Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

ЭРТНИЙ МИССИСИППИЙН ДУУН


“Мэдээж мөнх амьдрах боломжгүй, амьдрал гэдэгямагт чиний хүрэх бололцоотой цагаасөмнө дуусдаг. Харин энд амьдарч явсан бүхэн өөр
хаа нэгтээ оршсоор үлдэж л таарна”.

Уильям Фолкнер | “Өвгөд”

Хэл гэдэг хэчнээн амьд болохыг мэдрэх тусам Фолкнерын метаромануудыг л ахин дахин уншмаар санагдана. Нөгөөтээгүүр, амьдралд ямар нэг асуудал үүсэж, түүнийг давж хүчрэхгүй, цэх туучилж дөнгөрөөхгүй ухамсрын хүлээсэнд баглагдвал Фолкнерын “Буугаад ирээч, Мосе!”, “Өвгөд” тэргүүтэн номын санд минь бийг санаад тайвширчхаж дөнгөх билээ.

Уран зөгнөлтөөс Брэдбёри, Харрисон гэх хоёр нэр үргэлж цугтаа сонсогдоно. Харин детективээс Блох, Рампо болоод нууцлаг аймшиг руу өдөөгдвөл гагц Стивен Кинг, Айра Левин сонгох нь мэдээж. Эдгар Погийн туурвисан Гансфилд, Морг гудамжинд өрнөсөн үйл явдлууд тэр чигээрээ шижир алт байжээ. Тэгээд элдэв нууцлаг зугаагаар наадах хүсэл төрвөл Стивенсонтой зэрэгцэж, жаахан уйтгартай санагдаад эхэлбэл Булгаковын сүндэрлүүлсэн Москвад Бегометтой хөөцөлдөх болно. Илүү зарсхийсэн түүхүүдэд шимтэх үедээ ямагт Акутагаватай нүүр тулж байлаа. Харин бусдын өгүүлсэн шиг аугаа ихийн тухайд Борхесын бүтээлүүд л сэтгэлд бууна. 

Тэгээд ч дорно дахины сургаалын шинжтэй, томоохон туурвилуудаас өрнө илүү сонирхолтой сэдэл өдөөдөг байв. Гэхдээ өрнийг дорно нээж дорно дахинд өрнө нээгдсэн шиг эсрэгцлийн тухайд адилхан чанартай байлаа ч Европын уран зохиол, XX дугаар зууны роман, түүний хүүрнэлийн хэлийг Уильям Фолкнергүйгээр тоймлох аргагүй. 

***

"Анхандаа юу ч байсангүй. Гагцхүү шивтнэсэн, голд ормоор хүйтэн бороо, тэгээд арваннэгдүгээр сарын хуучдаарх манантай өглөө, тэр л бүдэгхэн өглөөг нэвт цуурайтах, отооны газар өөд айсуй нохдын дуу л сонстоно".

Мэдээж сонгодог зохиолын буурьтай, сайн уншигчид энэ эхлэлийг андахгүй мэднэ. Америкийн утга зохиолд Хэрман Мэлвилл, Эдгар Потой зэрэгцэхүйц шинэ гарц нээж, алдар нэрийн оргилд хүрсэн зохиолчдын нэг бол чухам Уильям Фолкнер байлаа. Харин дээрх эшлэл бол түүний алдарт “Баавгай” туужийн өмнөх үйл явдлыг хадгалсан “Өвгөд” туужийн эхлэл юм. 

“Бүдэгхэн өглөөг нэвтлэн цуурайтах нохдын дуу”. Фолкнер л ингэж борооны дараах чийг бичсэн мөрүүдээс нь үнэртэх шиг дүрслэлтэй, онгон зэрлэг байгалийн хэлийг цагаан цааснаа буулгасан юм. Гэвч түүнийг амьд ахуйд нь эс хүлээн зөвшөөрч уран бүтээлийг нь гадуурхан, үл тоож байв. Харин Фолкнер “Би өөрийн буй болгосон ертөнцөө эргэцүүлж бодох дуртай, энэ ертөнц бол огторгуйн тулгуур чулуу, хэдий жижигхэн ч ганц чулуу сугалаад авчих юм бол огторгуй тэр читгээ сүйрэх болно” гэсэн байдаг. Тиймдээ ч түүний төсөөллийн асар баялаг ертөнцөд ганц ч чулуу сугалахгүйгээр аялах хэрэгтэй. Энэ эрхийг уншигчдадаа тэр өөрөө олгосон.

