Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

"Poetry night" эвентийн зочин найрагчдын "Болор цом"-ын тайзнаа уншсан НАЙМАН шүлэг


“Болор цом” яруу найргийн наадам уржигдар 40 дэх удаагаа явагдаж Мягмарын Амархүү түрүүлэн, Д.Галсансүх дэд байрт шалгарсан билээ. Ub.life сайт болон Fat Cat  жазз клубээс тогтмол зохион байгуулдаг "Poetry night" эвентэд зочин найрагчаар уригдаж байсан Д.Галсансүх, Ц.Гончиг, О.Цэнд-Аюуш, О.Элбэгтөгс, Л.Лхагвасүрэн, Д.Сосорбарам, Д.Нямдорж, Б.Жамбалдорж нарын "Болор цом"-ын тайзнаа уншсан шүлгүүдийг толилуулж байна.


"Болор цом"-ын эзэн Дэжидмаагийн Галсансүх

"Галсансүх бол эрин цагийнхаа хамгийн чөлөөт сэтгэлгээтэй яруу найрагч гэдгийг бид мэднэ. Бас үгсийн найрслыг өөрийн дураар эрхшээж, гагцхүү Галсансүхэд хамаарах онцлог бүхий яруу найргийн “тиг” бүтээж, “цэцэн тэнэг, зөв буруу, хайр жигшил, үзэн ядалт өршөөл, сайхан ба муухай” зэргээр метафилософийн асуудлуудад хариулт өгдөг..." хэмээн судлаач П.Батхуяг тэмдэглэсэн байдаг. Тэрээр "Болор цом"-ын сүүлийн шатнаа "Сэтгэлзүйн тууриуд" шүлгээ дуудсан юм. Гэхдээ түүний "Хятад сургууль" нэртэй шүлэг үзэгчдийг шуугиулж, заалыг эрчим хүчээр улалзуулсан тул энд онцлон хуваалцаж байна. 

Саарал тоосгон Хятад сургуулийн байшинг үзвээс

Санаанаас гардаггүй Цагаан хэрэм, Цавчаал боомтын үлдэгдэл шиг санагдаад

Улаан туг ба уралдан шулагнах эрлийз, хурлийз сурагчдыг нь харваас

Урьдын түүхнээ Амбагай хааныг хадсан модон илжиг бодогдоод

Өөхөнд боодолтой үнхэлцэг шиг үрсээ энэ сургуульд тушаах монголчууд ба

Өнөөх Шинжаан, Өвөр Монголыг хятадчилан хүмүүжүүлэх хорих 

газар шиг үзэгдэх ба

Тортой өргөстэй хашаа ба ТЭР сургуулийн төмөр хашааг харваас

Тэнгэр мэнгэрт байгаа дээдсийн сүнс харанхуйлан хавчуулагдсан ба

Ай, Мөнхийн хөрш минь гээд ам руугаа сэтгэл рүүгээ

алагдуулах монголчуудад Нэг зам, Нэг Хятад гээд

нүдүүлж, зодуулж ,уусч устах урт зам тоссон ба

Нялуун хоол ба үгэнд үхтлээ автах аюултай ба

Оршуулгын газрын бунхан шиг зэвхий энэ сургууль дотор

Одоо ч маниусыг нядлах ирт мэсийг ирлэх ба 

Барилгачин ажилчдын дэрэн дороос олдсон цэрэгжлийн сурах бичиг шиг

Баахан дотор санаатай амьдрахгүй л бол болохгүй аймшигтай хятад сургууль ба

Зуун айл, Зайсан толгой гээд зориуд олшруулсан хятад сургууль ба

Зугтаж ид гэх Күнзийн суртал шиг ЗОРГООРоо маниусыг зуусан ба

Эрдэм ухаанаар эцэж цуцатлаа элдүүлэвч цаашаа санаа сууж

Эргээд ээж, ааваа ч эх нутгаа ч ХЯТАД ХООЛоор худалдах ба

Хятад хүн болж төрөөд ханх тавиж явснаас

Харь гаригийн хүн болж төрсөн нь хувь илүү ба

Монгол хүн л ингэж мохошгүйгээр мэдэрч, мэдэж чадах ба

Мянга мянган жил морио эмээллээд урагшаа ухас хийхдээ үүнийг ухсан ба.


