Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Алисагийн тэмдэглэл: Өгөөд л байхаас өөрийг мэддэггүй хайрын тухай


Бид өөрсдөөсөө тэс өөр нэгэнд дурлах үе бий. "Ямар хачин хүн бэ" гэж бодсоор байгаад татагдчихсан байсан гэх найзуудынхаа яриаг олон ч сонссон. Заримдаа бид өөрсдийн ертөнцийг шинэ содон зүйлээр дүүргэж, гайхшрал, сониуч зангаа тэтгэхийг хүсдэг. Заримдаа надтай ямар ч төсгүй гэдэг нь намайг догдлуулдаг... Магад би өөрөөсөө тэгтлээ уйдсан хүн ч юм уу бүү мэд. Гэхдээ л ямар нэг байдлаар бид энэ амьдралдаа бидний хэзээ ч дурлан сонсохгүйг сонсдог, мэдрэхгүйг мэдэрдэг хүнтэй таарчихдаг. Тэр догдлол, хачирхал биднийг улам татагдахад хүргэж яван явсаар бид өөрөөсөө тэс нэгнийг хайрласан байх нь бий.

Гэхдээ "Тэр миний сонирхлыг дэмжихгүй бол яах вэ" гэх айдас хамгийн түрүүнд орж ирнэ. Түүнд дуу сонсгох үед "Уйтгартай юм" гээд эвшээх болов уу, кино үзүүлэхэд дундуур нь унтчихсан байвал яана... Миний найзууд түүнд гэнэн, жаахан, "болоогүй" санагдах болов уу? Очдог газар минь түүнийг айлгаж, "Ямар хачин хүмүүс ирдэг юм" гэж бухимдах вий. Очдог тоглолт, уншдаг ном минь түүнд тэрсүүд санагдаж, намайг өөрт нь тохирохгүй нь гэж бодох вий...

Энэ айдас танд төрж байсан уу? Аа биш ээ, төрж байна уу? Магадгүй нэг өдөр төрөх ч юм билүү...

Өөртэйгөө ижил хүн олчихвол амар даа гэх бодол яагаад ч юм бидэнд байдаг шүү дээ.

Миний хувьд яг л ингэж эхэлсэн. Би Deftones сонсоно, тэр Номин талст сонсоно. Би Лана Дель Рей амандаа аялж, тэр Майкл Жексон даган дуулна. Би "арт кино" гэдэг юмаа их ярьж, аймшгийн кинонд дурлах, тэр харин эсрэгээрээ. Бид яг л эсрэг тэсрэг байх ёстой юм шиг, бүх сонирхол яаж ийгээд зөрнө. Энэ байдал намайг тэр болгон чилээдэггүй байсан ч аажимдаа би гомдох болов. Хамт догдолж үздэг байсан ч болоосой, цугтаа миний мэдэрдгийг мэдрээд сонсох юм сан, түүнд энэ кино таалагдвал сайхан ярилцах сан гээд л. Гэвч тэгэхгүй нь их. Найзуудтай минь ч уулзахгүй. Явдаг, очдог газар, арга хэмжээ дунд би ганцаарддаг байв. Тэр миний сонирхлыг хүндэлж дэмжих нь бараг миний мөрөөдөл юм шиг. 

Гэтэл аажимдаа анзаараад эхэлсэн чинь би түүний сонирхлыг хүндлэхийг хүсдэггүй байсан болж таарав. Түүнээс хүсээд байгаа зүйлээ өгч чаддаггүй байж. Монгол дуу сонсоход нь нүдээ эргэлдүүлж, хүн бүхэн л үзсэн кино биз дээ гээд үзэж байгаа киног нь анхаарахгүй. Түүний энгийн байх хүслийг анзаараагүйгээс болдог байсан юм. Заавал онцгой гоё газар орох ёстой биш, заавал онцгой содон хүмүүстэй найзлах ч албатай биш. Тэр хүн над шиг байх ямар ч алба байхгүй. Харин ч байгаагаараа ямар гоё хүн бэ гэдгийг би харж эхлэв.

Өөрөөсөө өөр зүйлтэй нүүр тулахдаа бид анхнаасаа л ингэдэг бололтой. Дургүйцсэн, таалагдахгүй байгаа өнгө аясыг харуулж мэдрүүлж эхэлнэ. Хүрээлэл үүсгээд тэрэн дотроо тухтай гэгч нь оршиж байсан хүн чинь тэс ондоо зүйл хараад эхлэхээрээ тэгдэг бололтой. Тэгэхээр эхлээд өөрийгөө анзаарч, тэр хүнээс юу хүсээд байна, түүнийгээ зөрүүлж өгөх хэрэгтэй бололтой. Хангалттай тэтгэж, сонирхлыг нь хүлээн зөвшөөрч, хамт байх, дэмжих гээд л. Тэгж байж би нөгөө хүнээсээ адилхан зүйл нэхэн хүлээх эрхтэй болох бололтой юм. 

