Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Росариогийн хүү | Аргентин чамтай хамт


Лионель Месси ДАШТ-д тав дахь удаагаа эх орноо төлөөлөн оролцлоо. 2011 оны Копа Америкийн тэмцээнд Аргентин Колумбын эсрэг тоглож, 0:0-ээр тэнцэхэд цэнгэлдэхийн үзэгчид Мессиг буруутгаж байв. Тоглолтын дараа шүтэн бишрэгчид "Азгүй юм, "Түүнийг ирснээс хойш бид нэг ч хожсонгүй", "Мессиг хэзээ ч Марадонатай харьцуулах ёсгүй байсан юм" гэхчлэн хатуу үгс чулуудаж байв. 

Месси бол улс үндэстнээрээ хөлбөмбөгт дурладаг Аргентины ховор тохиох авьяаслаг тамирчин. Гэвч 13 настайдаа эх орноо орхисон түүнд төрөлх Аргентинаа төлөөлнө гэдэг туйлаас "ээдрээтэй" байсныг өнгөрөгч жилүүдийн түүх гэрчилнэ. 

Месси Аргентинд төрсөн боловч Европт өсөн өндийж, Европт алдрын замналдаа хүрсэн. Тэрбээр Барселонатай хамт олон ч амжилт тогтоож, хэн болохоо баталсан. Харин Аргентины шигшээ багт тоглох түүнд амаргүй байв. Дэлхийн шилдэг тоглогч статустай тэрбээр Аргентинд домогт тамирчин Диего Марадонагийн сүүдэрт халхлагдан, харьцуулагдсаар ирсэн. 

Өчигдөр тэр түүх бүтээлээ. Аргентин улс 36 жилийн дараа дэлхийн аваргын цомыг дахин өргөж, түрүүлэх итгэл найдварыг авчирсан Росариогийн хүүгээр бахдаж байна. Аргентинчууд энэ удаа аваргын цомыг хүртсэн ч эс хүртсэн ч гайхалтай тоглож, талбайд хувийн чанараараа ялгарсан уугуул хүүгээрээ бахархаж байна. 

"Дэлхийн хаана ч очсон хүмүүс Лионелийг бүчдэг. Харин энд, нисэх онгоцны буудал дээр таарсан хүмүүс түүнтэй мэндэлдэг ч үгүй" гэж багын дасгалжуулагч Адриан Кориа нь ярьжээ. Тэрбээр Мессиг мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа хөөхөөр 2001 онд Барселона руу явахаас өмнө, хожим Аргентины шигшээ багт ороход нь дасгалжуулж байжээ. "Гайхалтай нь, бүх зүйл өөрчлөгдсөн" хэмээн тэрбээр нэмж хэлэв. 

Мессигийн зураг хаа сайгүй үзэгдэх болов. Үндэстний бараг тал нь түүний 10 дугаартай өмсгөлийг өмсөх болжээ. Түүнийг тойрсон шүүмжлэл магтаал, хүндэтгэл, бахархлаар солигдов. 

Шүтэн бишрэгчид Лионель Месси, Диего Марадона нарыг хүндэтгэн 10 дугаартай өмсгөлийг өмсчээ.

Месси өнгөрсөн жил багаа тэргүүлэн Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох Копа Америкт оролцож түрүүлсэн билээ. Аргентины шигшээ баг сүүлийн 28 жилд анх удаа олон улсын аварга болсон нь энэ юм. Харин энэ жил тэр багаа дэлхийн аваргын шигшээд оруулахад онцгой үүрэг гүйцэтгэлээ. 

ЗурагТайлбар
Мессигийн тоглож байсан анхны клуб
Ла Бажадад байх Мессигийн ханын зураг

Росарио хотынхны хувьд Аргентины баг ДАШТ-д ялсан ч ялагдсан ч Месси үндэсний баатар хэвээр үлдэнэ хэмээн ярьжээ. Аргентины спортын сурвалжлагч София Мартинез өнгөрсөн долоо хоногт Аргентины багийг хагас шигшээд хожсоны дараа Месситэй ярилцлага хийжээ. Энэ үеэр Мартинез "Юу ч болсон бай таны байгуулсан гавьяаг хэн ч булааж чадахгүй. Та аргентинчуудын нэр алдрыг цуурайтуулж чадсан" гэж ярьсан байна. Месси хариуд нь "Аргентинчууд бид эцсийн үр дүн нь биш, харин түүнд хүрэхийн тулд туулсан зам чухал гэдгийг ойлгосон" гэжээ. 