"Болор цом"-ын эзэн Оюунцэцэгийн Цэнд-Аюуш

Тухайн жилийн “Болор цом” наадмын шүүгчээр ажилласан утга зохиол судлаач П.Батхуягаас нэгэн сурвалжлагч "Болор цом"-д яруу найрагч Цэнд-Аюушийг түрүүлүүлсэн нь наадмын нэр хүндийг өсгөх зорилго байсан уу?" хэмээн асуусанд "Авьяастай хүүхэд авдгаа авч байхад элдэв зорилго байлаа гээд байна гээд яах вэ дээ. Энэ жил ч биш сүүлийн хэдэн жил Цэнд-Аюуш илүү байсан. Илүү байсан гэдэг нь шүлгийн хувьд. Даравч дардайна гэдэг юм. Тэр л ёсоор болсон" гэж хариулсан байдаг. О.Цэнд-Аюуш найрагч өнөө жил дан түүхэн шүлгүүд уншсан ба Хорезмыг бут цохисон 1218 оны дурсгалд зориулсан шүлгээ дуудан гуравдугаар байрт шалгарсан билээ. Түүний "Самаркандын Өчил" шүлгийг хуваалцаж байна.

Тоосго болгон минь тоос байж

Шавар болгон минь элс байж

Төмөр болгон минь үртэс байж

Торго болгон минь хяруус байжээ

Хүн ард минь мөхөс байж

Хүч чадал минь сувс байж

Алдар нэр минь өөдөс байжээ

Алт мөнгө минь хялгас байжээ

Бардам зан минь үнс байсан байна

Баатар эрс минь тос байсан байна

Хана хэрэм минь давс байсан байна

Хаад ихэс минь ховс байсан байна

Зүүд шиг Монголын хүслийг тулж

Зуун элчийн амийг хөнөөж

Зүүгээр барыг хатгасан

Шах, Султаныхаа гэм нүглийг бид

Шарилуудаараа төлж байна

Аллах тэнгэр минь бидний сүнсийг гуйж

Агуу Чингисийн гарыг зөөлөн үнсээрэй.


Цэрэннадмидын Гончиг

Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо аж төрж, уран бүтээлээ туурвигч Ц.Гончиг өнөө жил "Болор цом" наадмын тайзнаа хоёр дахь удаагаа шүлгээ дуудаж тавдугаар байрт шалгарсан юм. Тэрээр яруу найргийн төрлөөр “Дээврээс дуслах хавар”, “Цэцгийн нэртэй сууринд” номуудыг хэвлүүлсэн билээ. 

Ээж минь ганцаараа хөзөр тоглож сууна. 

Эхэлж явснаа нөгөө талаас нь дарж 

Эргүүлж гаргасанаа дийлэлгүй атгаж байна. 

Энэ ширээний нөгөө талд хүү минь байгаа гэж төсөөлөхөөр 

Эрх ачдаа ижий минь хэргээр хожигдох нь мэдрэгдэнэ. 

Ийм л өрөвчхөн ижий минь ганцаар хөзөр тоглож сууна 

Улнаас татсанаа  эвлүүлж дуусаад мууг нь шиднэ 

Урьдаж атгасанаа унтуулж орхиод ахиад л гарна 

Ирсэн хөзрөө дарах  гэж их л удаан бодож суугаа 

Энэ тоглоомын нөгөө талд аав минь суугаа гэж төсөөлөхөөр 

Эрхлэн туних ээж минь хожиж байгаа нь үзэгдэнэ. 

Ийм л жаргалаар ижий минь хөзөр тоглож сууна 

Өөр лүү гээ явж, өөрийнхөө модыг дарсаар 

Өөрийгөө хожиж, өөртөө бас хожигдож байна. 

Өгөө аваа тэнцүүхэн тоглож суугаа таны минь 

Өрөөтэй ширээний эсрэг нь бурхан байгаа гэж төсөөлөхөөр  

Ижилхэн хоёр бурханаас таныгаа би ялгахгүй. 

Ээж минь заавал дийлэх юм шиг итгэл сүслэл төрж байна. 

Эвийдээ!!! 

Ижий минь ингэж хөзрөөр тоглож сууна 

Энэ хорвоо харин ээжээр минь хөзөр шиг л тоглож байна.


Дагийраазайн Нямдорж

Тэрбээр яруу найргийн төрлөөр "Наран гараг" (2006), "Эр тагтааны гуниг" (2008), "Өвсний нүд" (2011), "Хусны навч" (2012), "Хараацай" (2015), "Тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа" (2018) номуудыг хэвлүүлсэн билээ. Түүний "Болор цом"-н тайзнаа дуудсан "ҮХЭЛ ба БИ" шүлгийг хуваалцаж байна.