Магадгүй манангаар хулдсан бүдэгхэн өглөө, тэр л өглөөг нэвт цуурайтах нохдын дуунаар жаалхүү Сэмийн урд чичирч зогсоогүй сэн бол, цаг хугацааг бодолдоо хүлцэж ядан хумьсаар дөнгөж арван найм хүрэв үү, үгүй юу хүглэгэр их хөвч рүү яаран зүтгээгүй сэн бол өвгөн шидтэн Габо өөрийн шүтэх багшгүй хоцрох байв. Учир нь зохиолч Г.Г.Маркес “The Old People” бүтээлийг нь уншсан даруйд Фолкнерыг багш хэмээн шүтэж, төрсөн нутаг Миссисиппи мужаар нь аялж байсан удаатай. 

“Өвгөд” бол хожим хойно болох үйлийг эсвээс болоод өнгөрсөн их хөвчийн эртний түүхийг цаг хугацааны буулганд даруулаагүй ч, жамын үнэнд гүйцэгдсэн жаалхүү Айк эргэн санаж буй байдлаар хөвөрнө. Тэнд л ойн гүнээс буга “...өтгөрсөөр буй гэрэл  гэгээг биедээ хурааж хуримтлуулаад тэрхүү гэрэл дотуураа зүгээ ч нэг давхих бус харин өөрөөсөө гэрэл цацраан” гарч ирэхийг бид үзнэ. Тийнхүү “...ганхуур сандал мэт гунхалзан үзэгдэх эврээ сэжилсхийжээ”. Анх удаа Айк их хөвчийн сүр хүчийг хожим ойлгож, жинхнээсээ таньж мэдэх цагийн эхлэлд зогсоод тэрхүү бугыг Сэмийн тушаалаар буудан унагаж, ангийн халуун цусаар нүүрээ булхуулж адислуулсан билээ. Энэ л цусаар Айк индианы удирдагч эцгийн хүү негр Сэмтэй болоод бүхий л нууцаа гүндээ хадгалан оршиж, заримдаа хоосортол дэлгэн үзүүлэвч хүний хэчнээн өчүүхнийг хэдийн таньчихсан нүсэр том төрх, зан байдлаар сэтгэгдэх болсон хөвч ойтой үүрд гагнагдана. 

Тэгээд л үргэлж нууцаар ажиглаж дадсаар эртний индиан хэлийг нь ойлгож сурсан Айк хүүгээс өөр хэлэлцэхийг нь хэн ч тийм удаан хараагүй Жобэйкэр, Сэм Фазерс хоёрын эртний индиан зүйр үгстэй яриа, Их Хотгорт ан авлахдаа нэг ч алдаж буудаж үзээгүй Уолтер, хошууч де Спейн, генерал Компсон, тогооч Эш, Теннийн Жим, Маккаслин, нэг ч сум агнах амьтныхаа бүлээн арьсанд зоож үзээгүй Бун, ангийн ноход, зоригт бяцхан хав, Арслан нэрт нохой, өрөөсөн нүдэт луус зэрэг байгаль хийгээд түүнээс ч хавьгүй дээд өндөр зорилгын үр дүнд бий болсон дүрүүдтэй холбогдоно.

Гэхдээ Айк хүүг өвлөгдөж ирсэн удмын цус нь бус бүүдгэрхэн сөрчил дундах зэврүүн үдшүүдэд, борооны чимээтэй ханьсан тогосны хэвтэр болсон модны дор юм уу, нэг эсвээс арван хоёрдугаар сарын ойд түүдгийн галын дэргэд эрчүүдэд зориулсан умдаанд хөлчүүрэн суухдаа Сэм Фазерсийн ярьж өгдөг түүхүүд л анчин болгож, ойн тухай, түүний гүнд байдаг амьтдын тухай, хөвч тайга гэдэг өөрөөс нь хэчнээн нүсэр том, дэргэд нь жаалхүү ямар ч авралгүй өчүүхэн болохоо ойлгож авахад нь тусалсан шиг санагдана.

