Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Дахиад, бүр эхнээс нь...


Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн наадам хаалтаа хийхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жил Монгол улсын павильон Засгийн газрын бодлого, Соёлын яамны үйл ажиллагааны хүрээнд оролцож байгаагаар онцлог байлаа. Энэ оны 4-р сарын 20-ны өдөр нээлтээ хийсэн уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн "Гүнээс гүнд" нэртэй үзэсгэлэнг одоогоор 70.000 гаруй хүн үзэж сонирхжээ. Мөн олон улсын 40 гаруй сэтгүүл, сонинд монгол улсын үзэсэглэнгийн талаар мэдээ, нийтлэл бичигдсэн байна. Энэ удаад урлаг судлаач М.Батзоригийн тус наадмын талаар бичсэн 3 дэхь бичвэр болох Испанийн павильоны тухай "Дахиад, бүр эхнээс нь ..." нэртэй нийтлэлийг хүргэж байна.

Дахиад, бүр эхнээс нь...

2022 оны венецийн беннальд илүү давамгай байсан гэж болох сюрреалист, феминист өнгө аясын зэрэгцээ сонирхохгүй өнгөрч боломгүй нэгэн хандлага байсан нь аливааг сайтар эргэцүүлэх тухай өгүүлдэг гэж болох консептуалист бодомжууд байв. Францын Марсэл Дюшан, германы Жосиф Бойз, америкийн Жосиф Косут зэрэг нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн мундаг эрчүүдээр эхлэн Опэнхайм, Ёоко Оно, Мона Хатум гэсэн хүчирхэг эмэгтэйчүүдээр ч үргэлжлэн уртаас урт жагсаалт гаргаж болох энэ хандлагыг ХХ зууны урлагт гарсан нэгэн урсгал гэж үзэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл аливааг дахин дахин, бүр цаад уг үндэс, сууриас нь сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй гэдэг үзэл санаа хүн төрөлхтөний бүхий л үед чухал байсаар ирсэн бөгөөд урлагийн нэг урсгалаас ч хавьгүй агуу өргөн ойлголт юм. Үүгээрээ сюрреализмийн өвөг үлгэр, домгийн сэтгэлгээ ч адил санагддаг. Ямартай ч дээр өгүүлсэн, орчин цагийн консептуализмын эцэг ч гэж болох Ж.Косутын “Урлаг бол ямар нэг эд зүйл биш хүчирхэг, мэргэн санаа юм” гэсэн үг энэ чиглэлийнхнийг бараг тодорхойлчихно. Санаа гэдэг нь жирийн нэг зэрвэс бодол бус үзэгчийн сэтгэлд хоногшин үлдээд, дараа нь хаа нэгтээх сэр сэр дурсамжаас урган гарч ирдэг, өөрөөр хэлбэл дахин дахин сэрээгддэг эргэцүүллийг хэлж байгаа аж. Буддийн шашинд зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг бясалган бодох тусам эцэстээ зовлон гэж үгүй хоосон чанарт хүрч болох санаа ч бий. Харин консептуалистууд өнөөдрийн дэлхий ертөнцөөр дүүрэн байгаа шийдвэрлэгдэж, эцэслэгдээгүй нээлттэй асуудлуудыг дахин дахин бодож, ярьж, хэлэлцэж байх хэрэгтэй гэж үздэг. Товчхондоо тэд аливаа асуудлыг мухарлаж, нэг мөр шийддэггүй бөгөөд сонирхолтой бодомж, маргаан, өдөөлт бий болгож, асуудал байсаар л байгаа шүү гэсэн мэдрэмжийг чухалчилдаг.