Үхэл намайг дуудаагүй, 

         үхлийг би дуудаагүй:  

Эхийн хэвлийд хамт бүрэлдэж, 

         эцгийн гар дээр хамт унасан. 

Аз жаргалын алимыг хамт хуваалцаж 

         ад зэтгэрийн санааг хамт төрүүлсэн.

Үүсгэл, төгсгөл хоёр нэгнээ үүтгэдэг шиг 

         үхэл бид хоёр үргэлж хамт байсан. 


Үхлийг би эрээгүй - Үхэл намайг эрээгүй:

Харанхуй буланд тэр хутга барьж отоогүй, 

       халтирч унахад хавцал руу түлхээгүй.

Гэгээн өдрөөр тэр сүүдэр шиг дагаж анаагүй, 

      гэмтэж бэртэхэд шархан дээр давс үрээгүй.


Үхэл намайг эрээгүй - Үхлийг би эрээгүй:  

Гомдож тунихдаа би байшин дээрээс үсрээгүй, 

      гутарч цөхрөхдөө боомилох дээс хайгаагүй.

Зовж шаналахдаа би дарсандаа хор хутгаагүй,   

      зүдэрч туйлдахдаа зүрхэндээ мэс хүргээгүй.

Үйл, үр хоёр үргэлжлэн урсдаг шиг

      үхэл бид хоёр үргэлж хамт байсан.  


Үхэл намайг хүлээгээгүй, 

   үхлийг би хүлээгээгүй: 

Амраг бүсгүйн уруулыг хамт озож, 

      атаат дайсныхаа гарыг хамт атгасан. 

Үр хүүхдүүддээ бүүвэйн дуу хамт аялж, 

       өвөг дээдсээ буцахад хамт нутаглуулсан.

Үнэн, худал хоёр зэрэгцэн оршдог шиг

       үхэл бид хоёр үргэлж хамт байсан.   


Үзэгдэх төрх минь амьдрал ч мөн, үхэл ч мөн! 

Үл үзэгдэх төрх минь үхэл ч мөн, амьдрал ч мөн! 

Үүрд мөнхийн нойронд зуурхан сэрж зүүдлэхэд  

Үхэл, амьдрал үнэндээ нэг л гэдгийг ойлгоно.


Ороолонгийн Элбэгтөгс

"Хөх мэдрэхүй" бүлгэмийн гишүүн О.Элбэгтөгс яруу найргийн төрлөөр "Чимээгүй хот", "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Тэнцвэр" номууд, мөн "Бүслэлт" өгүүллэгийн түүвэр хэвлүүлээд буй юм. Яруу найрагч О.Содномпил "УРБАН"шүлгүүдтэй найрагч бол О.Элбэгтөгс хэмээн онцолжээ. "Түүний шүлгүүдээс, нийгмээс шалтгаантай сэрэл мэдрэмжүүд, айдас, түгшүүр, шаналал зовнил, үзэн ядалт, ганцаардал шазуур, зөрчилдөөн байж ядсан цухал мэдрэгдэнэ. Тэр бол орчин цагийн нийгмийн дуу хоолой" гэдгийг мөн тодотгосон байдаг. Яруу найрагч О.Элбэгтөгсийн хүүхдүүддээ зориулан бичсэн "Өдөр бүхэн нартай" шүлгийг хуваалцаж байна.

I

Загнаж, зандарч, аргадаж, хайрладаг тоглоомнуудаа

заримыг нь өвөртлөөд хүү минь унтаж байна

Энэ орчлонг тэр л хамгийн бодитоор харж

эмх цэгцтэй байлгахын тулд өдөржин тоглодог юм

Шувуудтай ярилцдаг бяцхан чиний минь нүдэнд

шоргоолжны үүр чухамдаа ямар харагддаг болохыг

шороотой нөхөрлөдөг чиний минь сонор зөөлөн чихэнд

шонгийн утсаар салхи яаж хөгжим тоглодгийг

эрвээхийтэй уралддаг чиний минь жижигхэн майга хөлийг 

энэ газар шороо хэрхэн тулж өгдөгийг 

мэддэгсэн бол аав нь хүүтэйгээ хамт

маргааш ажилдаа явалгүй тоглоод л байх байлаа

II

Өдөр бүхэн нартай өнгө өнгийн шувуудтай

Өө ийм л амьдралын төлөө хөлсөө дуслуулах ч багадна

Өө энэ бүхний шалтгаан хөлөөрөө алхдагт л оршино

Өдөр бүхэн одтой өөр ертөнцийн зүүдтэй

Өө эх газраас надруу хашхирахад далай гүндээ цалгина

Өө их холоос жаргалыг хайх хэрэггүй ээ хөл дор чинь байна

Өдөр бүхэн инээдтэй өнгө өнгийн дуутай

Өө ганцаардахын тулд өндөр уул өргөн тал дээр гарна гэж үү?