Миний хувьд юмс зөв эргэсэн гэх юм уу. Би түүний сонсдог дуунуудыг даган дуулдаг болж, очдог газар нь, сонголтуудыг нь хүлээн зөвшөөрч, дэмжиж, бүр надад таалагддаг болов. Аажмаар тэр ч мөн над руу уусаж эхэлсэн. Үздэг киног минь хамт үзэж, найзуудтай минь суун ярилцаж, очдог газрыг минь зорих болов. Нэг нэгэндээ бид бага багаар ууссаар "Би, чи" гэх зүйлгүй болж зүгээр л "Бид" болов. Тэр надад юу чухал болохыг мэднэ. Намайг уран гулгагч Юзүрү Ханю, BTS-ийн Юнгигийн зургуудыг цуглуулж, шүтээд байхад л хайрлаад л байна. Өөр хүмүүс "шал хачин юм, нөхөр чинь уурладаггүй юм уу" гэсэн ч тэр намайг зэмлэсэнгүй. Харин ч зургуудыг нь хэвлэн өгч суух юм. Нэг нэгэндээ уусах нь надад ганцаараа байснаас сайхан санагдах болсон. Яг л миний хоосон хэсэг бүрийг тэр сайхан, сонин, энгийн гээд өөрийн бүхнээрээ дүүргэж өгөөд байх шиг. Нэг талаа барьсан, хэт туйлширсан би биш, өөр өөрийн өнгөөрөө ууссан нэгэн бүхэл, юунд ч нээлттэй, юуг ч чадах... Энэ бидний харилцааг бэхжүүлж, тулж эхэлсэн юм. Өмнө нь үерхэж, харилцаж байсан хүмүүсээ эргээд бодох нь ээ, би дандаа л өөртэйгөө ижил хүнийг хайж явжээ. Гэвч би ганцаардсаар л байсан. Бүрэн дүүрэн болохгүй, би хөгжиж тэлэхгүй байв. Би өөрчлөгдөх ямар ч хүсэлгүй, нөгөө хүнээ ойлгохыг ч хүсэмгүй омголон. Өөрийгөө хайрлахгүй, бусдыг ч хайрлахгүй...

Өөрөөсөө өөр хүнтэй учрах нь бидэнд өвөрмөц нээлт болдог. Тийм ч болохоор үр дүн ямагт азтай байхгүй нь харамсалтай. Заримдаа бид гөжүүдэлсээр дуусна. Тэр хүнээ ойлгохыг хүсэхгүй, түүний төлөө өөрчлөгдөхийг хүсэхгүй, таалагдахгүй, тухтай бүсээсээ гарахыг бодохгүй. Эсвэл эсрэгээрээ тэр хүн чамайг гомдооно. Чиний төлөө хичээхийг хүсэхгүй. Чи өгөөд л, өгөөд л, өөрчлөгдөөд л... Тэр гэтэл байдгаараа. Чиний сонирхлыг хүндлэхгүй. Харин ч чамайг доош татна, чадахгүй гэж мэдрүүлнэ, хорьж цагдана, чи л болохгүй байна гэж мэдрүүлсээр... Энэ бол буруу. Энэ бол "өөр" байхын нөгөө тал. 