Энэ бичвэрт 2022 оны бенналиас энэ бүхэнтэй ойр байж болохоор испани болон германы үзэсгэлэнг өөрийн ойлгосон хэмжээнд бага зэрэг тодруулан өгүүлэхийг хичээе. Энэ хоёр улс бол бүс нутагтаа үзүүлэх нөлөө, эдийн засгийн чадамж, нийгмийн хөгжлөөрөө ч өнөө цагийн хүчирхэг гүрнүүд. Ийм орнуудын урлагийн өнөөгийн хүрсэн түвшнийг ажиглах тусам аливаа хөгжил дэвшил гэдэг нь аль нэг салбар түрүүлж онцгойрон хөгжих бололцоогүй цогц, уялдмал зүйл юм даа гэх бодол эрхгүй төрнө. Тиймээс тэд бенналь бүрт ямар нэг хүчирхэг онцгойрлыг үлдээхийн төлөө л тэмцэлддэг. Испани болон германы энэ жилийн павилионуудыг төстэй хэмээн үзээд нэгэн бичвэрт багтааж ярих шалтгаан бол тэд үзэсгэлэнгийнхээ танхимыг тэр чигт нь өөрчлөх замаар шинэ бодомжийг бий болгохдоо хоёр өөр аргаар төстэй санааг илэрхийлжээ хэмээн надад буусан хэрэг.

Испани улс энэ жил Игнаси Абали хэмээх бүтээлчийн “Correction” гэсэн нэртэй нэгэн өвөрмөц төслөөр оролцов. Консептуализмаас гадна эндээс минимализм мэдрэгдэнэ. Учир нь эл үзэсгэлэнгээс ямар нэг бүтээл, хайгаад олохгүй. Цав цагаан танхим нь хэвээрээ л цэлийтэл харагдана. Тиймээс бүтээл хайгаад олоогүй зарим нь эргэлзээнд орж, яг юунд ороод ирэв ээ? гэсэн гайхшрал төрөхийн зэрэгцээ, буцаж очоод үүдэнд байгаа тайлбар бүхий бичвэрийг дахин очиж үзсэнээр бүтээлч болон кураторуудын хэлэх гэсэн санаанд нэвтэрнэ. 

Учир нь Игнаси Абали зүгээр л үзэсгэлэнгийнхээ танхимынхаа өмнө нь байсан ерөнхий хуваалтыг бага зэрэг (10 градус) жишүүлсэн яг адилхан хуваалтыг зэрэгцүүлэн хийсэн байв. Нэмэлт хуваалтаа яг өмнөх байсан ханатай нь адилхан болгоод янзалчихсан болохоор өмнөх байшин илүү олон булантай болж, санаандгүй сонирхолтой хэлбэр үүсч, хаалга байсан газар шинэ ба хуучин гэсэн хоёр хаалга  бий болж нарийхан завсар, дээрээс тусах гэрлийн нөлөөгөөр үүсэх гэрэл сүүдрийн хугарал, хувирал, шилжилтүүдийг харж болохуйц нэгэн сонирхолтой бүтэц болгожээ. Энд шинэ хуучин хоёр зэрэгцэн харагдаж байгаа нь, мөн энэ хоёрын хоршил дундаас сонирхолтой бодомжууд үүсээд байгаа нь тун сонирхолтой. Харин бүтээлч өөрөө энэ бүхнээ (байшингаа) баримал гэж үзээд хэлбэр дээр нь ажилласан гэсэн утгаар ч бас тайлбарлажээ. Сонирхолтой л тайлбар. Мөн тэрээр энэ санаагаа хэлбэрийг нь гажуудуулсан, хазайлгасан, мурийлгасан гэсэн утгаар тайлбарласан байсан ч үзэсгэлэнгийн нэр зөвтгөл гэсэн утгаар ойлгож болохуйц байгаа нь бас нэг сонирхолтой эсрэгцэл санагдав.