Өө гарцаагүй үнэнд өвс ургамал, тэнгэрийн үүлс л хүрсэн гэж үү? 


"Болор цом"-ын эзэн Батдоржийн Жамбалдорж

"Шүүдэр мэт" (2013), "Морин гатлага" (2017 ), "Уулын гөрөөс сар шөргөөж зогсоно" (2020) түүврүүдийг хэвлүүлсэн Б.Жамбалдорж найрагч "Жамын цас" шүлгээрээ "Болор цом" тэвэрсэн нь саяхан. Харин цомтой найрагчийн царааг тольдож, шинээр хэрхэн гуужиж буйг нь сонсох гэхнээ үзэгчид тэднийг анхааралтай чагнадаг. Тэрээр өнөө жил "Гөрөөсний сүрэг" хэмээх шүлгээр гуужсаныг уншигч танаа хуваалцаж байна.

Тэнгэр газрын нимгэн завсарыг оёж цахилах гөрөөсний сүрэг

Тэвнэтэй утас шиг хөврөн хөнгөн цагаан тоостой гөрөөсний сүрэг

Унаж буй нарны хүчтэй улаан цацрагт туяан дотор гөрөөсний сүрэг

Угалзран жирэлзэх тэдний амьсгал дэргэд халуу төөнөх гөрөөсний сүрэг

Аварга загасны амруу хуйлран эргэлдэх давлагаа шиг гөрөөсний сүрэг

Өргөн талыг эмжин, өвсөн дунд ассан түймэр шиг гөрөөсний сүрэг

Өглөөхөн тушаал авсан морин цэргийн давшилт шиг гөрөөсний сүрэг

Өвдөлт, лугшилт өрнөж буй амьдралын зураг шиг гөрөөсний сүрэг

Өөрлүүгээ эргэсэн харууслын гүн бодол шиг гөрөөсний сүрэг 

Унаж яваа морьны хоёр чихний хооронд татсан 

Униарлаг тэр үзэгдэл тэнгисийн гүний шумбалт шиг гөрөөсний сүрэг

Хүн төрөлхтнөөс зугтан эргэж харалгүй давхих гөрөөсний сүрэг 

Хүзүүндээ шархтай нэгнээ дундаа оруулан хужих гөрөөсний сүрэг 

Тэлж хөлдсөн мөсөн дээгүүр зүг чиг заахаа больсон луужин шиг хэвтэх гөрөөсний сүрэг 

Тэн ачаа шиг том хүрэн толгодын хоёр талаар салж одох гөрөөсний сүрэг 

Хурдан бууны овоон хараан дотор бүгдээрээ багтсан гөрөөсний сүрэг 

Худагт унасан хурга майлан цуурайлах шиг гөрөөсний сүүлчийн сүрэг.


Ламжавын Лхагвасүрэн

Хайрын шүлгийн “Цагаан Уул-2015” наадамд бие биедээ зориулсан шүлгээ уншаад түрүүлж байлаа, тэд. Гэр бүлийн найрагч Д.Сосорбарам, Л.Лхагвасүрэн нар "Болор цом" наадамд хамтдаа оролцов. Л.Лхагвасүрэн яруу найргийн төрлөөр “Танихгүй ертөнцөд илгээх миний нэрийн хуудас”, "Үндэс" номуудыг уншигчдын хүртээл болгосон юм. Мөн хүүрнэл зохиолын төрлөөр “Тэврэгч” номыг хэвлүүлсэн билээ. "Миний хувьд нэгэнт бичсэн шүлгээ засдаггүй. Энэ маань том дутагдал гэдгийг сүүлийн үед ойлгож байна. Яруу найрагт нэгэнт бичсэнээ засахгүй байж болох ч үргэлжилсэн үгийн зохиол бичээд эхлэхээр бичвэрээ дахин засах сахилга бат маш чухал юм билээ" хэмээн тэрээр ЯРИЛЦЛАГАДАА дурджээ. Түүний аав ээждээ зориулсан шүлгийг хуваалцаж байна.