Месси 1987 онд буюу Аргентин дэлхийн аварга болсноос хойш жилийн дараа Росарио хотод төржээ. Тэр хөлбөмбөгт авьяастай ч туниагүй биетэй, намхан хүүхэд байсан гэж дасгалжуулагч Кориа дурсжээ. Ингээд 2011 онд тэрбээр бэлтгэл сургуулилтаа сайжруулах, өсөлтийн эмчилгээ хийлгэхээр Барселонаг зорьж, тэр цагаас хойш Европт амьдарч буй. Месси 17 настайдаа мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьснаас хойш авьяас чадвараараа гайхагдан Барселона клубт тоглосон жилүүдэд хувийн дээд амжилтаа хэдэнтээ эвдэж, оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчнөөр долоон удаа тодорсон билээ. Гэвч тэр Аргентины шигшээ багт тоглохдоо ижил амжилт үзүүлж чадаагүй. Месси Аргентины шигшээд Барселонад тоглосон шигээ сайн тоглосонгүй, хангалттай сайн байсангүй гэх шүүмжлэлийг олон жил сонссон.

ЗурагТайлбар
Ла Бажада дахь Мессигийн гэрийн гадаа зогсож буй хүүхдүүд
Мессигийн багадаа амьдарч байсан байшин
Мессигийн зурагтай далбаа барьсан хөгжөөн дэмжигч

Аргентины шигшээ баг 2014 онд дэлхийн аваргын финалд, дараа нь 2015, 2016 онд Копа Америкийн шигшээд дараалан хожигдсон. Үүний дараа Месси "Би чадах бүхнээ хийсэн" хэмээж дахин Аргентины төлөө тоглохгүй гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр тэр энэ амлалтаасаа удалгүй буцсан ч сорилтууд ингээд дууссангүй. 

Аргентиныг 1986 оны дэлхийн аваргад болгосон домогт тамирчин Марадонагийн илэн далангүй, ширүүн дориун, дүрэм журамд баригддаггүй зан чанар бол аргентинчуудаас түгээмэл харагдах онцлог чанар юм. Месси эсрэгээрээ эелдэг, зөөлөн, болгоомжтой нэгэн. 

Ямар сайндаа л Аргентины баг Нидерландын эсрэг хийсэн тоглолтын үеэр Месси эсрэг багийн тоглогчдоо "Юугаа хараа вэ, мануухай минь" гэж хэлсэн Аргентинчуудын хувьд тэмдэглэлт мөч байсан гэхэд хилсдэхгүй. Сонин хэвлэлүүд түүнийг "Марадона шиг" аяглалаа гэсэн бол дэмжигч хөлбөмбөгийн хорхойтнууд Мессигийн "бүдүүлэг яриа"-г бахархалтайгаар эш татаж байв. Месси ухамсарт амьдралынхаа ихэнх хугацааг Европт өнгөрүүлсэн ч төрөлх Росарио хоттойгоо одоо ч бат бөх холбоотой юм шиг санагддаг гэж өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Мессигийн хөгжөөн дэмжигчид Росарио хотод баяраа тэмдэглэж буй нь

44 жил спортын сэтгүүлчээр ажиллаж буй Эзекиэль Фернандес Мурес "Месси эх оронтойгоо хайраар холбогдлоо. Өнгөрсөн жилүүдэд энэ харилцаа ээдрээтэй байсан ч одоо бол тийм биш. Ням гарагт юу болохоос үл хамаарч энэ бүхэн хэвээр үлдэх болно" гэжээ. 

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.12.19 43.242.242.189

Bayarlalaa, yasan ch goy tyyh ogyylsen niitlel ve, ajlin amjilt hysei!

0 Хариулах