Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

"Тэтгэлэгт тэнцэнэ гэдэг санхүүгийн дэмжлэгээс гадна маш том урам болдог"


Люксембург дэх монголчууд, төгсөгчдийн санаачилгаар "Зориг" сантай хамтран хэрэгжүүлсэн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр суралцагч 23 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулав. Бид тус тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын төлөөллийн илтгэлийг мөн тус тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан, зохион байгуулагчдын төлөөлөлтэй ярилцсанаа хуваалцаж байна.


Г.Мөнх-Үжин | АШУҮИС-ийн Хүний их эмчийн III дамжааны оюутан

Ойр дотнын хамаатнууд ихэр бид хоёрыг жишиж ярихдаа намайг зөөлхөн гартай, өрөвч гэж, ихрийг маань хатуу үедээ хатуу зан ааш гаргадаг гэнэ. Мэргэжлээ сонгоход аав ээж хоёр намайг эмчээр суралцвал тохирно гэж зөвлөж байсан. Харин нөгөө ихэрт “Банк, санхүүгээр суралцвал тохирох байх” гэсэн.

Өнгөрсөн жил номын санчаас “Би ер нь жилийн хугацаанд номын сангаар хэчнээн удаа үйлчлүүлсэн байна вэ, та бүртгэлээсээ хараад өгөөч” гэхэд “360 гаруй удаа үйлчлүүлсэн байна, чамд батламж олгохоор болчихсон байна шүү дээ” гэсэн. Номын санд би цаг хугацааг дэмий өнгөрүүлээгүй, амжилттай суралцахад нөлөөлсөн гэж боддог.

Нэг айлын хоёр хүүхэд их сургуульд зэрэг элсэхэд сургалтын төлбөрөөс авахуулаад санхүүгийн асуудал манай гэр бүлд тулгарсан. Тэр үед “Миний зүгээс хийж чадах зүйл юу билээ” гэж өөрөөсөө асуусан юм. Ингээд нэгдүгээр курстээ тэтгэлэгт хөтөлбөрүүдийн шалгууруудыг дэвтэртээ жагсаан бичиж авсан. Тэнд дүнгийн голч сайн, нийгмийн идэвх зүтгэлтэй манлайлагч оюутан байх, гадаад хэлний оноотой байвал давуу талтай гэсэн нийтлэг гурван шалгуур байлаа.

Өөрөө хичээгээд бэлдвэл дүнгээ сайн гаргах боломжтой учраас номын санд ихэнх цаг хугацаагаа өнгөрүүлдэг болов. Өнгөрсөн жил номын санчаас “Би ер нь жилийн хугацаанд номын сангаар хэчнээн удаа үйлчлүүлсэн байна вэ, та бүртгэлээсээ хараад өгөөч” гэхэд “360 гаруй удаа үйлчлүүлсэн байна, чамд батламж олгохоор болчихсон байна шүү дээ” гэсэн. Номын санд би цаг хугацааг дэмий өнгөрүүлээгүй, амжилттай суралцахад нөлөөлсөн гэж боддог.

Харин манлайлагч оюутан болъё гэтэл тэр нь надаас тэс өөр ертөнц. Би дунд сургуульд нийгмийн идэвх зүтгэлийн тухай ямар ч ойлголтгүй байсан юм. Тиймээс нийгмийн сайн сайхны тулд идэвх зүтгэл гаргана гэдэг нь юу гэсэн үг болохыг судлаад үзтэл “Төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, эсвэл оролцсон байдал, судалгааны ажил хийж байсан туршлага, мөн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байдал” гэсэн шалгуурууд тавигддаг аж. Тэгээд би өөрийн зүгээс алхамууд хийлээ. Одоогийн байдлаар, би Дархан-Уул аймгийн хэмжээнд хоёр, сургуулийнхаа хэмжээнд мөн хоёр төсөл хэрэгжүүлээд байна. Төсөл хэрэгжүүлснээр би хэрхэн өөрчлөгдсөн бэ гэвэл юуны өмнө хариуцлагад суралцсан. Хоёрдугаарт, цагийг үр бүтээлтэй, зөв зарцуулах болсон. Гуравдугаарт, хүмүүстэй харилцах чадвар маань сайжирсан. Өмнө нь би олны өмнө гараад ярьж чаддаггүй хүүхэд байсан юм. 