1

Яг энүүхэнд дэргэд минь байгаа үй олон шувууд 

Явах бүрийд минь нэг нэгээрээ нисээд байх шиг 

Далавчаа дэлгэн дэр хийн нисэх тэдний төрх нь 

Даарсанаас илүү хүйтэнг үлдээгээд хэн нэгэн одоод байх шиг 

2

Хэн нэгнийг үгүйлж саарал хотын төмөр гудамжаар алхахуй 

Сар жилүүд хүмүүс шиг л зөрөлдөн ниссээр гэвч... 

Нисэж чадахгүй нэг жижигхэн шувуу бусдыг ажиглан байх нь 

Нэг л танил санагдаад үе үехэн зог тусна 

Өрөөсөн далавч нь гэмтсэн тэр сайхан сэтгэлт шувууг 

Өрөвдсөндөө ижийгээ санаад нулимс унагана 

3

Хүйтэн өдөр уйлахад заримдаа яагаад ч юм нэг сайхан дулаацаад 

Хүмүүсийг илүү их хайрлах тухай бодол 

Хүзүү цээжийг минь ороолт шиг бүрхэж ирдэг 

Нулимс гэдэг яг л цас шиг ийм л халуун байдаг даа, Ааваа 

Нутгаа санаад бас та хааяаа уйлдаг л биздээ 

Уйлах гэдэг дандаа ил байдаг юм биш л дээ 

Уртаас урт саарал 

Улаанбаатрын гуниг шиг хөх өдрүүд 

Эмзэглэж шаналж чадаж байгаа чинь л 

Эр зориг  байж мэднэ, хүү минь 

Хүү минь аз жаргал гэж юу вэ? гэж надаас асуув 

Үзүүлчихье гэх нь тийм сайхан зүйлийг үнэндээ би яаж чадах билээ 

Өвөө чинь чамайг ийм жааханд 

Цаасан хайрцгаар чарга урлаад 

Цасан дээр гулгуулж тоглуулдаг байсан 

Жижигхэн өвөө нь зээ хүүгээ дүүрч явааг хараад 

Жиндүүхэн санагдаад ээж нь даардаг байсан 

Гэлээ ч чи үргэлж тийм жаахан байхгүй 

Гэрлүүгээ зээгээ үүрэх үргэлж хүчтэй байхгүй өвөө нь 

Аз жаргал, гэрэл гэгээ гэдэг чинь хүү минь амьдралаас 

Амжиж ийм нандин мөчүүдийг 

Аргадаж зүрхэндээ мэдрэх 

Агшин хормууд л юм шүү.


Дэлгэрсайханы Сосорбарам

Д.Сосорбарам хүүрнэл зохиолын төрлөөрх анхны ном болох "Зүүдний ...дугаар хуудас"-аа хэдхэн хоногийн өмнө хэвлүүлээд буй. "Уран зохиолгүйгээр би нэг өдөр ч тэсч чадахгүй байж магадгүй. Өдөр болгон шүлэг бичээд, ном уншаад байдаг хүн биш л дээ. Гэхдээ өдөр болгон ямар нэгэн зүйлийн талаар боддог. Энэ дадал маань үгүй болчихвол утгагүй байх. Би ямар нэгэн төлөөсөнд шүлэг, зохиол бичдэггүй. Харин уран зохиолд өдөр болгон дурлуулдаг хүч бий. Өдөр болгон чихэнд хашхичаад байдаг тэр дуу хоолой байхгүй болчихвол уйтгартай..." хэмээн тэрээр ЭНД ярьсан байдаг. Д.Сосорбарамын "Эх орон гэх үг" шүлгийг бүрэн эхээр нь хуваалцаж байна.

1. 

Эх орон минь та 

хөөрхөн, үзэсгэлэнтэй, 

хайртай,                  

          дуртай, 

уужирдаг, тайвширдаг 

Үхтлээ л 

Цэг 

Цэг 

Цэг 

Дахиад нэг цэг 

Мөрөө дуустал нь цэг хатгая. 

Бүсгүйгээ эргүүлэхдээ хэлсэн үгсээ гарчигийг нь            

            өөрчлөөд бас бус уянга нэмчихвэл 

Болчих нь гэж боддог байлаа. 

Эх орон минь таны зовлон бол нүүрсний тэрэг, ажилгүйдэл, ... 

