Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД | Хог хаягдлыг "баялаг" болгож буй зургаан СӨХ


Бидний өдөр тутмын хэрэглээний хог хаягдал хаана хаягддаг талаар та бодож байсан уу? Айл гэр, ажлын байран дээрээ хогоо ангилан ялгадаг ч "эцэстээ" хогийн том машинд холилдон ачуулах л юм чинь гээд ангилан хаяхаас төвөгшөөдөг үү? Тэгвэл дараах СӨХ-нууд нэгдсэн систем, нийтийн хүчээр дахин боловсруулах боломжтой нэг ширхэг хог хаягдлыг ч "баялаг" болгон, хэдэн зуун айлын хог ангилалтыг шийдвэрлэн, байгаль дэлхий болоод оршин суугч хэн бүхэндээ ээлтэй орчныг бүрдүүлж чаджээ.    

М-Си-Эс Кока-Кола компани “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлынхаа хүрээнд энэ сарын 1-нд 12 дахь удаагийн ДАЯС өдөрлөгийг зохион байгуулж, хамгийн их хэмжээний PET хуванцар цуглуулан, СӨХ ба оршин суугчдын хамтын ажиллагааг хангасан “Тогтвортой Хөгжлийг Дэмжигч СӨХ” шалгаруулах уралдааныг зохион байгуулсан юм. "Ангилбал алт, холивол хог" хэмээн хог хаягдлыг өөр өөрийнхөөрөө "баялаг" болгож буй тэдний туршлагаас бид юуг мэдэх хэрэгтэй вэ?


"Залуус -1" СӨХ-ны дарга Б.Мөнхнэмэх: Дахивар тушаасан мөнгөөрөө хоёр үйлчлэгчдээ зурагт авч өгөхөд ямар их баярласан гээч

"Тогтвортой Хөгжлийг Дэмжигч” уралдааны 1-р байрын шагналт

Манай хотхоны 1300 айл өрхөөс 7 хоног бүр 285-300 кг, сардаа 1172 кг орчим, жилдээ 13-14 тонн хуванцар, сардаа 1-2 удаа 200-300 шил, мөн сардаа 1 удаа ашиглагддаггүй шилийг ангилан ялгаж тушаадаг. Хотхон даяараа хуванцар, лааз, шил, цаасан хайрцаг, хаягдал хуруу зайг ангилан зориулалтын саванд хаяж хэвшжээ. Би ажлаа хүлээн аваад хог хаягдлын хэсгээ сайжруулсан ч хаягдлын хэмжээ багасахгүй байгааг анзаараад  хуванцрын хаягдал цуглуулах ундааны хэлбэртэй савыг байрлуулсан. Ингэснээр өглөө оройдоо ачуулдаг их хэмжээний хог маань 3 сарын хугацаанд илт багасаад ирсэн. 

Ундаа усны хуванцруудаа Улаан чулуутын хуванцар авдаг газар өөрсдөө тээвэрлэн тушаадаг. Энэ оны эхнээс шил, лааз, цаасан хаягдлыг мөн ангилах болсноор өнжөөд нэг хогоо ачуулдаг болсон шүү. Оршин суугчдад сошиал хуудас, 18 мянга орчим гишүүнтэй групп, мэдээллийн самбаруудаараа дамжуулан тогтмол нээлттэй мэдээлэл хүргэдэг. Дахивраа тушаасан мөнгөөрөө бид нийт ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулж, үүнийгээ ил тод оршин суугчдадаа мэдээлдэг нь нийт хотхоныхны хогоо ангилан ялгахад их түлхэц болдог. 

Ажилчид маань хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилах, хогоо багасгах, шил савыг гэмтээхгүйгээр цуглуулах талаар төрөл бүрийн сургалтад хамрагдсан. Сар бүр дахивраас орж ирж буй мөнгөө гахайнд цуглуулж, жилдээ 1-2 удаа задалдаг. Ковидын үеэр ажилчдынхаа дархлааг дэмжих зорилгоор хаврын гахайны мөнгөө нийт ажилчдынхаа курс эмчилгээнд зарцуулсан. Харин энэ намар задлахдаа 2 үйлчлэгчдээ 32 инчийн зурагт, нийт ажилчдынхаа хүүхдүүдэд хичээлийн бэлтгэлийг нь хангахад зарцуулсан. Байгальд шингэлгүй 200-500 жил болдог хуванцар савыг ангилан ялгах нь хогийг баялаг болгож буй хэрэг. Мөн бид байгальд задрахдаа 100 гаруй жилийг зарцуулдаг хэрэглэсэн хуруу зайг ялган “Номин” сүлжээнд хүлээлгэн өгдөг. Хэдий үнэ төлбөргүй ч гэлээ тусгай газар нь булшлахад нь хувь нэмэр оруулж буйдаа урамтай байдаг шүү. 