***

Хөгшин Бен бол маш хашир, тийм амархан анч ноход хийгээд хүмүүсийн хоол болчихоор баавгай биш. Гэхдээ Мэлвиллийн “Моби Дик” хэмээх аварга том цагаан халимнаас ялгаатай нь тэр баавгай үхэшгүй мөнхийн бэлгэдэл болоод ойн догшин сахиус, уул хангайн эзэн байлаа ч гэсэн бүхий л юмс хэзээ нэгэн цагт өөрсдийн оршихуйн үндсийг сольж, байр сууриа сэлгэдэг гэдгийг Фолкнер хөгшин Бен нэрт баавгайн дүрээр үзүүлсэн юм.

“Одоо бол мөнөөх баавгайг дөнгөчих нохой ч байна, хүн ч байна” гэсэн өгүүлбэр чухамдаа хүн байгалийн уялдаа холбоо, сэтгэл зүйн асар их зөрчилдөөнт талбар луу чимээгүйхэн хөтлөх “Баавгай” туужийн эхлэл. Энд бүх зүйл ном журмын дагуу өрнөх ч тэнд тодорхой заасан дүрэм гэж байхгүй бөгөөд журмыг зөрчсөн нэгэн хатуу шийтгэл хүлээдэггүй нь уг ойн мод бүхэнд шургасан боргоцой шиг эрх чөлөөт байдлыг олгоно.

Мэдээж баавгай үхэж, жаалхүү Айкийг өсөж өндийлгөсөн их ойн гүнд туршлагатай анчин Сэм Фазерс, Арслан нэрт аварга нохойн цогцос үүрд мөнхийн хөдөлгөөнд оршин буй. “...Тэгээд ч энэ оршуулгын газар биш. Сэм ч, Арслан ч тэр үхээгүй, ердөө л газрын хэвлийд нойрсож байгаа бөгөөд тэндээ тэд амьд хэвээрээ, чөлөөтэй хөдөлж, навч хийгээд мөчир, нар хийгээд агаар, бороо хийгээд шүүдэр, боргоцой хийгээд царсанд, мөн эргээд боргоцойнд, нар мандах хийгээд шингэхэд, мөн эргээд мандахад, бутархай хэрнээ бүтнээрээ эд эс нь болон шингэсэн байгаа.” 

Хаа нэгтээ орших өөр нэг амьдрал. Магадгүй Борхесын өгүүлснээр эл бүтээл анхнаасаа өндөр дээд зорилгод чиглэгдэн бүтээгдээгүй байлаа ч уран бүтээлчийнх нь хөдөлмөр лав хоосон цэцэрхэл, залхам нуршуу үгсээр дүүрэн бус юм. Үхэгсэд өөр цаг хугацаанд оршин аж төрж, ухамсрын гүнд дурсамжаар дахин амьдарч чадаж байгаа нь ерөөс харанхуйд нүд дасчихаагүй үеийн зогсоц биш. Үнэндээ дасаад эхэлбэл ухамсар өөрөө бүрэн дүүрэн харах болно. Фолкнерийн чухам гол санаа нь үхэгсдээс үлдсэнийг нөөцлөх хүсэл газарт байдаггүй ба тэдгээр нь мөнхөд эргэн бүрэлдэж, эсвээс гэрэл гэгээнд задарч агаарт гардаг гэх “Өвгөд”-ийн төгсгөлд өгүүлэгддэг Маккаслины яриатай шууд холбогдоно. 

“...тэд амьд хэвээрээ, чөлөөтэй хөдөлж, навч хийгээд мөчир, нар хийгээд агаар, бороо хийгээд шүүдэр, боргоцой хийгээд царсанд, мөн эргээд боргоцойнд, нар мандах хийгээд шингэхэд, мөн эргээд мандахад, бутархай хэрнээ бүтнээрээ эд эс нь болон шингэсэн байгаа”. Үдшийн нарны дууч, өвгөн Фолкнер л ингэж бичиж чадна. Түүний сэтгэлд мөнх ногоон мододтой сүрлэг их ой сарны гэрэлд харлан үзэгддэг болов уу хэмээн бодно. Хөгшин Бен, Сэм Фазерс, ууртай хөгшин Бун, өрөөсөн нүдгүй луус, Арслан хийгээд анч ноход, манан цуулсан арван хоёр салаа эвэрт буга, эцэст нь манай баатар ирээдүйн хамгийн гарамгай анчин, соёлт хүн төрөлхтний ойг хэмлэх хүслийн төлөө санаа алдан, өндөр өвст жимээр ганцаар алхагч Айк хүү.