Улс төрчдийн уриан дээр бас бус алт, мөнгөн утсаар сүлжчихвэл

Үлгэр ч юм шиг, үнэн юм шиг шүлэг болж болох л доо 

Цэг 

Цэг 

Цэг 

Дахиад нэг цэг 

Мөрөө дуустал нь цэг хатгая. 

Гэтэл та тийм биш... 

Оролдож болохгүй, оролдоод ч хүчрэхгүй бүсгүй шиг ширвэсхийнэ. 

Тэгээд л би таныг тэмдэглэлийн дэвтэртээ томоор бичээд илж суугаа минь энэ. 

2. 

Эх орон гэдэг үг         

            үгийн санжсан,  

угсарсан, нэрийн холбоо,      

             хоёр эгшиг, таван авиатай ч 

Эх хэлний багш мань мэтээс бусдад нь “Эх орон” гэх үг биш мэт 

Нүдээ анихад үг нь далдраад 

Нүцгэнээрээ бороонд гүйж байгаа чинь харагдаж байвал “Эх орон”  гэж бусад нь хэлнэ. 

Энэ мэт уянгалаад гурван хуудас дамнуулавч 

Эгээ л би үндсийг нь атгаж чадаагүй ээ 

Тиймээс л би эх орныг Э-гээс нь эхлэн илж, таалж, задалж суугаа юм. 

Томруулдаг шилээр хөлнөөс нь бэлхүүс, нүд, үснийх нь ширхэгийг хүртэл харж суугаа юм. 

Эх орон бол Э үсэг 

Эхлэл ч, эцэс ч Э-гээр         

                    Ээж, эцэг, эмээ, ээзгий, ээдэм 

Э үсгээр эхэлсэн өөр бусад үгс бол эх орон 

Эдгээр үгсийг Саксофонтой ч юм уу? 

Сарны туяаг зангидаж хуруундаа ороон лимбэдэнгээ 

Эсвэл 

Эрхи эргүүлэнгээ эхнэр хүүхдээ бодоод чанга чанга хэлвэл тарнийн хүч шиг 

Эсвэл шүлэг шиг сонсогдож болно л доо. Гэхдээ л эх орон бол энэ биш 

Эх орон бол 

эмнэлэг, эмч, эм, элэг,  эрхтэн, эдгэшгүй,  эд эс, ээдрээ, эмтрэх, эвлэрэх, эдгэрэх, эмзэглэх, эгшиглэх, эгших, эсгий гэх үгс юм. … 

Эдгээр үгсийг бичих зуураа 

Э үсгээр эхэлсэн бүх үгсийг тольдсон минь 

Эх орноо хуудас хуудсаар нь унших шалтгаан болсон. 

Хуудас хуудсаар эргүүлсэн толь бичгийн дотор 

Хуруу ааруул хийхдээ үглэж асан эмээгийн минь хурууны мөр тодорч байсан. 

Хуучин модон байшингийн сиймхийгээр салхи хүүгэж, 

Тэр л сиймхийгээр ертөнцийг тольдох шидэт хаалга онгойж байсан. 

Тиймээс  л 

Эх орон бол ердөө 

Толь бичигт орсон, ороогүй үгс. 

Үгний цаадах үгс. 

Цаадахын цаадахын цаадах юм. 

Эх орон бол Э, Х, О,Р,О,Н үсэг ч мөн. 

Бусад нь ч бас мөн. 

Гэхдээ үгсийг бид хэлж байна уу? 

Үгс биднийг захиран хэлэгдэж байна уу? 

Гэдгийг 

Үлгэрийн төгсгөлийн хүлээлгүй бодох хэрэгтэй. 

Бодож чадаж 

Хөрвүүлэхгүй сэтгэж байгаа бол хэлсэн бүхэн минь чамд ЭХ ОРОН.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БААТАР 2022.11.26 202.179.8.4

Бэлэвсэн эхнэрүүд Муу ээж минь нагац эгчтэй хөзөр тоглож сууна. Муур хулганадах гээч, гэр бүлийн зугаа Манай эмээгийн охиддоо зааж өгсөн тоглоом... Шүүгчид нь юм унш л даа!

1 Хариулах


Баатар 2022.11.26 202.179.8.4

Ц.Гончиг санаа хулгайлахаа болиосой. Нямсүрэнгийн "Яаж би Амитаба шиг" шүлгийг ичихгүй хуулсан, одоо Луйза Клүкийн "Бэлэвсэн эхнэрүүд" гээд шүлгийг шууд туучихжээ.

1 Хариулах