"Japan Town С-4" СӨХ-ны дарга Л.Отгонбаяр: Өнгөрсөн жил л гэхэд 200-аад мянган төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хандивласан

"Тогтвортой Хөгжлийг Дэмжигч” уралдааны 2-р байрын шагналт

Бид 2018 оноос хогны өрөөгөө тохижуулан 5 дахь жилдээ хогоо ангилан ялгаж байна. Хогны өрөө гаргаснаар оршин суугчдын 70 орчим хувь нь өөрсдөө тогтмол хогоо ангилан ялгаж дадсан. Хогны өрөөний агаар солилцоо маш сайн бөгөөд ариутгал халдваргүйжлийг тогтмол хийдэг учраас хэн бүхэн ороод хогоо "урамтай гэгч" нь ангилдаг шүү. Энгийн нэг өрөө байхад оршин суугчид хэрхэн ялгахаа төдийлөн мэддэггүй бол стандарт зааврын дагуу өнгөөр ялган мэдээлэлтэй байрлуулснаар илт сайжирсан. Хуванцар, цаас, шил, лаазаа ялгахаас гадна хаягдал хуруу зайг цуглуулж, хэрэггүй тоглоом, дахин ашиглах боломжтой эд зүйлсийг нь цуглуулдаг. Бид оршин суугчдаас гарсан хэрэгцээтэй эд зүйлсийг Хан-Уул дүүргийн Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгдөг. Өнгөрсөн жил л гэхэд 200-аад мянган төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хандивласан. 

ЗурагТайлбар
  
  
  

 Хотхоны 90 айлын хог хаягдлыг 7 хоногт 3 удаа хуваарийн дагуу ачуулдаг. Бид хогоо ангилан ялгах сурталчилгааг хотхондоо “Ангилахад арван хором” уриан дор хэрэгжүүлэн, “Smart Mongol” аппликейшн ашиглан СӨХ бүхий л үйл ажиллагааны мэдээллээ хүргэдэг. Хотхоны нийт оршин суугчдын 70 орчим хувь нь гадаадын оршин суугчид байдаг учир хогоо ангилан ялгах өөрсдийн дадалтай байдаг нь анзаарагдсан шүү. Нэг удаа заавар зөвлөгөө өгөхөд л оршин суугчид ангилах дадалтай болох эхлэл юм. Ажилчид маань өөрсдөө үлгэрлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг. 

ЗурагТайлбар
  
   
  



"Дөл Сан" СӨХ-ны дарга С.Оюунзул, байцаагч Д.Сувд: ДАЯС уралдаанд оролцох үеэрээ хог ангилалтын их мэдээлэлтэй болсон

"Тогтвортой Хөгжлийг Дэмжигч” уралдааны 3-р байрын шагналт

Манай СӨХ 3 байрны 367 айл өрхийг хариуцан ажилладаг. Орцууддаа хог ангилан ялгах сав байршуулахаас гадна хог ангилах том савыг гадна талбайд өөрсдөө хийн байршуулснаар нийт оршин суугчид хогоо идэвхтэй ангилан ялгаж байна. Хог ангилах сав байршуулахад оршин суугчид маш таатай хүлээн авч, хэн хэндээ хэрэгцээтэй баялаг бүтээх эхлэл болсон. 

ЗурагТайлбар
  
  
 

Оршин суугчидтайгаа маш ойроос хамтран ажиллаж, хамтдаа хогоо ангилан ялгадаг нь нийт иргэдийг бага багаар дахивраа ялгах зөв дадалтай болоход нөлөөлдөг. Байранд настнууд олон учир мэдээллийн самбартаа сурталчилгаа байршуулж, уулзахдаа биечлэн зөвлөгөө өгөх нь хүртээмжтэй байдаг. Харин залуустаа зориулан сошиал сувгуудаар мэдээллээ тогтмол хүргэдэг. Хийсэн ажлуудаа СӨХ, хорооны группт тавих нь тогтмол тайлан болж, хийсэн ажлуудаа зурагжуулан иргэддээ нээлттэй мэдээлэл өгдөг. Бид ДАЯС уралдаанд оролцох үеэрээ их мэдээлэлтэй болж, компаниудтай гэрээтэй ажиллан, дахивраа хүлээлгэн өгөхөөр шийдвэрлээд байна. 


Вива Сити СӨХ-ны дарга Ц.Отгонцогт: Томоохон хотхонд хог ангилалтыг заавал хийхгүй л болохгүй

Манайх 1600 айл өрх, 200 гаруй аж ахуй нэгжтэй 6000 орчим хүн амьдардаг томоохон хотхон. Сардаа 1 тонн хуванцар ангилдаг гээд л бод. Түвшинсайхан төв, Шинэ шил ХХК, Хоггүй Монгол ТББ зэрэг байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, дахиврын саваа дүүрээд ирэнгүүт нь хүлээлгэн өгдөг. Зориулалтын хэсэн гаргаснаар оршин суугчид бага багаар өөрсдөө хогоо ангилан ялгаж хийх болсон. Манай хориод ажилчны нөөцөөрөө хогоо эх үүсвэр дээр нь ангилдаг. 