Тэдний хувьд бүр өөрийн гэх нэртэй болчихсон Бен баавгай дэндүү ухаалаг, мөнхүү сүрлэг их хөвчийн нэгээхэн хэсгээс гадна үхэшгүй мөнхийн бэлгэдэл байлаа. Домог мэт ярианы дүнд сүүлчийн ан авыг үзэхээр олон хүмүүс цугларч отогт хөл тавих зайгүй болдог. Чухам энэ л үхэшгүй мөнхийн аварга хөгшин маахайн багалзуураас Арслан зүүгдэж, Бун амин газар нь хутга шааж орхисон цагаас анчид гайхаж эхэлдэг. Тэд үхэшгүй хэмээн сэтгэж байсан Бен баавгайг авлаж орхижээ. Мөн хамгийн туршлагатай нь болох Сэм Фазерс огт хөдөлгөөнгүй хөшчихөж. Айк хүү уйлан гуйсаар байж сургуулийн чөлөө авч, ангийн дараа отогт үлдэхээр болдог. Тэр маахайг харах гэж хэдэн зуун бээр явган алхаж, ихэнх анчдын зүглээгүй ойн гүн рүү, бүр гүн рүү орохдоо ч байгаагүй их эр зориг, гайхаш барсан үйлдлийг нэгэн дор хослуулан байж эл шийдвэрийг гаргасан хэрэг. Хожим тэр үүний л төлөө ойг зүглэхээс бусад улирлыг дөнгөн данган давж, амьдарсаар ахуйдаа их хөвч рүү ахин дахин зүглэсээр л байх билээ. Учир тэр авга ах Макаслины зөвлөснөөр зовлон, гаслангаа цэглэж сурсан юм. 

“...эгээ л зун, намар, цас, шавар шавхай болсон хавар, өнө мөнхийн амьд улирлууд, түүнийг хүн болгосон гэж бараг л болохоор энэ ахуй шиг өөрчлөгдөж хувиршгүй. Хар арьст боолууд хийгээд индиан удирдагчдын удам буюу жаалхүүгийн оюун санааны эцэг, ямагт хүндэтгэж, үгийг нь сонсож, хайрлаж явсан, үгүй болохоор нь асар их гашуудсан Сэм өвгөнийг хооллож ундалж байсан энэ их ой. Нэгэн цагт жаалхүү гэрлэх насанд хүрэхдээ эхнэрийнхээ дэргэд богинохон, тунгалаг аз жаргалыг таньж амсах үед л, магадгүй, түр зуур мартагдаж мэдэх юм. Гэлээ ч бие махбодын цэнгэлээс ой ухааных хавьгүй амьд юм болохоор энэ их ой түүний хувьд насан туршийнх нь цорын ганц эхнэр, янаг амраг нь байх болно”.

Энэхүү хүний бодол санаанд нэвтрэх арга барил нь дахин хөндөгдөшгүй уран зохиолын ертөнцийн гантиг хөшөө болон үлджээ “...бие махбодын цэнгэлээс ой ухааных хавьгүй амьд юм болохоор энэ их ой түүний хувьд насан туршийнх нь цорын ганц эхнэр, янаг амраг нь байх болно”. Уг өгүүлбэр өөртөө ямар их эмзэглэл, хагацал хийгээд мартагдашгүй дурсамжийг авч үлдсэн, агуулсан гэдгийг сайтар ойлголгүйгээр өөрийгөө Фолкнерын уншигч гэвэл жинхэнэ шившигт үйл хэрэг болно.

Нью-Йоркийн их сургуулийн доктор С.Бөрт “Өөр ямар ч зохиолч баатарлаг ба домгийн хоёр төрлийг хослуулсан түүний бүтээлийг давж чадаагүй юм. Фолкнерын суут чанар нь зохиолын хамрах цар хүрээ, цаг хугацааг эрхэндээ оруулах авьяас чадвартаа шингэсэн юм” хэмээсэн нь бий.