Чи бүх зүйлээ түүнд зориулж, түүнд дууч шувуухай шиг хайрын дуугаа илгээж, өөрийн утсыг хөвөн түүнд ороолт нэхсээр байна. Чи түүнийг дулаан, жаргалтай байлгахыг хүснэ. Энэ бол хүндлэх ёстой хайр. Гэтэл тэр хүн чинь өөрчлөгдөхгүй бол яах вэ? Би шуудхан хэлж байгаа нь буруу байж магадгүй ч, хоёул хамт байхдаа гэрэлтүүлж, нэгнээ дулаацуулж чалахгүй ганцаар уйлах, гомдох хайр чамайг хайрах хүйтэн л болох болно. Бид түүнд боломж олгож болно. Нэг, хоёр, гурав... Хэдэн удаа өгч байж бид өгөх юмгүй үлдсэнээ ойлгох бол? Яагаад нэгнээ хүндлэх, сонсох, дэмжих, хүлцэх, хичээх тийм хэцүү байдаг юм бол гэж бодож байсан уу? Заримдаа хангалттай гэж бодогдоод, холдохыг хүсэвч чадахгүй байна уу? Чи өөрийн гэсэн сайхан бүхнээсээ түүнд өгч хуваалцсаар, одоо тэр чиний салж хагацамгүй нэг хэсэг гэж санагдаж байгаагийнх. Би яг одоо чамайг ийм зүйлтэй нүүр тулж байгаа бол бүхнийг нүцгэнээр харж үзэхийг хүсэж байна. Түүнийг дааруулахгүйн тулд өгсөн малгай ороолт, түүний сэтгэлийг дүүргэхийн тулд хэлсэн хийсэн бүхнээ, түүнийг "Ийм байж чадна" гэж найдсан бүх хүлээлтээ, тэр ингэж бодож байгаа болов уу, ухаарсан байх гэсэн бүх найдлагаа тайл. Тэр хүнийг яг нүцгэнээр нь л хар. Чамд хэлдэг үг, гэхдээ хааяахан хэлж байсан сайхан үг биш, байнга хэлдэг үгийг, чиний төлөө хийсэн зүйлсийг, бас хийгээгүй зүйлсийг. Анх удаа түүнтэй дахин таарч байна гээд төсөөлөөд үз. Чи өгсөн сэтгэл, хайр бүхнээ мартаад, түүнтэй цаг хугацааны эхэнд дахин таарахдаа дахин бүхнийг оролдоод үзэх байсан уу? Чи дахиад энэ хүртэл туулж ирсэн бүхнийг үнэхээр дахиад түүнтэй туулах үнэ цэнтэй гэж бодож байна уу? 

Чиний хайр өөрийг чинь дүүргэж дийлэхгүй байгаа байх. Учир нь чи өөрт чинь эргүүлээд өгөх биш авахыг л мэддэг хүнтэй цуг байж мэднэ. Тиймээс өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэн нэгэн чамд нөлөөлөхгүй орчинд, бүх хүлээлтээ мартаж байгаад бодит байдлыг дүгнээрэй. Хэрэв чи тэр бүхний эцэст нь урсгасан нулимс, гомдол, харуусал болгон чинь илүү тод байсныг, дандаа л ямар нэг зүйл хүлээн амьдрах ямар хэцүү байсныг мэдэрвэл, уншиж байгаа чамд л гэж зөвлөхөд... Хайр өгөх хүн дэндүү их бий. Тэр дундаас чи нэгдүгээрт байх ёстой. Өөрийгөө хэзээ ч мартаж болохгүй. Өөртөө бас авах ёстойгоо сана. Хийж чадах бүхнээ хийж, түүний төлөө хичээсэн бол одоо харамсах зүйл байхгүй ээ. Энэ бүхэн чиний буруу биш гэж би хэлнэ. Бид амьдралдаа маш олон зүйлтэй нүүр тулдаг. Тэр дунд энэ шарх бас байх л ёстой байсан. Гэхдээ чи өөрийгөө мартаж болохгүй. Чи уйлахгүй инээх ёстой. Бүр тэгэх эрхтэй. Чи эрүүл, аз жаргалтай, дүүрэн хайрыг мэдрэх эрхтэй. Тэр нь одоо биш байж. Энэ биш байж. Тэгээд л болоо. Намар тэгээд өвөл, хавар, зун... Чи ирэх зуны борооноор жаргалтай инээмсэглэж байх болно. Өөртөө ингэж амла. Тэгээд өөрийгөө жаргалтай байлгахын төлөө бүхнийг хий. Би хийсэн... Би орхисон. Би жаргалтай болсон. Би ирэх зун нь жаргалтайгаар инээмсэглэж байсан. Өөртөө өгсөн амлалтаа би зөрчиж чадаагүй болохоор, өөртөө би тийм хайртай байсан болохоор дахин дутуу хоосон мэдрэмж авахгүй гэж шийдсэн юм. 

Үүнийг уншиж буй чамд зөвлөх зүйл энэ л байна. Хайр өгөх хүн дэндүү их бий. Гэхдээ чи хэнээс авах вэ? Чи яах болж байна? Учир нь чи чухал. Чи хайрлагдах ёстой. Өөрийгөө хайрлаж эхлэх нь хамгийн эхний алхам. Бид бусдын төлөө дэндүү ихийг хийж, зориулсан... Зөв хүнтэйгээ учрах хүртэл, хайр өгөөд л байхын нэр биш гэдгийг харах хүртлээ чи өөрийгөө байж болох хамгийн гэгээнээр хайрлаарай. 

Алисагийн тэмдэглэлтэй хамт байдагт баярлалаа.

Beautiful illustrations by: 中下游

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.