Ер нь консептуалистууд үг, үгийн язгуур санаа, хоёрдмол утга бүхий өгүүлбэр, парадокс зэрэг хэл шинжлэлийн гэмээр ойлголтуудад маш их ач холбогдол өгдөг. Урлаг өөрөө хэл. Тиймээс хэлэн дэх тайлбарын боломжууд, олон салаа болон чөлөөт утгуудыг чухалчилдгаараа тэд бол өнөө цагийн дүрслэх урлаг доторх хамгийн гүн ухаанлаг хэсэг нь гэж санагддаг. Тийм чанарт нь үзэгчдийн зарим нь татагддаг бол нөгөө хэсэг нь яг ийм чанараас нь цэрвэдэг. Яагаад гэвэл хүн төрөлхтөний бий болгочихоод байгаа өнөөдрийн дэлхий ертөнц нь нэг талаасаа аливааг ул суурьтай, дахин дахин бодож тунгаах сэхээ чөлөөгүй бужигнаан юм. Энд хурд л чухал. Харин консептуал хандлага бол илүү шашинлаг, философилог учраас үйлдэл гэхээс илүү бодол, санааг чухалчилдгаас зөрчилдөөн үүсэх нь мэдээж. Гэхдээ үзэгчдийн нөгөө хэсэг нь энэ бүх орооцолдсон бодлуудад татагдсаар, бас тэр бодолдоо чөлөөтэй умбаж болох буйдхан, нам гүм орчныг хайсаар л байна. Хөл хөдөлгөөн, дуу чимээнд алжаасандаа тэгдэг ч  биз. Испани бүтээлч Игнаси Абалигийн бий болгосон хоосон, саруулхан, давчуу, шахуу хослосон энэ талбай бол хүн амьдрахад, эсвэл хэрэглэхэд зориулсан өрөө тасалгаа биш зүгээр л бясалгал хийж эсвэл өнөөдрийн урлаг юу болж хувирчихаад байгаа тухай бодоход зориулсан сонирхолтой орон зай гэж санагдав. Энэ танхимд бүтээл биш зүгээр дээврийн цонхоор тусах нарны нөлөөгөөр өөрчлөгдөн хувирч байгаа сонирхолтой гэрэл, сүүдрийн солигдлыг ажиглаж зогсоход зохиогч (автор)-ийн тухай ч бодол руу ч хөтөлнө.  

Харин эл үзэсгэлэнтэй агаар нэг санагдсан удаах өвөрмөц орон зай бол жил бүрийн беннальд маш орчин үеийн өнгө төрх, чадварлаг нямбай гүйцэтгэл, хүч, хэлэмж гээд бүх л зүйлээрээ тэгш онцгойрон оролцдог герман улсын “Шилжүүлсэн бүтэц” хэмээх төсөл байлаа. Энэ жил Мариа Аяхорн хэмээх концептуалист эмэгтэйн үзэсгэлэнг зэхсэн нь бас л өмнөх үзэсгэлэн шиг ямар нэг үзмэргүй байлаа. Венецийн Жиардинид байрлах бараг зуун жилийн түүхтэй үзэсгэлэнгийн танхимынхаа хана, шалыг нь хуулж харуулахдаа барилгын доторх, далд бүтээц бүрийг гаргаж харуулахыг зорьсноороо өмнөх үзэсгэлэнгээс ялгаатай байв. Үзэсгэлэн дэглэх явц дуусаагүй байгаа юм болов уу хэмээн эргэлзэхээр. Энэ нь аливааг бүр цаад язгуураас нь уудлан харахыг хүсэж буй нэгэн сонирхолтой өнцөг мөн боловч гаднаасаа бол зүгээр л сүйтгэл, нураалт юм шиг. Бенналь болгоны үеэр байрлуулсан бүтээл, үзэсгэлэн болон бүтээлчийн талаар л шуугиад өнгөрдөг байснаас өөрөөр, үзэсгэлэнгийнхээ танхимынхаа барилгын далд байсан зүйлсийг хуулж, ухаж гаргаад хүмүүст харуулах нь тун мэргэн бас хүчирхэг онцгойрол гэж санагдав.