Түүнчлэн гурван судалгааны ажил хийгээд байна. Үүнээс өмнө ерөнхий мэдэгдэхүүнтэй болохын тулд эрүүл мэндийн чиглэлээр хийгдсэн бүх судалгааны ажлыг уншсан юм. Оношилгоо, эмчилгээ, сувилгаа гэсэн эрүүл мэндийн гурван төрлийн тусламж үйлчилгээг авахын тулд Монгол Улсаас гадаадын улс орнууд руу явж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг уншаад сэтгэл эмзэглэж байлаа. Басхүү эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаагийнхаа хувьд илүү хичээх хэрэгтэй юм гэсэн хатуу байр суурьтай болсон. 

Мөн би хичээлийнхээ хажуугаар сайн дурын ажил идэвхтэй хийхийг хичээдэг. Сүүлд анкетаа шинэчлэхэд сайн дурын  20 гаруй  ажилд оролцжээ. Аав ээжийнхээ зөвлөгөө, бас тэтгэлгийн шалгуурыг хангах гэж өөрийнхөө цаг завыг дэмий зүйлд үрээгүй гэдгээ мэдэрч байна. Энэхүү тэтгэлгийг олгосон Люксембург дэх монголчууд, төгсөгчид болон “Зориг” сангийн хамт олонд баярласнаа илэрхийлье.


Ш.Энхбаяр | АШУҮИС-ийн Хүний их эмчийн III дамжааны оюутан

Өвөөгөө цагаан халаадтай байхыг харсан тэр үед миний дотор эмч болох анхны хүсэл бүрэлдэж эхэлсэн гэж боддог. Наймдугаар ангидаа үзсэн нэг солонгос кинонд эмч нар хүний амь аварч байгаа нь надад яг л супер баатар шиг санагдсан болохоор энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн.

Харин анагаахын сургуульд орохдоо өөрийгөө их л өндрөөр үнэлсэн хүүхэд байлаа. Бүх л зүйлийг мэддэг, чаддаг гэж бодно. Хоёрдугаар курст “Залуу физиологич” клубт элсээд л босгосон жижигхэн овоон дээрээ зогсчихоод сэтгэл ханах мэдрэмж авчихсан байна аа гэдгээ ойлгосон. Клубийн ах, эгч нар бүгд сурлагаараа манлайлагч, тэтгэлэгт оюутнууд байсан юм. Хавдар судлалын үндэсний төвийн дурангийн эмч Б.Амарбат ах бид нартай ярилцаж байхдаа “Хязгаараа үз” гэж хэлсэн нь өнөөдөр намайг энд зогсох хүч өгсөн.

 Тэтгэлэгт тэнцэнэ гэдэг нь эхний алхам. Харин тэтгэлэг олгож байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүй байх нь дараагийн алхам гэж би боддог.

Энэ үгийг сонсоод “Миний хязгаар хаана хүрэх бол” гэсэн бодол төрж, тэтгэлэгт хөтөлбөрүүд рүү анкетаа явуулах гэсэн боловч тухайн үед ихэнх тэтгэлгийн хугацаа нь дуусчихсан байлаа. Гэхдээ би дараа жилийнхэд нь бэлдэж, жил бүр зарлагддаг бүх тэтгэлэгт хөтөлбөрүүдийг дэвтэр дээрээ жагсаан бичиж эхэлсэн. Харин ийн бичиж байхдаа зөвхөн анагаахын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр байдаггүйг анзаарсан юм. Тухайн үед надад нэг л орхигдсон мэдрэмж төрсөн.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ярилцлагад орсны дараагаас хариугаа хүлээх сандрал, догдлол зэрэгцсэн өдөр хоногууд эхэлсэн. Өдөр болгон утсаа шалгаж, мэйл ирсэн байна уу, над руу яагаад ярихгүй байгаа юм бол, тэнцээгүй юм болов уу гэж бодох болов. Тав дахь өдөр үдээс хойхно клубээрээ хуралдаж байгаад ах эгч нараасаа “Ер нь тэтгэлгийн хариу хэр удаж гардаг вэ” гэж асуутал “Тав дахь өдөр гэхэд чам руу яриагүй бол тэнцээгүй л гэсэн үг дээ” гэв. Үүнийг сонсоод дотор эвгүй болоод байж байтал утсанд мэйл ирж, тэнцсэн хариугаа авсан.

