Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: Хэн нэгнийг санаж бэтгэрэхийн тухайд


"Бэтгэрэх" гэдэг үгийг би их бага ашиглаж байжээ. Хайртай бүхэн минь дэргэд, байнга л цуг, өдөр шөнөгүй уулзаж, хамт "дурсамж" биш ч мэдрэмж бүтээдэг байлаа. Байнга санагдаж дурсагдах онц гойд, галзуу гоё зүйлс гэхээсээ зүгээр л хамт чимээгүй сууж ном унших, гэр бүлээрээ зурагт үзэх, гудмаар алхах гээд, бидний тийм чухал гэж анзаарч байгаагүй ч дотор дулаацуулдаг тийм дотно мэдрэмжүүдийг бүтээлцэх нь их байж. Ер нь юм болгон дурсамж байх албагүй юм билээ. Юм болгон онцгой түүх болох албагүй. Тухайн мөчид л амар амгалан, таатай, дулаан санагдаж байхад хангалттай. Гэхдээ дэргэд байсаар ирсэн хүн холдох үед бидэнд юу тохиолддог вэ? Бидний бие тэдний дулааныг нэхнэ, үнэр, үзэмж, чимээ бүхнийг нь үгүйлж, хайж эхэлнэ. 

All these beautiful illustrations are made by Holly Warburton

Хаа нэгтээ явсан ч эргээд ирэхийг нь мэдрэх сайхан. Буцаад ирнэ, удахгүй хамт байна гэж бодоход сэтгэл онгойдог. Гэхдээ эргэн ирэхгүйгээр явсан үед хоосон болчихдог. Дотроос чангаах, тэмүүлэх мэдрэмж алга болж, зүгээр л "хоосон" үлдэнэ. Шинэ он гарах дөхсөн жавартай өвөл өвөөгөө алдахад би гэрээс намайг татаж чангааж байсан утас тасраад явчих шиг санагдаж, гэртээ орж чадахгүй гадаа зөндөө удаан сууж билээ. Өдөр болгон намайг инээхийг харж буй хүмүүс дундаас нэг л хүн "Чи инээсээр байгаа ч төгсгөлд нь уйлах гэж байгаа юм шиг л харагддаг" гэж хэлж билээ. Одоо болтол даван гарч чадаагүй, нуусаар, хөндөхөөс айж яваа эхний бэтгэрэл, ганцаардал, харуусал минь энэ билээ. Үнэхээр л би өдрийн төгсгөлд уйлдаг байсан. Автобусанд, гудамжинд, кино театрт ганцаараа инээдмийн кино үзэж байхдаа, шүршүүрт, орондоо ороод... Оршуулах ёслол өндөрлөж, хөдөөлүүлсэн газраас холдох бүрийд би нэг бяцхан хүүхдийг тэнд ганцааранг үлдээчихсэн мэт эргэж буцаж, тогтож ядан явснаа мартдаггүй юм. Одоо ч би тэр газрыг зөнгөөрөө мэдрээд олоод очиж чадах мэт санагддаг. Оршуулгын дараа хүн бүр намайг жаргалтай байх ёстойг сануулж, өдрийн төгсгөлд би инээмсэглэж байсан ч яг л тэр уулын энгэрт, тэр булшны дэргэд одоо болтол зогссон чигээр үлдчихсэн мэт санагдах юм. Одоо би тэнд суугаад газар асгарсан чулуунуудаар айл гэр болон тоглож, өвөөдөө цай чанаж, хоол хийж өгч суугаа. 

Бид замын хажуугаар зөрөн өнгөрөх машинуудыг өнгө өнгөөр нь тоолж, ирээд буцах хүмүүсийг ажиглаж, хаяа залгах хүмүүстэй хууч хөөрч суугаа. Ингэж л бодохгүй аваас би энд өмөрч эхэлдэг. Сахалтай хошуугаараа духыг минь үнэрлэж, үрчгэр зөөлөн гараараа гарыг минь илж, ганц үмхэхэд дуусчих юм шиг махаар миний амсаж байсан хамгийн амттай будаатай шөлийг аяга дүүрэн хийж өгч, сургуулиасаа тарахад минь гадаа хүлээн зогсож, өдөржин гадуур ямар ч зорилгогүй байсан ч хөтлөн алхаж, юм бүхэнтэй танилцуулсан өвөө минь. Эвий миний өвөө. Жижигхэн, хүмүүсийн хэлдгээр X хөлтэй, би ч тэрийг нь дуурайчихсан... Хараанд нь огт таарахгүй нүдний шилийг хамаагүй зүүчихдэг, авч өгсөн хувцсыг баяраар өмсөнө өө гээд шинээр нь хадгалаад хуучруулчихдаг... Эвий тэр минь. Өвөөгийнхөө гараас атган хүн болсон би одоо нэг хазгай гишгэсэн ч ямар нэг зүйл намайг татаад босоод ирэх шиг болдог. Эсвэл заримдаа бид зүгээр л тэгж найдахыг хүсдэг. Хорвоод ганцаараа үлдчихлээ, түшиж тулах, хөтлөн алхах хүн алга гэж бодохоос зүрхшээж, хүлээн зөвшөөрөхөөс айдаг болохоор тэр. Хамгийн ихээр санан бэтгэрдэг хүн минь... Яаж ч нөхөөд дүүргэж чадахгүй мэт санагдах хоосон зайг үлдээсэн хэрнээ миний үс, гар, хөлийн үзүүр, даашинзны хормой, чихний ээмэгт хүртэл зүүгдээд энэ дэлхийг хамт хараад яваа мэт ханьтай санагдуулна. Алдаа хийгээд толгойгоо атгаж суухдаа ч "За, би чадна аа" гэхэд хамт өндийгөөд ирдэг. Уйлаад сууж байхад мөрөн дээр зөөлөн товшиж өгдөг. Уух юмаа жаахан хэтрүүлчихсэн огиж зогсоход ч нуруун дээр дарж өгдөг. Намайг өөрөөс минь ч илүү сайн мэдэх мэт. Би үнэхээр их санасандаа болоод солиорох шахаж, хачин галзуу зүйлийг дэндүү их төсөөлдөг...