Хүйтрээд ирэхээр дахивар багасдаг бол хавар, зуны үеэр хуванцар маш ихэсдэг. Ялангуяа манай хотхоны ойролцоох Туул голын эргээр салхилах хүмүүс маш их байдаг тул яг тэр хэсэгт нь ангилалтыг шийдэхийг зорьсон. Дахивар нь овор зай эзэлдэг учраас дараа жил бид илүү том хэмжээний багтаамж сайтай сав бэлтгэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ овор хэмжээг нь багасгах жижгэрүүлэх авто болон гар ажиллагаат төхөөрөмж судалж байгаа. Ингэснээр ачилтын тоо ч багасаж, замын зардал, түгжрэлд ч эерэг нөлөөтэй байх шүү. 

ЗурагТайлбар


  
  

Хогийг ангилан ялгах нь ажилчдаас маш их цаг зав шаарддаг учраас оршин суугчид өөрсдөө эх үүсвэр дээрээ ангилан ялгах дадалтай болох нь чухал. СӨХ-үүдэд мэдээлэл сурталчилгаа, сургалт зөвлөгөө, гарын авлага, шууд хөрөнгө оруулалтаар ангилалтын сав, тээвэрлэлтийн асуудлыг шийдэж өгснөөр хот даяараа ангилах соёлтой болно гэдэгт уриалмаар байна. 

ЗурагТайлбар
 
  



Зууны ирээдүй СӨХ-ны гадна талбайн тохижилтын ажилтан Б.Лхагвадорж: Нүдэн дээр багасаж буй өөрчлөлтийг харах урамтай байдаг

Ах нь “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн”-ий идэвхтэй оролцогч. Манай СӨХ 2008 оноос хойш Удирдлагын Академийн аж ахуйн ажил, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлыг ангилан ялгаж ачуулах ажлыг гэрээгээр хийгээд 14 жил болжээ. Сүүлийн 2 жилийн турш хогоо идэвхтэйгээр ангилан ялгаж байна. 200 айлтай цөөхөн хүн амтай, СӨХ гурван ажилтантай хотхон боловч хогоо ангилан ялгах нь ямар их ач холбогдолтойг хэн хэн нь маш сайн ойлгодог. Удирдлагын академийн сургалтын байр, ажилчдын орон сууцны 200 айлын хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг дээр ангилан ялгаж хаядаг. 

Оршин суугчид эхний ээлжид ангилах ч, давхар бид өөрсдөө ангилан ялгаж, дахивар бус хаягдлаа 7 хоногтоо 2 удаа дүүрмэгц нь ачуулдаг. Цөөхөн айлтай учраас дахивраа их хэмжээгээр цуглуулахад зай талбай багатай учраас дуудлагын ачилтаас илүү өөрсдөө ачаад дахиврын цэгүүдэд тушаадаг. Орж гарч байгаа хэн бүхэндээ л хогоо ангилахыг уриалж, хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хог хаягдал илт багассан шүү. Нүдэн дээр багасаж буй өөрчлөлтийг харах урамтай байдаг. 


Шинэ хороолол СӨХ-ны гишүүн С.Долгорсүрэн, С.Амарсайхан: Яг хогоо ангилаад ирэхээр шууд хаях хог гэж байдаггүй 

СӨХ маань байгуулагдаад хэдий хэдхэн сар болсон учраас маш энгийн байдлаар, зардалгүйгээр өөрсдийн боломжоороо хуванцрыг ангилан ялгах хэсгийг орц бүртээ байрлуулсан. Бид ДАЯС уралдаанаар хотхоныхоо 220 айл өрхөөс гарсан хуванцрыг нэгтгэн хүлээлгэн өгсөн нь том туршлага болсон шүү. ДАЯС-ийн хүрээнд дахивраа ангилан ялгах боломжууд хийгээд тушаах газруудын мэдээллийг авсан учраас дараа дараагийн удаа дахивруудаа дахиврын цэгт нь олон төрлөөр ангилан ялгаж хүлээлгэн өгөхөөр зэхэж байна. 

ЗурагТайлбар






Яг ангилаад ирэхээр шууд хаях хог гэж байдаггүй юм байна. Удалгүй багахан хэмжээний хуримтлалтай болоод дахивраа ангилан ялгах зориулалтын сав авахаар төлөвлөж байна. Дахивраа ангилан ялгахын зэрэгцээ нэг дор цуглуулж байгаа учраас угааж цэвэрлэх ажлыг бид өөрсдөө хийдэг. Айл өрхүүд ч дэмжиж, хогийн пункерт хаягддаг том том хогууд багассан. 

ЗурагТайлбар
  
  


 


М-Си-Эс Кока-Кола компани “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлынхаа хүрээнд ДАЯС өдөрлөгөөр эдгээр үлгэр жишээ шилдэг СӨХ-дыг шалгаруулан урамшуулсан юм. Та ч бас дараагийн ДАЯС-аар өөрийн хувь нэмэрийг оруулан, СӨХ-оо уриалан, байгальд дэлхийдээ болон ирээдүйдээ ээлтэй хөрөнгө оруулалтыг хийж яагаад болохгүй гэж?   

ЗурагТайлбар
    
 
 
  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.