Гэхдээ тэтгэлэгт тэнцэнэ гэдэг нь эхний алхам. Харин тэтгэлэг олгож байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүй байх нь дараагийн алхам гэж би боддог.


А.Анхтуяа | Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн II дамжааны оюутан

Багадаа эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэдэг мэргэжил байдгийг мэддэггүй байлаа. Хүмүүс “Чи эмч болох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт эмчийн мэргэжил л хамгийн чухал” гэдэг байв. Тэгээд л ЭЕШ-аа өгч, эмчийн ангид элссэн. Тэр хавар эмээ маань мэс засалд орж, эмнэлгээр орж гарах үед эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэх мэргэжил байдгийг мэдэж авсан юм.

Үнэнийг хэлэхэд, хагалгаанд орсноор гарах үр дагавруудыг эмч нар тоодоггүй. Тухайн хүний нөхөн сэргээгдэх үйл явцад тусалж чадах хүмүүсийг холбон зуучлаад, босох хүчийг өгдөг учраас надад эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэдэг мэргэжил таалагдаж, улмаар энэ анги руу шилжин орж байлаа. 

Би сувилагч, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлээр сурч, ажиллаж байгаа хүмүүсийг ч эмчтэй адилхан эрүүл мэндийн салбарын хүн гэж хараасай гэж хүсдэг. Тэд хүмүүсийг эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхээр ажилладаг шүү дээ.

Сүүлийн таван жилд нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжил харьцангуй өндөр түвшинд шилжиж байна. Үүнээс өмнө энэ төрлийн мэргэжилтнүүд гадаадын улс орнуудад л илүү идэвхтэй ажиллаж байсан бол одоо Монголд ч эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх болжээ. Эрдэмтэн, судлаачдын үгийг сонсохоор энэ салбарын ирээдүй гэрэлтэй юм шиг санагддаг.

Би сувилагч, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлээр сурч, ажиллаж байгаа хүмүүсийг ч эмчтэй адилхан эрүүл мэндийн салбарын хүн гэж хараасай гэж хүсдэг. Тэд хүмүүсийг эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхээр ажилладаг шүү дээ.

Миний хувьд, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын идэвхжүүлэх үйл ажиллагаанд түлхүү оролцохыг хичээдэг. Мөн амралтын өдрүүдэд “Наран плаза”-д худалдааны зөвлөхөөр ажилладаг юм. Хичээл эхэлж байх үед давхар ажил хийхэд бэрхшээл их байсан. Хичээлдээ сууна, шалгалтууддаа бэлдэнэ, бие даалтаа хийнэ гээд ачаалал өндөр. Амралтын өдрүүдэд ажиллах учраас хичээлээ ажлын өдрүүдэд амжуулах ёстой болно. Одоо тэр үеийг бодвол хувийн зохион байгуулалтын хувьд харьцангуй сайжирч, ачааллаа ч зохицуулж сурсан.

Би сургуулиа төгсөөд магистрын хөтөлбөрөө Германд хамгаалахаар төлөвлөж байгаа.