Үнэхээр л “Баавгай” туужийн гол баатар Айктай цуг манан татсан, бороо шивэрсэн өтгөн ойг хараад сүрдэн зогсож байснаа дотоод сэтгэлдээ моддын шуугиан сонсож, төгсгөлд нь хөгшин Бун буугаа эвдэн бүгд минийх хэмээн хашгирч байхдаа энэ ойгоос дахин нэг л мод унагаж байшингийн банз хийгээд үзээрэй хэмээн анхааруулж байх шиг санагдана. Гэхдээ зүгээр л нэг аж төрөхүйн тухай, буга, баавгай, хэрмийн модны тухай шидэт үлгэр ч юм шиг...

“...Галт тэрэг, уурын зүтгүүр цөм хэвээрээ. Тэр ч байтугай нөгөө Бун хоёр жилийн өмнө, арван дөрвөн цагийн турш, маргааш нь Арслан нэрт нохой Хөгшин Бен нэрт маахайг хэрхэн зүйл дуусгах тухай эрүүгээ чилтэл ярьж өгсөн машинч, тийз шалгагчид нь ч солигдоогүй атал, яагаад ч юм бэ, бахь байдаг мөнөөх л цуваа маань сүхийн дуу аваагүй онгон зэрлэг ойд мөхлийг нь зөөн аваачиж буй мэт санагдана. Гэхдээ жаалхүү өөрөө мөхлийнх нь зарыг бүхий л бие хувцсандаа шингээн, ой руу ирж байх шиг хачин сэтгэгдэл төрөхөд хошууч де Спейн яагаад анд явахаа больсныг сая ойлгов”.

Туужийн хамгийн гол санаа нь эдгээрт өгүүлбэрт зангидагдсан байдаг. Одоо л байгаль дэлхийг ойлгож, түүнийг Айк шиг, Сэм Фазерс шиг хайрлах сэтгэл төрнө. Онгон зэрлэг байгалийг үзэх гэхдээ нэг ч гэсэн хүн түүн рүү “мөхөл” чирэн ойртож буйгаа мэдрэх агшин ямархуу байх байсан бол оо. Гайхширахаас өөр чимээ гарахгүй, намрын сүүл сарын бүүдгэр, жихүүн айхуйд ороогдчих шиг болох байсан биз.

Анх л их хөвч рүү очиход Кэроллын Алисагийн шургадаг туулайн нүх эсвээс Левисийн романы хүүхдүүд зорчдог хувцасны шүүгээ мэт санагдсан тэр л шидэт хаалга Айк хүүгийн хувьд алга болж моддыг нь хэдийн цагаалаад том бетонон ширэнгэ сүндэрлэх эхлэл тавигдчихжээ. Үнэхээр сүхийн дуу аваагүй онгон зэрлэг байгаль өөд мөхөл чирж очсон гэдгээ ойлгохоос илүүтэй одоо бол анх удаа Их хотгорт очиж, Сэм Фазерс өөрийнх нь агнасан бугын цусаар нүүрийг нь угааж байснаас сүүлд анх удаа ойн эзэн, индианы хүү болох гарамгай анчин баруун гараа өргөн дэлгээд “Амар амгалан уу, өвөг дээдэс минь!” хэмээн шивнэхийг сонсохдоо бие сэтгэлдээ бус оюун ухаандаа амссан, “...их хөвч амь өрссөн тэмцээнийг шүүх аварга, хэнэггүй, бүхнийг ялган салгагч шүүгчийн дүрээр чиглэн ирсэн мэт санагдана” гэх бодол, бие ороосон мэдрэмжийг Айк дал гарсан хойноо ч өөрөөсөө үл салгаж хүчирсэн юм. 