Герман улс анх 1909 онд венецид өөрийн гэсэн павилионтой болохдоо Баварийн гэсэн нэртэй байснаа, 1912 онд Германы болгон өөрчилжээ. Энэ нь Даниэл Донги хэмээх архитекторын неоклассик стилийн барилга байсан ба удалгүй элэгдэж, муудсанаас 1938 онд Эрнст Хайгэр гэх архитекторын зургаар дахин шинээр өөрчлөн барьсан гэнэ. Хүйтэн дайны үед ардчилсан герман улс нацист дэглэмийн үед баригдсан уг барилгад үзэсгэлэнгээ гаргахаас татгалзаж байжээ. Харин хоёр герман нэгдсэний дараачаас буюу 1993 оны беннальд оролцсон бүтээлч Ханс Хаак бас бүтээлээрээ уг барилгад нэг том өөрчлөлт хийж байсан нь нацизмын үеийн нүсэр гантиг шалыг нь эвдлэн, буулгажээ. Мөн үзэсгэлэнгийнхээ үүдний орох хэсэгт Гитлер болон Муссолини нар 1930-аад оны үед венецийн беннальд зочилсон түүхэн гэрэл зургийг томоор хэвлэн байрлуулсан нь ихэд шуугиан болж байжээ. Энэ санаа эсвэл одоо ч тухайн барилгад шингээтэй л байгаа нацист архитекторын шийдэл зэрэг нь Мария Аяхорнд санаагаа олох нэг хөшүүрэг болсон байж ч мэднэ. Гэхдээ энэ удаад хүмүүс тус павилионы барилгын доод газар, шороо, суурь, олон жилийн өмнө өрж байсан тоосго, цемент, ханын шавар, шохой, будаг зэргийг харангаа цагийн эрхээр нэгдэх, салахаас өгсүүлээд, хувирал өөрчлөлт, бүтээх, нураахын талаарх олон зүйлтэй холбож болохоор байна. Надад л лав хэзээ ч юм нэгэн цагт энэ барилгыг ийм болгохоор ядартлаа ажиллаж байсан хүмүүсийн үлдээсэн далд байсан ул мөрийг уудлаад гаргаад ирсэн юм шиг санагдаж, тэр нь цаг хугацааны тухай, мөн энэ бол өнгөрөгч зууны түүхэнд сайнаараа ч, муугаараа ч дуурсагдах энэ хүчирхэг гүрэн өөрийн түүхийнхээ нэг хэсгийг байгаагаар нь нүцгэлэн харуулж буй зориг, зүрх юм байна хэмээн бодогдож байв.

Мария Аяхорн 1990-ээд оноос эхлэн нэг талаараа урлаг хэмээн тооцогдоход төвөгтэй, эрх чөлөөний хүртээмж, баян хоосны ялгаа, гадуурхалт, хил хязгаар, хотжилт, суурьшлыг дагасан маргаантай асуудлууд гэх мэт өнөөгийн нийгэм дотор бидэнтэй зэрэгцэн оршсоор байгаа далд, хөндүүр зөрчилдөөнүүдийг архивын болон судалгааны материал дээр тулгуурлан бүтээлч санаа болгон гаргаж иржээ. 

Тэр өөрөө ч энэ бүх хүмүүнлэг үзэл санаагаа уйгагүй талбарласан яриа, хэлэлцүүлэг гэх мэт нөлөөлийн ажлуудыг хийсээр ирсэн нь тэрний консептуалист санаа бол урлаг, сайн дурын ажил, хүний эрхийн төлөө тэмцэл гэх мэт үйл ажиллагаануудын заагт байна. Тэрний зарим ажил мөнгөтэй, боловсролтой гэж өөрсдийгөө тооцдог нийгмийн цөөнхөд зориулагдчихаад байгаа өнөөдрийн урлагийн ертөнц дэх тогтсон загварыг ч шүүмжилснээрээ өөрийг нь урьж оролцуулсан, энэ цаг үеийн алдартай урлагийн наадмуудыг зохион байгуулагчдын цаад суурь санаатай ч зөрчилддөг нь надад л лав их таалагдав...  

Ер нь аливаа барилга хэн нэг архитекторын бүтээл болохоор тэр бүтээлчийн хийсэн хуваалт, шийдэл мөн юм. Тиймээс танхимыг нэг төрлийн бүтэц хэмээн тооцож болох бөгөөд өмнөх бенналиудад оролцож байсан бүтээлчид энэ бүтцэд захирагдсан үзэсгэлэнгүүдийг хийсээр ирсэн тэр загварыг өөрчлөхийг зорьж буй нь энд онцлон ярьж буй хоёр үзэсгэлэнгээс адилхан мэдэрч болох хүчирхэг мэргэн санаа байлаа.        

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
4 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.