                   Б.Хулан | Люксембург дэх төгсөгчдийн төлөөлөл

Боловсрол, эрүүл мэндийн салбар чанартай хүртээмжгүй болохгүйгээр бид улс орны хөгжил ярих нь утгагүй. Цар тахлын жилүүд үүнийг улам бүр бататгаж өглөө. Энэхүү тэтгэлгээр дамжуулан өөр чиглэл салбарын хүмүүст ч оролцооны орон зай байж болохыг харуулахыг зорьсон. Тус тэтгэлэгт хөтөлбөрийг Люксембург улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгсөгчид санаачилсан юм. Тиймээс хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн хүртсэн боломжоо нийгэмд буцаагаад өгч байгаа хэлбэр нь уг тэтгэлэгт хөтөлбөр болж байна.

Анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийхэд сурлагаа орхигдуулах магадлал өндөр байдаг. Нэгэнт хичээлээсээ хоцорчихвол нөхөхөд хэцүү. Тэгэхээр оюутнуудын энэхүү ачаанаас нь хөнгөлөлцөж, маш том урам зориг өгч байгаа гэж итгэж байна.

Оюутнууд тэтгэлэгт хамрагдах хүртэлх үйл явцад өөрийгөө нээсэн, өөр рүүгээ өнгийсөн, шинэ зүйлд сорьсон нь сайн туршлага болсон байх. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл хэмээн бодож байна. Зөвхөн санхүүгийн тусламж гэхээс илүүтэй оюутны өөрийн үнэлэмж нэмэгдэх, үеийнхээ манлайлагч оюутнуудтай нэг хүрээлэлд орж, дундаасаа нэг санаачилга гаргаад хамтдаа хийж бүтээх боломжууд бий болох юм.

Бид анх 10-15 оюутанд тэтгэлэг олгохоор төсөөлж байлаа. Оюутнуудтай ярилцахдаа анагаахын салбарт тулгарч байгаа асуудал, боломж, залуусын нүдээр юм яаж харагддаг талаар ойлголттой болж, тэдний тухай илүү тодорхой мэдэх боломж олдсон. Дүү нараасаа урам зориг авах зүйлүүд ч их байлаа. Улмаар бид төлөвлөсөн төсвөөсөө хэтрүүлэн 23 оюутанд тэтгэлэг олгохоор шийдсэн.

Анагаахын чиглэлийн мэргэжилтнүүд бүгд хүн эмчилж, чагнуур барьдаггүй. Судалгааны ажил хийдэг, тоног төхөөрөмжүүд дээр ажилладаг, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгдөг мэргэжилтнүүд ч энэ салбарт харьяалагддаг. Салбарын эко системд оролцож байгаа мэргэжил болгон тодорхой үүрэгтэй, үнэ цэнтэй байдаг.

Бид оюутнуудад өөрийгөө хэр дайчилдаг байдлаар нь шалгуур болгож тэтгэлгээ олгосон. Ингэхдээ нийгмийн болон салбарынхаа асуудалд санаа зовнидог, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан эсэхийг онцолж давуу тал болгон үнэлсэн юм. Анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд хичээлийнхээ хажуугаар ажил хийхэд сурлагаа орхигдуулах магадлал өндөр байдаг. Нэгэнт хичээлээсээ хоцорчихвол нөхөхөд хэцүү. Тэгэхээр оюутнуудын энэхүү ачаанаас нь хөнгөлөлцөж, маш том урам зориг өгч байгаа гэж итгэж байна.

Дараагийн жилүүдэд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөө тогтвортой үргэлжлүүлэх, Монгол, Люксембург улсын хооронд анагаахын чиглэлээр солилцооны эсвэл тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлэх хүсэл мөрөөдөлтэй байгаа.

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Бичлэг: Алдартай контент бүтээгч залуу мянган хүнийг хараа оруулжээ
2
2023.01.26
Хумсны будаг хатаагч төхөөрөмж эсийг үхүүлж, гэмтээдгийг тогтоожээ
3
2023.01.25
Хүйтэн үед гэмтсэн яс, үе мөч яагаад хөндүүрлэж өвддөг вэ?
санал болгох
1
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
14 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.