Ой гэнэтхэн дуусахад нэгэн хаалга нээгдээд буцаж хаагдах шиг сэтгэл төрөх нь үхэх, төрөх жамын ёсноос илүү амьдрал өрнөх ёстой ганцхан шугам, бидний алхаж яваа дэвсэгийг бус сэтгэлзүйн олон талт байдал, зан чанарын ялгааг илүүтэй товойлгосон хэрэг болов уу. Тиймдээ л ангийн отог ирэгсдийг буцах болоход Сэм морьдоо аваад хөвч рүү, нүдэнд нь үл үзэгдэх хаалгаар нэвтрэх орох нь жаалхүүд “...өөрийнхөө аглаг буйд ганцаардал тийш нэвтрээд орчих шиг...” санагддаг шүү дээ. Тэр л буйд ганцаардал руу Айк хүү ч, генерал Компсон, хошууч де Спейн зэрэг хүмүүсийн хэн нь ч нэвтэрч чадахгүй. Магадгүй ууртай хөгшин Бун л “Баавгай” туужийн төгсгөлд хэрэмний модны дэргэд хуучин “дарвийнкаа” хэмх нүдэж суухдаа “Бүгд минийх” хэмээн орилж байсан агшныг эсрэгцүүлэн авч үзээд харьцуулах аваас түүнд дөтлөх боломжтой утга санааг нээж болох юм. 

Гол нь Өмнөд нутаг дахь цагаан, хар арьстнуудыг харилцаа, хүмүүний дотоод эргэцүүллийг нэн өвөрмөц маягаар өгүүлсэн байлаа ч чухам л суурин иргэншлийн  хүмүүсийн хөлөөр талхлагдаагүй эртний Миссисипи мөрний хүчирхэг урсгал дуулднам. Оросууд “Игорь хорооны тууж”, Толстой, Достоевскийтой байлаа. Цаг хугацааг сум шиг харваж урагшлуулбал загалмайн шүтлэгтнүүд “Библи”-тэй, Исламын орон “Коран”-тай байжээ. Бэлгэдлийг арай нааш сунган татвал Итали орон Ибсэн, Франц Бодлер, Хюго, Вольтертэй болно. Японоос Акутагава хангалттай. Зөвхөн Аргентин ч бус испани хэлт уран зохиол өөрөө Борхестэй байсан юм. Ийм жагсаалтыг үргэлжлүүлбэл барагдах нь үгүй. Үүний адилаар Америк орон, агуу их Миссисипи мөрөнд Фолкнер байлаа. 

Түүний хэл маш баялаг, хоосон цэцэрхэл, утга учиргүй нуршсан уянга үгүй. Бие махбодоос оюун санааны цэнгэл хосгүй хүчирхэг, илүү амьд байдгийг таньж чадсан ухамсар дахь “ориг” илбээр дүүрэн. Түүнийгээ бусдаас тодоор гэрчилж, хурцаар үзүүлсэн нөлөө нь “Баавгай” туужаас гадна “Буугаад ирээч, Мосе!”, “Цутгалан хавийн намар” өгүүллэгүүдээс ч мэдрэгдэнэ.

Уугуул оршин суугчдын хувь тавилан, эртний удмын цусны хүчирхэг ген, байгалийн догшин сүр хүчийг хүний зан чанарын эерүү болоод халшрам харилцаа, эр зоригт тулгуурлан бүтээгджээ. Мөн хүн төрөлхтний хоёр соёлын уулзвар дээрээс олж авсан Фолкнерын хүчирхэг оюун санааны гарцгүй эмгэнэлээс эл бүтээлүүд төрсөн юм.

ЖИЧ: Төгсгөлд нь хэлэхэд Уильям Фолкнерын энэхүү “Баавгай” туужийг зохиолч, орчуулагч Г.Аюурзана монгол хэлнээ дуун хөрвүүлсэн билээ. Фолкнерын эл гайхалтай туужийг аялгуу тансаг монгол хэлнээ буулгасных нь төлөө мэхийн ёсолж хүндэтгэх, хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.

Нийтлэлч Б.Алтанхуяг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
Үндэсний номын баяр V сарын 17-19-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд болно
2
2024.04.09
Бороотой өдрийн эморлын хөтөч: Унших ном, сонсох дуу, үзэх кино санал болгох нь
3
2024.04.06
Энэ хавар уншигчдын гарт анхлан хүрч буй онцлох 30 ном
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Reader 2022.12.22 139.5.219.42

"Баавгай" бол үнэхээр гайхалтай зохиол шүү!

0 Хариулах


Зочин 2022.12.24 202.9.40.219

Энэ бүр үнэхээр гайхалтай ч бичжээ

0 Хариулах