Сая нөхөр минь гадаад явдаг юм байна. Удаан биш л дээ, хоёр долоо хоног л. Гэвч эхний өдрөөсөө л би санаж үгүйлээд болдоггүй ээ. Бид чинь хоёр өдөр ч хол байж үзээгүй хоёр. Орой гэртээ орохоос жаахан эмээнэ. Шөнө даарна. Ажлын нөхөд, найзууд минь ч "Бэтгэрээд байгаа юм уу даа" гэнэ. Нөгөө "Аавыгаа санаад байгаа юм уу даа гэсээн" гээд Гарын таван хуруу кинон дээр гардаг шиг л. Хамгийн эрхэм, хамгийн ойр дотно байсан эрэгтэй хүн бол миний өвөө. Харин дараагийнх нь миний нөхөр. Тэгээд миний хүү. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурав минь. Би тэднийгээ дэргэд нь байхдаа ч санадаг юм. Бэтгэрэх гэдэг үг цаг хугацаа огт хамаарахгүй эд гэдгийг би энэ үед мэдсэн юм. Хоёр хоноход л би нөхрөө буцаж ирээсэй гэж хүсэх болсон. Хүү минь намайг олон цагаар явахад бас тэгж санадаг болов уу? Хэлж чадахгүй байгаа ч үнэхээр мэдэрдэг байх гэхээс зүрх хөндүүрлэнэ.

Үнэхээр бидний амьдрал нэгнээ санахын хооронд, санаад учрахын хооронд, дахин санахын тулд холдохын хооронд өнгөрдөг бололтой. Ингэж их санан гуниглаж байгаа минь намайг илүү хөглөж, бичих хүслийг минь бадраадаг бололтой. Хэрэв дэргэд чинь таны хайртай хүн сууж байвал зүгээр л нэг тэврээрэй. Бид хэзээ салахаа мэддэггүй. Салаад юу туулахаа ч тулаад ирэх хүртэл нь гадарладаггүй. Өдөр болгон дурсамж, түүх болж үлдэх албагүй, юу ч хийхгүй байлаа ч хамт байх нь л чухал. Гар хүрэхийн зайтай, дуудахад сонсох дайтай... Ийм л энгийн зүйлийг би амьдралаас хүсдэг болсон. Эд хөрөнгө, алдар нэр, тансаг хэрэглээ биш. Гар хүрэх зайтай... Бараа нь үзэгдэх, дуудахад сонсох боломжтой. Ийм л амьдралыг бас та бүхэндээ хүсье. 

Алисагийн тэмдэглэл буланг уншдаг та бүхэндээ баярлалаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
14
0
6
0
0
0

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

тарзан 2022.11.04 59.153.115.223

санаад байна

0 Хариулах


Нараа 2022.10.25 203.23.199.236

Эмээгээ яг 367 хоногийн өмнө амгалангийн оронруу нь үдсэн байна. Хайртай эмээ минь миний бүх итгэл найдвар, зориг зүрх минь байсан даа. Одоо ч бүх зүйлээс эмээгээ эрж, хайдаг хэвээр.

0 Хариулах


Зочин 2022.10.17 202.21.96.76

Газар дээрх ганц эмэгтэй дүүгээ алдчихаад бэтгэрч л явна даа, хамгийн алиа хошин зантай нь байсан нь маш их үгүйлэгддэг. Дандаа фани юм ярьж биднийг инээлгэдэг ганц хүн нь байлаа...

0 Хариулах


Joudoogii 2022.10.17 66.181.161.69

Баярлалаа, Анхзаяа эгчээ.Хайртай шүү????

0 Хариулах


Top fan shu 2022.10.16 202.21.109.152

Wattpad, ublife geed l bichsn buh ym ni setgelru orchihdg.

0 Хариулах


Namuuna 2022.10.13 202.126.88.138

Анхзаяадаа чанга тэврэлт илгээе. ????

0 Хариулах


Зочин 2022.10.12 66.181.161.99

Үнэнхүү тансаг гуниг юм, Анхзаяа. Чи бичихээ зогсоож, уншигчдаа бэтгэрүүлж болохгүй шүү!

0 Хариулах


Zulaa 2022.10.12 103.212.116.209

Odor buhen ontsgoi baij dursamj bolj uldeh albagui odor buriig dulaahan taivan medrehed l hangalttai ????

0 Хариулах