тээдэг, хэн нэгэнд хэчнээн хайртай бол гэдгийг бодохоор хүмүүс тийм ч аймшигтай биш ээ. "

"Намар цаг. Манан. Бороо. Хөнгөхөн алхаа. Цангинах инээд. Хүсэл. Хулгайлагдсан зүрх. Нойргүй шөнүүд. Хамгийн тод нь ганцаардал..."

"Юу хамгийн ихээр өвтгөдөг болохыг би энэ мөчид мэдрэв. Хайртай хүн чинь чам руу хашхирах, чамайг зэмлэх, чангаар гартаа атгаад сэгсрэх биш. Харин чамайг үл тоох. Яг л цаашид юу ч хамаагүй мэт. Юу ч гэж хэлсэн байдал сайжрахаас нэгэнт өнгөрсөн гэж мэдрүүлж, чам руу эгцлэн харах ч үгүй байх. Танихгүй хүн ирээд зам асуух гэж байгаа мэт, түүний хувьд өнгөрсөн бүхэн хэдийнээ дурсамж болоод үлдчихсэн байх үе. Чиний одоо цаг түүний хувьд өнгөрсөн болох тэр үе."  


"Харь холын мэт санагддаг байсан мэдрэмж хүйтэн бороо дээрээс асгарч байсан ч арьсыг минь шатаах шахан бие дээгүүр гүйж байв. Ганцхан үнсэлтээс л өөрийн 16 жил хийж чадаагүй өөрчлөлт, хувьслыг олж авсан минь энэ."

"Намайг тайван сонсдог, ойлгодог хүн байсан ч болоосой. Гэтэл яагаад хүүхдүүдийн хамгийн ихээр үзэн ядах болсон хүмүүс ихэнхдээ тэднийг ойлгож, хайрлах ёстой байсан эцэг нь эх нь байдгийг би энэ мөчид гайхан бодов. Яагаад хүүхдээ хайрлаж, ойлгох ёстой хүмүүс эсрэгээрээ үзэн ядахад хүргэж, танихгүй хүн ч тэднээс илүү байх мэт санагдана вэ?"

"Бодит байдлаас тасрахын тулд би үлгэрийн мэт бороо, бүрэнхий саарал орчин, хүнгүй хөгжмийн өрөө, бүрхэг тэнгэрийг төсөөлдөг. Бороо, бүүдгэр өрөө миний төсөөллийн ертөнц байв. Тэгж л би намайг шатаах шахдаг мэдрэмжүүдээс түр ч атугай сатаардаг."



"Гэвч тэр больж чадахгүй нь бололтой.
Түүний хамгийн том зовлон нь би бололтой.
Тэр энэ зовлондоо бас хайртай бололтой."

"Бидний хайр ямар гайхалтай байсныг тэд мэдэг! Бидний аялгуу хөгжимд алдагдсан мөчүүд ямар онцгой байсныг анзаараг. Бидний төлөө жаахан ч болтугай харамсаасай. Хамт сайхан байж болох байж дээ гэж өөртөө буруу өгөөсэй. Хэсэгхэн ч гэсэн... Хэн нэгэн ч гэсэн..."


"Мэдрэхэд хэтэрхий эрт, гэвч зогсоход хэтэрхий оройтжээ."

"Би дахин нэг хүний гунигтай үгэнд шархалж, дахин нэг сайхан залуу руу бүдчин гүйж, хэн нэгний энгэрт өөрийгөө олохыг хүсэж байна. Өдөр хоногууд минь юу ч үгүй хоосноор дүүрч байснаас гунигтай ч гэсэн инээмсэглэл, замхрах ч гэсэн үнсэлтээр дүүрэн байг. Утга учиргүй, хоосон залуу нас надад үхлээс ч дор... Би дахиад дурламаар байна." 

"Хэтэрхий төгс болохоор нь түүний гарт атаархал хүрчихсэн мэт, үхэл авах гэж зууралдаад хуруунаас нь атгаад л алдчихсан мэт. Тэр сэв суусан, гэвч түүнийхээ араас тасралтгүй гэрэлтэх үзэсгэлэн гоо нь маргашгүй юм."

О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) ном тун удахгүй номын дэлгүүрүүдээр худалдагдах болно. Мөн хүсвэл энд дарж өөртэй нь холбогдоод авах боломжтой шүү. Түүний Wattpad дахь зохиолуудыг эндээс уншаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
2
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
3
21 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Unshigch 2022.09.23 66.181.190.58

Wow. Uneheer ih taalagdlaa. Amjilt husey nomiig n avna

0 Хариулах